Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 28

 

 

 

           

 

 

 

 

 

 

Б.Лгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 558 дугаар шийдвэртэй, Шангас овогт Бандийн Л-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Л, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны олговор 40.242.062 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Увс аймгийн Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлаар ажиллаж байгаад Увс аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/87 дугаар захирамжаар ажлаас халагдсан. Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 27 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 466 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар тогтоолуудаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон боловч уг шийдвэрүүдийг аймгийн Засаг дарга биелүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Харин 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Өмнөговь сумын Ахлах сургуульд сургалтын менежерийн ажилд томилогдсон. Ажлаас халагдахдаа 2013 оны 11 дүгээр сарын цалингаа бүрэн авсан, үүнээс хойш 2017 оны 4 дүгээр сарыг дуустал цалингаа огт авч чадаагүй тул энэ хугацааны цалин болох 40.242.062 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 558  дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2.276.380 /хоёр сая хоёр зуун далан зургаан мянга гурван зуун ная/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37.965.682 /гучин долоон сая есөн зуун жаран таван мянга зургаан зуун наян хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359.160 /гурван зуун тавин есөн мянга нэг зуун жар/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 51.372 /тавин нэгэн мянга гурван зуун далан хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Л-д олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтыг буруу тайлбарласан. Учир нь дээрх  заалт нь хөдөлмөрийн гэрээ байгуулан байгуулан ажиллаж байгаа ажилтан ажил олгогч хоёрын хоорондын маргаанд хамааралтай бөгөөд ажилдаа орж чадаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй миний шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамааралгүй. Анхан шатны шүүхийн энэ заалтыг тайлбарлаж байгаагаар би 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар 01-ний өдөр хүртэл 3 сар тутамд буюу 14 удаа шүүхэд нэхэмжлэл гаргахаар  байжээ. Миний нэхэмжлэл гаргах  эрх  нь Иргэний хуулийн  75 дугаар зүйлийн 75.1-т заасан хөөн хэлэлцэх ерөнхий  хугацаа үйлчлэх ёстой. Иймд Увс аймаг  дахь сум  дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  08 дугаар сарын 16-ны өдрийн 558 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө  үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Л  шүүхэд “2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл  ажилгүй байсан хугацааны  олговорт  нийт 40.242.062 төгрөгийг гагуулахаар” нэхэмжилснийг хариуцагч нь “нэхэмжлэгч Б.Л нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129  дүгээр зүйлийн 129.1-т зааснаар Улсын Дээд Шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар тогтоолыг гардаж авснаас хойш 3 сарын дотор шүүхэд ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжлэх эрхтэй бөгөөд тус хөөн  хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд  хүлээн зөвшөөрөхгүй.” гэж маргажээ.

 

Анхан  шатны шүүх нэхэмжлэгч Б.Л нь 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улсын Дээд Шүүхийн  тогтоол хүчин төгөлдөр  болсон тул тус хугацаанаас хойш 2 жил, 3 сар, 24 хоногийн дараа шүүхэд ажилгүй байсан хугацааны олговроо нэхэмжилсэн  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан 3 сарын хөөн хэлэлцэх  хугацааг хэтрүүлсэн гэж үзэж,  түүний шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс өмнөх 3 сарын хугацааны олговорт 2.276.380 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул давж заалдах шатны шүүхээс  шийдвэрт  өөрчлөлт оруулж, зөвтгөх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Л нь Увс аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/87 дугаар захирамжаар[1] Увс аймгийн Өмнөговь сумын Ахлах сургуулийн захирлын ажлаас чөлөөлөгдсөн боловч Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 27 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 466 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар тогтоолоор[2] ажилдаа эгүүлэн тогтоогдож, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Өмнөговь сумын Ахлах сургуульд сургалтын менежерийн ажилд томилогдсон[3]  үйл баримтууд хэрэгт авагдсан  баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд “ажилгүй байсан хугацааны олговор”  аваагүй талаар зохигчид маргаагүй байна.

 

Хөдөлмөрийн  тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан ажилтан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд  авч байсан дундаж цалин хөлстэй нь тэнцэх  олговрыг ажил олгогчоос гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Лгийн ажилгүй байсан бүх хугацаанд түүнийг ажлаас чөлөөлсөн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл  хугацааг ойлгох бөгөөд түүнд нийт 3 жил, 5 сар, ажлын 8 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 38.763.334 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж авах эрх  үүсчээ.

 

Нэхэмжлэгч Б.Л-гийн ажлаас халагдахаас өмнөх 2013 оны 9, 10, 11 саруудын дундаж цалин, хөлсийг тооцвол (861.714+1.087.555+861.714)/3=936.994 төгрөг болж байна. Үүнийг ажилгүй байсан бүх хугацаанд нь тооцвол 396.994 төгрөг*41 сар+348630(43578.75 төгрөг * 8 хоног) = 38.763.334 төгрөг болж байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагаас 1.478.728  төгрөгийг хэрэгсэхгүй орхих нь зүйтэй юм.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан “Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг буруу тайлбарласан, ба миний шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байсан.” гэх гомдол  үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар ажилтан нь мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын  дотор гомдлоо гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн эрхээ  зөрчигдсөн гэдгийг “мэдсэн буюу мэдэх ёстой байсан” өдрийг түүний  ажилд томилогдож, албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцно.

Учир нь ажилтан ажлаас чөлөөлөгдөж ажилгүй болсноор шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх уг нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь ажил олгогчийн хууль бус шийдвэр гаргаснаас үүсэх эрх зүйн үр дагавар тул ажилтны ажлаас халагдсанаас хойш ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогч биелүүлэх хүртэлх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан “ажилгүй байсан бүх хугацаа”-нд хамаарна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т  ...ажил олгогч нь ажилтны ажилгүй байсан бүх хугацааны олговрыг олгохоор  заасан  байх ба энэ  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх үеийг илүү нарийвчлан зохицуулжээ.

Нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул түүний нэхэмжлэл, болон давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг түүнд буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 558 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Увс аймгийн Засаг даргаас ажилтан Б.Лгийн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 38763334 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1478728 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

-2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359160 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргаас 351766 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Лд олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 347778 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгч  Б.Л-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                Д.ЖАМБАЛСҮРЭН

 


[1] Хавтаст хэргийн 43 дугаар хуудас.

[2] Хавтаст хэргийн 6-11 дүгээр хуудас.

[3] Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас.