Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 0786

 

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2019/0786

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Гомдол гаргагч: БСХХК

Хариуцагч: ОӨГХХХУБ Б.Ц.

Гуравдагч этгээд: ПМХХК

Гомдлын шаардлага: ...ОӨГХХХУБ Б.Цгийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1453115 тоот шийтгэлийн хуудсаар БСХХК-д 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч БСХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагч хяналтын улсын байцаагч Б.Ц, гуравдагч этгээд ПМХХК-ийн төлөөлөгч Ч.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч БСХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн гаднаас оруулж ирж байгаа бараа нь Монгол улсад патентын эрхээ аваагүй гэдэг үндэслэлээр Зөрчлийн хуулийн дагуу 3.000.000 төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ торгуулийг бид төлөх боломжгүй, уг зөрчлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд холбогдох баримт бичгээ бүрдүүлэн шүүхэд өгсөн байгаа. Бидний зүгээс нэр давхардсан бүтээгдэхүүн байхгүй гэж үзэж байгаа.

Манай компанийн удирдлагуудын зүгээс Оросын Холбооны Улсдаа патентын эрх авсан гэж тайлбарлаж байгаа. БСХХК нь Оросын Холбооны Улсын КО компанийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютор компани юм. Тус компанийн бараа бүтээгдэхүүнийг ...Монгол Улсаас авъя гэхэд өгдөггүй, зөвхөн ...БСХХК-иас ав гэсэн хариуг бусад компаниудад өгдөг. Сказка за сказкой гэсэн барааны тэмдгийн асуудлаар Оросын Холбооны Улсад мөн маргаан үүссэн юм байна. Уг маргаанд ББкомпани нь ялаад, патентын эрхийг нь авсан гэж надад хэлсэн. Уг асуудлыг сайн мэдэхгүй байна. Мөн нэршлийг Сказка гэсэн нэр байгаа Сказка за сказкой гэхээр өөр нэр болчихно гэж тайлбарлаад байгаа.

Дэлхийн Оюуны өмчийн байгууллагад бүртгүүлэхээр өргөдлөө өгсөн. Үүний хариу нь ирсэн. ...Монгол Улсын Оюуны өмчийн газарт баримтаа хүргүүлсэн гэж надад хэлсэн. Өргөдлийг 2019 оны 7 дугаар сард явуулсан. Тэгэхээр гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлтэй болоод байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. гэв.

Хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Оросын Холбооны Улсын КО нээлттэй хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Патентмарк ХХК-ийн захирал Ч.Уээс Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтэст ...эзэмшигчийн зөвшөөрөлгүй Каракум, Красная шапочка, Мишка, Птичье Молоко, Алёнка, Коровка, Сказка, Золотой ключик, Раковые шейки, Кис кис зэрэг чихрийн барааны тэмдгийг эрхийн зөвшөөрөлгүй ашиглаж байна гэсэн гомдлыг гаргасан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад БСХХК-д Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.3, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар оюуны өмчийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлсэн гэсэн үндэслэлээр 3.000.000 төгрөгийн шийтгэл ногдуулсан.

Нийслэлийн Прокурорын газраас зөвшөөрөл авч зарим аж ахуйн нэгжүүдийн 2017 оноос 2019 оны хооронд хилээр импортлон оруулан ирж буй бараа бүтээгдэхүүнд шалгалт хийхээр Гаалийн ерөнхий газраас 2 удаа лавлагаа авсан. Үүгээр БСХХК нь Оросын Холбооны Улсын ББкомпаниас Сказка за сказкой барааны тэмдгийн зөрчилтэй бүтээгдэхүүнийг улсын хилээр импортлон оруулж, худалдан борлуулсан нь тогтоогдсон. Мөн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Эд зүйл, баримт бичиг хураан авах улсын байцаагчийн дүгнэлтээр дээрх зөрчил нь нотлогдсон. гэв.

Гуравдагч этгээд ПМХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Патентмарк ХХК нь 2015 оноос эхлэн Оросын Холбооны Улсын КО компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна. Монгол Улсад тус компанийн барааны тэмдэг зөрчилтэй байгаа эсэхэд хуулийн фирмүүдээр судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулан холбогдох мэргэжлийн байгууллагуудад шалгуулахаар өгсөн. КО компанийн эзэмшиж буй Сказка за сказкой барааны тэмдгийг Монгол Улсад бүртгүүлж, хамгаалуулаад 20 гаруй жил болж байхад Сказка за сказкой гэсэн яг ижил чихрийг оруулж ирсэн. Иймд бид Оюуны өмчийн газарт гомдол гаргасан. Оюуны өмчийн газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж БСХХК-ийн дэлгүүрээс барааны тэмдгийн зөрчилтэй олон чихрүүдийг хураан авсан. Гаалийн мэдүүлгээр маш их үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүнийг гомдол гаргагч компани импортлон оруулж ирсэн байсан.

Бид зөвхөн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу зохицуулагдах асуудлыг ярьж байна. БСХХК нь Худалдах, худалдан авах гэрээгээ байгуулсан, татвараа төлсөн, Гаалийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй. Чанарын асуудлыг Мэргэжлийн хяналтын байгууллага хариуцан ажиллах байх. Эдгээр асуудал одоогийн зөрчлийн хэрэгт хамаарал байхгүй. Сказка за сказкой гэсэн барааны тэмдгийн асуудал л яригдана. 50.000.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг. Бид эхний ээлжинд компаниудад шийтгэл оногдуулахгүйгээр аль болох алдаа зөрчлийг нь ойлгуулах арга хэмжээг авч байгаа. Гомдол гаргагч компани Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн учраас хамгийн багаар 3.000.000 төгрөгийн торгууль ногдуулсан байх. 2017, 2018 онуудад компаниудад Оюуны өмчийн газраас ...Оросын Холбооны Улсын КО компанийн барааны тэмдгийг зөрчөөд байна. Энэ үйл ажиллагаагаа зогсоо гэж мэдэгдсэн. Гэтэл мэдээгүй байна гэж байхгүй. Хэргийн материалд БСХХК-ийн зүгээс Оросын Холбооны Улсын гэрчилгээнүүдийг өгсөн байна. Энэ нь тус улсад Сказка за сказкой барааны тэмдгийн мэдүүлэг өгч бүртгүүлсэн боловч нарийн боов-ны бүтээгдэхүүн дээр авсан, чихэр гэсэн бүтээгдэхүүн дээр байхгүй байна. Барааны тэмдэг нь авсан бараандаа л үйлчилдэг. Сказка за сказкой гэсэн исгэгч, зөгийн бал, гурил орж ирвэл хууль зөрчихгүй. Гэвч Оросын Холбооны Улсад авсан барааны тэмдгийн гэрчилгээ Монгол Улсад үйлчлэхгүй. Тэгэхээр Оросын Холбооны улс дотроо гурил, гурилан бүтээгдэхүүн, зөгийн бал, давс гэх мэт бүтээгдэхүүнүүдэд хэрэглэх боломжтой юм. Монгол Улс Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу бүртгүүлсэн байгаа тохиолдолд Оюуны өмчийн газраас зөрчлийн хэрэг үүсгэхгүй.

Гомдол гаргагчийн зүгээс хавтаст хэрэгт өргөдлийн маягт нотлох баримтаар өгсөн байна. Энэ нь зөвхөн өргөдлийн маягт бөгөөд өргөдлийг өгсөн гэсэн баталгаа биш юм. Монгол Улсад барааны тэмдгийг бүртгүүлэхээр өргөдөл өгсөн бол Оюуны өмчийн газрын цахим хуудаст нийтлэгддэг. Мөн Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын цахим хуудаст ...Монгол Улсад ийм барааны тэмдгийг бүртгүүллээ гэж тухайн өдөртөө нийтлэгддэг. Дэлхийн Оюуны өмчийн газраас бүртгэсэн мэдэгдлийг 14 хоногийн дотор эзэмшигчид хүргүүлдэг. Гэтэл эдээр баримтууд байхгүй байна.

Мэдүүлгийг өгсөн байж болох ч мэдүүлгийн огноо нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байна. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дууссан байгаа. БСХХК нь барааны тэмдгийг бүртгүүлэх ёстой гэдгээ мэдсэн байна. Мэдүүлгийг өгсөн ч заавал бүртгэгдэнэ гэсэн үг биш юм. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан шаардлага, нөхцөлийг хангасан тохиолдолд бүртгэдэг. Монгол Улсад Оросын Холбооны Улсын гэрчилгээ үйлчлэхгүй. Үүнийг Оюуны өмчийн газраас шалгаж, хянаад зөрчил гаргасан нотлогдсон учраас шийтгэл оногдуулсан. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч БСХХК тус шүүхэд хандан ОӨГХХХУБ Б.Цгийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1453115 тоот шийтгэлийн хуудсаар БСХХК-д 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Шүүх гомдлын шаардлагын хүрээнд, гомдол гаргагч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Оросын Холбооны Улсын КО нээлттэй хувьцаат компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Патентмарк оюуны өмчийн итгэмжлэгдсэн товчоо /Патентмарк ХХК/-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Уээс 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ВТ-2019-001765/87/RU/ACP/KO дугаар албан бичгээр Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтэст хандан Барааны тэмдгийн ашиглалттай холбоотой гомдол, хүсэлт-ийг гаргасны дагуу ОӨГХХХУБ Б.Ц Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.Оюуны өмчийн хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид улсын байцаагч гэх/ оюуны өмчийн хяналтын чиглэлээр Төрийн хяналт шалгалтын тухай, Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ-т заасан хугацааны дотор хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1902000168 дугаар зөрчлийн хэргийг нээжээ.

2. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, КО нээлттэй хувьцаат компани нь тус улсад 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр СКАЗКА ба SКАZКА барааны тэмдгийг барааны тэмдгийн улсын бүртгэлийн М-1109345 дугаарт, бараа ба үйлчилгээний 30 дугаар ангилалд /чихэр, чихрэн бүтээгдэхүүн; конфет; карамель; чихэр, шоколад, пралин; вафли; вафлитай шоколад, какао бүтээгдэхүүн; бялуу гэх мэт/ бүтээгдэхүүнд бүртгүүлэн эрхийн хамгаалалт хийлгэсэн болох нь http:publish.ipom.mn/wopublish, www.wipo.int цахим хаяг дахь улсын бүртгэлээр болон хэрэгт авагдсан холбогдох бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Ийнхүү барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийлгэх нь КО нээлттэй хувьцаат компанид Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн бол 12 дугаар зүйлийн 12.3.4-д заасны дагуу бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах  эрхийг эрхий бий болгох ач холбогдолтой.

3. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад, хариуцагчаас 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоос, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БСХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Ц.Гаас /БСХХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр итгэмжлэл олгогдсон/ тайлбар, мэдүүлэг авч, Б, И, М, Н, О, С дэлгүүрүүд, Белорус чихэр дэлгүүр, У дэлгүүр болон бусад хүнсний дэлгүүрүүд, А, Б, Б, Б, Д, Н, Х зэрэг худалдааны төвүүдэд шалгалт хийх ажлыг эхлүүлжээ.

Улмаар хохирогчоос 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчид хандан ... Улаанбаатар хотод 17 хүнсний зах, 67 хүнсний бөөний худалдааны төв, 5323 хүнсний дэлгүүр, 906 ТҮЦ 2017 оны байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа тул шалгалтын... ажиллагааг шуурхай гүйцэтгэх боломжгүй. ... Тиймээс барааны тэмдгийн зөрчилтэй бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулж ирсэн импортлогчийг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ.

4. Холбогдогчоос авсан мэдүүлэг, Гаалийн ерөнхий газрын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 03-2/1630 дугаар албан бичгээр гомдол гаргагч БСХХК нь 2017 оны 10 дугаар сарын 27-ноос 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ОХУ-ын АО ББкомпаниас 27.940 кг эрхийн зөрчилтэй, Сказка за сказкой зөөлөн чихрийг тус улсад импортлон оруулж ирсэн болох нь тогтоогдож байх тул Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1453115 дугаар шийтгэлийн хуудсаар БСХХК-д сказка за сказка барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүнүүдийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй худалдан борлуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна гэж шүүх үзлээ.

Үүнтэй холбогдуулан, гомдол гаргагч БСХХК-иас 1902000168 дугаартай зөрчлийн хэрэг болон тус хэрэгт Оросын Холбооны Улсын ББхувьцаат компани нь Сказка за сказкой барааны тэмдгийг Оросын Холбооны Улсад Барааны тэмдгийг бүртгэх зорилгоор Бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох Ниццийн хэлэлцээрийн 30 дугаар ангилалд кофе, цай, какао, элсэн чихэр, цагаан будаа, цардуулын гурил (цардуулаар хийсэн үр - гэж орчуулсан байна), цардуулын сагаг (орчуулаагүй байна), кофе орлуулагч, гурилан ба буудайн бүтээгдэхүүн (гурил, үрийн бүтээгдэхүүн - гэж орчуулсан байна), талх, талхан бүтээгдэхүүн (нарийн боовны бүтээгдэхүүн - гэж орчуулсан байна), зайрмаг, зөгийн бал, цардуулын сироп (бурамын сироп - гэж орчуулсан байна), исгэгч, хөөлгөгч нунтаг (жигнэх зориулалттай нунтаг - гэж орчуулсан байна), давс, гич, соус (амтлагч), амтлагч ургамал (амт оруулагч - гэж орчуулсан байна), хүнсний мөс бараанд хэрэглэх онцгой эрхтэй болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх боловч ББхувьцаат компанийн энэхүү эрх нь Сказка за сказкой барааны тэмдгийг Оросын Холбооны Улсад зөвхөн дурдсан бараа, бүтээгдэхүүнд хэрэглэх эрхтэй болохоос бус маргаан бүхий актад хамаарах чихэр, шоколад, конфет, вафли, паралин зэрэг чихрэн ба шоколадан бүтээгдэхүүнд хэрэглэх эрхгүй гэсэн хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй,

Оросын Холбооны Улсын ББхувьцаат компани нь Монгол Улсад Л1-Л)-Л1\/ болон КУВШИН МОЛОКА, СЛИВКИ тэмдгүүдийг бүртгүүлэн эрхийн хамгаалалт хийлгэсэн байдаг болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд гомдол гаргагч БСХХК нь Оросын Холбооны Улсын ББүйлдвэрээс Сказка за сказка зөөлөн чихрийг хилээр нэвтрүүлэн оруулж ирж, тодорхой худалдааны цэгүүдээр дамжуулан борлуулсан үйлдэл нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан журмын дагуу эрхийн хамгаалалт хийгдсэн бусад этгээдийн эрх ашгийг хөндсөн байх тул Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Цгийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1453115 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 12 дугаар зүйлийн 12.3.4, 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.3, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гомдол гаргагч БСХХК-иас Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Цд холбогдуулан гаргасан Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Цгийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1453115 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М