Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/353

 

  

 

 

 

 

 

 

 

    2022        04          04                                     2022/ШЦТ/353

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;  

 

Улсын яллагч: Ц.Гэрэлбаатар;

 

Хохирогч: Г.Б;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Эрдэнэцэцэг;

 

Шүүгдэгч: А.А;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин;

 

Хэргийн дугаар: ........................;

           

Шүүгдэгч А.А регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, туслах малчин, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт  , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

А.А нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баарны гадна иргэн Г.Бийг зодож эрүүл мэндэд нь зүүн гайморын хөндийн урд ханын хугарал, зүүн зовхи, салст, хацарт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос А.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Б мэдүүлэхдээ: “Хэрэг гарсан өдөр би дүүгээ авах гээд “Маркю” баарны гадна газар очсон. Манай дүүг хүмүүс дээрэлхэж байсан бөгөөд би дүүгээ салгах гэтэл А.А нь миний нүүр хэсэг рүү цохисон. Энэ хэргийн улмаас миний хамар гэмтэж хугарсан. Миний бие хагалгаад орох шаардлагатай байгаа бөгөөд хагалгааны зардал 7.000.000 төгрөг, мөн 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд ажилдаа явж чадаагүй, энэ хугацааны ажлын хөлс 1.040.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.  

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Б /хх-ийн 7/, гэрч Г.Ч  /хх-ийн 11/, гэрч Г.О  /хх-ийн 13/, гэрч А.Самдан /хх-ийн 15/ нарын мэдүүлэг, Г.Бийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/, хохирогчийн эрүүл мэнд, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 25-30, 32-35, 55-57/, хохирол төлсөн баримт /хх-ийн 58/ А.Агийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 44/, А.Агийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 47-50/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.А нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баарны гадна иргэн Г.Бийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Г.Бийн /хх-ийн 7/: “...2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах МРМ таурын зогсоол дээр манай дүү нар болох С , Б нар намайг дуудсан. Тэгээд би үүрийн 03 цагт очоод таксинаас буухад манай хоёр дүүг хүмүүс зодож байсан. Би салгах зорилгоор очиход намайг хар хувцастай өндөр халзандуу маягийн залуу шууд 2 удаа нүүрэн хэсэгт цохиод бужигналдаж байгаад салцгаахад тухайн залуус нь зугтаасан ...миний биед учирсан гэх гэмтлийг надад зургаар харуулсан А.А нь учруулсан” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.О-ийн /хх-ийн 13/: “...манай онжав А.А нэг хүнийг цохисон гэхдээ хэнийг цохисныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан А.А гүйж очоод нэг хүнийг цохиод авсныг харсан” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.С-гийн /хх-ийн 15/: “...Батзориг ах таксинаас бууж ирээд болиулах гэж орилтол нэг залуу нүүр лүү нь цохисон” гэх мэдүүлгээр,

 

Г.Бийн биед “зүүн гайморын хөндийн урд ханын хугарал, зүүн зовхи, салст, хацарт цус хуралт” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 19-20/,

 

А.Агийн яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 44/: “Тухайн хэрүүл маргаан болдог өдөр хүмүүс хоорондоо муудалцаж байсан. Батзориг нь миний өөдөөс ирээд надтай зууралдахаар нь би шууд очоод толгойгоороо зүүн хацар, хамар хэсэгт нь мөргөсөн. Би гэм буруугаа ухаарч байна. Эмчилгээнд шаардагдсан хохирлыг төлнө...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

А.Ад холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгчийн хүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогч гэмтсэн үр дагавар бий болсон, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, А.А нь Г.Бийг зодож хүндэвтэр гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хувийн таарамжгүй харилцааны улмаас үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан А.Агийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан баримттай хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх А.Ад тодорхой нийтэд тустай ажил хийлгэхийг даалгаагүй учир нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэх учиртайг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого зэрэг зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Бийн гаргаж өгсөн цалингийн задаргаа, тодорхойлолт зэрэг баримтад үндэслэн түүний хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүү 832.794 төгрөгийг шүүгдэгч А.Агаас гаргуулж хохирогч Г.Бт олгохоор шийдвэрлэв.

 

Харин хохирогч Г.Бийн хамрын мэс заслын хагалгааны зардал 7.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь 526.860 төгрөгийг хохирогч Г.Бийн хохирол төлбөрт төлснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай. 

                  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.      

           

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Агаас 832.794 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бт олгож, хохирогчийн 7.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.МӨНХ-ЭРДЭНЭ