Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/452

 

 

 

 

 

 

 

  2022          04          28                                  2022/ШЦТ/452

 

 

                               

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н

Улсын яллагч: Д.Д

Шүүгдэгч: Б.Б нар оролцсон эрүүгийн 2209002210546 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Б.Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” гэх нэртэй дэн буудалд иргэн Н.Б-тэй “надад гар хүрсэн” гэх зүйлээр шалтаглаж харилцан зодолдож улмаар түүний нүүр хэсэгт нь гараараа удаа дараа цохих, дагз хэсэгт нь виноны шилээр цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн нүдний доод булан, доод зовхинд цус хуралт, цох, хамарт зулгаралт, дагзны дээд хэсэг, доод хэсэг, зүүн хэсэгт шарх...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.

Эрүүгийн 2209002210546 дугаартай хэргээс:

Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1314 дугаартай: 1. Н.Б-н биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн нүдний доод булан, доод зовхинд цус хуралт, цох, хамарт зулгаралт, дагзны дээд хэсэг, доод хэсэг, зүүн хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй 5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” гэх нэртэй дэн буудалд иргэн Н.Б-тэй “надад гар хүрсэн” гэх зүйлээр шалтаглаж харилцан зодолдож улмаар түүний нүүр хэсэгт нь гараараа удаа дараа цохих, дагз хэсэгт нь виноны шилээр цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн нүдний доод булан, доод зовхинд цус хуралт, цох, хамарт зулгаралт, дагзны дээд хэсэг, доод хэсэг, зүүн хэсэгт шарх...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Н.Б-ийн “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ж гэх танил дүү маань над руу залгаад “бааранд байна хүрээд ирээч” гэхээр нь Ж хажуудаа дөрвөн хүнтэй, тавуулаа сууж байсан юм. Бид нар хэсэг сууж байгаад гарахаар болоод такси бариад 6 буудалд ирээд буудал ороход нэг залуу, нэг охины хамтаар хоёулаа байсан. Ороод замдаа авч ирсэн нэг шил архиа уугаад юм ярьцгаасан. Тэр газар олуулаа байсан болохоор 3 өрөө авсан юм шиг байсан ба орж гараад яваад байсан. Миний байсан өрөөний хаалга онгорхой байх үед гаднаас Б Ж-н хамт орж ирсэн...Гэтэл намайг заамдаж аваад буцааж түлхээд өрөө рүү оруулаад барьцалдаж байхад араас нэг хүн намайг татаад унагаасан. Хэн татсан талаар би анзаараагүй. Би орон дээр унахад толгой руу цохисон ба О дарсны шилээр намайг цохисон. Тэр шил манай өрөөнд байгаагүй ба бид нар тийм зүйл уугаагүй. Гэтэл тэр хоёр намайг зодох гээд гаднаас оруулж ирсэн юм шиг байсан. Тэгээд би цагдаа дуудахад Б гараад зугтаасан ба энэ үед цагдаа болон манай хоёр найз ирсэн. ...Миний биед Б гэмтэл учруулсан ба Ж бол өдөөн турхирч зодолдуулсан хүн нь бөгөөд өөр хүн зодоонд оролцоогүй. ...Би 200.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн, өөр зүйл байхгүй..” гэх мэдүүлэг,

Гэрч О.Б-гийн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 02-ны шөнийн 01 цагийн үед Цамбын орчимд байрлах нэрийг нь мэдэхгүй бааранд найз Бүжинлхамын хамт орсон. Тэгээд нэг ширээнд суугаад пиво захиалаад бүжиглэсэн.  Б гэх залуу ирээд “танилцъя” гээд танилцаад нэг ширээнд хамт суусан. Бийн ширээнд суухад Бтэй нийлээд гурван залуу сууж байсан. Тэгээд “нэг ахыгаа дуудъя” гээд 30 орчим насны махлаг залуу ирээд бүгдээрээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн. Тэгээд тус баарнаас 06 цагийн орчим гараад Бийн найзууд болон манай найз Бүжинлхам бид нар такси бариад Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “О” нэртэй буудалд очсон. Буудлын 3 дугаар давхрын нэг өрөөнд ороод бөөнөөрөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд юм ярьж сууцгааж байсан. Тэгээд Б нь “хоёулхнаа юм яръя” гээд “өөр өрөө рүү дээшээ гаръя, ярих юм байна гээд” гараад явсан. Тэгээд чанга дуу чимээ байхаар нь Б-ийн байгаа өрөө рүү яваад ортол Б30 орчим насны эрэгтэй хүнтэй зодолдож байсан. Б30 орчим насны эрэгтэй хүнтэй зодолдож байхад нь Б салгасан юм. Миний биед халдсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч А.Б-н “...Тухайн өдөр би Б, Б нарын хамт явж байгаад 2 охинтой танилцаж тэдэнтэй хамт бааранд сууж байгаад Б-ахыг дуудсан. Гэтэл Б-ах ирээд хамт сууж байгаад О- дээр очихоор болоод бүгд баарнаас гарч 6 буудал орчимд үйл ажиллагаа явуулдаг “О” гэх нэртэй буудалд ирсэн. Ирээд бөөнөөрөө сууж архи уусан ба тухайн буудалд О-ийн байсан өрөөнөөс тусдаа 2 өрөө аваад орцгоосон юм. Гэхдээ бөөнөөрөө О-ийн байсан өрөөнд суугаад нэг шил архи ууцгаасан. Ингэж байхад Б нэг охиныг дагуулаад нөгөө өрөө рүү орсон. Гэтэл Б-ах надад хандаж “чи наад найзаа дууд” гээд хэлсэн. Тэгэхээр нь би Бийг очоод дуудсан ба Б нь миний урд яваад Б-ахын байсан өрөө рүү орсон. Тэгтэл түүний өөдөөс Б-ах цохиод авсан гэсэн. Тэгээд буцаж миний өөдөөс гарч ирээд “ах чинь намайг цохичихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж “чи цохиулсан юм бол ороод уулзаач, зүгээр байж байгаад зодуулна гэж юу байхав” гэж хэлсэн. Гэтэл Б буцаж ороход Б-тэр хоёр шууд зодолдоод эхэлсэн. Тэр үед Б салгаж байхад Б дарсны шил аваад цохих гэж байтал Б хаагаад гаран дээр нь уг шил нь хагарсан ба тэднийг салгасан. Гэтэл Б-ах “та нар яасан овоо юм бэ, надад бас дуудах хүн байгаа” гээд утсаар ярьсан. Удаагүй байхад хоёр жижигхэн залуу орж ирсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Т.Б-ын “...Тухайн өдөр өөрийн найз Баасансүрэнгийн хамт нэрийг нь үл мэдэх бааранд орсон юм. Гэтэл Б, Батжаргал, Б гэх залуустай танилцсан юм. Тэгээд бөөнөөрөө нийлж нэг ширээн дээр суугаад байж байхад ах нь гэх нэг залуу гаднаас ирсэн. Ингээд бүгд хамт уугаад уг баарнаас гараад такси бариад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 6 буудалд ирсэн. Тэр газар “О” гэх нэртэй дэн буудал байсан ба уг буудлын нэг өрөөнд тэр залуусын найз нь гэх хоёр хүн байсан. Тэр хоёртой нийлээд архи уусан ба энэ үед Б манай найз Баасансүрэн хоёр гараад өөр өрөөнд орсон. Тэгтэл ах нь гэх Б-гэдэг залуу уурлаад байх шиг байсан. Тэгээд Б-ыг найзыгаа дууд гэх шиг болсон.Б гарч яваад Бийг дуудаж ирсэн. Гэтэл Бийг орж ирэхэд Б-гэх залуу Б рүү юм шидээд цохиж авах гээд байсан. Маргаан эхлэхэд Б нь ширээн дээр байсан виноны шил аваад далайхдаа хагалчихсан ба нэг тиймэрхүү маргаан болоод өнгөрөх шиг болсон. Би нарийн сайн санахгүй байна. Б,Б хоёр салгах гэж оролдож байсан ба тэр хүн өөрөө агсраад байсан. ...Бат-Эрдэнийг Б-ээс өөр хүн зодоогүй... гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1314 дугаартай, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” гэх нэртэй дэн буудалд иргэн Н.Б-тэй “надад гар хүрсэн” гэх зүйлээр шалтаглаж харилцан зодолдож улмаар түүний нүүр хэсэгт нь гараараа удаа дараа цохих, дагз хэсэгт нь виноны шилээр цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн нүдний доод булан, доод зовхинд цус хуралт, цох, хамарт зулгаралт, дагзны дээд хэсэг, доод хэсэг, зүүн хэсэгт шарх...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Б.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас Н.Б-ийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Н.Б нь 200.000 төгрөг нэхэмжилсэн боловч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээний баримтыг гаргаж ирүүлээгүй тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой  эмчилгээний зардлаа цаашид  нотлох баримтаа цуглуулж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон  хувийн байдал, орлого олох боломж зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А овогт Б.Б Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Б-ийн нэхэмжилсэн 200.000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээтэй  зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН