Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 0926

 

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2019/0926

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: ЭТХХК.

Хариуцагч: НДХААА,

ҮХ.

Нэхэмжлэлийн шаардлага: ҮХны 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дугаартай дүгнэлтийн, ҮХны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №05 дугаартай дүгнэлтийн ЭТХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.4-д заасны дагуу шалгараагүй гэсэн хэсгийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ЭТХХК-ийн төлөөлөгч Ч.Бгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани НДХАААнаас 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зарласан Үйл ажиллагаа явуулах тайз худалдан авах НДХААА/201907013/ дугаартай нээлттэй тендерт оролцсон.

Гэтэл захиалагч нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №233 дугаартай мэдэгдлээр ЭТХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн татгалзаж байна гэж мэдэгдсэн байна. Бид уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яам нь манай гомдлыг хянаад 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр №6-1/6387 дугаартай албан мэдэгдлээр захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байх тул тус тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн.

Захиалагч нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №246 дугаартай мэдэгдлээр ЭТХХК-ийн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.4 дэх хэсгийг тус тус үндэслэн татгалзсан.

Энэ нь ямар ч үндэслэлгүй шийдвэр бөгөөд уг тендерт өгөгдсөн техникийн тодорхойлолтыг манай илгээсэн техникийн тодорхойлолт бүгдийг нь хангаж байгаа бөгөөд харин уг тендерт өгөгдсөнөөс илүү шинэлэг, угсрахад хялбар, бат бөх, сүүлийн үеийн тайз санал болгосон болно.

Гэтэл Т ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн шийдвэрийг үл тоон тендерийн баримт бичиг дутуу ирүүлсэн Т ХХК-ийг дахин шалгаруулсан байна.

Манай "ЭТ" ХХК нь тендерт 12 метрийн урт, 10 метрийн өргөн, 7 метрийн өндөртэй тайзыг санал болгосон. 1*2 метрийн урттай гэдгийг Сангийн яам 120 ширхэг гэж ойлгоод, манай компанийг 60 ширхгийг нийлүүлэхээр байна гэж ойлгож тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн. Энэ нь 120 м.кв хэмжээтэй, уртаашаа 6 ширхэг тайз нь 12 метрийн урттай, өргөөшөө 10 ширхэг тайз нь 10 метрийн урттай, 120 м.кв 60 ширхэг болохоор үндсэн шаардлагыг хангаж байгаа. Гэтэл Сангийн яам буруу дүгнэлт гаргасан байсан. Гаргаж өгсөн зурагтаа манай компанийн тайз "Т" ХХК-ийн тайзнаас ямар давуу талтай гэдгийг тодруулсан байгаа. Өмнөх тайз нь арай өөр зохион байгуулалттай тайз байсан. Манай компани сүүлийн үеийн тайзыг оруулсан. "Т" ХХК-ийн тайзны хувьд дундаа нэг хөлтэй, угсрахад ажиллагаа ихтэй, янз бүрийн хэлбэрээр засах боломжгүй, тоглолтод хэрэглэгдэх боломжгүй. Зөөврийн шаардлагатай тайз гэсэн учраас манайх зөөврийн шаардлагыг хангах үүднээс хамгийн сүүлийн үеийн пайлц, зөөврийн учраас дундаа бус тус тусдаа хөлтэй болгож, мэргэжлийн хүмүүс хараад ойлгохоор хийсэн. Анх өгөгдсөн тайз ийм байхад манайх ингэж хийсэн гэдгийг зургаар гаргаж өгсөн. Хэмжээний хувьд 12*10*7 хэмжээтэй 120 м.кв зөөврийн тайзны шаардлагыг хангаж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ирүүлсэн зарим дутуу материалтай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа ҮХны 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дугаартай дүгнэлтийн, ҮХны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №05 дугаартай дүгнэлтийн ЭТХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.4-д заасны дагуу шалгараагүй гэсэн хэсгийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах гэж багасгасан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тендерийн ҮХ хуралдаад Т ХХК, ЭТХХК гэсэн 2 компанийн асуудлыг шийдвэрлэсэн. Тендерт Т ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон ч Сангийн яам урьдчилан шийдвэрлэдэг. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад Т ХХК-тай холбоотой ҮХ болон захиалагчийн шийдвэрүүдийг Сангийн яам хүчингүй болгосон. Уг шийдвэрийг эсэргүүцэж "Т" ХХК болон хариуцагчаас шүүхэд гомдол гаргаагүй. Гэхдээ Сангийн яамны урьдчилсан шийдвэрээр ҮХны нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2 дүгнэлтийг хүчингүй болголгүй, хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл, "ЭТ" ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.4-д заасны дагуу шалгараагүй гэсэн ҮХны шийдвэрийг хүчингүй болгоогүй хэвээр үлдээсэн. Тийм учраас үүнд үндэслэн манай талаас нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Тендерийн ҮХ болон Сангийн яамны мэргэжилтнүүд буруу ойлгосон. Өөрөөр хэлбэл "ЭТ" ХХК-ийн санал болгосон каркасын үзүүлэлтүүдийг тайлбарлахдаа буруу ойлгож тайлбарласан. Манай компанийн тендерт санал болгосон каркас тендерийн тодорхойлолтод нийцэж байхад нийцэхгүй байна гэж өөрсдийнхөөрөө буруу ойлгож тайлбарласнаас болоод тендерт нийцэхгүй байна, дахин тендер зарлая гэсэн арга хэмжээ авсан. Харин үүнийг манай талаас няцааж техникийн тодорхойлолтдоо нийцэж, техникийн шаардлагыг хангаж байхад ҮХ буруу шийдвэр гаргаж байгааг бид шүүхэд нотолсноор бидний гэрээ байгуулах эрх нээгдэнэ. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс тус шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн Засаг даргын А/277 дугаар захирамжаар байгуулагдсан ҮХ Үйл ажиллагаа зохион байгуулах зөөврийн тайз нийлүүлэх НДХААА-2019Б/11 дугаар бүхий тендерийг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зарлаж, 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нээсэн. Тендерт ЭТХХК, Т ХХК, С ХХК, УОХХК гэсэн 4 компани оролцсон. Санни лайф ХХК, УОХХК-ийн тендерийн материалыг хянан үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3, 27.4 дэх хэсгийг тус тус үндэслэн татгалзсан. ЭТХХК болон Т ХХК-иудыг шаардлагад нийцэж байна гэж үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасны дагуу бага үнийн санал ирүүлсэн Т ХХК-ийг шалгаруулж, мэдэгдлийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тендерт оролцогчдод нэгэн зэрэг мэдэгдсэн.

ЭТХХК шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яам нь гомдлыг хянан үзээд 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр №6-1/6387 дугаартай албан бичгээр ҮХны шийдвэр үндэслэлгүй байх тул тус тендерийн шалгаруулалтын үнэлгээг дахин хийх-ийг мэдэгдсэн.

2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ҮХны 04 дүгээр хуралдаанаар Сангийн яамны шийдвэрийн дагуу үнэлгээг дахин хийж, ЭТХХК-ийн ирүүлсэн тендерийг дахин хянахад техникийн тодорхойлолтод тайзны нийт хэмжээг ирүүлээгүй, гэрэл зураг болон үнэн болохыг гэрчилсэн нотлох баримт ирүүлээгүй гэж үзсэн.

Т ХХК-ийн ирүүлсэн тендерийг дахин хянахад нийлүүлэх барааны загвар, чанар, тодорхойлолт, гэрэл зураг ирүүлээгүй, нийлүүлэгч нь импортын материал ашиглах нөхцөл гарал үүсэл, сертификат хавсарган ирүүлэх гэснийг ирүүлээгүй гэж үзсэн.

ҮХны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар хуралдаанаар Т ХХК-иас тодруулгаар ирүүлсэн баримт материалыг хянаж үзээд ирүүлсэн материал нь шаардлагад нийцсэн гэж үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар шалгаруулж, мэдэгдлийг бусад тендерт оролцогчдод шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдсэн.

ЭТХХК уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан ба 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 6-1/7012 дугаар бүхий Сангийн яамны Гомдол хянасан тухай албан бичгийг дахин ирүүлсэн.

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ҮХны 06 дугаар хуралдаанаар Сангийн яамны тендер шалгаруулалтын шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй байх тул бүх тендерээс татгалзаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1 дэх заалтад заасны дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахаар шийдвэрлэж тендерийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл дахин зарласан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ЭТХХК анх тус шүүхэд хандан ...ҮХны 2019 оны дүгнэлтийн ЭТХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.4-д заасны дагуу шалгараагүй гэсэн хэсгийг, мөн дүгнэлтийн Т ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д заасны дагуу шалгарсан гэх хэсэг, Захиалагчийн 2019 оны Т ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг, Захиалагчийн Т ХХК-тай байгуулсан 2019 оны гэрээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ҮХны 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дугаартай дүгнэлтийн, ҮХны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №05 дугаартай дүгнэлтийн ЭТХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.4-д заасны дагуу шалгараагүй гэсэн хэсгийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах хэмээн эцэслэн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. Нийслэлийн Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Дүүргийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний жагсаалт-д дүүргийн орон нутгийн хөгжлийн сан 4.1. Хөрөнгө оруулалт: 2. Үйл ажиллагаа зохион байгуулах тайз. 85.000.0 /мянган төгрөг/ хэмээн тусган, тогтоолыг богино хугацаанд хэрэгжүүлж, худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд шуурхай зохион байгуулаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргад үүрэг болгожээ.

Улмаар Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 02/1449 дүгээр албан бичгээр дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд тус тендерийг зохион байгуулахыг мэдэгдэн, техникийн тодорхойлолтын хамт хүргүүлж, Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/227 дугаар захирамжаар Үйл ажиллагаа зохион байгуулах зөөврийн тайз нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ҮХг байгуулжээ.

ҮХ 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр анхдугаар хуралдаан хийж, үйл ажиллагаа зохион байгуулах зөөврийн тайз-ыг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах цахим тендерийг хүлээн авах эцсийн хугацаа 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 14.00 цаг хүртэл авахаар шийдвэрлэж, НДХААА-2019/Б-11 тендер шалгаруулалтын зарыг өдөр тутмын Зууны мэдээ сонин болон төрийн худалдан авах ажиллагааны цахим систем Т веб хуудсанд байршуулжээ.

2. ҮХ 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 14.30 цагт цахим тендерийг нээж, 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр УОХХК, Т ХХК, ЭТХХК болон С ХХК-иудаас ирүүлсэн цахим тендерийн материалд үнэлгээ хийж, НДХАААны 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 231 дүгээр албан бичгээр С ХХК-д, 232 дугаар албан бичгээр УОХХК-д, 233 дугаар албан бичгээр ЭТХХК-д татгалзсан хариуг хүргүүлэн, 234 дүгээр албан бичгээр Т ХХК-д гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлжээ.

3. НДХАААны дээрх албан бичигтэй холбогдуулан нэхэмжлэгч ЭТХХК-иас Монгол Улсын Сангийн яаманд хандан гомдол гаргаснаар Сангийн яамны 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 6-1/6240 дүгээр албан бичгээр НДХАААнд Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх-ийг мэдэгдэж, улмаар 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 6-1/6387 дугаар албан бичгээр ТХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байх тул... үнэлгээг дахин хийхийг ... мэдэгдье гэсэн хариуг НДХАААнд болон ЭТХХК-д хүргүүлжээ.

4. ҮХ 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хуралдан, дахин үнэлгээ хийж, Т ХХК-тай гэрээ байгуулах шийдвэрийг дахин гаргаж, НДХАААны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 244 дүгээр албан бичгээр С ХХК-д, 245 дугаар албан бичгээр УОХХК-д, 246 дугаар албан бичгээр ЭТХХК-д татгалзсан хариуг хүргүүлэн, 247 дугаар албан бичгээр Т ХХК-д гэрээ байгуулах мэдэгдлийг дахин хүргүүлжээ.

НДХАААны дээрх мэдэгдэлтэй холбогдуулан ЭТХХК-ийн зүгээс дахин Сангийн яаманд хандан гомдол гаргасныг Сангийн яам хянан үзэж, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 6-1/7012 дугаар албан бичгээр ... Захиалагч ЭТХХК-ийн ирүүлсэн тендерээс гэрэл зураг, үнэн болохыг гэрчилсэн баримтыг ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1 (е)-д ... заасан шаардлагыг хангахгүй гэж татгалзсан нь үндэслэлгүй. Харин ЭТХХК 60 ширхэг тайзны тавцан нийлүүлэхээр санал болгосон байгаа нь техникийн тодорхойлолтын шаардлагад заасан хэмжээг хангахгүй байх тул тодорхойлолтын дагуу нийлүүлэх барааны үзүүлэлт, тоо ширхэг ирүүлээгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Түүнчлэн ... Т ХХК-ийн ирүүлсэн санал тендерийн баримт бичигт заагдсан шаардлага хангахгүйг мэдэгдсэн байхад танай байгууллага... дахин гэрээ байгуулах эрх олгосон нь ... хуулийн 27 дугаар зүйл... 28 дугаар зүйл ... заасныг зөрчсөн байна. гэсэн хариуг хүргүүлжээ.

5. ЭТХХК нь ҮХны 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зөвлөмж, НДХАААны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 246 дугаар албан бичгийн хавсралтад заагдсан тодорхойлолтын дагуу нийлүүлэх барааны үзүүлэлт, тоо ширхэг ирүүлээгүй, гэрэл зураг, үнэн болохыг гэрчилсэн баримт-г ирүүлээгүй гэх үндэслэлийг эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр баталсан Техникийн тодорхойлолт-д Ажлын цар хүрээ: 12х10х7 хэмжээтэй зөөврийн тайз худалдаж авах, Үйл ажиллагааны тайз: Зөөврийн тайзны иж бүрдэл, гэрэлтүүлгийн хамт урт 12м, өргөн 10м, өндөр 7м, тоо хэмжээ 1 ширхэг хэмээн тодорхойлсон хэдий ч уг баримт бичгийн Барааны тодорхойлолт хэсгийн 2-т Тайзны тавцан 1х2 метр 120 ширхэг хэмээн тооцооллын алдаатай тусгаснаас үүдэн хариуцагч ҮХ ЭТХХК-ийн тендерээс татгалзсан, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар ЭТХХК-ийг гомдлыг хянасан Сангийн яамны зүгээс хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

Гэвч, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр баталсан Техникийн тодорхойлолт-ын Барааны тодорхойлолт хэсгийн 2-т Тайзны тавцан 1х2 метр 120 ширхэг хэмээн бичсэн нь бодит байдал дээр 240 метр талбай бүхий тайзны тавцан болох бөгөөд захиалагчийн хүсэл зориг нь чухамдаа 240 м талбай бүхий тайз бус харин 120 м давцангийн талбайтай тайз болох нь хэрэгт авагдсан захиалагчаас боловсруулсан Техникийн тодорхойлолт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байх тул ЭТХХК-ээс ирүүлсэн цахим тендерийн баримт бичигт 1х2 м 60 ширхэг давцан нийлүүлэхээр тусгасныг алдаатай боловсруулагдсан, техникийн тодорхойлолтын 120 ширхэг гэх тоонд нийцээгүй гэх үндэслээр татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус үндэслэн Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны А/227 дугаар захирамжаар байгуулагдсан Үйл ажиллагаа зохион байгуулах зөөврийн тайз нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ҮХны 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4 дугаартай дүгнэлт болон 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5 дугаартай дүгнэлтийн ЭТХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг ҮХнд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М