Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/421

 

  

 

 

 

 

 

 

 

    2022        04          21                                     2022/ШЦТ/421

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;  

 

Улсын яллагч: С.Эрдэнэтуяа;

 

Шүүгдэгч: Э.Э (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке;

 

Хэргийн дугаар: .........................;

           

Шүүгдэгч Э.Э регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .... оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт  , урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

Э.Э нь 2022 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй пабад Я.Г-тай үл ойлголцол үүсгэж, улмаар харилцан зодолдож түүний биед баруун зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт, завжинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос Э.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. 

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Я.Г  /хх-ийн 6-7/, гэрч Б.О  /хх-ийн 11-12/ нарын мэдүүлэг, Я.Г-ын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3248 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/, мөн хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 235 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-26/, хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой баримт /хх-ийн 30/, Э.Эын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 37/, Э.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-43/, зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Гацуурхан” пабын ариун цэврийн өрөөнд Я.Г-тай “муухай харлаа” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар харилцан зодолдож Я.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Я.Г-ын /хх-ийн 6-7/: “...Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “...” пабын нойлд шөнийн 05 цагийн үед баруун талд зогсож байсан үл таних 20-25 орчим насны эрэгтэй “муухай хараад байна” гээд надтай маргалдаад бид хоёр хоорондоо цохилцсон. Тухайн үед хажууд нь байсан хүмүүс салгасан. Зүүн гараараа миний нүүр хэсэг рүү 3-4 удаа цохисон, мөн хөлөөрөө гэдэс рүү нэг удаа өшиглөсөн, тонгойгоод сууж байхад нүүр рүү өшиглөсөн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.О  /хх-ийн 11-12/: ”...Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” пабад 2022 оны 02 дугаар сарын 20-ны 03 цагийн орчимд найз Тэмүүлэн, Э.Э нарын хамт орж үйлчлүүлсэн. Манай найз Э.Э тухайн пабад үйлчлуүлж байсан үл таних эрэгтэйтэй нойлд маргалдаад хоорондоо хэрэлдэж байгаад заамдалцаад цохилцсон...” гэх мэдүүлгээр,

 

Я.Г-ын биед “баруун зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт, завжинд шарх” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3248 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 20-21/,

 

мөн хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн “Я.Г-ын биед урьд гарсан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3248 тоот дүгнэлтэд дурдагдсан гэмтлээс өөр шинээр тусгах гэмтэл тогтоогдоогүй. 2022 оны 02 дугаар сарын 24 болон 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн нүдний эмч нарын үзлэг, онош бодитой байна. Я.Г-ын биед учирсан баруун зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт, завжинд шарх гэмтлүүд нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэх 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 235 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 24-26/,

 

Э.Эын яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 37/: “...2022 оны 02 дугаар сарын 20-нд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “...” пабаар үйлчлүүлж байхдаа Я.Г-тай ялихгүй зүйлээс болж муудсан. Я.Г  нь миний хувцаснаас заамдаад авсан. Тэгээд харилцан заамдалцаж байгаад Я.Г  нь миний шүд, нүүр хэсэг рүү 2 удаа баруун гараараа цохисон. Тэгээд дараа нь би зүүн гараараа нүүр хэсэг рүү нь 2 удаа цохисон. Тэр үед үүссэн гэмтэл гэж үзэж байна. Би өөрийнхөө биед гэмтэл үүсээгүй гэж үзсэн учраас шүүх эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Э.Эт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо маргалдаж харилцан зодолдсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгчийн хүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогч гэмтсэн үр дагавар бий болсон, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Э.Э нь Я.Г-ыг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой нотолж тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Э.Эын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн

нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогч Я.Г  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Харин хохирогч нь энэ хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн болон гэм хорын нөхөн төлбөрийн талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч нь энэ хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн болон гэм хорын нөхөн төлбөрийн талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ