Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/376

 

 

 

 

 

­

 

 

   2022        04          08                                     2022/ШЦТ/376

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

 

Улсын яллагч: Э.Билгүүн;

 

Шүүгдэгч: Х.Ө (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

Хэргийн дугаар: ...................................;

 

Шүүгдэгч Х.Ө регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-нд туслах ажилтан, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт  , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

 Ховд аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/579 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 715 дугаартай шүүгчийн захирамжаар өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Х.Ө нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ...... гэх нэртэй өөрийн хариуцан ажиллуулдаг авто засварын газарт иргэн Д.Дын засвар хийлгэхээр хүлээлгэн өгсөн ... улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд   нэртэй өөрийн хариуцан ажиллуулж буй авто засварын газарт засуулах зорилгоор хүлээлгэн өгсөн иргэн А.Гийн эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота кроун 200” маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хувийн хэрэгцээнд ашиглах зорилгоор авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Х.Өийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ө мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8/, хохирогч А.Г /хх-ийн 13-14/, гэрч У.Б. хх-ийн 18-19/, гэрч Т.Т. /хх-ийн 21-22, 111-112/, хохирогч Д.Д /хх-ийн 106-107/, А.Л. /хх-ийн 114/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-26, 116-117/, А.Гийн хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 40/, Д.Дт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 120/, Д.Дын мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 146/, А.Гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 166/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 121-126/, Х.Өийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 63, 68-69, 83/, Х.Өийн өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 157-163, 165/, Х.Өийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 59-60, 95-96, 136-137/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирогч Д.Дын хүсэлт зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.Ө нь үргэлжилсэн үйлдлээр  ..... гэх нэртэй өөрийн хариуцан ажиллуулдаг авто засварын газарт засвар хийлгэхээр хүлээлгэн өгсөн иргэн Д.Дын  эзэмшлийн .... улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд,  

мөн иргэн А.Гийн эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота кроун 200” маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд завших зорилгогүйгээр эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хувийн хэрэгцээнд ашиглах зорилгоор авч явсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч А.Гийн /хх-ийн 13-14/: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгслийг янзлуулахаар засварын газарт урьдчилгаа 150.000 төгрөгийн хамт өгөхөд завсрын газрын хүн “2 хоногийн дараа ирж аваарай” гэсэн. Тэгээд би гэрэл авч өгөхөөр “Нисдэг машин” орж гэрэл авчихаад эргээд ирэхэд миний машин байхгүй байсан. Тэгээд би хүлээж байгаад 23 цагийн орчимд гэр лүүгээ харьсан.  Үүнээс хойш уг засварын газарт өглөө болон орой ирж үзэхэд байхгүй байсан. Тэгээд 6 хоног хүлээгээд ирэхгүй болохоор нь цагдаад хандсан. ...Үнэлгээний тайланд тусгагдсан эвдрэл гэмтлийг засварын газрын ажилтан нь унаж яваад учруулсан. ...Уг засварчин нь 160 см өндөртэй, жижигхэн шар царайтай залуу байсан...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 24-26/,

 

хохирогч Д.Дын /хх-ийн 106-107/: ”... 2021 оны 11 дүгээр сарын 15-ны 21 цаг орчмын үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн тойргоос 32-н тойрог явах замд ертөнцийн зүгээр замын урд талд байрласан “Майд” гэх нэртэй авто засварын газарт өөрийн ... улсын дугаартай “Тоёота “Приус 30” загварын мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийн жолооч талын 2 хаалганыхаа хонхорхойг гаргуулж засуулахаар бас автомашины хормойг янзлуулахаар тохирч урьдчилгаа 220.000 төгрөгийг өөрийн ХААН банкны дансаар 2 хувааж шилжүүлсэн. Миний автомашиныг хүлээж авсан засварчинтай 3 хоногийн дотор засаад эргүүлээд надад хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Тухайн үед тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн ямар нэг бичиг баримт дээр гарын үсэг зурж баталгаа гаргаагүй. Тэгээд би автомашинаа хүлээлгэж өгөөд 2 хоногийн дараа дээрх авто засварын газар очиж машинаа шалгах гэхэд миний машин грашид нь байгаагүй ба засварчин нь бас байхгүй байсан. Тэгээд би авто засварын газар 3 цаг орчим хүлээгээд ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч бүртгүүлсэн. Тэгээд 4 орчим хоногийн дараа миний машины “..." гэх авто засварын газрын грашид эргүүлэн тавьсан байсан. Тэгэхэд миний автомашины жолоочийн суудлын эсрэг талын хаалга нь зурагдсан, хормой нь эмтэлж хагалсан байсан. Тээврийн хэрэгслийн арын зүүн талын их гэрэл, арын гупер зурагдсан байсан. Би засварын үйлчилгээнийхээ урьдчилгаа 220.000 төгрөгийг өгсөн боловч засвар үйлчилгээ хийгээгүй байсан. Тээврийн хэрэгслийн явах эд ангиас курсонк, зай, нүүрсний янданг сольсон байсан....” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 116-117/,

 

гэрч Ч.Б-ын /хх-ийн 18-19/: “...шөнийн 01 цаг өнгөрч байхад ... улсын дугаартай хөх өнгийн “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгслийг согтуу 2 залуу, нэг эмэгтэйн хамт урдаас төв замаас орж ирсэн. Тэгээд “бензин авъя” гэхээр нь би “согтуу хүнд бензин зарахгүй” гэж хэлсэн. Тэгсэн “бензин өгөөч” гээд гуйгаад байсан боловч өгөөгүй. Тэгсэн чинь тэр жолооч нь машиныг манай байрны баруун талд тавиад машины түлхүүрийг надад өгөөд “шөнө юм уу, өглөө ирж авна” гэж хэлээд нэг жижиг тэргэнд суугаад яваад өгсөн. Тэгээд үүнээс хойш уг машиныг авахаар хүн ирээгүй тул манай эрхлэгч энэ машины жолоочийг дуудаад явуул гэсэн. Тэгээд манай хамгаалагч ярьсан. ...Уг тээврийн хэрэгслийг 2021 оны 11 дүгээр сарын 30-нд шилжих шөнө 01 цаг 40 минутад орчимд ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Т.Т-ын /хх-ийн 21-22, 111-112/: “...2021 оны 10 дугаар сарын 28-ны орой 17 цагийн фейсбүүк олон нийтийн сүлжээнд “будгийн зориулалттай өрөө түрээслүүлнэ...” гэсэн зарыг “Mashin zasvar” гэсэн фейсбүүк хаягаас “авто засвар болон авто кузов засварын нэгдэл” гэсэн зарын группт зар байршуулсан. Маргааш нь буюу 10 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн үед миний дугаар луу холбогдоод манай засварын хаягийг асуухаар нь утсаар ярьсан залуутай уулзахаар болсон. Тэгээд 10 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хорооны 8-108 тоотод байрлах “Майд” авто засвар гэх газарт утсаар ярьсан залуутай уулзсан. Бид 2 уулзахад тэр залуу өөрийгөө Ө гэж танилцуулсан. Тэгээд би будгийн өрөөг Өд үзүүлэхэд “болж байна түрээсэлье” гэхээр нь бид 2 аман хэлбэрээр тохиролцож, 1 сарын түрээсийн мөнгө болох 1.500.000 төгрөгийг Ө нь ХААН банкны ...... дугаартай данснаас миний ХААН банкны  данс руу 13 цаг 32 минутад шилжүүлсэн. Тэгээд би Өд өглөө 10 цаг 30 минутын үед уулзахдаа “Майд” авто засварын будгийн өрөөний болон том хаалганы түлхүүрийг хүлээлгэж өгсөн байсан. Тэгээд Ө нь дансаар түрээсийн мөнгөө шилжүүлчихээд авто засвар дээр машинууд авчирч эхэлсэн. Тэгээд би 11 дүгээр сарын 06-ны орчимд “Майд” авто засвар дээр ирж шалгахад Ө ажил дээрээ машин янзалж байсан. Ө ажил дээр байхыг нь харчихаад буцаад яваад өгсөн. Дахиад 11 дүгээр сарын 27-ны өдөр авто засвар дээр Ө нь ирсэн засвар хийж байсан. Тэгээд би Өд “цагдаа над руу залгаад байна, чи цагдаа дээр очоод энэ асуудлаа шийдээд эзэнд нь машиныг нь хүлээлгэж өг” гэж хэлэхэд “за тэгнээ ах” гэсэн. Энэ өдрөөс хойш Өтэй уулзаагүй...” гэх мэдүүлгээр,

 

Х.Өийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 95-96, 136-137/: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ... улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн мөнгөлөг саарал өнгөтэй машины 2 хаалга, хормойг янзлахаар 300.000 төгрөгөөр үнэлээд засахаар болж машины эзэнтэй нь тохиролцож урьдчилгаа 170.000 төгрөгийг эхнэр ...... дугаартай ХААН банкны дансанд шилжүүлэн авч машиныг нь хүлээн авсан. Би уг авто машиныг 3-4 хоногийн дотор янзлахаар тохиролцож хүлээж авсан.  Би ... улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн автомашиныг эзэнд нь хэлэлгүйгээр грашнаас гаргаж яг хэднээс хэдний хооронд унаж явснаа санахгүй байна, 2 хоног унаж явсан. Тухайн үед надад хувийн хэрэгцээнд автомашины хэрэг гарсан болохоор гадуур унаад явсан. Би машины эзэнд урьдчилан хэлж сануулалгүй машиныг нь унаж явсан. Би нутгийн дүү Ө-ын хамт уг “Приус 30” автомашиныг унаж гадуур машин үзэж явсан. ...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн орчим .... дугаартай “Тоёота кроун” маркийн автомашиныг унаж хорооллын эцэс орсон. ...Тэгээд ажил дээр ирээд юм хийж байгаад орой 19 цагийн үед гэртээ харьсан. ...Ариукатай хамт ах Ганбаатарын гэрт оччихоод буцаад явж байтал бензин дуусахаар нь Баянхошууны тойргийн уулзварын хажууд байдаг “Сод Монгол” ШТС-н гадна үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг  болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 121-126/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Х.Ө-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нар нь автомашиндаа засвар үйлчилгээ хийлгэхээр шүүгдэгчид хүлээлгэн өгснөө, шүүгдэгч нь хохирогч нарын машиныг зөвшөөрөлгүйгээр авч явсан болохыг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нарт учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Х.Ө нь А.Г, Д.Д нарын автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр тэдний зөвшөөрөлгүйгээр авч явсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэдийн өмчлөлд байгаа автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан Х.Өийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч Д.Д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон, хохирогч А.Гэд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэг  нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Х.Өэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.Ө торгох ялыг шүүхээс тогтоосон 4 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон нөхөн төлөгдөөгүй хохирол, төлбөр болох 950.000 төгрөгийг шүүгдэгч Х.Өээс гаргуулж хохирогч А.Гэд олгохоор шийдвэрлэв.

 

Харин хохирогч Д.Дын зүгээс “...хохирлыг Х.Ө барагдуулсан тул хохиролгүй” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч нь хохирогч Д.Дт төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ 2 хоног баривчлагдсан бөгөөд түүний баривчлагдсан нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож буюу 30.000 төгрөгийг эдлэх ялаас хасах, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өэд оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө торгох ялыг шүүхээс тогтоосон 4 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө энэ хэрэгтээ 2 хоног баривчлагдсан бөгөөд түүний баривчлагдсан нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож буюу 30.000 төгрөгийг эдлэх ялаас хассугай.

 

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Өээс 950.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Гэд олгох, шүүгдэгч нь хохирогч Д.Дт төлөх төлбөргүйг дурдсугай.

 

7. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.  

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

 

тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Өэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ