Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/418

 

 

 

 

 

 

   2022        04          20                                   2022/ШЦТ/418

 

                          

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, шүүгч Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,

Улсын яллагч: Б.О

Иргэдийн төлөөлөгч Т.М,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г,

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Н.А нар оролцсон эрүүгийн 2209000000156 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, урьд Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 766 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 267 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 337 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан. Хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Б.Г

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын задгай тоотод буюу өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтаг шалтгаангүйгээр зэвсэг хэрэглэж буюу аливаа биетийг устгаж, гэмтээх зориулалттай 85 см урттай төмөр таягаар хохирогч А.Г-ын толгойн тус газар цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн зулай, зүүн чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулайн хуйханд зүсэгдсэн шарх, зүүн чамархайн хуйхны цус хуралт, эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Г ах манайд согтуу, талыг нь уучихсан 1 шил архи барин ирсэн. Г ахад “би маргааш ажилтай, архи уухгүй” талаараа хэлсэн бөгөөд Г ах надад “намайг хөнгөн цагаан тушааж байхад 1 хүүхэн надад 20.000 төгрөг өгсөн. Чи энэ мөнгөөр яваад архи аваад ир гэсэн” би дэлгүүр лүүгээ 2 удаа архинд явсан. Түүнийгээ бид хуваан уусан бөгөөд би маргааш нь ажилтай байсан учир Г ахыг гадагш гаргаж өгсөн. Би буцаад гэртээ орж иртэл манай үүдний өрөөнд түр тар гэх дуу чимээ гарган орж ирсэн. Буцаж ирээд надтай үл ялих зүйлээс болж хоорондоо маргасан бөгөөд үүнээс болж би түүний толгойн тус газар цохисон. Маргааш өглөө нь би ажилдаа явахдаа манай хаалга дотроосоо онгойдог таныг гаднаас тань түгжлээ гэж хэлээд явсан. Намайг ажилдаа явж байхад хохирогчийн эгч над руу залгасан....” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүгдэгчийн мэдүүлэг миний мэдүүлэгтэй таарч байна. Хохирогч баруун хөлнийхөө 2 хурууг тайруулсан. Хэвтэрт байгаа. Яаралтай түргэн тусламж дуудсан тохиолдолд бага гэмтэл учрах байсан. Миний ах архины хамааралтай,архи уудаг нь үнэн. Шүүгдэгчээс эхний эмчилгээний нэхэмжлэхгүй, харин нөхөн сэргээх эмчилгээний зардлыг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Үүнтэй холбогдуулан шүүгдэгч надад 1 сая төгрөг өгсөн. Өнөөдөр миний ахын биеийн байдал сайжирч байгаа....” гэв.

Эрүүгийн 2209000000156 дугаартай хэргээс:

Хохирогч Ц.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2437 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-44 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Б.Г-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан төмөр таягийг зэвсгийн чанартай зүйл гэж үзэн шүүгдэгчид холбогдох хэргийг хүндрүүлэн зүйлчилж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:  Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн. Монгол улсын Эрүүгийн хуульд "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно хэмээн тайлбарласан. Хохирогчийн таяг нь ямар нэгэн байдлаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйл биш байгаа бөгөөд тэрээр өөрийн ахуйн хэрэгцээнд зориулан ашиглаж байсан учир энэ гэмт хэргийн зүйчлэлийг үл хүлээн зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын  мэдүүлэг, тайлбар, дүгнэлтүүдийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 85 см бүхий төмөр таягтай харьцуулан тал бүрээс нь бүрэн бодитойгоор  шинжлэн судлахад хэргийн үйл баримттай холбоотой  дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” нь хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл хэрэгслийг ойлгоно...гэж зааснаас үзэхэд төмөр таяг нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах гэмтээх хэрэгсэл мөн боловч гэмт этгээдээс уг хэрэгслийг  хүний биед гэмтэл учруулах зорилгоор өөрөө тусгайлан бэлтгэж, засаж тохируулсан, улмаар түүнийгээ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан идэвхитэй үйлдлийг энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулахаар хуульчилжээ. 

Хохирогч А.Г нь баруун хөлний гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар алдаж, тахир дутуугийн групп-т орсон ба таягны тусламжтайгаар тэнцвэр олж алхдаг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан төмөр таягийг ахуйн зориулалтаар өөртөө зориулан хэрэглэж байсан талаар түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Г мэдүүлж байна. Шүүгдэгч Б.Г нь хүний  биед гэмтэл, хохирол учруулахаар зэвсгийн чанартай зүйлийг тусгайлан бэлтгэсэн, зассан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул өмгөөлөгч Н.А-н гаргасан “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх” тухай саналыг  хүлээж авах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан байна. Шүүгдэгч Б.Г нь  хохирогчийн толгойн тус газарт нь төмөр таягаар цохиж зүүн зулай, зүүн чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулайн хуйханд зүсэгдсэн шарх, зүүн чамархайн хуйхны цус хуралт, эдийн няцрал гэмтэл учруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс гаргасан: шүүгдэгч нь энэ гэмт хэргийг санамсаргүйгээр үйлдсэн байна гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч А.Г-ын биедээ түшиг тулах хэрэгсэл болгон ашиглаж байсан төмөр таягаар түүний толгойн тус газар нь цохиж хүнд гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г-гийн “...Агваан овогтой Г нь миний төрсөн ах байгаа юм...Миний төрсөн ах Г-ын бие нь хүнд, тэнэгрэлд орсон, хүний асрамжинд орсон байдалтай байна. Одоогоор тийм, үгүй, зүгээр, мэдэхгүй, хөөе зэрэг үгнүүдийг хэлж байгаа. .. өмнөх амьдралын талаар асуухаар “мэдэхгүй” гэж хэлээд байгаа. Бие нь яаж байна гэхээр “зүгээр” гэж хэлдэг..” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Г-ын “...Тэгээд цагдаа дагуулаад үүдний амбаарыг нь онгойлгоод гэрт нь ороход “..нөгөө хүн үүд тал руу толгойгоо харуулсан дээшээ харсан, толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Би ахын гэрт 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр очиход тэр хүн манай ахтай хамт байсан. ... манай ах тэр хүнийг харь гэж хэлээд тэр хүн гараад явсан. .. би удалгүй машинтайгаа ахын гэрээс гараад явж байхад тэр хүн хөнгөн цагаан тушаах гэж байна гээд явж байхаар нь би машиндаа суулгаад Сэлхийн буудал дээр буулгасан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2437 дугаартай дүгнэлт:

1. А.Г-ын биед зүүн зулай, зүүн чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулайн хуйханд зүсэгдсэн шарх, зүүн чамархайн хуйхны цус хуралт, эдийн няцрал, баруун хөлийн 1, 2-р хурууны 4-р зэргийн хөлдөлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүдээс зүүн зулай, зүүн чамархай ясны хугарап, тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулайн хуйханд зүсэгдсэн шарх, зүүн чамархайн хуйхны цус хуралт, эдийн няцрал гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой, баруун хөлийн 1, 2-р хурууны 4-р зэргийн хөлдөлт гэмтэл нь нам хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1, 3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож, шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна гэж дүгнэн Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Гантулгыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч Б.Г-д ял шийтгэл оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г гэм буруутайд тооцуулж  7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г-гаас: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна, гомдол санал байхгүй. Харин цаашид хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой нөхөн сэргээх эмчилгээнд туслалцаа үзүүлээрэй гэж хүсэж байна, хэргийг аль болох эерэг талаас нь шийдвэрлэж өгнө үү  гэх  саналыг тус тус гаргажээ.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд өөрийн сайн дураар 1000.000 төгрөгийг нөхөн төлж, хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгааг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн хохирол хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс  биеэ зөв авч явах, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, өөрийн ухамсарт байдлаа удирдаж чадаагүй  зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8,5 см урттай төмөр таяг 1 ширхэг, саравчтай малгай 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон дэр 1 ширхэг, 1 ширхэг “Өргөө” нэртэй архины шилийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэн хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ: 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Б.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Харчин овгийн Б.Г-г Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.  Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 8,5 см урттай төмөр таяг 1 ширхэг, саравчтай малгай 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон дэр 1 ширхэг, 1 ширхэг “Өргөө” нэртэй архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, баримтаар нэхэмжилсэн бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г нь хохирогч Ц.Г-д 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ДАРЬСҮРЭН

                             ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ                           Ж.БОЛДБААТАР

                                                  ШҮҮГЧ                               Х.ИДЭР