Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0126 |
Огноо | 2014-03-13 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2014/0126
Иргэн С.Ц-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч С.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 568 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн С.Ц-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 255 дугаар захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус дүүргийн 21 дүгээр хороо Цагаан бургастайн амны маргаан бүхий газар нь дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 255 дугаар захирамжаар “Т ө” ХХК, “Д” ХХК-иас 50 газрыг “К” ХХК-д хуулийн дагуу мод үржүүлгийн зориулалтаар эрх шилжүүлж авсан байна.
Дээрх эрх шилжсэн газарт иргэн С.Ц газар эзэмших гэрчилгээ авах хүсэлт гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж байгаа тул шийдвэрлэх боломжгүй болно.
Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн С.Ц-ийн гэх газар байхгүй ямар нэгэн давхцал байхгүй, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гуравдагч этгээд нь С.Ц, Ч.Б нараас газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж, Сонгинохайрхан дүүргийн шүүх нь 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 853 дугаар шийдвэр, 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 471 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 454 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар С.Ц болон Ч.Б нараас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Цагаан бургастайн амны 500.000 мкв газрыг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн.
Гэтэл дахин хугацаа авах гэж захиргааны хэргийн шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 568 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн С.Ц-ийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 255 дугаар захирамжийн “К" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.Ц давж заалдах гомдолдоо: “Бидний маргаж буй 255 дугаар захирамжаар газар эзэмших хүсэлттэй иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад газар эзэмших эрх олгож хэн, хэнд, хаана, ямар хэмжээтэй газар эзэмших эрх холгогдсон болохыг хавсралтын дагуу жагсаалт гарган баталгаажуулсан байна.
Дээрх хавсралтад “Т ө” ХХК-иас 40 га, “Д” ХХК-иас 10 га нийт 50 га газрыг газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин “К” ХХК-д шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байгаа юм.
“Т ө” болон “Д” ХХК-иуд нь газар эзэмших эрхтэй байсан эсэх, газар эзэмшиж байсан эсэх нотлогдохгүй байхад газар эзэмших эрхийг нь бусдад шилжүүлсэн нь Газрын тухай хуулийг ноцтой зөрчин газрын талаар дүүргийн Засаг даргын баримтлах хууль зүйн бодлогыг зөрчсөн, хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан үндэслэлгүй шийдвэр болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.
Гэтэл Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хэрэг маргааныг хэт нэг талыг барьж, судалбал зохих нотлох баримтыг судлалгүй орхигдуулж хэрэг маргааныг шийдвэрлэсэн тул энэхүү гомдлыг гаргаж байгааг хүлээн авч хэргийг хянаж өгнө үү“ гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч С.Ц нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 255 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Захирамжаар “Т ө” ХХК-ийн 400.000 мкв газрыг, “Д” ХХК-ийн 100.000 мкв газрыг тус тус “К” ХХК-д мод үржүүлгийн зориулалтаар эзэмшүүлэхээр шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгчээс “1997 оноос хойш амьдран сууж байгаа газрыг хууль бусаар бусдад шилжүүлж, эзэмшүүлсэн” хэмээн маргажээ.
Маргаан бүхий газар нь Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Цагаан бургастайн ам гэх газарт байрлах бөгөөд уг газарт нэхэмжлэгч 1997 оноос хойш амьдран суусан болох нь гэрч 21 хорооны зохион байгуулагч ажилтай Ц.О-ийн мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 21 дүгээр хорооны Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 88 тоот албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгээр тус тус тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь хүсэлт гаргасан газрыг бусад этгээд эзэмшиж байгаа эсэх, бусдын үл хөдлөх хөрөнгө байгаа эсэхийг нягтлан шалгах ёстой. Гэтэл захиргаа энэ үүргээ биелүүлэхгүйгээр, нэхэмжлэгчийн 1997 оноос хойш амьдарч байсан газартай давхцуулан 2006 онд “Т ө” ХХК, “Д” ХХК-д тус тус ямар нэгэн төлөвлөлт, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмшүүлж, нэхэмжлэгчийн оршин суугаа газраа эзэмших эрхийг зөрчжээ.
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага газар эзэмших ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах үүрэгтэй атлаа нэхэмжлэгчид 1997 оноос хойш амьдран суусан газраа эзэмших боломж олголгүйгээр гуравдагч этгээдэд газар эзэмшүүлж, хүн бүр хуулийн өмнө эрх, тэгш байх зарчмыг зөрчсөн байна.
"Т ө” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 84 дүгээр захирамжаар “Баяка трейд” ХХК-иас 400.000 мкв газрыг шилжүүлэн авчээ. Ингэхдээ аялал жуулчлал, фермерийн зориулалтаар эзэмшүүлж байсан болох нь хэрэгт авагдсан газар эзэмшүүлэх захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээгээр[1] тогтоогдож байна.
Мөн дүүргийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 154 дүгээр захирамжаар “Д” ХХК-д 100.000 мкв газар эзэмшүүлсэн ба төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар газрыг эзэмшүүлжээ.
Эндээс маргаан бүхий газрын өмнөх эзэмшигчид нь газрыг мод үржүүлгийн зориулалтаар эзэмшиж байгаагүй болох нь тогтоогдож байх ба гуравдагч этгээдэд ямар үндэслэлээр газрын зориулалтыг өөрчилж эзэмшүүлсэн нь тодорхойгүй, гуравдагч этгээдэд энэ зориулалтаар газар эзэмших бодит боломж, чадвар байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмших эрх шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хариуцах ёстой.
“Т ө” ХХК, “Д” ХХК нь нэг хүнийх, “К” ХХК нь “Т ө” ХХК-ийн хөрөнгө оруулагч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн албан ёсны хаяг, “Т ө” ХХК-ийн 2010 оны 3 дугаар сарын 21- ний өдрийн албан бичгээр[2] тус тус тогтоогдож байна. Эндээс “өмнөх эзэмшигчийн үйл ажиллагаа хамааралгүй” гэх гуравдагч этгээдийн тайлбар няцаагдаж байна.
Энэ тохиолдолд “Т ө” ХХК, “Д” ХХК нь маргаан бүхий газрыг 2006 онд эзэмшсэнээс хойш зориулалтын дагуу газрыг ашиглаагүй, 2 жил
дараалан үйл ажиллагаа явуулаагүйн улмаас шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус байжээ.
Гуравдагч этгээдээс “нэхэмжлэгч газар чөлөөлөхгүй, шүүхэд маргаан үүсгэснээс газраа ашиглаж чадаагүй” гэж тайлбарлаж байгаа боловч иргэний шүүхийн маргаан 2012 онд эхэлсэн байх бөгөөд гуравдагч этгээд 2006 оноос 2011 он хүртэл газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 650 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул дээрх тайлбар үндэслэлгүй.
Мөн “иргэний шүүхийн шийдвэрээр шийдсэн” гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд иргэний шүүхээр маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 255 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянаагүй, нэхэмжлэлийн шаардлагууд, хэргийн нөхцөл байдал, маргааны зүйл өөр болно.
Гуравдагч этгээдэд газар шилжүүлэх захирамж 2010 оны 7 дугаар сарын 15- ны өдөр гарсан байхад газар эзэмшүүлэх гэрээг 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулж, захирамж гараагүй байхад гэрээ байгуулсан, “К” ХХК нь 2010 оны 6 дугаар сарын 16-нд үүсгэн байгуулагдаж, 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 10/7471 тоот албан бичгээр тогтоогдож байна. Гэтэл “К” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр[3] буюу үүсгэн байгуулагдаагүй байхдаа газар эзэмших хүсэлт гаргасан,
Мод үржүүлгийн зориулалтаар газрыг эзэмшиж байгаа гэх боловч үүнийг баталсан нотлох баримт байхгүй, маргаан бүхий газар нь газрын нэгдмэл сангийн ангиллаар аль ангилалд хамаардаг болох нь тодорхойгүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах
чадвартай эсэх нь тодорхойгүй зэргээс үзэхэд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамж хууль бус болох нь тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4, Ойн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.2 дахь хэсэгт зааснаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, хорооны Иргэдийн Нийтийн хурлын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг тогтоосон хугацаа, нөхцөл болзолтойгоор, менежмент төлөвлөгөөний үндсэн дээр гэрээгээр эзэмших зохицуулалттай байх ба гуравдагч этгээдээс энэхүү үүргийг хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй, газар эзэмших эрх хуульд зааснаар үүсээгүй байна.
Хэрвээ маргаан бүхий газар ойн сангийн ангилалд хамаарахгүй болох нь тогтоогдвол Газрын тухай хуульд зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах, дуудлага, худалдаа төсөл сонгон шалгаруулах зарчмаар, мод үржүүлгийн чиглэлээр явуулах үйл ажиллагааны менежмент төлөвлөгөөг үндэслэн гуравдагч этгээдэд бусдын газартай давхцуулахгүйгээр газар эзэмшүүлэх нь нээлттэй болно.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 32 дугаар зүйлийн 32.3.2 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн эзэмших газрын хил зааг, байршил тодорхой болсны үндсэн дээр газар шилжүүлэх, эзэмшүүлэх захирамж гарах ёстой. Гэтэл энэ тохиолдолд гуравдагч этгээдийн эзэмшил газрын хил зааг, байршил тодорхойгүй байхад газар шилжүүлсэн захирамж гарсан нь газар эзэмших эрх зохих ёсоор үүсээгүй болохыг нотолж байна.
Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1036 дугаар албан бичигт “дүүргийн Засаг даргын захирамжтай газрыг мэдээллийн санд оруулаагүй түр зогсоосон” гэж тодорхойлсон боловч шүүхээс “газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй” гэж буруутгаагүй, харин “газрын хил зааг нь маргаан бүхий газар дээрээ тэмдэглэгдсэн байх шаардлагыг хангаагүй” гэж буруутгаж байгаа болно.
Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдэд газар шилжүүлэхээс өмнө газрын хил зааг тодорхой болсон байх ёстой, захиргааны байгууллага энэ үүргээ хэрэгжүүлж, маргаан бүхий газрын хил заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах үүргээ биелүүлээгүйгээс гуравдагч этгээдийн эзэмшил газрын байршил тодорхойгүй байх тул гуравдагч этгээдэд газар шилжүүлсэн 255 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй.
Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: