| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 203/2018/0022/Э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2018-04-25 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 23
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Ариунжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа
Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 96 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Д.О холбогдох 1728001140083 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Өмнөговь аймаг, Гурвантэс суманд 1978 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ногоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, Өмнөговь аймаг Гурвантэс сум, ............................. гэх газар оршин суух, Хошууд овгийн Д.О , /регистрийн дугаар: ...................../
Шүүгдэгч Д.О нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг, Хуршуут гэх газар О.Ү ийн бие эрх чөлөөнд төмөр хэрэглэн халдаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан прокурорын дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О холбогдох 1728001140083 тоот нэг хавтас эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэлгүй прокурорын дүгнэлт үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Улсын яллагч эсэргүүцэлдээ: Дээрх шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд “яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхээр, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргаж засуулах боломжтой талаар зохицуулсан байна.
Прокуророос Д.О холбогдох эрүүгийн хэргийн прокурорын яллах дүгнэлтийг “прокурорын дүгнэлт” гэсэн хэвлэмэл хуудсан дээр хэвлэж техникийн /үгийн/ шинжтэй алдаа гаргасан тул уг алдааг засах хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан.
Гэтэл шүүх “прокурорын шийдвэрт байгууллагын тамга дарж, эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурснаар албажих, улмаар хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд хүчин төгөлдөр болсон прокурорын дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, улмаар хэрэгт хавсарган шүүхэд хүргүүлснээр шүүх хэргийг хүлээн авсан” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх, прокурорын яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулах ажиллагаа хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үндэслэл болно” гэсэн нь прокурорын яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан мөрдөн шалгах ажиллагаанд хамаарагдахгүй, яллах дүгнэлтэнд гарсан техникийн шинжтэй алдаа нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохгүй гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т заасан заалт болон Монгол Улсын ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/62 тоот тушаалаар батлагдсан зааврын дагуу яллах дүгнэлтэнд гарсан техникийн шинжтэй алдааг засч, яллагдагчид дахин гардуулах ажиллагаа хийх боломжтой гэж үзэж байна.
Шүүх хуульд заасан зохицуулалтын хүрээнд яллах дүгнэлтэд гарсан засах боломжтой алдааг засуулалгүйгээр хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “...гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, ...зөрчигдсөн эрхийг сэргээх” гэсэн зорилтыг анхаараагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунжрах, оролцогчдыг чирэгдүүлэхэд хүргэж байна.
Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 96 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж өгнө үү гэжээ.
Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4-т прокурорын яллах дүгнэлтэд дурдсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засаж залруулах талаар хүсэлт гаргах эрхтэй байдаг. Энэ эрхийнхээ дагуу дээрх хуулийн заалтыг үндэслэн прокурорын яллах дүгнэлтийг прокурорын дүгнэлт гэсэн хэвлэмэл хуудсан дээр андуурч гаргасан техникийн алдаа гаргасан байна гэж үзэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хүсэлтээ гаргасан. Яагаад үүнийгээ техникийн шинжтэй алдаа гэж үзээд байна вэ гэхээр тухайн хэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1-5 дахь хэсэгт заасан шаардлагуудыг хангасан, шүүхэд шилжүүлэх үндэстэй байх тул гэсэн дүгнэлт хийгээд 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг харъяалах шүүхэд хүргүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ прокурорын шийдвэр дээр тамга дарагдсан, гарын үсэг зурснаар албажсан, хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзээд байна. Гэтэл прокурорын яллах дүгнэлт хуулийн хүчин төгөлдөр болно гэсэн ойлголт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд байхгүй. Шүүгчийн захирамжинд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан 3 үндэслэлээр хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй. Гэтэл Д.О холбогдох хэргийн яллах дүгнэлтийг прокурорын дүгнэлт гэсэн хэвлэмэл хуудсан дээр хэвлэсэн нь прокурорын шатанд буцааж мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил биш, шүүгчийн захирамжинд заасан 2 үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/62 тоот тушаалаар батлагдсан шүүхэд төрийг төлөөлөх прокурорын аргачилсан зааварт прокурорын яллах дүгнэлтэд гарсан алдааг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт засах хүсэлт гаргаснаар шүүхээс алдааг засах шийдвэр гаргах юм бол прокурор даруй яллах дүгнэлтийг үйлдэж, дугаар өгч, яллагдагчид гардуулснаар яллах дүгнэлтийг шүүхэд хүргүүлнэ гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалт, заавар, журмаас харахад яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг засаад яллагдагчид гардуулж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдааныг явуулах боломжтой байна гэж эсэргүүцэл бичсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийг буцааж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.
Прокурор хэргийг буцаах 3 үндэслэл байдаг талаар дээр тодорхой дурдсан. Техникийн шинжтэй алдаа, үг, үсэг, тооцооны шинжтэй гарсан гэж хэлж байгаа боловч шүүхэд засаад өгөх хуулийн заалт байгаа. Прокурорын дүгнэлтийг яллах дүгнэлт болгоод заслаа гэж бодоход яллагдагчид гардуулах ажиллагаа хийгдэнэ. Энэхүү ажиллагаа нь заавал прокурорын шатанд хийгддэг ажиллагаа учраас хэргийг буцаах үндэслэл болж байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Хэдийгээр үг, үсэг, тооцооны гэж яриад байгаа боловч анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Яагаад ингэж харж байна гэхээр прокурорын яллах дүгнэлт, прокурорын дүгнэлт хоёр бол 2 өөр утга бүхий мөн чанар агуулгатай байдаг. Яллах дүгнэлт гэдэг бол шүүхийн шатанд нотлох баримт шинжлэн судлахаас өмнө судлагдаж шүүхэд шилжүүлдэг. Прокурорын дүгнэлт гэдэг бол шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нотлох баримт шинжлэн судалсны үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн дараа прокурорын дүгнэлт гардаг ажиллагаа. Прокурорын дүгнэлт бичгээр гарахгүй байсан ч болдог. Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан байна гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар хэргийг шийдвэрлэхдээ Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 5/14 дугаартай эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.
Анхан шатны шүүхээс Прокурорын тухай хуулийн 6, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-т заасныг үндэслэн “прокурор нь Д.О холбогдох эрүүгийн хэрэгт прокурорын дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзэх боломжгүй”, “дээрх хэрэгт яллах дүгнэлт үйлдээгүй, яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулах ажиллагаа хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй”, “дээд шатны прокурор нь прокурорын хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, буцаан авах эрхтэй тул энэ ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж тус тус дүгнэсэн дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ.
Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрийг бусад төрлийн хуулиар тогтоож болно гэж зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу үйлдэж буй яллах дүгнэлт нь прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрт хамаарна.
Иймд прокуророос гаргасан эрх зүйн баримт бичгийн хэлбэрийн төрлийг шүүхээс өөрчлөн шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн хэмжээ хязгаарыг зөрчихөөр байна.
Прокурорын дүгнэлт гэж хэвлэмэл хуудсанд хэвлэн гаргасан эрх зүйн баримт бичгийг прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг үсгийн алдаа гэж үзэх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 5/14 дугаартай “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 96 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ
Х.ГЭРЭЛМАА