| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2022/0256/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/349 |
| Огноо | 2022-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.1.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/349
2022 04 01 2022/ШЦТ/349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр;
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Н.Булганчимэг;
Шүүгдэгч: Ц.М, түүний өмгөөлөгч Л.М;
Шүүгдэгч: Г.Э, түүний өмгөөлөгч Б.Д;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин;
Хэргийн дугаар: ....................;
1. Шүүгдэгч Ц.М .... регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт, урьд:
Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 88А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 126 дугаар зүйлийн 126.2.6, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар бүгд 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 78-Ө дугаар шүүгчийн захирамжаар үндсэн ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж суллагдсан,
2. Шүүгдэгч Г.Э регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “....” ХХК-д хамгаалалтын дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, урьд:
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 142 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эдлээгүй үлдсэн 4 сар 11 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж суллагдсан,
Төв аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эдлээгүй үлдсэн 8 сар 16 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж суллагдсан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 266 дугаар тогтоолоор эдэлж дууссан.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Ц.М, Г.Э нар бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “..” баарны гадна иргэн С.Б-ыг хамар тус газар мөргөж, зүүн нүд рүү цохиж зодож, баруун шуу, зүүн суга, мөр, дал, нуруунд хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Ц.М нь Л.З бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Е-Март” худалдааны төвийн автомашины зогсоол орчим явж байсан Ө.Г-ийн халааснаас “Айфоне- 6 плас” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 590.000 төгрөгийн хохирол учруулсан,
ганцаараа 2019 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд хохирогч Т.Шын алтан гинжийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 4.687.500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Ц.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Г.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 6-7, 2хх-ийн 158-159/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 9, 2хх-ийн 170-172/, хохирогч Т.Ш /1хх-ийн 12-13/, иргэний нэхэмжлэгч С.М /1хх-ийн 15-16/, хохирогч С.Б /1хх-ийн 62-63, 2хх-ийн 83/, гэрч С.Ц /1хх-ийн 67/, гэрч Л.Б /1хх-ийн 68/, шинжээч С.О /1хх-ийн 79/, хохирогч Ө.Г /2хх-ийн 150-151/, гэрч Р.Г /2хх-ийн 156/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 24-25, 2хх-ийн 161-162/, С.Б-ын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 9815 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 73/, эд зүйлд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 4571 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 76-77/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх-ийн 62/, Ц.Мийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 99, 104, 107, 110-111, 122/, Ц.Мийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 124-224/, яллагдагч Л.З-ын мэдүүлэг /2хх-ийн 218-219/, Л.З-ын шийтгэх тогтоол /3хх-ийн 8-10/ Ц.Мийн өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 234-249/, Ц.Мийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 36-37, 82-83, 2хх-ийн 90, 3хх-ийн 3-4, 75/, Г.Эгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 6-11, 13-19/, Г.Эгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 20-53/, Г.Эгийн өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 54/, Г.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 84-85, 2хх-ийн 91-92, 3хх-ийн 71-72/, Т.Шын хохирол төлсөн баримт /3хх-ийн 54/, хохирогч С.Б-ын хүсэлт /3хх-ийн 96/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирогч Т.Шын хүсэлт, Ц.Мийн өмнөх ялыг өршөөн хассан шүүгчийн захирамж, Ц.Мийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь ганцаараа 2019 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..” бааранд иргэн Т.Шын алтан гинжийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 4.687.500 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Л.З-тай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е-Март” худалдааны төвийн автомашины зогсоол орчим явж байсан иргэн Ө.Г-ийн халааснаас “Айфоне- 6 плас” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 590.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Ц.М, Г.Э нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” баарны гадна иргэн С.Б-ыг хамар тус газар мөргөж, зүүн нүд рүү цохиж зодож, баруун шуу, зүүн суга, мөр, дал, нуруунд хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Т.Шын /1хх-ийн 12-13/: “...Миний бие 2019 оны 08 дугаар сарын 11-12-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн “... баарны зүүн талд байрлах “...” бааранд ганцаараа орсон. Тухайн бааранд ороод текны урд зогсож үйлчлүүлсэн ба 03 цагийн орчимд баарны хажуу талд байдаг паб руу орж суусан ба согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан учраас хэсэг зуур унтчихсан байсан. Тэгээд хажуу дахь хүмүүс маргалдаж байх шиг байсан ба миний хүзүүнээс гинж татах мэдрэмж төрөөд сэрээд харсан боловч өөрийгөө удирдах чадваргүй байсан. Тэгээд босож чадалгүй үлдсэн. Хэсэг хугацааны дараа гараад такси бариад гэр рүүгээ явсан. 999 сорьцтой 24 краттын 37.5 граммын Солонгос алтан гинж байсан ба Солонгос Улсаас 2 жилийн өмнө 5.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...Одоо бол баримт нь байхгүй гэхдээ гинжээ зүүгээд авсан зураг бол байгаа. ...Миний алтан гинжийг шинжээчийн дүгнэлтээр 4.687.000 төгрөг гэж дүгнэлт гарсан байна. Уг дүгнэлттэй санал нийлж байгаа. Надад алтан гинжний үлдэгдлийг зарсан мөнгө болох 2.860.000 төгрөг өгснийг хасаад 1.827.000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх мэдүүлгээр,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /1хх-ийн 24-25/,
эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /1хх-ийн 6-7/,
иргэний нэхэмжлэгч С.М-ын /1хх-ийн 15-16/: “...2019 оны 08 дугаар сарын 12-ны орой 19 цаг өнгөрч байхад миний ажиллуулдаг ломбардад үл таних 2 залуу орж ирээд “алтан гинж авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь “үзье” гэхэд хөвөрч тасарсан алтан гинж надад үзүүлсэн. Тухайн үед би уг гинжийг гялгар уутанд хийж байгаад граммлаж үзэхэд 23,8 грамм байсан. Тэгээд уг гинжийг 1 граммыг нь 110.000 төгрөгөөр бодож 2.618.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр үед би “хэний гинж вэ” гэж асуухад нэг шивээстэй залуу нь “миний гинж байгаа юм, тасалчихсан юм” гэж хэлээд 2.618.000 төгрөгийг тоолоод аваад явсан. 10 гаруй хоногийн дараа манай ломбардад цагдаагийн 2 хүн ирээд нөгөө гинжийг хураагаад аваад авсан. Одоо надад 2.618.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлгээр,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр /1хх-ийн 9/,
Ц.Мийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 36-37/: “...2019 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө “....” бааранд үйлчлүүлж байх үедээ 03 цагийн үед согтуу тасраад унтчихсан байсан нэг залуугийн алтан гинжийг хулгайлж авсан. Тэр гинжийг би маргааш нь урт цагаанд байдаг нэг ломбардад 2.680.000 төгрөгөөр зарчихсан. Тус мөнгийг хувьцаа зарцуулаад дуусгачихсан...” гэх мэдүүлгээр,
хохирогч Ө.Г-ийн /2хх-ийн 150-151/: “...2018 оны 09 дүгээр сарын 06-ны 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах “Е-март” худалдааны төвд үйлчлүүлчихээд урд хаалгаар нь гарч ертөнцийн зүгээр баруун зүгт байрлуулсан авто машины зогсоол руу алхаж явахад араас махлаг шар царайтай эрэгтэй , туранхай нүдний шил зүүсэн малгайтай эрэгтэй 2 хүн дагаад явж байсан ба би машин дээрээ очоод суух гэтэл баруун талын халааснаасаа “Айфоне-6 плас” маркийн гар утсаа хулгайд алдсан байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандаж шалгуулан камерын бичлэгийг үзэхэд араас дагаад байсан 2 эрэгтэй хүмүүс нэгнийгээ араас нь харах боломжгүй болгон хааж байгаад нөгөө нь буюу хар өнгийн саравчтай малгайтай залуу нь баруун талын халааснаас гар утас хулгайлсан байсан. Тухайн өдрийн орой миний гар утсыг хулгайлсан хулгайч нараас нэгийг нь олсон. ...миний эзэмшлийн “Айфоне -6 плас” маркийн гар утсыг таниулан буцаан өгсөн. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би гар утсаа хүлээн авсан. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлгээр,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /2хх-ийн 161-162/,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр /2хх-ийн 170-172/,
эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /2хх-ийн 158-159/,
Л.З-ын яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 218-219/: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 06-ны оройн 17-18 цагийн үед танил Ц.Мтэй Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е-март” худалдааны төвийн гадна тааралдаад байж байтал “Е-март”-ын гадна явган хүний зам дагуу 3 хүн явж байсан ба “голынх нь эмэгтэйн халаасанд гар утас нь байна” гэж Ц.М надад хэлээд “авчих уу” гэж надаас асуугаад тэгэхээр нь “тэгье” гээд бид хоёр араас нь дагаж яваад Ц.М голын эмэгтэйн гадуур хувцасны халааснаас нь гар утсыг нь авсан. Би араас нь хараад дагаад явж байсан. Гар утсыг нь аваад бид хоёр буцаад явсан. ...Тэгээд тэрнээс хойш 2 цагийн дараа цагдаад дуудагдаж тухайн гар утсыг цагдаагийн ажилтан нь Ц.Мөөс хураан авсан. Би Ц.Мтэй бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,
Ц.Мийн яллагдагчаар мэдүүлсэн /3хх-ийн 3-4/: “...Би 2018 оны 09 сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо “Е-март” худалдааны төвийн гадаа явж байхдаа үл таних эмэгтэйн халааснаас “Айфоне-6 плас” загварын гар утсыг хулгайлан авсан. ...би хохирлоо бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлгээр,
хохирогч С.Б-ийн /1хх-ийн 62-63, 2хх-ийн 83/: “...2019 оны 08 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Лакс” бааранд өөрийн найз Б-той орсон. Тэгээд тухайн бааранд ажилладаг өөрийн найз А-тай хажуу талынх нь “...” гэх нэртэй баар руу орчихоод ирсэн чинь манай найз Бодио “...” бааранд нэлээн согтчихсон байсан. Тэгээд “Лакс” бааран дотор Б нэг хүүхэдтэй маргалдаад баарнаас гарсан. Тэгээд гадаа гараад нөгөө хүүхэдтэйгээ маргалдсан. Би хажууд нь хараад зогсож байсан чинь Б-гийн хажуунаас Бүдүүн З гэдэг хүн гарч ирээд Б-г алгадаад авсан. Тэгэхээр нь би З гэдэг хүнийг холдуулах гээд түлхсэн чинь над руу дайраад байсан. Тэгэхээр нь би арагшаагаа ухарсан. Тэгээд бас З-тай хамт явж байсан 3-4 хүн над руу бас дайраад байсан. Тэгээд би машин тойроод зугтах гэсэн чинь намайг хутгалсан гэх залуу машины хажуугаас гарч ирсэн. Тэр үед тухайн залуу гартаа нэг юм барьчихсан байсан. Тэгээд над руу дайрахаар нь гартаа барьсан зүйлийг нь авах гэсэн чинь миний баруун гарыг зүссэн. Тэгэхээр нь би тэврээд авсан чинь миний нуруу хэсэг рүү олон удаа хутгалсан. Тэгээд би тэр залуугаас салаад “....” баарны хажуу талын “....” гэх нэртэй караоке рүү орсон чинь араас З гэх залуу над руу дайраад миний хамар хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Миний хамар хугарсан, нүд хөхөрсөн, нуруу хэсэгт 9 удаа хутгалуулсан. Баруун гаранд хутгалуулсан шархтай байсан. Гомдолтой, эмчилгээ хийлгэсэн зардлыг нэхэмжилж байна. ...Энэ залуу тэр Заяа гэдэг залууг өмөөрөөд над руу дайраад байсан. Хоорондоо бие биенийгээ мэддэг бололтой хүмүүс байсан. Ц.М нь З гэдгийнхээ дүү нь гээд байсан...” гэх мэдүүлгээр,
С.Б-ийн биед “баруун шуу, зүүн суга, мөр, дал, нуруунд олон тооны оёдол тавигдсан шархнуудтай, зүүн нүдний дотор буланд цус хуралт” бүxий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 9815 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 73/,
шинжээч эмч С.-гийн /1хх-ийн 79/: “...С.Б-ийн биед учирсан зүүн нүдний дотор буланд цус хурсан гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мөн дүгнэлт дээр тусгагдсан гэмтлүүд нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлгээр,
гэрч С.Ц-ийн /1хх-ийн 67/: “...2019 оны 08 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө “....” баарнаас өөрийн найз Б , Б нарыг авах гээд очсон. Тэгээд “..” баарны гадаа Б цуг явж байсан хүнтэйгээ маргалдаж байсан. Тэгсэн чинь З ах хажуугаас нь орж ирээд Б-г нэг удаа цохисон чинь Б Б-гээ өмөөрөөд З ахыг нэг удаа түлхсэн. Тэгээд Б З нар маргалдаж байгаад “....” баарнаас “..” баар луу гардаг нарийн гудамж руу орсон. Тэр үед би Б-тэй цуг зогсож байсан. Тэгээд Б-тэй зогсож байтал Б-ын гараас нь цус гарчихсан хүрээд ирсэн. “...” баарны хажуу талын ресторан руу ороод гарыг нь боосон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлгээр,
гэрч Л.Б-гийн /1хх-ийн 68/: “...2019 оны 08 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “....” бааранд өөрийн найз , Т , А бид нар орсон. ...би болсон асуудлыг санахгүй байна. ...нэг сэрсэн чинь “...”-ын хажуу талын ресторанд байсан ба манай найзын гараас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлгээр,
Г.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 84-85, 3хх-ийн 71-72/: “...2019 оны 08 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “...” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байтал миний танил дүү Б хүнтэй маргалдаад байхаар нь би “боль” гээд Б-гийн дагз руу нь нэг удаа алгадсан чинь хажуугаас нэг том биетэй залуу орж ирээд намайг цохисон. Тэгээд нэг сэрсэн чинь цустай холилдчихсон байсан. Би нэлээн согтуу байсан тул болсон асуудлыг бүдэг бадаг санаж байна. Би тухайн залууг “...” гэх караокены үүдэнд нүүр хэсэг рүү нэг удаа мөргөсөн. ...тухайн залууг хутгалуулахыг хараагүй. ...Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлгээр,
Ц.Мийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 83/: “...2019 оны 08 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “...” бааранд үйлчлүүлсэн. Тэгээд 06 цагийн орчим баарнаас гарсан чинь “....” баарны гадаа үүдэн хэсэгт баарны хамгаалагч З , том биетэй залуу нар хоорондоо зодолдоод нэг нэгнийгээ цохиж байсан. Би тухайн өндөр биетэй залууг “боль” гэсэн чинь намайг цохиод авсан. Тэгээд тухайн залуу намайг газар унагаагаад нарийн гудамжинд зодоод эхэлсэн. ...доор нь зодуулж байгаад хэнээс авснаа мэдэхгүй нэг хутга аваад доор нь зодуулж байгаад зүүн гар луу нь 2 удаа хутгалсан. Тэгээд салаад би “....” баарны хажуу талын паб руу ороод учраа ольё гээд тухайн том биетэй залуутай уулзаж байтал цагдаа нар ороод ирсэн. ...З.тай зодолдож байсан өөр хүнтэй зодолдож байсныг хараагүй. Тухайн залуугийн хамрыг Заяа гэмтээсэн байх...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Ц.М, Г.Э нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Ц.М нь хохирогч Т.Шын гинжийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авснаа мэдүүлсэн, түүний энэ үйлдэл камерын бичлэгт бичигдэж үлдсэн, хохирогч Ө.Г “Айфоне 6 плас” маркийн гар утсаа хулгайд алдаж хохирсноо тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч Ц.М нь бусадтай бүлэглэн хохирсон иргэний “Айфоне 6 плас” загварын гар утсыг нь нууцаар, хууль бусаар авсан нь камерын бичлэгт бичигдсэн, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон, мөн шүүгдэгч Ц.М, Г.Э нар нь бүлэглэн хохирогч С.Б-ыг зодсоныг хохирогч, шүүгдэгч, гэрч нар хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Ц.М нь ганцаараа Т.Шын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэнийг, Ц.М нь Л.З-тай бүлэглэн Ө.Г-ийн эд хөрөнгийг хулгайлсныг, Ц.М, Г.Э нар нь бүлэглэн С.Б-ыг зодож, хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно
Ийнхүү шүүгдэгч Ц.Мийн шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан гэм буруугийн санаатай үйлдлүүд нь буюу бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор илээр, шунахай сэдэлтээр, үнэ төлбөргүйгээр булааж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэргийн, бусадтай бүлэглэн иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн, Ц.М, Г.Э нар нь бүлэглэн хүнийг зодож, үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хөнгөн гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул тэднийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж дээрх гэмт хэргүүдэд оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна”, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан.
Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3-т заасан ялаас өршөөн хасах, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3-т заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаараагүй, тэрээр урьд өмнө батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул түүнд зохих өршөөлийг үзүүлэх нь зүйтэй.
Иймд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Г.Эг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн зорилт нь “...гэмт хэрэг үйлдсэн...хүнийг...эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх...”-ээр зохицуулсан байна.
Шүүгдэгч Ц.Мийн хувьд Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 126 дугаар зүйлийн 126.2.6, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар нийт 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 78-Ө дугаар шүүгчийн захирамжаар үндсэн ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж суллагдсан буюу эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрэгджээ.
Иймд шүүгдэгч Ц.Мийн ганцаараа болон бусадтай бүлэглэж үйлдсэн гэмт хэргүүдийг дахин 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, түүнд өршөөлийг үзүүлэх боломжгүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Ц.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч нарт төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Мд оногдуулсан нэг төрлийн буюу зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан зорчих эрхийг хязгаарлах ял болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Ц.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Ө.Г-ийн “Айфоне-6 плас” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл 2 дугаар хавтаст хэргийн 158-159 дүгээр талд авагдсан,
хохирогч С.Б “...хохирол барагдуулсан тул гомдолгүй” гэх,
иргэний нэхэмжлэгч С.М “...хохирлоо барагдуулж авсан тул шүүх хуралд суух шаардлагагүй” гэх хүсэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Ц.М нь хохирогч Т.Шт учирсан нийт 1.827.000 төгрөгийн хохирлоос 200.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 дансанд нөхөн төлсөн байна.
Ингээд мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон нөхөн төлөгдөөгүй үлдэх хохирол, төлбөр болох 1.627.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Мөөс гаргуулж хохирогч Т.Шт олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.М нь шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст хохирогч Т.Шт 1.627.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул түүнээс гаргуулах төлбөргүй болно.
Шүүгдэгч нар нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгтээ 63 хоног цагдаг хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг хүнд ял болох зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасах, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, бор өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт буруутайд,
мөн шүүгдэгч Ц.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт буруутайд,
мөн шүүгдэгч Ц.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мийг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мийг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд оногдуулсан нэг төрлийн буюу зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ял болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М энэ хэрэгтээ 63 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
8. Шүүгдэгч Ц.Мд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн байнга оршин суух газраас ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор албан ёсоор ажиллаж буй байгууллага руу зорчихоос бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг ялын биелэлтэд нь хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шүүгдэгч Г.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.М, Г.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц бор өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгасугай.
11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Мөөс нөхөн төлсөн 200.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 данснаас гаргуулж хохирогч Т.Шт олгосугай.
12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М, Г.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ