| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2022/0355/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/422 |
| Огноо | 2022-04-21 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/422
2022 04 21 2022/ШЦТ/422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Б.Оргилболд (томилолтоор);
Шүүгдэгч: О.О;
Шүүгдэгч: М.М;
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Б;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин;
Хэргийн дугаар:.........................;
1. Шүүгдэгч О.О регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, :.... оюутан, ам бүл 3, эх, дүүгийн хамт , урьд:
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч байсан,
2. Шүүгдэгч М.М регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
М.М, О.О нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үй цай” дунд сургуулийн баруун талын авто зогсоол дээр хохирогч Б.О-ын гээгдүүлсэн “Самсунг галакси А20”, “Редми 9” загварын гар утаснуудыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокуророос О.О, М.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.О-ын мэдүүлэг /хх-ийн 23-24/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-43/, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 48/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 49/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 50/, М.Мын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 54, 56/, М.Мын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4/, О.Оийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 53, 55/, О.Оийн өмнө нь шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-66/, О.Оийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн М.Мын хохирол төлсөн баримт зэрэг болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.О, М.М нар нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Үй Цай” дунд сургуулийн баруун талын авто зогсоол дээр иргэн Б.О-ын гээгдүүлсэн “Самсунг галакси А20”, “Редми 9” загварын гар утаснуудыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Б.О-ын /хх-ийн 23-24/: “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Үй Цай” дунд сургуулийн баруун талд байрлах авто зогоол дээр тээврийн хэрэгслээ байрлуулаад ажил руугаа ороод гар утсаа шалгатал байхгүй байхаар нь “машиндаа орхисон байж магадгүй” гэж бодоод очиж үзтэл бас алга байсан. ...манай эхнэр Ц.Н сургуулийн камерын бичлэгийг шүүж үзэхэд “машинаас буух үед миний унагаасан гар утсыг үл таних 2 эрэгтэй олж аваад явж байгаа нь бичигдсэн байсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 42-43/,
М.Мын яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 4/: “...бусдын гар утсыг авч хүнд дамжуулж өгч завшсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...хохирлын мөнгийг төлж барагдуулах болно...” гэх мэдүүлгээр,
О.Оийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 11/: “...би 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр найз М.Мын хамт явж байгаад “Үй Цай” сургуулийн хажууд хоёр ширхэг гар утас хэвтэж байсан. Хоёр гар утас байсан учир би нэгийг нь авч, “Самсунг” маркийн утсыг М.Мд өгчихсөн. Би өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 50/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
О.О, М.М нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа авснаа өөрсдөө мэдүүлсэн, тэдний үйлдэл камерын бичлэгт бичигдэж үлдсэн, шүүгдэгч нарын гээгдэл эд хөрөнгийг завшсан үйлдлийн улмаас хохирогч хохирсон үр дагавар бий болсон, хохирогч эд хөрөнгөө гээгдүүлснээ мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, О.О, М.М нар нь Б.О-ын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой нотолж тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрсдийнх нь эзэмшилд шилжиж ирсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүй байх санаа зорилгоор, өөрсдийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож, хувьдаа авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан О.О, М.М нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…гээгдэл эд хөрөнгө...завших гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлын зарим нөхөн төлөгдсөн, хохирогчийн хэт хайхрамжгүй үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч О.О, М.М нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Мын хувьд түүний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эд хөрөнгөдөө хэт хайхрамжгүй хандсаны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирогчид учирсан хохирол буюу өөрт ногдох хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмаар оногдуулсан торгох ялаас чөлөөлөх боломжтой гэж үзэв.
Харин шүүгдэгч О.Оийн хувьд түүний хувийн байдал, хохирлыг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан үзэхэд Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах зорилгод оногдуулсан ял нийцсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хохирол гэм хор болох 600.000 төгрөгийн хохирлоос шүүхийн шатанд шүүгдэгч М.М нь 250.000 төгрөгийг (“Редми 9” гар утасны төлбөр) хохирогчид нөхөн төлсөн байх тул хохирогчид төлөх төлбөргүй, үлдэх хохирол болох 350.000 төгрөгийг (“Самсунг галакси А20” гар утасны төлбөр) шүүгдэгч О.Оээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,
шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч М.М, О.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оээс 350.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-д олгосугай.
7. Шүүгдэгч М.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О, М.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ