Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/409

 

  

 

 

 

 

 

 

 

    2022        04          15                                    2022/ШЦТ/409

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч С.Оюунчимэг,                          шүүгч Б.Батсайхан;

 

Улсын яллагч: Ц.Төгөлдөр;

 

Иргэдийн төлөөлөгч: Э.Оргилболд;

 

Хохирогч: П.Л (өөрийгөө өмгөөлж)

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Н;

 

Шүүгдэгч: П.Б;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

            Хэргийн дугаар: .....................;

 

Шүүгдэгч П.Б регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1,  , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

П.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ...... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн дүү П.Лтой өр төлбөрийн асуудлаас болж маргалдан, улмаар түүний биед халдаж, хутгаар цээж, хэвлий тус газарт нь тус бүр 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрч суганы хураагуур судас гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийн чацархайг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа, цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос П.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: “Маш их гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Л мэдүүлэхдээ: “Шүүгдэгч П.Б нь миний төрсөн ах учир мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний төрсөн ах П.Бд хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-6/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10/, хохирогч П.Л /хх-ийн 27-28/, гэрч М.С /хх-ийн 30-31/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3103 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-41/, мөн хүрээлэнгийн эд зүйлд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 46-49, 54-56/, хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 77-111/, П.Бийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 63-64, 66/, П.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 67-72/, П.Лын хүсэлт /хх-ийн 124/ зэрэг болно.

 

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч П.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр .....  өөрийн төрсөн дүү П.Лтой өр төлбөрийн асуудлаас болж маргалдан улмаар П.Лын цээж, хэвлий хэсэгт хутгалж түүний эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч П.Лын /хх-ийн 27-28/: “...2021 оны 01 дүгээр сарын 25-ны оройн 20-21 цагийн үед ...... байрлах гэртээ эхнэр С болон гурван хүүхдийн хамт байж байтал төрсөн ах П.Б гаднаас ганцаараа орж ирсэн. Тухайн үед П.Б ах бага зэргийн согтолттой байсан ба гаднаас орж ирэхдээ 0,5 литрийн цагаан архи 1 шилийг авч орж ирсэн. Тэгээд П.Б ах бид 2 архиа хуваагаад уусан. Тэгээд П.Б ах бид 2 дэлгүүр яваад 2 литрийн том “Сэнгүр” нэртэй шар айраг аваад гэртээ очоод хуваагаад уусан. Тэр үед манай эхнэр С гэртээ хувцсаа угааж байсан. П.Б ах бид 2 өмнө нь цуг барилга дээр ажилладаг байсан юм. П.Б ахаас 200.000 гаран төгрөгийн тооцоотой байсан. Тэр тооцооноос болоод ах бид 2 хоорондоо маргалдаж бие биенээ хэл амаар доромжилсон. Тэгсэн чинь П.Б ах ширээн дээр байсан жижиг хутгыг шүүрч аваад “хохь чинь шүү” гэхээр нь би “та яагаад байгаа юм бэ” гэж хэлээд барьцалдаад авсан. Би “одоо гэр рүүгээ харь” гээд хөөсөн чинь цээж рүү 1 удаа, хэвлийн зүүн доод хэсэг рүү 1 удаа, нийт 2 удаа хутгалсан. Тэгээд эхнэр С яаралтай түргэн тусламжийн 103 дугаартай утас руу дуудлага өгсөн. Тухайн үед П.Б ах нилээн согтсон байх шиг байсан. Намайг хутгалсны дараа ах П.Б “би юу хийчих вэ” гээд уйлаад байсан. Би тухайн үед нилээн согтсон байсан. Гэхдээ болсон үйл явдпыг санаж байна. Миний цээж, хэвлий хэсэгт хутгаар хатгагдсан шархтай. Өөр гэмтэл бэртэл учраагүй байгаа...” гэх мэдүүлгээр,

 

гэрч М.С-ын /хх-ийн 30-31/: “...П.Л нь миний нөхөр байгаа юм. ...П.Бийг танина. Миний нөхөр П.Лын төрсөн ах нь байгаа юм. ... би 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө 07 цагт гараад ... байрлах ажилдаа очоод, орой 16 цагийн үед ажлаасаа тараад .... байрлах гэртээ ирсэн. Намайг ирэхэд гурван охин байсан ба П.Л байхгүй, ажлаасаа ирээгүй байсан. Миний араас удаагүй 17 цаг 30 минутын үед хадам ах П.Б ганцаараа орж ирсэн. Тэгээд манай гэрт П.Б ах зурагт үзээд сууж байхад нөхөр П.Л нь 18 цаг өнгөрч байхад ажлаасаа ирсэн. Нөхөр П.Л нь хоол цай идчихээд “таксинд явлаа” гэж хэлж гараад 20-21 цаг орчимд “залхуу хүрчихлээ, гарахаа болилоо, эрт ажилтай” гээд больсон. П.Б ах зурагт үзэж байгаад “би харьлаа” гээд гарсан. Тэгээд удаагүй 30-аад минутын дараа П.Б ах “утсаа танайд орхичихсон байна” гэж хэлээд ороод ирсэн. ...П.Б ах “П.Лоо хамт нэг шил архи уучих уу, найз таараад нэг шил архи авч өглөө” гэж хэлээд ороод ирсэн. Тэгээд нөхөр П.Л, П.Б ах 2 “Цагаан” гэх нэртэй 0,5 литрийн архийг хуваагаад ууж эхэлсэн. Тэр үед би хүүхдүүдийнхээ хувцаснуудыг угаагаад байж байсан. Тухайн үед тэр хоёр хоорондоо юм яриад л сууж байсан. Архиа хувааж ууж дуусахад П.Б ах хэвтээд унтаж байгаа харагдсан. 23 цагийн орчимд нөхөр П.Л “дэлгүүр хаах гэж байна, хаахаас нь өмнө шар айраг авчих уу” гээд П.Б ахаас асууж байгаад нөхөр ганцаараа дэлгүүр ороод 2 литрийн том шар айраг аваад ирсэн. Тэгээд тэрийгээ нилээн удаан хувааж уугаад юм яриад байсан. Намайг харахад тэр хоёр гайгүй л байх шиг л байсан. Тэгээд бага зэрэг хоорондоо маргалдаж эхлэхээр нь би “ууж идэж чадахгүй, битгий ингэж маргалдаж бай” гээд хэлсэн. Тэгээд намайг угаадас асгах гээд гарах үед охин муухай орилоод байхаар нь гүйгээд орсон чинь нөхөр П.Л шалан дээр хэвтчихсэн, цээжнээс нь маш их цус гарчихсан, өөрөө гараараа барьсан байдалтай байсан. П.Б ах                   “би дүүгээ алчихлаа ш дээ” гээд орилоод манай охин З  түргэн тусламж дуудсан учраас удаагүй түргэний эмч нар ирсэн. Араас нь цагдаа нар орж ирсэн. Нөхөр П.Л-ыг яаралтай хагалгаанд оруулсан. Манай нөхрийн цээж хэсэгт 1, хэвлий хэсэгт 1 нийт 2 удаа хутгалсан байсан. Тухайн үед ширээн дээр талх зүсэж байсан бор өнгийн иштэй хутга байсан ба тэр хутгаар манай нөхрийг П.Б ах хутгалсан байсан. ...Одоо манай нөхрийн бие маш сайн байгаа. Амь насанд аюулгүй гэсэн. П.Б ахад ямар нэг гомдол санал байхгүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,   

 

            П.Лын биед “цээжний хөндийд нэвтэрч суганы хураагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийн чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа, цус алдалт” бүхий ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдэх, амь насанд аюултай Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8, 3.1.1.11-т зааснаар хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3103 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 38-41/,

 

“...Шинжилгээнд ирүүлсэн футболка шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн эрээн футболка хурц иртэй зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн 20мм хэмжээтэй шинэ зүсэгдсэн гэмтэлтэй байна...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 612 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 46-49/,

 

П.Бийн яллагдагчаар мэдүүлсэн /66/: “...Би өөрийнхөө үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Дүүгээсээ маш их уучлалт гуйсан. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийн цээж, хэвлий тус газар нь хутгалсныг шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, хохирогч нь бусдад хутгалуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, П.Б нь П.Лыг хутгалж хүнд гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой нотолж тогтоосон гэж шүүх үзэв.

 

Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хэргийн үйл баримтын талаар “шүүгдэгч П.Б нь хүнийг хутгалж хүнд гэмтээсэн гэм буруутай” гэж дүгнэсэн бөгөөд шүүх уг дүгнэлтийг шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

 

П.Бд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан хохирогчийн цээж, хэвлий тус газар нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хутгалж, үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хүнд гэмтээсэн П.Бийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч П.Бийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  түүний хувийн байдал, хохирогч “гомдол саналгүй, төрсөн ах П.Бд хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Л “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон эрээн өнгийн 1 ширхэг подвольк, гол хэсгээрээ бор өнгийн иштэй 1 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч П.Бд 3 (гурав) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон эрээн өнгийн 1 ширхэг подвольк, гол хэсгээрээ бор өнгийн иштэй 1 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                              ШҮҮГЧИД                                 С.ОЮУНЧИМЭГ

                                                                                      

                                                                                                   Б.БАТСАЙХАН