Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/436

 

 

 

 

  2022         04          25                                   2022/ШЦТ/436 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “А” танхимд хийсэн Сүхбаатар эрүүгийн хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга И.Н,

Улсын яллагч Б.Д, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г,

Хохирогчийн өмгөөлөгч В.О,

Иргэний хариуцагч Б.О,

Шүүгдэгч О.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон Эрүүгийн 2203000000089 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.                                                          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон 06-13 тоотод оршин суудаг, урьд 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэн, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай гэх Ш овогт О.Г

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны 23 цаг 22 минутын үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруугийн гудамж, Өлзий төвийн уулзварын замд “Toyota prius” маркийн 52-75 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид ...зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, уулзвараар баруун гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч явсан явган зорчигч М.Д-д зам тавьж өгөлгүй, мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний бие хувийн компанид дуудлагын жолоочоор ажилладаг бөгөөд тухайн өдөр би ахынхаа машиныг гуйж авч унаад Дөлгөөн нуурын уулзвар дээр баруун эргэх гээд зогсож байтал урд талын машин дүрэм зөрчиж зогссон байсан, би тухайн машиныг тойрч гарах үедээ энэхүү ослыг гаргасан. Явган хүний гарцны гэрэл гялбасан учир би ямар гэрэл ассаныг сайн харж чадаагүй. Хэрэг гарсны дараа хохирогчийг эмнэлэгийн байгууллага руу шууд авч явсан. Хохирогчоос гаргаж ирүүлсэн зарим баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй ..” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ 2022 оны 01 сарын 07-ны өдөр ээж манайхаас гараад гэр рүүгээ явсан бөгөөд 20 минутын дараа надруу залгаад “ээж нь машинд мөргүүлчихсэн, жолоочийн  хамт гэмтлийн эмнэлэг рүү явж байна” гэсэн. Намайг гэмтлийн эмнэлэгт очиход шүүгдэгч “та битгий цагдаа дуудаарай” хэмээн надаас гуйсан...”гэв.

Иргэний хариуцагч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө нь дүүтэйгээ хамтарч дуудлагын жолоочоор ажилладаг байсан. Миний бие Ub cab-д,  дүү хувийн компанид дуудлагын жолоочоор ажилладаг. Хааяа машингүй үедээ миний машиныг авч дуудлагын жолоочоор ажилладаг байсан бөгөөд тухайн өдөр миний машиныг авч яваад зам тээврийн осол гаргасан байсан...” гэв.

Эрүүгийн 2203000000089 тоот эрүүгийн хэргээс:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.О-ы мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1606 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-92 дугаар хуудас/,

2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 122 дугартай мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 113-114 дүгээр хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/,

Хохирогч М.Д-гийн эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны 23 цаг 22 минутын үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруугийн гудамж, Өлзий төвийн уулзварын замд “Toyota prius” маркийн 52-75 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид ...зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, уулзвараар баруун гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч явсан явган зорчигч М.Д-д зам тавьж өгөлгүй, мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт хамаарал бүхий шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ийн "... 2022 оны 01 дүгээр сарын 07-ны орой 23 цаг 10 минутын үед манай гэрээс гараад гэр рүүгээ орох гэж явахдаа гэрийнхээ хажуу талын гарцан дээр мөргүүлсэн. ...манай ээж над руу машинд мөргүүлсэн, жолооч нь гэмтлийн эмнэлэг рүү аваад явж байна араас ирээрэй гэж утсаар ярьсан… гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч Б.О-ы “...Миний бие 2019 оны 10 дугаар сард Тайкун нэртэй ББСБ-д урьдчилгаа төлбөр өгөөд зээлийн гэрээ байгуулан худалдан авсан. Осол болсон өдрийн маргааш нь Г надад ослын талаар хэлсэн. Г осол болох өдрийн орой 20 цагийн орчимд машингүй болчихлоо, өнөөдөр таны машиныг жолоодоод ажил хийчихье гэж хэлсэн. Ингээд би Гэд өөрийн авто машинаа өгч явуулсан юм...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1606 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. М.Д-гийн биед баруун тойг ясны далд хугарал, баруун 4,5,6 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт,

2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 122 дугаартай мөрдөгчийн: О.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийшээ эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...гэх магадлагаа зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд  нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны, үндэслэлтэй эсэхийг хэрэгт авагдсан зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудтай харьцуулан судлахад эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан тул шүүхээс үйл баримт болон хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримт гэж үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж заасан байна.  Шүүгдэгч нь хөдөлгөөнд явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас аливаа эрсдэл үүсч болзошгүй болохыг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.  

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч О.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй тул шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөр бусад асуудлын талаар:

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн  499.4 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан ба шүүгдэгч О.Г-ийн  унаж явсан Toyota prius” маркийн 52-75 УНС маркийн тээврийн хэрэгсэл нь Б.О-ы  эзэмшлийн болох нь түүний мэдүүлгээр тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирогчийн  эрүүл мэндтэй холбоотой эмчилгээний зардалд 3.064.843 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1000.000 төгрөг, бусад зардалд 2.239.157 төгрөг буюу нийт 4.304.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн баримтуудыг судалж үзээд эмчилгээ, эм тариа худалдан авахтай холбоотой гарсан 2.992.000 төгрөг нь гэм хорын хохирол хамааралтай гэж үзэн,  мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч О.Г нь 2.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул шүүгдэгч О.Г болон иргэний хариуцагч Б.О нараас 992.000 /есөн зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 1.793.993 /нэг сая долоон зуун ерэн гурван мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгөнд холбогдох баримт нь архи, вино, хувцас хэрэглэл, хүнсний зүйл зэрэгт зарцуулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч болон хууль ёсны төлөөлөгчөөс  дээрх зүйлсийг хохирогчид гэмтэл учирсантай холбоотой гарсан зайлшгүй зардал гэж үзвэл энэ талаар холбогдох баримыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, өмгөөлөгчийн хөлс зардалд нэхэмжилсэн 1.000.000 /нэг сая/ төгрөгтэй холбогдох нэхэмжлэл нь гэм хорын хохиролд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж тус тус дүгнэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заажээ.

Шүүхээс шүүгдэгч О.Г-ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: шүүгдэгч О.Г-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгчид торгуулийн шийтгэл оногдуулах боломжгүй. Хэрэг гарснаас хойш хохирогчид 2 сая төгрөгийн хохирол төлбөр төлөөд гэм буруугийн хуралдаан хүртэл дахин холбоо бариагүй,  хэрвээ хохирол төлбөрийг төлж барагдуулах боломжтой байсан бол энэ хүртэл хугацаанд холбоогүй байхгүй байсан байх. Иймд түүний үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзаж торгуулийн ялаас өөр төрлийн ял оногдуулах санал дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас шууд хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, бусдад учруулсан хохирлоос зарим хэсгийг сайн дураараа нөхөн төлсөн, шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  

Шүүгдэгч О.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон 1000.000 төгрөгөөр торгож,  уг ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно” гэж заажээ. Иймд шүүгдэгч О.Г-д торгуулийн ял оногдуулахаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаварыг тайлбарлан анхааруулах нь зүйтэй.

 

Хэрэгт шийдвэрлэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Шарнууд овогт О.Г-ийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Г-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгах үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ авсугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч О.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5,6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Г нь хохирогч М.Д-д 2000.000 /хоёр сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч болон  иргэний хариуцагч Б.О нараас 992.000 /есөн зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч М.Д-д олгон, хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс төлсөн 1.000.000 /нэг сая/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 1.793.993 / нэг сая  долоон зуун ерэн гурван мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгөнд холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.   

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

10. Шүүгдэгч О.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

        11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН