Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 188/2022/0398/Э |
Дугаар | 2022/ШЦТ/635 |
Огноо | 2022-05-16 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | Т.Мижиддорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/635
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: П.Золбаяр,
улсын яллагч: Т.Мижиддорж,
хохирогч А.Б
шүүгдэгч: А.Э /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Э холбогдох эрүүгийн 000000000000 тоот хэргийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О овогт А-тын Э- /РД:00000000/,
Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Үсчин гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа автомашин засдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Орбитын 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд:
-2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн.
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч А.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан овоо гэх газарт гээсэн хохирогч А.Б гийн эзэмшлийн 4 ширхэг обуд дугуйг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч А.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан овоо гэх газарт гээсэн хохирогч А.Б гийн эзэмшлийн 4 ширхэг обуд дугуйг гээгдэл эд хөрөнгө, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшиж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Хохирогч А.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 21 цагийн үед Г.С гэдэг хуурай ахаасаа спорт 5 нүхтэй 4 ширхэг дугуйтай обуд 1,000.000 төгрөгөөр худалдаж аваад өөрийн санота-6 автомашиндаа хийгээд Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо Алтан овоо 48-29а тоот хашааны гадна талд тавиад маргааш өглөө нь 4 ширхэг дугуй обудын хамт алга болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,
-Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр хуурай ахаасаа обуд худалдаж авсан бөгөөд хашаандаа ирэхэд шөнийн 11 цаг болж байсан. Би хашааны дотор талд машинаа тавиад машины ард обудаа ачсан байсан. Миний 4 обудын маань 1 обуд хагарсан бөгөөд тэр обуд угаасаа олдохгүй. Надад одоо гомдол санал байхгүй...” гэв.
-Иргэний нэхэмжлэгч Н.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2021 оны 12 сарын 17-ны өдөр манай найз Баяраа над руу 00000000 дугаараас залгаад 5 салаа 5 нүхтэй 9,5 дд өргөнтэй хайлшин обуд байна 400.000 төгрөг авах уу гэж надаас асуусан тэгээд Сонгинохайрхан дүүргийн Толгойтод байх Баяраагийн гэрт очиж үзэхэд гэрийнхээ үүдний амбаарт 4 ширхэг хийтэй дугуйтай обуд байсан. Би обуднуудыг үзээд 300,000 төгрөгөөр авахаар болоод...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24-р хуудас/,
Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 1624 дугаартай тайлан 1.000.000 төгрөг /хавтаст хэргийн 44-45-р хуудас/,
-2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 53-55-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч А.Э-ын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 11 дүгээр сард хэдний өдрийг санахгүй байна. Сонгионхайрхан дүүргийн Алтан овоо нутаг дэвсгэрт байх эгч Халиунаагийн гэрт очихоор оройн 23 цаг 40 минутын үед явган ганцаараа явж байхад 1 залуу 2 хүүхдийн хамтаар юм тэврээд алхаж байхаар нь би хүүе гээд дуудсан чинь, нөгөө хүмүүс барьж байсан эд зүйлсээ хаяад зугтаасан. Би яаж байгаа юм бол гэж бодоод хаясан эд зүйлийг очоод харахад 4 ширхэг дугуйтай обуд байсан. Тэгээд би 4 ширхэг обудыг хашааны хажууд эгнүүлж тавьсан. Тэгээд доошоо зам руу ороод такси зогсооход цагаан өнгийн Поробокс нэртэй машин зогссон. Тэр машинтай дээшээ өгсөж юм аваад уруудана гэж хэлээд машинтай обудтай дугуй үлдээсэн газраа очиж 4 ширхэг дугуйг машины хойд хэсэгт нь ачаад гэрлүүгээ очиж, хашаан дотроо аваачиж хураасан. Тэгээд маргааш нь ирж үзээд би энэ обудыг авьяа хэдэн төгрөгөөр зарах уу гэж асуухаар нь 400,000 төгрөгөөр зарахаар болоод Л аваад явсан...” гэж /хавтаст хэргийн 27-29-р хуудас/...” мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 74-р хуудас/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 75-хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавалгаа /хавтаст хэргийн 76-р хуудас/, депозит дансны хуулга /хавтаст хэргийн 80-83/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Э нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч А.Э нь хохирогч А.Б гийн 4 ширхэг обуд дугуйг гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд авч завшиж, нийт 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч А.Э нь хохирогчийн эд хөрөнгө буюу 4 ширхэг обуд дугуйг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшлийнх гэж мэдсээр байж өөртөө авах зорилгоор санаатайгаар авч, завшиж нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 1624 дугаартай тайлан үнэлгээгээр 1 000 000 төгрөг гэж тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байна.
Түүнийг хохирогч А.Б гийн эзэмшлийн 4 дугуйг хулгайд алдсан талаарх гомдол мэдээлэлд холбогдуулан шалгасан боловч тогтоогдоогүй байна. / хавтаст хэргийн 35-36-р хуудас/
Иймд шүүгдэгч А.Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч А.Э-ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч А.Б нь 4 ширхэг обуд дугуйгаа буцаагаад авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч А.Э-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч А.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч А.Э нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч А.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүлийн байдал (эхнэр хүүхдийн хамт амьдардаг)-ыг харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Э нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт А-ын Э-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар А.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА