Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/457

 

 

 

 

 

 

 

  2022          04          29                                  2022/ШЦТ/457

 

 

                               

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,

Улсын яллагч: Н.Э нар оролцсон эрүүгийн 2109018390632 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Ам 4, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар засарч хүмүүжихийг даалгаж, эцэг Б.Баасанжавын хяналтад өгсөн, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 424 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулсныг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 925 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.3-т зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, А овогтой Б.М

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00.00-01.00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Поларис Войс” нэртэй караокены 2 номерын өрөөнд хохирогч Б.Э-тай “Тооцооны мөнгө төлсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт буюу зүүн талын нүд рүү атгасан гараар 5 удаа цохих, заамдах, газар унагааж зодсоны улмаас биеийн эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн чихний омогт шарх, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, баруун гуянд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Эрүүгийн 2109018390632 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20, 24 дүгээр хуудас/,

Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Гэрч П.П-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11188 дугаартай:

1. Б.Э-ы биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн чихний омогт шарх, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,                                                  

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00.00-01.00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “П” нэртэй караокены 2 номерын өрөөнд хохирогч Б.Э-тай “Тооцооны мөнгө төлсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт буюу зүүн талын нүд рүү атгасан гараар 5 удаа цохих, заамдах, газар унагааж зодсоны улмаас биеийн эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн чихний омогт шарх, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, баруун гуянд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Б.Э-ы “...2021 оны 11 дүгээр сарын 07-ны орой 21.00 цагийн орчимд “Поларис Войс” караокед 2 цаг үйлчлүүлж дуусаад тооцоо 450.000 төгрөг болсон. Тэгээд тэр 450.000 төгрөгийг 8 хүнд хувааж төлөхөөр болсон. Тэр 8 хүнээс би болон Б.А, П.П буюу гурван хүний мөнгө 180.000 төгрөг болж 40.000 төгрөг дутсан. Б.А, П.П нар мөнгөгүй байсан болохоор би өмнөөс нь төлөхөөр шийдэж, өөрийн ажлын хүнээс мөнгө зээлэхээр болж, караокены өрөөн доторх угаалгын өрөө рүү утсаар ярихаар орсон. Ярьж дуусаад угаалгын өрөөнөөс гарахад Гийнгоо (Б.М) гэгч залуу О руу (П.П) “О пизда минь чамд чинь мөнгө байгаа юм уу, байхгүй юм уу, мөнгөө хурдан хийгээч ээ” гэж дээрэлхүү маягийн өнгөөр ярьсан. Тэгээд би сонсчхоод угаалгын өрөөнөөс гарч ирээд Гийнгоо гэх залуу дээр очоод “Би Оочкогийн мөнгийг төлчихнө” гэж хэлэхэд Гийнгоо хариуд нь “Чи муу ер нь яах гээд байгаа юм бэ” гэж миний нүүр рүү таван удаа хурдтай нүүрний зүүн талын нүд рүү цохисон. Би хариу үйлдэл үзүүлээд “Чи одоо яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд Гийнгоогийн хувцаснаас заамдаж барьсан. ...Гийнгоо гэх залуу миний биед хамгийн их халдсан. Б.М намайг газар унагааж, миний зүүн өвдгийг гэмтээсэн. Дараа нь намайг газар унасны дараа Б.М нь миний зүүн нүд рүү 5 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.М “...Бид нар 4 юм уу 5 ширхэг литрийн архийг хувааж уусан. Дараа нь нэлээн халцгаасан. Шөнө 00.00 цагийн үед бидний дууны эрх дуусаж, караокены хаах цаг болсон. Тэгээд би дуулж байсан өрөөний угаалгын өрөөнд бие засах гээд орсон. Намайг угаалгын өрөөнд ороод байж байтал өрөөнд хүмүүс чанга дуугаар хаалга савж байгаа мэт дуу дуугараад байсан. Би бие засчхаад угаалгын өрөөнөөс гарахад Б.М гарах хаалганы эсрэг талд Б.Э-тай муудалцсан байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.С-н 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан 11188 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00.00-01.00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Поларис Войс” нэртэй караокены 2 номерын өрөөнд хохирогч Б.Э-тай “Тооцооны мөнгө төлсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт буюу зүүн талын нүд рүү атгасан гараар 5 удаа цохих, заамдах, газар унагааж зодсоны улмаас биеийн эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн чихний омогт шарх, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, баруун гуянд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М-ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Б.М нь хохирогчийг хэвлий нүүр хэсэгт удаа дараа цохиж, газар унагааж зодсон үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас Б.Э-ы биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.М нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, прокурорын сонсгосон 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Э нь 585.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 700.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.     

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А овогтой Б.М-ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш /3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Шүүгдэгч Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН