Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 185/2022/0347/Э |
Дугаар | 2022/ШЦТ/385 |
Огноо | 2022-04-11 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/385
2022 04 11 2022/ШЦТ/385
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Б.Дэлгэрмаа;
Хохирогч: Х.Г;
Шүүгдэгч: Н.Б, түүний өмгөөлөгч Ж.Б;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;
Хэргийн дугаар: ......................;
Шүүгдэгч Н.Б регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Н.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны 08 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 16 дугаар сургуулийн зүүн урд уулзварын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан заалтыг зөрчиж ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй “Тоёота Приус” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 1.3, 10.1-т заасан заалтуудыг зөрчиж хөдөлгөөний чиг өөрчлөхдөө аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаагүйгээс явган зорчигч Х.Г-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокуророос Н.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон
хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Г мэдүүлэхдээ: “2022 оны 01 дүгээр сарын 06-ны өглөөний 8 цаг 30-40 минутын хооронд 16 дугаар сургуулийн зүүн талаар явж байсан. Зүүн гар тийшээ эргээд явган хүний гарцаар явж байгаад мөргүүлсэн. Нэг мэдэхэд газар уначихсан байсан. Намайг сэрэхэд “та даарчихлаа машин руу суучих” гэж хэлсэн. Гомдол гээд байх юм алга. Хөл сайн эдгээгүй байна. Үлдсэн хохирол төлбөр болох 2.368.250 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5/, Н.Бын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 6/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-13/, хохирогч Х.Г /хх-ийн 16/, иргэний нэхэмжлэгч (хариуцагч) Ж.П /хх-ийн 20, 23/, гэрч Б.Тэмүүлэн /хх-ийн 26/, гэрч Б.О /хх-ийн 28/ нарын мэдүүлэг, Х.Ггийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1528 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34/, Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-51/, хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 81-84, 86/, хохирлын баримтууд /хх-ийн 88-95, 98-99/, хохирлоос төлсөн баримт /хх-ийн 102/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 55/, Н.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 68/, Н.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 69, 74-79/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 08 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 16 дугаар сургуулийн зүүн урд уулзварын замд авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангаагүй эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.1-т заасан заалтуудыг зөрчиж хөдөлгөөний чиг өөрчлөхдөө аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаагүйгээс зам тээврийн осол гаргаж явган зорчигч Х.Гг мөргөж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Х.Ггийн /хх-ийн 16/: “Би 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өглөөний 08 цагийн үед гэрээсээ гараад 16 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр зүүн урд талын 4-н замын уулзварын хойд талд явган хүний замаар алхаж байгаад зам руу орох үед миний баруун тал руу суудлын жижиг автомашин урд хэсгээрээ мөргөж унагаасан. Тэгээд юу болсныг мэдэхгүй, нэг мэдэхэд жолооч залуу “та машинд суучих даарчихна” гэж хэлж байсан. Тэгээд намайг өргөөд машиныхаа хойд талын суудал дээр суулгасан. Жолооч түргэн тусламж, цагдаа дуудсан гэж байсан. ...Зүүн талын 3 хавирга хугарсан, зүүн талын хөл зөөлөн эдийн гэмтэлтэй, тархины ар талд хаван үүссэн байсан...” гэх мэдүүлгээр,
Х.Ггийн биед “зүүн талын 2, 3, 4-р хавирганы далд хугарал, зүүн даланд цус хуралт, зүүн хөлийн шагайн үе, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1528 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 33-34/,
“...“Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.
Урд буфер зүүн талдаа 20х15 см орчим хагарсан, мөн 22х10 см орчим будаг нь халцарсан, баруун буландаа 40х15см орчим будаг халцарсан, дуут дохио ажиллахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 26,0 мм (стандарт 5мм), зүүн талын гэрлийн чадал ойр дээрээ 5000cd байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна...” гэх “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 42-50/,
“...“Тоёота Приус-20” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4-т Жолооч дараахь үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1-т Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Явган зорчигч Х.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна...” гэх Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн магадлагаагаар /хх-ийн 55/,
иргэний нэхэмжлэгч (хариуцагч) Ж.П-гийн /хх-ийн 20, 23/: “...Н.Б нь манай “...” ХХК-д цагийн цахилгаанчин ажил хийдэг. ...Н.Б нь өөрөө машингүй тул шаардлага гарсан үед дуудагдаж ирдэг мөн багаж хэрэгслээ ачих зорилгоор машин шаардлагатай байдаг. Би өөрийн эзэмшлийн “Тоёота приус-20” маркийн ... улсын дугаартай автомашиныг 2021 оны 07 дугаар сараас эхлэн хэрэглүүлж байсан. Тэрнээс хойш би машинаа аваагүй. ...Тухайн ослын улмаас миний эзэмшлийн машинд эвдрэл учраагүй, эд зүйлийн үнэлгээ хийлгүүлэх шаардлагагүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй...” гэх мэдүүлгээр,
Н.Бын яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 68/: “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны 09 цагийн үед Ж.П гэх хүний эзэмшлийн “Тоёота Приус-20” маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодоод 16 дугаар сургуулийн зүүн талын Хангай хотхон руу эргэдэг уулзвараар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байгаад тухайн уулзвараар баруун эргэх үйлдэл хийхдээ зүүн гар талаас машин ирээд зогсохоор нь надад зам тавьж өглөө гэж бодоод зогсолгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлээд эргэх үед явган зорчигчийг мөргөсөн. Би өөрийн утаснаас дуудлага өгсөн. Би хохирогчийн эмчилгээний зардалд одоогийн байдлаар 2.000.000 төгрөг өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-13/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Н.Бт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, мөрдөгчийн магадлагаагаар тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогч Х.Г хүндэвтэр гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Н.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч Х.Гг хүндэвтэр гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Н.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4.а, 10.1-д заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлоос 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, цаашид гэм хорын нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 700 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хохирол, гэм хор болох 4.368.250 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Н.Бын нөхөн төлсөн 2.000.000 төгрөгийг хасаж, үлдэх хохирол төлбөр болох 2.368.250 төгрөгийн хохирлыг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлж буюу 1.184.125 төгрөгийг шүүгдэгч Н.Баас, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ж.П-гээс 1.184.125 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Х.Гд олгох, хохирогч нь цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой гарах зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Мөн иргэний нэхэмжлэгч Ж.П нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан тохиолдолд өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ж.П-гээс 1.184.125 төгрөгийг, шүүгдэгч Н.Баас 1.184.125 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Х.Гд олгож, хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой гарах зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Иргэний нэхэмжлэгч Ж.П нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан тохиолдолд өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ