Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/355

 

 

 

 

 

­

 

 

    2022        04          04                                    2022/ШЦТ/355

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр;

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

 

Улсын яллагч: Ц.Шагдар;

 

Шүүгдэгч: Б.Ө, түүний өмгөөлөгч  М.И;

 

Шүүгдэгч: Г.Д, түүний өмгөөлөгч Р.А;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

Хэргийн дугаар: .......................;

 

1. Шүүгдэгч Б.Ө регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 347 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1315 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 11 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 47 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 12 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан,

 

2. Шүүгдэгч Г.Д регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  , урьд:

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 347 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үлдээгүй үлдсэн 1 жил 1 сар 9 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн ахан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 363 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

 

Б.Ө, Г.Д нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр .... насанд хүрээгүй хохирогч А.А-ын хоолойг боох зэргээр хүч хэрэглэж түүний “Самсунг глакси жи 3” маркийн гар утсыг авч 276.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Ө, Г.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө мэдүүлэхдээ: “Маргах зүйлгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

                Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: “...Би хохирогчийг боогоогүй. Бусдыг нь хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн халааснаас нь гар утсыг нь авсан. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-40/, насанд хүрээгүй хохирогч А.А /хх-ийн 43, 48-49/, гэрч Д.Алтан-Од /хх-ийн 69/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 82-83, 85-86/, Г.Дий хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 113, 165, 181, 186/, Г.Дий өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 190-194/, Б.Өийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 71, 164, 183/, Б.Өийн өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 197-205, 233-234/, гэрэл зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 225-228/, Б.Өийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 149, 152-153/, Г.Дий яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 157, 162-163/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт, хохирол барагдуулсан баримт, Г.Д, Б.Ө нарын хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ө, Г.Д нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр .............. насанд хүрээгүй А.А-ын хоолойг боож хүч хэрэглэн довтолж түүний “Самсунг глакси жи 3” загварын гар утсыг дээрэмдэн авч 276.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

насанд хүрээгүй хохирогч А.А-ын (хх-ийн 43, 48-49): “...орцны үүдэнд анх тэр хоёр залуу сууж байсан бөгөөд би хажуугаар нь явж өнгөртөл туранхай нь “цаг хэд болж байна” гэж асуусан.  Тэгэхээр нь би утаснаасаа цаг хараад “13 цаг өнгөрч байна” гэж хэлээд цааш явсан. Ингээд “...” захын хашаагаар ороод явж байгаад эргээд хартал нөгөө хоёр залуу араас дагаад явж байсан. Би элдэв үйлдэл хийлгүй үргэлжлүүлэн явж байгаад Нарны зам руу баруун эргээд алхаж явтал туранхай нь гүйцэж ирээд “танайх хаана байдаг юм бэ?” гэж хэлсэн бөгөөд би “энэ байранд” гэж хэлээд өөрийн амьдардаг 57 дугаар байрыг заатал нөгөө туранхай залуу “тэгвэл 57 дугаар байрны 2 дугаар орцноос эмэгтэй хүүхэд дуудаж өгөөч?” гэж хэлсэн. Энэ үед нөгөө махлаг нь ард зогсож байсан. Туранхай залуу нь намайг “эмэгтэй хүүхэд дуудаад өгөөч” гэж хэлсэн боловч надтай хамт 2 дугаар орц руу орж “шатаар дээшээ гаръя” гэж хэлж намайг дагуулж шатаар 3 дугаар давхар руу өгсөж байтал араас махлаг залуу нь гүйцэж ирээд миний араас хоолойноос боож арагш татсан бөгөөд энэ үед туранхай  залуу миний халаасанд байсан “Самсунг Глакси Жи-3” гар утсыг авч тэр хоёр хамтдаа шатаар уруудаж зугтсан. Би араас нь гүйсэн боловч гүйцээгүй. ...намайг дээрэмдсэн гэх 2 залууг одоо хараад танина...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар (хх-ийн 85-86),

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 38-40/,

 

Б.Өийн яллагдагчаар мэдүүлсэн (xx-ийн 152-153): “...2018 оны 10 дугаар сард Г.Д манай .... тоотод ирж надтай уулзаж бид хоёр буудалд орж пиво ууж хамт хоноод маргааш өдөр нь буудлаасаа гарсан. ...Буудлаасаа гарсны дараа Г.Д намайг дагуулж алхаж байгаад бид хоёрын урд нэг хүүхэд явж байгаад орц руугаа ортол Г.Д орц руу нь араас нь дагаад орсон. Тэгэхээр нь би араас нь мөн дагаж ортол Г.Д ганцаараа орцны 1 дүгээр давхарт байж байсан бөгөөд “өлсөж үхлээ, энэ бацааны утсыг нь авчихъя” гэж надад хэлэхээр нь би зөвшөөрч бид хоёр хамтдаа нөгөө хүүхдийн араас шатаар гүйж гараад 2 эсхүл 3 дугаар давхарт гүйцэж очоод юм хэлэлгүй би араас нь хоёр гараараа нөгөө хүүхдийн мөр хэсэгт араас нь баглаж тэвэрсэн бөгөөд энэ үед Г.Д халааснаас  нь гар утсыг нь авч шатан дээр унагаад, унагасан утсаа дахин авч бид хоёр нөгөө хүүхдийг орхиж орцноос гарч зугтсан...” гэх мэдүүлгээр,

 

Г.Дий яллагдагчаар мэдүүлсэн (хх-ийн 162-163): “...Б.Ө надад “ханиндаа алхъя” гэж хэлсэн учир бид хоёр хамтдаа Циркээс урагш зам дагуу алхаж явтал хохирогч гэх хүүхэд бид хоёрын урд ойролцоогоор 2 метрийн зайтай алхаж явсан. Алхаж явсаар .. байрны гадна очиход хохирогч гэх эрэгтэй хүүхэд ... орсныг харсны дараа Б.Ө “би айл руу орчихоод ирье” гэж хэлээд хохирогчийн орсон орц руу араас нь орж би уг орцны ойролцоо сандал дээр суугаад үлдсэн. Б.Ө ороод ойролцоогоор 30 минут болсны дараа би Б.Өийн араас орох гээд орцны үүдэнд очтол Б.Ө гүйж гарч ирээд “гүйгээрэй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Б.Ө, Г.Д нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь насанд хүрээгүй хохирогчийн хоолойг боож түүний халааснаас нь “Самсунг Галакси Жи-3” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэн, хууль бусаар авсныг насанд хүрээгүй хохирогч мэдүүлсэн, насанд хүрээгүй хохирогч эд зүйлийг нь авсан хүмүүсийг эргэлзээгүйгээр таньж олж заасан, Б.Ө нь хохирогч А.А-т хүч хэрэглэн эсэргүүцлийг нь дарж, Г.Д нь хохирогчийн эд хөрөнгийг авсныг тодорхой хохирогч, шүүгдэгч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн,  хохирогчийн алдсан эд зүйлсийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Б.Ө, Г.Д нар нь А.А-ын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэнийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар бусдын эд хөрөнгийг өөрсдийн өмчлөлд авах зорилгоор насанд хүрээгүй хохирогчийн хоолойг боож хүч хэрэглэн довтолж буюу шунахай сэдэлтээр, илээр, үнэ төлбөргүйгээр насанд хүрээгүй хохирогчийн гар утсыг авч буй Б.Ө, Г.Д нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж ...авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нарт оногдуулах ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Ө, Г.Д нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн хувийн байдал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Ө, Г.Д нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Гэвч Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна”, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан.

 

 Шүүгдэгч Г.Д нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих гэмт хэрэгт хамаарч байх ба тэрээр урьд өмнө батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй, бусдад төлөх төлбөргүй тул түүнд зохих өршөөлийг үзүүлэх нь зүйтэй.

 

Иймд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн  7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор  тогтов.

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн зорилт нь “...гэмт хэрэг үйлдсэн...хүнийг...эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх...”-ээр зохицуулсан байна.

 

Шүүгдэгч Б.Өийн хувьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 11 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 47 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 12 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан буюу эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрэгджээ.

 

Иймд шүүгдэгч Б.Өийн Г.Дий хамтаар бүлэглэж үйлдсэн энэ гэмт хэргийг дахин 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, түүнд өршөөлийг үзүүлэх боломжгүй гэж үзэв.

 

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Өэд  оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Г.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.  

 

Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ө нь энэ хэрэгтээ 71 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн бичлэггүй 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээхийг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн,

 

 шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Б.Өэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Г.Дд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт зорчих үүргийг хүлээлгэж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглож, зорчих үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Д зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 71 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Г.Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

 

 8. Шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн бичлэггүй 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг дурдсугай.

 

 9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Өэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ