Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/456

 

 

 

 

 

 

2022         04        29                                    2022/ШЦТ/456       

                               

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

 Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Д.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н

Улсын яллагч: П.Б нар оролцсон эрүүгийн 2209002380482 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, “Интер консракшин” ХХК-нд барилгын мужаан ажилтай, ам бүл 2, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овгийн О.Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 05-наас 01 дүгээр сарын Об-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” нэртэй зочид буудалд хамт үйлчлүүлж байсан хохирогч Д.Б-ын эзэмшлийн Самсунг 21 ультра плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хулгайлан авч 2.559.920 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байна. Хохирлоо нөхөн төлсөн тул хөнгөн ял оногдуулж өгнө үү”...гэв.

Эрүүгийн 2209002380482 дугаартай хэргээс:

Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг //хавтаст хэргийн 14-16, 17 дугаар хуудас/

Гэрч З.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/

Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/

Гэрч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас/

Дамно эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-51 дугаар хуудас/, 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 05-наас 01 дүгээр сарын Об-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нью Ворлд” нэртэй зочид буудалд хамт үйлчлүүлж байсан хохирогч Д.Б-ын эзэмшлийн Самсунг 21 ультра плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хулгайлан авч 2.559.920 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Д.Б-ын “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн найз Н.Бат-ирээдүйтэй яриахад 100 айлын орчим байрлах “Нью Ворлд” зочид буудалд найзуудтайгаа байна хүрээд ир гэхээр нь очсон. Найз Б, М, А гэх хүүхний найз залуу гээд 4-үүлээ хамт байсан. Хамт архи ууж байгаад орой 18:00 цагийн үед М гэх хүний найз болох Ш, Б гэдэг хүмүүс бас архи авч ирсэн. Хамтдаа архи дарс ууж байгаад орой нь буудлын доод талд байрлах караоке руу 22:00 цагийн үед Ш, М, Б гэдэг хүмүүсийн хамт бид орж дуулсан. Тэндээ бид 4 коньяк авч уусан. Тэгээд би тэрнээс хойшхыг санахгүй байгаа. Маргааш нь өглөө би буудалд ганцаараа сэрээд өөрийн гар утас түрийвч хоёроо хайхад байхгүй байсан. Орой караокед дуулаад уугаад сууж байхад миний түрийвч халааснаас унасан юм шиг байсан. Тэндээс миний түрийвчийг Ш олоод надад өгөх гэсэн боловч намайг тасарсан байхад Ш миний түрийвчийг М-д өгсөн байсан. Буудалд байхад надад авч ирж өгсөн. Гар утсыг харин харсан хүн амьтан байхгүй байсан. Түрийвч дэх эд зүйлс бүрэн бүтэн байсан..." гэх мэдүүлэг,

Гэрч З.М “...Би 2022 оны 01 дүгээр сарын 04 эсвэл 05-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Нью ворлд” зочид буудалд Алтансүх түүний нөхөр Б нарын хамтаар архи ууж хоносон. Маргааш нь буудалд Б ирсэн. Түүний ардаас М, Б нар ирээд тэгээд Ш хамгийн сүүлд ганцаараа ирээд 8 уулаа болоод архи ууцгааж байсан. Маргааш нь өглөө би 08:00 цагийн үед сэрээд харахад шөнө байсан Б, А, Б, Б нар унтацгааж байсан. Маргааш нь гэртээ харьсны дараа 10:00, 11:00 цагийн үед буудлаас Б над руу яриад гар утас түрийвч алга болчихсон байна буудалд ганцаараа сэрлээ гэхээр нь М руу ярихад Б над руу яриад хамаг юм алга болчихож гэж залгаж байна гэж хэлэхэд М түрийвч нь надад байна ш дээ, ямар утсаар ярив гэж хэлэхээр нь би буудлын дугаарыг өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.М-ын “...Буудалд байсан хүмүүсээс Батсайхан гэх хүн архи уудаггүй, бусад хүмүүс архи уугаад байцгааж байсан. Караокеноос гараад Ш бид хоёрыг манай ах Батсайхан миний машиныг унаад гэр гэрт нь хүргэж өгсөн. Маргааш нь н.М над руу яриад Бын гар утас, түрийвч хоёр нь алга болчихсон байна гэж хэлсэн байна гэж над руу ярьсан. Тэгээд сэрээд тамхи хайгаад куртикнийхээ халаасыг ухтал нэг хар өнгийн хуучирчихсан түрийвч байсан. Өмнөх өдөр нь Б нэг хар өнгийн хуучирчихсан түрийвч гаргаж ирээд бид нарт хүндэлж явдаг ах маань надад өгсөн юм гэж үзүүлж байсан түрийвч байсан. Тэр түрийвч нь гараад ирсэн. Би шууд буудал дээр очсон, Б дээр очоод түрийвчийг нь өгсөн...” гэх мэдүүлэг,

Гэрч С.А “...Бид нар наймуулаа болоод хамт архи ууцгаасан. Б өрөөнд байхдаа гар утасны цэнэг дууслаа, утас унтарлаа гээд цэнэглэгч хайгаад явж байгаад гар утсаа өрөөнд зурагтны хажуу залгуурнаас цэнэглээд байж байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Н. "... О.Б гэх хүн нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Самсунг эс 21 ултра загварын гар утас авч ирж 7 хоногийн хугацаатай 600.000 төгрөгийн барьцаанд тавин зээл авсан. Тухайн өдөр намайг ажиллаж байх үед О.Б гэх хүн өөрийнхөө бичиг баримттай ирээд би түүний бичиг баримтын зургийг өөрийнх нь царайтай тулгаж харж шалгаж байсан. Тэр хүнийг би сайн санаж байна. Тэр хүн самсунг эс 21 ултра загварын гар утас авч ирээд тэр утсыг харахад дэлгэцийн дундуур зураас үүсчихсэн, доод хэсгийн дэлгэц анивчаад байсан. Гэхдээ дэлгэцийнх нь мэдрэгч нь хэвийн ажиллаж байсан. Энэ хүн анх гар утсыг 2022 оны 01 дүгээр сарын 08-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай тавьсан. Манай ломбард хугацаа дууссан өдрөөс хойш 10 хоног хүлээлгэнд оруулаад тэр хугацаанаас хойш зарж борлуулдаг. Гар утсыг 2022.01.25-ны өдрөөс хойш зарсан. Хугацаа дууссан барааг зүгээр гар утас зарах уу гэж орж ирсэн хүмүүст зарчихдаг. Худалдаж авсан хүмүүсийг бүртгэж авдаггүй, тэр утсыг хэнд хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

Дамно хөрөнгө үнэлгээ зуучлалын компанийн “...үнэлэгдэж буй хөрөнгө нь 2.559.920 төгрөгөөр үнэлэгдэв..." гэх тайлан зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Шүүгдэгч О.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж, хохирогч Д.Б-ын өмчлөлийн эд хөрөнгө болох эд зүйлсийг нууцаар авч бусдын өмчлөх эрхэнд халдсан хууль бус үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

 Иймд шүүгдэгч О.Б-д Сүхбаатар дүүргийн Прокуророос  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.Б-ыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: шүүгдэгч О.Б-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 , 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, алдбадлагын арга хэмжээ хэрэглэх, 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш бөгөөд харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг.  

Шүүх О.Б-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 04 сарын 14-ний өдөр Хаан банк-ны 5064286863 тоот дансанд 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Шарав овгийн О.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

6. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН