Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/414

 

 

 

 

 

 

 

  2022          04         19                                  2022/ШЦТ/414

 

                                 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Ш.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н

Улсын яллагч: Н.Б нар оролцсон эрүүгийн 2209001830700 дугаартай хэргийг 2022 оны 04 сарын 19-ний өдөр хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, эрэгтэй, 49 настай, тусгай дунд боловсролтой, өрөгч угсрагч мэргэжилтэй, Б ХХК-нд түрээсийн жолооч /хувиараа таксинд явдаг/ ажилтай, ам бүл 5 эхнэр,  урьд ял шийтгэлгүй Т овогтой Ш.Б,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Б нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг, 100 айлын Ампер хаусын гадна талд 18 цагийн орчим хохирогч Р.Э-ийн автомашинаас буухдаа гээгдүүлсэн Самсунг А51 загварын гар утсыг гээгдэл гэдгийг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 604.600 төгрөгийн хохирол учруулсан гээгдэл эд хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2209001830700 тоот хэргээс:

Хохирогч Р.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

Д ХХК-ны үнэлгээний тайлан “...Самсунг А51 загварын 1 ширхэг гар утас 604.600 төгрөгөөр үнэлэгдэв...” /хх-ийн 16 дугаар хуудас/

Ю ОСК-ны 352349117166871 дугаарын утсанд 88382203 дугаарыг 2022 оны 02 дугаар сарын 17-оос ашигласан байна гэх албан бичиг /ХХ-ийн 41 дүгээр хуудас/

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 50 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд зэрэг болно.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Б нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг, 100 айлын Ампер хаусын гадна талд 18 цагийн орчим хохирогч Р.Э-ийн автомашинаас буухдаа гээгдүүлсэн Самсунг А51 загварын гар утсыг гээгдэл гэдгийг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 604.600 төгрөгийн хохирол учруулсан гээгдэл эд хөрөнгө завшсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Р.Э-ийн “...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ампер хаусын гадна талд өөрийн Самсунг А-51 маркийн гар утсыг хулгайд алдсан юм тэгээд цагдаагийн хандах болсон. Тухайн үед өөрийн ажлын газрын Алтантовч гэх хүнтэй хамт явж байсан. Бид хоёр Сансарын И-мартаас худалдан авалт хийгээд И-Мартын замын хойд талаас такси бариад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ампер хаус руу явсан. Замдаа явж байхад манай хүүхдийн сургалтын багш нь ярьсан над руу тэр хүн мессеж явуулна гэсэн тэгээд утас дугараад мессеж ирсэн тэрийгээ харчхаад өөрийн барьж явсан тор луугаа гар утсаа хийснээ тод санаж байгаа юм. Тэгээд тус такси 100 айлын гэрлэн дохион дээр түгжрэлтэй байсан учраас бид хоёр буугаад ажлын газрыг чиглээд алхаад явсан.

Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн СБ1-22-119 дугаартай “Самсунг Эс-21 загварын гар утас 2.159.920 төгрөг” гэх дүгнэлт,

“Ю” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 05-01/1409 тоот албан бичиг,

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж, Ш.Б-ийг бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 604.600 төгрөгийн  хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ш.Б-ийг бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хохирогч Р.Э-ийн 604.600 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс-21 загварын гар утсыг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл хэрэгт авагдсан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

Хохирогч Р.Э нь “өөрийн гар утсаа хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаад прокурорын саналыг хүлээн авч  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

  Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогтой Ш.Б-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бийг шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Шүүгдэгч Ш.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН