Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2014/0089

 

М.М-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч М.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, С.Т нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 514 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.М-ын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2007 оны 07 дугаар сарын 01-ээс болон 2012 оны 05 дугаар сарын 01-ээс хууль бусаар тэтгэвэр тогтоолгох орлогыг хязгаарлаж тэтгэврийг буруу тогтоосныг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, тэтгэврийг зөвтгөн тогтоолгох, 2007 оны 07 дугаар сарын 01-ээс хойш үүссэн тэтгэврийн зөрүүг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс бодож олгохыг даалгах” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Улсын Их Хурлаас 1996 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр баталсан "Нийгмийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулиар нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд "Шимтгэл ногдуулах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ" тогтоохоор заасан. Даатгуулагчийн шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс тэтгэвэр боддог тул энэхүү дээд хэмжээ нь тэтгэврийн дээд хязгаарыг хуулиар тогтоосон гэсэн үг юм. 1998 оны 92 дугаар тогтоолоор Засгийн газраас нийгмийн даатгал төлөх сарын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, 1998 оны 07 сарын 01-ээс мөрдүүлсэн. Мөн 2007 оны 109, 2012 оны 153 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан. Бид уг тогтоолууд болон түүнийг хэрэглэх аргачлалын дагуу нэхэмжлэгчийн тэтгэврийг шинэчлэн тогтоож олгосон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 514 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч М.М-ын тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хязгаарлан тогтоосныг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч М.М-ын тэтгэврийг зөвтгөн тогтоож олгохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Нэг. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэх үнэлж чадаагүй талаар: Нэхэмжлэгч М.М 1986-1990 онуудад ажилласан 5 жилийн дундаж хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэврээ тогтоолгохдоо тухайн үед авч байсан гэх цалингийн хэмжээ нь бодит биш болох талаар ерөнхий харьяаллын шүүхэд мэтгэлцсэний үндсэн дээр Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 07 сарын 22-ны өдрийн шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг баримтлан М.М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож мөн Нийслэлийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 16-ны шийдвэрээр М.М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хүчин төгөлдөр байгааг захиргааны шүүх анхааран үзээгүйгээс хууль бус шийдвэр гаргалаа.

Тухайлбал, 1990 онд Мал аж ахуйн "Малчдад" хоршоо болон "Мон-Олз" ХХК-д сард дунджаар 12 000 төгрөгийн цалинтай байсан гэж баримт бүрдүүлсэн нь тухайн үед төрөөс тогтоож байсан цалингийн дээд хязгаар сард 4000 орчим төгрөг байсантай харьцуулахад хэт өндөр байгаагийн зэрэгцээ тухайн компани ямар үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байсан нь төдийлөн тодорхойгүй байдлыг захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хянан шалгахдаа харьцуулан судалж үзээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

Учир нь Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа шаардлагатай гэж үзсэн нотлох баримтыг мөрдөн шалгах зарчмыг үндэслэн цуглуулах, нягтлан үзэх харьцуулан судлах бүрэн эрхтэй байдгаараа ерөнхий харьяаллын шүүхээс давуу эрхтэй. Энэ эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн харьцуулан судалж, бодит дүгнэлтийг хийж чадсангүй. Эцсийн үр дагаварт хууль бус шийдвэрээс болж нийгмийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө үндэслэлгүй гарах жишиг бий болгох сөрөг үр дагаврыг бий болголоо.

Хоёр. Холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй талаар: Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Нийгмийн даатгалын тухай багц хуулийг 1995 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд тухайн үед уг хуульд даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тусгаагүй байсныг 1996 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд "Шимтгэл ноогдуулах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ" тогтоохоор заасан билээ. Мөн Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоож 1998 оны 7 дугаар сарын 01-нээс эхлэн мөрдөж хэрэгжүүлсний дээр Засгийн газрын 2007 оны 5 дугаар сарын 02-ны 109 тогтоолоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн баталж уг итгэлцүүрийг цалин өсгөхөд дээд хэмжээг 425000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 01-ны 153 тогтоолоор 1080000 төгрөг байхаар тус тус хязгаарласныг Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь зөв тайлбарлан хэрэгжүүлж ирсэн.

Дээрх зохицуулалтуудад тулгуурлан иргэн М.М-ын тэтгэврийг шинэчлэн тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлно гэж заасныг ч үндэслэсэн.

Нэхэмжлэгч М.М тэтгэвэр тогтоосон Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрсөн атлаа 2007 оны 07 сарын 01- ний өдрөөс болон 2012 оны 05 сарын 01-ний өдөр тэтгэврийг тус тус шинэчлэн тогтоохдоо хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хууль бусаар хязгаарласан гэж үзсэн үндэслэл нь хууль бус шаардлага. Учир нь 2007 оны 109, 2012 оны 153 дугаар тогтоолд заасан хязгаарлалтын зохицуулалт хүчин төгөлдөр байгаа нөхцөлд тэтгэврийн өөрчлөлт, мөн дээрх тогтоолд тулгуурлан өөрчлөлт орно. Хууль бус хязгаарлалт тогтоох эсэх асуудал нь хариуцагчийн үйл ажиллагааны буруутай эсэхэд хамааралгүй бөгөөд харин хууль тогтоогчийн баталсан хэм хэмжээний хүрээний асуудал болно. Эрх зүйт төрийн үйл ажиллагааны хэм хэмжээг иргэн, хуулийн этгээд хэн боловч даган мөрдөх учиртай. Иймд шүүхийн дүгнэлт нь холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргалаа гэж үзэж байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтын хэм хэмжээний агуулгыг шүүх зөв тайлбарлан хэрэглэж чадаагүйгээс Нийгмийн даатгалын сангийн зөв зохист хуваарилалтыг ноцтой өөрчлөлт оруулах, улмаар даатгалын сан хэвийн ажиллах боломжгүйд хүргэх, олон мянган тэтгэвэр авагчдын эрх ашгийг хөндөх үр дагаврыг бий болгож буйг давж заалдах шатны шүүх анхааран үзэж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, М.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан Нийгмийн даатгалын тухай хуулиудыг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр, мөн “Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага ...-д хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох”-оор заасны дагуу тухайн багц хуулийг батлагдахаас өмнө хөдөлмөр эрхэлж байсан иргэд хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой болжээ.

Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1996 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд оруулсан өөрчлөлт, түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд “Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газар 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоосны зэрэгцээ 2005 он “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 22, 2007 оны “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр батлах тухай" 109, 2012 оны “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 153 дугаар тогтоол зэргээрээ тухай бүр нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийн зэрэгцээ тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоож иржээ.

Дээр дурдсан хууль тогтоомжууд ялангуяа Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн “Даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дээд хэмжээ, дунджийг тодорхойлох журмыг Засгийн газар тогтооно” гэсэн заалт хүчин төгөлдөр үйлчилж байх үед буюу 2003 онд иргэн М.М өндөр насны тэтгэврээ өөрийн сонгосон 1986 оны 09 сараас 1991 оны 8 дугаар сарыг дуусталх 5 жилийн цалинг үндэслэн тухайн үед мөрдөж байсан итгэлцүүрээр өсгөн тогтоолгосон бөгөөд энэхүү тэтгэвэр тогтоосон аргачлал, журам, хэмжээний талаар өнөөг хүртэл маргаагүй байна.

Харин тэрээр тэтгэврээ тогтоолгосны дараа “Мал аж ахуй малчдад” хоршоо “Мон олз” ББХК-д 1991 оны 08 дугаар сарын 11-нээс 1992 оны 12 дугаар сарын 31- нийг хүртэл ажилласан хугацааг шимтгэл төлснөөр тооцож, тэтгэврийг шинээр тооцуулахаар хүсэлт гаргасныг Нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан боловч тэтгэврийн хэмжээг Засгийн газрын 1998 оны 92, 2007 оны 109, 2012 оны 153 дугаар тогтоолуудад заасан дээд хэмжээнд нийцүүлж хязгаарлажээ.

Ийнхүү хариуцагч байгууллага хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын тогтоолыг баримталж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хэрэглэх журам, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтооход баримтлах аргачлалын дагуу М.М-ын тэтгэврийн хэмжээг тухай бүрт шинэчлэн тогтоосон нь үндэслэлтэй, Тодруулбал, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах”-аар заасан чиг үүргийн хүрээнд Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнд нийцүүлэн М.М-ын тэтгэврийг тогтоох үүрэгтэй байна.

Үүнээс гадна М.М-ын Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2007 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны тэтгэврийн зөрүүд 65.096.648 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1718, Нийслэлийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 730 дугаар магадлал одоо хуулийн хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгчээс тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоосон Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолын холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөнийг Үндсэн хуулийн цэцээс тогтоосон гэх боловч Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтэд “Энэ заалт нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн заалтыг буцаан хэрэглэж өмнө нь тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн эрхийг хязгаарласнаараа уг хууль гарснаасаа хойш үйлчлэх үндсэн агуулга болон сүүлийн хуулийн заалт нь тухайн зохицуулж буй харилцаанд оролцогчдын эрх ашгийг сөргөөр хөндөж байвал буцаан хэрэглэж болохгүй тухай эрх зүйн ерөнхий зарчимтай зөрчилдөж..." гэсэн дүгнэлт хийж Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь заалтыг зөрчсөн гэж үзжээ.

Эндээс дүгнэвэл, Үндсэн хуулийн цэц хуулиар Засгийн газарт даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дээд хэмжээг тогтоох эрх олгосныг үгүйсгээгүй бөгөөд гагцхүү Засгийн газрын тогтоол гарсан өдрөөс өмнө тэтгэврээ тогтоолгосон иргэдийн эрхийг тухайн тогтоолоор хязгаарлаж болохгүй гэсэн агуулгатай байна. Харин нэхэмжлэгч М.М-ын хувьд Засгийн газрын холбогдох тогтоол гарч, хэрэгжсэнээс хойш буюу 2003 онд өөрийн тэтгэврийг тогтоолгосон тул түүний эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар дүгнэлтэд “Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоож...”, 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн в/ заалтад “2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 (нэг сая наян мянга) төгрөгөөр тооцох" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”, Арван зургаадугаар зүйлийн 5/ дахь заалтад “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэснийг тус тус зөрчөөгүй байна” гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх маргаан бүхий асуудлаар “итгэлцүүрээс өмнө хуулийн дагуу үүссэн тэтгэвэр тогтоолгох эрхийг хязгаарлах үндэслэлгүй” гэсэн буруу дүгнэлт хийснээс гадна нэхэмжлэгчийн “2007 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үүссэн тэтгэврийн зөрүүг бодож олгох үүргийг Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулжээ.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, иргэн М.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 514 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 30 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.М-ын “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2007 оны 07 дугаар сарын 01, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тус тус тэтгэврийг шинэчлэн тогтоохдоо тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хууль бусаар хязгаарлаж тэтгэврийг буруу тогтоосныг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, тэтгэврийг зөвтгөн тогтоох, 2007 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үүссэн тэтгэврийн зөрүүг бодож олгох үүргийг Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН :

 

ШҮҮГЧИД                           Ц.ЦОГТ

                                            Б.МӨНХТУЯА

                                            Д.БАТБААТАР