Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 18

 

“Шимт газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Болорцэцэг, хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай, С.Болдбаатар, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Ундармаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Анхбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 641 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0698 дугаар магадлалтай, “Шимт газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 641 дүгээр шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7, 28.7.4, 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.3, 46.1.8, 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.1, 47.2.2, 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Шимт газар" ХХК-ийн "Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил"-ын гүйцэтгэгчээр "Өсөх-Урам" ХХК-ийг сонгон шалгаруулсан 2016 оны 5 сарын 20-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэр, “Шимт газар" ХХК-ийн тендерээс татгалзсан 2016 оны 5 дугаар 20-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, "Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил"-ын ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгарсан "Өсөх-Урам" ХХК-тай гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт зөвлөсөн Үнэлгээний хорооны 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийг хүчингүй болгуулах, "Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн  ажил"-ын  гүйцэтгэгчээр сонгон шалгарсан "Өсөх-Урам" ХХК-ийг дахин шалгаруулсан 2016 оны 6 сарын 20-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, "Шимт газар" ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагч нарт даалгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 698 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 641 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “28 дугаар зүйлийн 28.7, 28.7.4, 46.1, 46.1.8, 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.1, 47.2.2, 55 дугаар зүйлийн 55.1” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Болорцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн ТОӨЗ 5.3 (г)-д "Ерөнхий инженер, усны барилга байгууламжийн инженер, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь тендерт оролцогчийн үндсэн орон тооны ажиллах хүч байна. Үүнийг нотолж тухайн ажиллагсдын нэрсийн дагуу 2016 оны 1 дүгээр сар, 2 дугаар сарын нийгмийн даатгалын газар нь албан ёсоор баталгаажуулсан баримт бичиг НД 7, НД 8 маягтаар ирүүлнэ. Шинээр ажилд орсон бол Нийгмийн даатгалын дэвтрийн эхний 1 дүгээр хуудас болон Даатгуулагчийн ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл, нотариатаар гэрчлүүлсэн ажилд томилсон тушаалын хамт ирүүлнэ. Гэрээг хариуцаж ажилласан туршлагатай байх хугацаа 3 жил" гэж заасан байна.

Гэтэл тендерт шалгарсан "Өсөх Урам" ХХК-ийн тендерийн саналд хавсарган ирүүлсэн инженер Л.Батмөнх нь тендерийн баримт бичгийн энэ шаардлагыг хангаагүй болох нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Л.Батмөнх тус компанийн үндсэн орон тооны ажилтан биш байна. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан Л.Батмөпхийн үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэл бүртгэх дэвтрээр нотлогдож байна. Л.Батмөнх нь "Өсөх Урам" ХХК-ийн 2016 оны 1 болон 2 дугаар сард нийгмийн даатгал төлсөн талаарх НД 8 маягтад нэр байхгүй байна. Үүнийг Сангийн яамны 2016.06.15-ны өдрийн 5/4011 дүгээр "Гомдол хянан үзсэн тухай" албан бичгээр тогтоож, энэ нь ТОӨЗ 5.3 /г/-д заасан шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэсэн. Л.Батмөнхийн нийгмийн даатгалын дэвтэр нь "Өсөх Урам" ХХК-ийн тендерийн саналд байхгүй. Үүнийг давж заалдах шатны шүүх "шаардлагад нийцсэн гэж үзсэн нь үндэслэлтэй" байна гэж дүгнэсэн нь хэрэглэх ёстой Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 27.1, 27.1.1, 27.1.2, 27.1.3, 27.3, 27.4-д заасныг хэрэглэсэнгүй.

2. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн ТОӨЗ 5.2 (г)-д "Сүүлийн 2 жилд гүйцэтгэсэн нийт барилгын ажлын өртөг, хугацаа, байршил зэргийг харуулсан жагсаалт", мөн ТОӨЗ 5.2 (д)-инн 2-т "Улсын болон Нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй ажлын гэрээгээр хийсэн, хийгдэж байгаа /дуусаагүй/ болон гэрээгээр хийгдэх ажлуудын өртөг, хугацаа, байршил зэргийг харуулсан жагсаалт, уг гэрээнүүдийн гүйцэтгэл, явц, хийгдэх гэрээний талаар захиалагч байгууллагын тодорхойлолт ирүүлнэ", мөн ТОӨЗ 14.1 (ж)-ийн 6-д "Тендерт оролцогч нь өөр барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа бол зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд ажиллуулах инженер, техникийн ажилтнуудыг танилцуулах бөгөөд давхцсан тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно" гэж заасан байна.

Ийнхүү тендерийн баримт бичигт хийж гүйцэтгэсэн болон хийж гүйцэтгэж байгаа барилгын ажлын талаарх мэдээллийг шаардсаар байхад "Өсөх Урам" ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын шинэ хуучин Дарханыг холбосон автозамын ажлын талаарх мэдээллийг тендерийн саналдаа хавсарган ирүүлээгүй. Тендерийн баримт бичигт заасан мэдээлэл ирүүлэх үүргээ биелүүлээгүй байхад Тендерийн үнэлгээний хороо нь тодруулга нэрээр нэмэлт материал авч түүнийгээ үнэлсэн байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх "..."Өсөх Урам" ХХК-аас ирүүлсэн тодруулга хангалттай гэж үзэн "Өсөх Урам" ХХК-ийг дахин шалгаруулж, тус хорооны 2016 оны 05 дугаар сараны 20-ны өдрийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т нийцжээ гэж дүгнэсэн байна. Тендерийн үнэлгээний хороо нь "тендерийг хянан үзэх, үнэлэх" эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу "тендерийн баримт бичигт тусгасан шаардлагыг хангаж байгаа эсэх" хянаж үзэх үүрэгтэй. Тендерийн үнэлгээний хороо нь тендерийг нээсний дараа тендер тус бүрээр тендерийн баримт бичигт тусгасан шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, үнэлэх ёстой боловч "Өсөх Урам" ХХК нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон байхад шаардлагыг хангуулахын тулд тендерт оролцогч "Өсөх Урам" XXК-аас нь дахин нэмэлт материал авч дахин үнэлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

3. Давж заалдах шатны шүүх "...тендерийн агуулга үнэтэй холбоотой хуудаст гүйцэтгэх захирал гарын үсэг зурсан нь ТОӨЗ-ны 14 дүгээр зүйл "Тендерийн иж бүрдэл" гэсэн хэсгийн /г/-д "Тендерт оролцогчийг төлөөлж ТОӨЗ 22 дугаар зүйлд заасны дагуу тендерт гарын үсэг зурах этгээдийн гарын үсгийг баталгаажуулж бичгээр гаргасан байх, түүний итгэмжлэл" гэж заасныг зөрчөөгүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гүйцэтгэх үүргииг итгэмжлэл олгосон этгээд өөрөө гүйцэтгэсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэл болохгүй" гэж дүгнэсэн байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т "Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна", хавтаст хэрэгт авагдсан "Өсөх Урам" ХХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна" гэж тус тус заасан байна. Хэрэв авагдсан нотлох баримтаар "Өсөх Урам" ХХК нь иргэн Маамуу овогтой Төмөртогоо гэсэн нэг хувьцаа эзэмшигчтэй болох нь тогтоогдож байгаа бөгөөд хувьцаа эзэмшигч М.Төмөртогоогийн зүгээс Г.Ундармаад олгосон эрх хэмжээг тодорхойлсон гэрээ болон итгэмжлэл "Өсөх Урам" ХХК-ийн тендерийн санал болон тендерийн бусад баримт бичигт байхгүй байна.

Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д "хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл"-ийг их хэмжээний хэлцэл, 88.1-д "Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана" гэж тус тус заасан байна. "Өсөх Урам" ХХК-ийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар актив буюу хөрөнгийн нийт дүн нь 2.721.758.578 төгрөг байх бөгөөд Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажлыг 881.547.145 төгрөгөөр гүйцэтгэхээр тендерийн үнийн санал гаргаж, гэрээ байгуулсан нь Компанийн тухай хуулийн дагуу активын нийт дүнгийн 25 хувиас дээш давсан их хэмжээний хэлцэл байна. Энэхүү их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг хувьцаа эзэмшигч өөрөө гаргах эсхүл хувьцаа эзэмшигчийн тухайлан өгсөн итгэмжлэлээр гүйцэтгэх захирал гаргах эрхтэй байсан байна.

Иймд гүйцэтгэх захирал Г. Ундармаа нь өөрөө тендерийн баримт бичигт гарын үсэг зурах эрхтэй байсан эсэх, итгэмжлэл олгох эрхтэй байсан эсэхийг тодруулахгүйгээр шүүх "итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гүйцэтгэх үүргийг итгэмжлэл олгосон этгээд өөрөө гүйцэтгэсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэл болохгүй" гэж дүгнэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

4. Давж заалдах шатны шүүх "Өсөх Урам" ХХК нь Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг иргэний шүүхэд гаргасан, улмаар ...шүүхийн шийдвэр, ...магадлалаар тухайн иргэний хэргийг шийдвэрлэсэн нь тендертэй холбоотой асуудлаар эрүү, иргэн, захиргааны хэрэгт хариуцагчаар оролцсон гэж үзэх үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн" гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан "сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гарсныг шүүх, энэ хуулийн 52.1-т заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон" бол тендерт оролцогчийг ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ гэж заасан байна. Энэ хуулийн заалт нь заавал хариуцагчаар оролцсон байх тухай заагаагүй, харин худалдан авах ажиллагаанд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй байх тухай заасан байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийн энэ заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 353 дугаар шийдвэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 201б оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 83 дугаар магадлалаар "Тендер шалгаруулалтад ялсан "Өсөх Урам" ХХК нь Худалдах худалдан авах гэрээний дагуу шинэ автобус нийлүүлэх үүрэгтэй байсан боловч шинжээчийн дүгнэлтээр тус компанийн нийлүүлсэн автобус нь гэрээнд заасан чанар байдлын хувьд шаардлага хангахгүй болохыг тогтоосон учир "Өсөх Урам" ХХК-ийн гаргасан автобусыг хүлээн авч, үнийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон" байна. Давж заалдах шатны шүүх зохих хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйн улмаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байгаа учир шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсч байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/160 дугаар захирамжийн зургаадугаар хавсралтаар “Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүргийн 11.0 км/” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог баталжээ.

Тус үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасны дагуу тендерийн бичиг баримтыг бэлтгэн боловсруулж нийтэд зарлахад 13 компани, аж ахуйн нэгж тендерт оролцохоор санал ирүүлсэн байх ба Үнэлгээний хороо 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар тендерийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, захиалагчийн тогтоосон шаардлагыг хангаагүй 11 компанийн тендерээс татгалзаж, шаардлагад нийцсэн тендер гэж үзсэн “Шимт газар” ХХК болон “Өсөх-Урам” ХХК-иудын тендерийг “бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгох” хуулийн дагуу үнэлж “Өсөх-Урам” ХХК-ийг сонгон шалгаруулж дүгнэлт гаргасан байна.

“Шимт газар” ХХК, “Усны газар” ХХК-иудаас Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Сангийн яам тендерийг хянаж, “Өсөх-Урам” ХХК-ийн Усны барилга байгууламжийн инженерээр санал болгосон Л.Батмөнх нь тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3 /г/-д заасан “2016 оны 1, 2 дугаар сарын нийгмийн даатгал төлсөн талаарх мэдээллийг Нийгмийн даатгалын газар нь албан ёсоор баталгаажуулсан баримт бичиг НД7, НД8 маягтаар ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангаагүй гэж дүгнэн, мөн тус компани нь ТОӨЗ 5.2 /д/-д заасан шаардлагыг хангах эсэх талаар холбогдох байгууллагаас тодруулга авсны үндсэн дээр дахин үнэлгээ хийхээр тендерийн хугацааг 30 хоногийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн бөгөөд Үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрийн дагуу зохих тодруулгыг авч 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар тендерийн ажлын гүйцэтгэгчээр “Өсөх-Урам” ХХК-ийг дахин шалгаруулж шийдвэрлэн, гэрээ байгуулж хяналт тавьж ажиллах зөвлөмж гаргажээ.

Мөн хуулийн 27 дугаар зүйлд Үнэлгээний хороо тендерийг сонгон шалгаруулахдаа тендер тус бүр нь тендерийн бичиг баримтад заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, бүх нөхцөлийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, шаардлагад нийцээгүй гэж үзвэл уг тендерээс татгалзахаар хуульчилсан, хуулийн энэ шаардлагын дагуу Үнэлгээний хороо нь дээрх байдлаар тендерийн бичиг баримтыг үнэлж бага үнийн санал ирүүлсэн “Өсөх-Урам” ХХК-ийг  мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4,.47 дугаар зүйлийн 47.2.2-т зааснаар сонгон шалгаруулсан нь хууль  зөрчөөгүй талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Тодруулбал, тендерт оролцогчид өгөх зааварчилгааны ТОӨЗ 5.3 /г/ -д “Ерөнхий инженер, Усны барилга, байгууламжийн инженер, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь тендерт оролцогчийн үндсэн орон тооны ажиллах хүч байна. Үүнийг нотлох тухайн ажиллагсдын нэрсийн дагуу 2016 оны 1 дүгээр сар, 2 дугаар сарын Нийгмийн даатгалын газар нь албан ёсоор баталгаажуулсан баримт бичиг НД7, НД8 маягтаар ирүүлнэ. Шинээр ажилд орсон бол Нийгмийн даатгалын дэвтрийн эхний 1 дүгээр хуудас болон “Даатгуулагчийн ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлийг нотариатаар гэрчлүүлсэн ажилд томилсон тушаалын хамт ирүүлэх”-ээр, ажлын туршлагыг 3 жил байх”-аар тус тус заажээ.

Тус тендерийн баримт бичигт хавсаргасан баримтуудаас дүгнэхэд Л.Батмөнх нь “Өсөх-Урам” ХХК-ийн захирлын 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар усны барилга байгууламжийн инженерээр томилогдсон, гидротехникч инженер, усан хангамж, ус цэвэрлэгээний инженер мэргэжилтэй, усны барилгын инженер мэргэжлээр 25 жил ажилласан, Борнуурын услалтын систем /2004 он/, “Аригшан” ХХК-д ерөнхий инженер /2010-2015 он/, Багануур дүүргийн үерийн хамгаалалтын далан суваг зэрэг төслийн ажлуудад ажилласан туршлага /4 жил/-тай бөгөөд тендерийн бичиг баримтад зааснаар ажилд томилогдсон тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажил мэргэжил, туршлагын талаарх баримтыг ирүүлсэн байх тул шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Мөн Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны ТОӨЗ 14.1 /ж/-ийн 6-д “Тендерт оролцогч нь өөр барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа бол зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд ажиллуулах инженер, техникийн ажилтнуудыг танилцуулах бөгөөд давхацсан тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэлтэй болно” гэж заажээ.

Үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрийн дагуу “Өсөх-Урам” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар тодруулга авахад тус компани 2014-2015 онд Дархан-Уул аймгийн шинэ, хуучин Дарханыг холбосон 8 км замын эхлэл болох 2.488 км автозамын зорчих хэсгийн ажлыг 100 хувь хийж дуусгасан нь Худалдах авах ажиллагааны газарт ирүүлсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 5/1060, “Дархан барилга захиалагч” ОНӨААТҮГ-ын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/05 тоот албан бичгээр тогтоогдсон, хариуцагчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Энэ хуулийн 21.5.6-д заасан хугацаанаас хожимдож ирсэн, эсхүл тендерийн баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тендерийг хүлээж авахгүй бөгөөд хаягаар нь буцаана” гэснийг зөрчин “Өсөх-Урам” ХХК-ийн тендерийн бичиг баримтыг хүлээн авсан гэж үзэх үндэсгүй байна.

Түүнчлэн “Өсөх-Урам” ХХК-ийн тендерийн бичиг баримтад тус компанийн гүйцэтгэх захирал Г.Ундармаа гарын үсэг зурсан нь ТОӨЗ-ны 14 дүгээр зүйл “Тендерийн иж бүрдэл” гэсэн хэсгийн /г/-д “Тендерт оролцогчийг төлөөлж ТОӨЗ-ны 22 дугаар зүйлд заасны дагуу тендерт гарын үсэг зурах этгээдийн гарын үсгийг баталгаажуулж бичгээр гаргасан байх, түүний итгэмжлэл” гэж заасныг зөрчөөгүй, тус компанийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг тендертэй холбоотой асуудлаар эрүү, иргэн, захиргааны хэрэгт хариуцагчаар оролцсон гэж үзэх үндэслэл болохгүй талаар шүүхүүд зөв дүгнэлт хийжээ. 

Нэхэмжлэгч “Шимт газар” ХХК-ийн тухайд Сангийн яам тендерийг хянаж “тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж дүгнэсэн, өөрөөр хэлбэл, тус компани тендерт өндөр үнэ санал болгосон, мөн машин механизм /Далангийн индүү/, санал болгосон барилгын инженер нь тендерийн бичиг баримтад заасан шаардлага хангаагүй нь тогтоогдсон бөгөөд Үнэлгээний хороо тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан нь хуульд нийцжээ. Дээрх үндэслэлүүдээр хуулийн зүйл заалтыг зөвтгөн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0698 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ                

  ШҮҮГЧ                                                               Б.МӨНХТУЯА