Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/49

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Ц

          Улсын яллагч М.М

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

          Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г-т холбогдох эрүүгийн 2122000000154 дугаартай  хэргийг 2022 оны  02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн

    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Н.Г нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар баг Далай 11-02 тоотод оршин суух Б.Н-ийг/насанд хүрээгүй/ 2021 оны 09 сарын 18-ны өдөр өөрийн хүүхэд болох М.Быг гар утасны хулгайд сэрдсэн гэх шалтгаанаар хогийн шүүрний хөндий төмрөөр  цохиж түүний эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

                 Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна. Миний буруу.” гэв.

 

                 Шүүгдэгч Н.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “ 2021 оны 9 сарын 19-ний орой 19 цаг өнгөрч байхад хүн хаалга тогшоод Б-тай уулзъя гээд Ч эгч ач охин Н-ий хамт ирсэн. Би хүү Б-ын хамт яваад очтол Ч эгч танай хүүхэд 300.000 төгрөгийн утас аваад зугтаасан байна гэхэд Б би аваагүй гэж хэлсэн. Би хүүгээ хүний юм авсан бол өг гэхэд Б би утас аваагүй гэж хэлсэн. Ч эгчийн гэр рүү хүүтэйгээ явахаар хэвтэж байсан хүүгээ босгоод гэрээс гарахдаа гэрийн баруун хатавчинд байсан хогийн шүүрний ишийг аваад гарсан. Хогийн шүүрний иш авсан зорилго нь харанхуй болсон тул нохой дайрч магадгүй гэж бодсон. Гэрээс гараад хажуу айлын А-ын хүүхдүүд болох А, А, Б нарыг дагуулаад явсан. Ч эгчийнд очиход Ч эгч байхгүй байсан. Хажуу талын гэрт байгаа гэж хэлсэн. Эмээгээ дууд гэхэд жаахан хүүхэд Ч эгчийг дуудаад оруулж ирсэн. Н гэх хүүхэд 300.000 төгрөгийнхөө утсыг авъя, Б шууд аваад зугтаасан гэхэд Ч эгч манайхаас юм аваад өгсөн хүн өөдөлдөггүй, үзүүлээд өгнө дөө, удам судраар чинь гэж хэлсэн. Тэгэхэд Б би аваагүй гэж хариулсан. Ч эгч манай охины утас Б-ын халаасанд байгаа гэж хэлсэн. Б-ын халаасыг уудалж үзтэл гар утас байгаагүй. Н-ийг чи гадуур их явдаг айлын хашаа руу чулуу шидээд л зогсож байдаг энд, тэнд аваачаад өөрөө хаячихсан юм биш үү гэхэд Н “миний хаана явах чамд ямар хамаатай юм бэ?” гэж хэлсэн.  Би Н гэх хүүхдийн толгойн тус газарт нь цохиогүй. Би хүний хүүхдийг ингэж хэлдэг яасан муухай хүмүүс вэ? гэж хэлэхэд, Н Б миний гар утсыг аваад зугтаасан нь үнэн юм чинь гээд дайраад байхаар нь чи яасан муухай хүүхэд вэ? жаахан юм байж гэж хэлээд гартаа барьж байсан хогийн шүүрийн ишээр Н-ийг орон дээрээ сууж байх үед нь хоёр хөлийн гуяны булчин, баруун гарын булчин хэсэгт нэг, нэг удаа цохисон. Ч эгч Н-ий толгойн зүүн хойд хэсэгт нэг удаа гараараа цохисон. Мөн зүүн гарынх нь булчинг чимхээд байсан. Н манай хүү Б-ыг хулгайд хардаж, гүжирдээд 300.000 төгрөг өг гээд байсан юм. Гартаа барьж явсан хогийн шүүрний ишээр зодсон.”  гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/

 

            Насанд хүрээгүй хохирогч Б.Н-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 09 сарын 18-ны өдөр манай хамар хашааны Б гэх хүүхэд өдөр 17 цагийн үед миний гар утсыг авч бичлэг үзэж байгаад аваад зугтаагаад явсан. Тухайн үед эмээдээ хэлсэн чинь орой аваад ирэх байх гэсэн. Орой 21 цагийн үед миний утсыг оруулж ирж өгөхгүй болохоор нь би эмээд хэлсэн. Тэгтэл эмээ Г эгчийн гэрт нь орсон чинь тийм утас харагдаагүй, манай хүүхэд аваагүй гээд тэр хэд манай гэрт орж ирсэн. Тэднийг орж ирэхээс өмнө гэртээ орон дээр гар утас байна уу? гээд орны бүтээлгээ сэгсэрч үзсэн чинь байхгүй байсан. Тэр эгч орж ирээд орны дээр миний цамцны доор байна гээд гаргаад ирсэн. Тэгээд намайг Б-ыг хулгайд сэрдлээ гээд миний толгой руу нарийхан урт төмрөөр 1 удаа цохиод дараа нь миний зүүн дал руу нарийхан урт төмрөөр 2,3 удаа цохиод зүүн гуяны урд талын хэсэг рүү гартаа барьж байсан нарийхан урт төмрөөр цохисон. Намайг зодож байхад эмээ Г эгчийг боль гэхэд эмээг зуух руу түлхээд эмээ гараараа түшиж үлдсэн. Тэгээд Г эгч хүүхдээ дагуулаад гэрээс гараад явсан. Г эгч намайг зодож байхад эмээ маань өөр айлд орохоор гараад явчихсан байсан. Намайг Г эгч төмрөөр цохиж гэмтээсний дараа эмээ орж ирсэн бөгөөд Г эгчийг болиулах гэтэл эмээг маань галын зуух руу түлхсэн. Эмээ маань намайг зодох нь байтугай надад муухай үг ч хэлж үзээгүй. Г эгчид зодуулснаас үүссэн гэмтлүүд байгаа бөгөөд эмээгийн учруулсан гэх гэмтэл байхгүй юм. Г эгчид төмрөөр зодуулж айж сандарсан өдрөөс эхлэн би багахан дуу чимээ сонсохоор гар хөл маань салганаж татаад уначихдаг болсон. Хурдан айж сандарч чичирдэг болсон, гомдолтой байна. Би Г эгчид зодуулахаас өмнө эрүүл саруул байсан. Одоо ганцаараа бие даан юм хийхэд хэцүү болсон бөгөөд айж сандарч цочирдохоороо татаад уначихдаг болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 3-8, 110-111/

 

            Гэрч Ч.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 9 сарын 18-ны орой айлд очиж гүү саачихаад 11 цагийн үед гэртээ ирсэн. Тэгтэл манай охин Н гар нь татчихсан  байсан. Би “юу болсон бэ?” гэж асуусан чинь манай хамар хашааны Г гэх эмэгтэй орж ирж зодсон гэж хэлсэн. Тэгээд охиноо эмнэлэгт үзүүлж цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн. Гомдолтой байна, охиноо эмнэлэгт үзүүлж биеийг нь эмчлүүлнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

 

Насанд хүрээгүй гэрч М.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2021 оны 9 сарын 18-ны өдөр Далай лагерын цагаан худаг дээр Н эгч тэрэгтэй усаа дийлэхгүй байхаар нь би өөрийнхөө тэргийг авч очоод усыг нь гэрийнх нь хашаа руу хүргэж өгөөд гэр лүү нь оролгүй гэр рүүгээ явсан. Орой харанхуй болсон байхад эмээ рүү гар утсаа авъя гээд залгаад байсан. Би тоглож байсан хүүхдүүдтэй хамт тэднийд очсон. Н эгч намайг гар утас авсан гээд нэхээд байсан. Ээж Н-ийг гэрийнхээ орыг ухаад үзээч гэж хэлсэн. Тэгээд гар утас нь орон дээр байсныг А хараад гар утас чинь тэнд байна гэж хэлээд гар утсаа олсон. Ч эмээ Н-ийг манай ээжийн өөдөөс хэрэлдэж байхад чи том хүний өөдөөс ингэж хэлээд байхдаа яадаг юм бэ? гэж хэлээд зүүн гараа атгаж байгаад Н-ий шилэн хүзүү хэсэгт нэг удаа толгойн зүүн хэсэгт мөн нэг удаа цохиод гуяыг нь чимхэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 121/

 

               Гэрч Д.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 9 сарын 18-ны өдөр 15 цагийн орчим манай ач охин Н эмээ Б миний гар утсыг шүүрч аваад зугтаачихлаа гэж хэлэхээр нь би нэг их тоохгүй тоглож байгаад л аваад ирэх байлгүй гэж хэлсэн. Орой 18, 19 цагийн орчим манай бага ач хүү П (5 настай) гар утсаар тоглоё гээд гуйгаад байхаар нь Н-ийг дүүдээ утсаа өгчих гэсэн чинь Б миний гар утсыг авч ирж өгөөгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би дээлний товчоо оёж дуусгачихаад 20, 21 цагийн орчим гар утсыг нь авч зугтсан хүүгийн гэрийн гадаа очсон чинь хашааныхаа гадаа Г гээд ээжтэйгээ Б гарч ирсэн. Баас миний хүү Н-ий гар утсыг гаргаад өгчих гэж хэлсэн чинь Б дуугарахгүй ээж нь өмнөөс миний хүү хүний утас авахаар болоогүй, миний хүү өөрөө гар утастай гэж хэлсэн. Тэгэхээр нь би худал хэлэхгүй манай охины гар утсыг шүүрээд явчихсан гэж хэлсэн чинь хүүхэд нь эмээ Н-ий утсыг би А-д өгчихсөн. Би гар утсыг нь аваагүй надад өгөөгүй гэж хэлсэн. Дараа нь би гэртээ харьчхаад Б хүүгийн эмээ Наран руу залгаж хэлсэн. Тэгээд Э-ийн гэрт очиж айраг авчихаад гэртээ ирэхэд Г хүүхдээ дагуулчихсан, өөр жоохон хүүхдүүдтэй манай ач охин Н-ийг загнаад зогсож байсан. Тэгэхээр нь би “чи чинь ямар сүртэй хүн бэ” гэж хэлсэн чинь “төдийхөн жаахан хүүхдийг маань хулгайд хардлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хулгайд хардсан юм байхгүй, юмыг зөвөөр нь ойлго” гэж хэлсэн.Тэгсэн чинь “тэр алга болсон гар утас чинь танай гэрт байгаа гэртээ сайн үзсэн юм уу” гэж хэлсэн. Би “тэгвэл цагдаа дуудъя” гэж хэлсэн. Би тухайн үед нэгжгүй байсан болохоор би залгах боломжгүй байна чи цагдаа дуудчих гэсэн чинь миний гар утас бас нэгжгүй та өөрөө дууд гэж байсан. Тэгээд гэртээ хайж байгаад орон дээр хувцасны доор гар утсаа үзсэн чинь тэндээс гараад ирсэн. Би уулга алдаад ач охин руугаа чи чинь гэртээ сайн үзэхгүй гэж сандарч айгаад тухайн үедээ хэдэн үг хэлсэн чинь Г гэх эмэгтэй иймхэн жаахан хүүхдийг хулгайд хардлаа гэж уурлаад намайг хойд ширээнээс аяга аваад тогооны буланд тавихын хооронд түс тас болоод явчихсан. Намайг харж байхад хогийн шүүрний нарийхан төмөр ишээр баруун гуя руу нь, зүүн гарын дээд хэсэг рүү нь цохиж байсан. Сүүлд нь охиноосоо асуухад тэрнээс өмнө толгой руу нь болон зүүн гуя руу нь цохисон гэж хэлсэн. Тэрүүхэн хооронд би болиоч ээ, байг гэж хэлж байсан. Г тэр хэдийг гарсны дараа манай ач охин нүд нь хялайгаад, хоёр гар нь татаад орон дээрээ унасан. Тэгэхээр нь би эмнэлэг рүү очиж эмч дуудаж охиноо эмчид үзүүлсэн. Би өөрийн ач охин Н-ий баруун мөр хэсэгт нэг удаа гараараа цохисон. Шалтгаан нь Н-ий алга болсон гээд байсан гар утас гараад ирэхээр нь уулга алдаад мөр лүү нь цохисон юм. Би Э гэх айлд орж айраг уучихаад буцаад гэртээ орж ирэхэд Г хүү Б мөн А-ын хүүхдүүд болох А, А нарын хамт орж ирсэн байсан. Г манай хүүхдийг загнаад уйлуулчихсан хогийн шүүрний нарийхан төмөр иш барьчихсан зогсож байсан. Би үдшийн бүрийд юу болж байгаа юм, ямар муухай юм бэ? гэхэд Г “муухай юм болохыг та нар өөрсдөө өдсөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өдсөн гэж юу яриад байгаа юм. Манай хүүхдийн утсыг танай хүүхэд аваад явсан байна гэж хэлэхэд, Г юун утас, манай хүүхэд танай хүүхдийн утсыг аваад байхдаа яадаг юм гэж хэлсэн. Тухайн үед гартаа барьсан хогийн шүүрний төмрөө дээш өргөөд хөдөлгөөд байсан юм. Тэгэхээр нь би урдуур нь орох гэж байгаад зуухны урд байх түлээний савандаа бүдэрсэн. Тэрийг л манай хүүхэд намайг түлхсэн гэж харсан байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 123/

 

                Насанд хүрээгүй гэрч А.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г эгч хүний хүүхэд гүтгэлээ гээд гартаа барьж байсан хогийн шүүрний төмөр ишээр Н-ий толгой руу цохих гэж оролдсон чинь Н зүүн гарынхаа шуугаар цохилтыг нь хаасан. Н гараараа хааж байх шиг хальт харагдсан. Яг толгойг нь цохисон үгүйг сайн харж чадаагүй. Г эгч эмээг нь түлхсэн зүйл огт болоогүй. Ч эмээ тухайн үед огт гэрээсээ гараагүй. Ч эмээ Н-ийг нэг удаа цохисон.Тэгэхдээ нуруу, шилэн хүзүү орчимд нь цохисон. Миний харснаар Г эгч Н-ийг цохиогүй. Н уйлж байсан. Өөр зүйл мэдэхгүй байна. Тухайн үед Г эгч хогийн шүүрний ишээр хүүхдүүд рүү заагаад ярьж байсан юм. Тэрийг нь би цохих гэж байна гэж харсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 26, 118/

 

                Насанд хүрээгүй гэрч А.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэр өдөр би 15 цагийн үед хойд айл болох Н эгчийн дүү нартай хашаанд тоглож байхад Түвдэг гэрээсээ нэг гар утас аваад гараад ирсэн. Хэний гар утас юм бэ? гэж асуухад миний гар утас гэсэн. Тэгээд бид гурав гар утсаар тоглож байгаад цэнэг нь дуусах гээд байхаар нь 15 цаг 42 минутад Н эгчийн гэрт орж баруун хойд талын орных нь хөл дээр гар утсаа цэнэглээрэй гэж хэлээд явсан. Орой 20 цаг болж байхад Г эгч юу яриад байгаа юм бэ? манай хүүхэд гар утас аваагүй хэдүүлээ хойшоо очиж уулзъя гэж хэлээд А, Б, Б бид хэд Н эгчийн гэр рүү очсон. Б-ын өмсөж байсан хувцасны халаасыг шалгахад гар утас гарч ирээгүй. Тэгээд Г эгчид өдөр гар утсаар тоглож байгаад орон дээр тавьсан гэж хэлтэл орон дээр байсан хувцсыг сөхөөд үзэхэд алга болсон гар утас нь гараад ирсэн. Ч эмээ Н-ий нуруу хэсэгт нь нэг удаа мөн шилэн хүзүү хэсэгт нь нэг удаа цохисон. Г эгч Н-ий гарынх нь бугуй хэсэг рүү барьж байсан хогийн шүүрнийхээ ишээр түлхэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32, 114/

 

        Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9  сарын 23-ны өдрийн 198 дугаартай:

        1. Б.Н-ий биед тархи доргилт, зүүн бугалга, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

         2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Н-ий биед үүссэн тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн бугалга, баруун, зүүн гуянд үүссэн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

         4.

 

 
   

 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

 

        5. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/

        Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

        Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 39-40/

        Н.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57/

        Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 58/

        Хаягийн тодорхойлолт /хх-ийн 59/

        Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/

        Төрийн банкны 2021 оны 10 сарын 18-ны өдрийн  21/56 дугаартай албан бичиг /хх-ийн 64/

          Хас банкны 2021 оны 10 сарын 25-ны өдрийн  396 дугаартай албан бичиг /хх-ийн 65/

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /хх-ийн 66/

         Шүүхээс буцсан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах тухай тогтоол /хх-ийн 102-103/

        Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд шинжлэн судлуулахаар гаргаж өгсөн охин М.Х, хүү М.Б, М.Н нарын төрсний гэрчилгээ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-д200.000 төгрөгийн хохирол төлсөн тухай шүүгдэгч Н.Гийн Хаан банкны дансны хуулга болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Н.Г нь 2021 оны 9 сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар баг Далай 11-02 тоотод оршин суух Б.Н-ийг/насанд хүрээгүй/ өөрийн хүү М.Б-ыг гар утасны хулгайд сэрдсэн гэх шалтгаанаар хогийн шүүрний хөндий төмрөөр толгой руу нь цохиж түүний эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. 

 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч Н.Г нь 2021 оны 9 сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар баг Далай 11-02 тоотод оршин суух Б.Н-ийг/насанд хүрээгүй/ өөрийн хүү М.Б-ыг гар утасны хулгайд сэрдсэн гэх шалтгаанаар хогийн шүүрний хөндий төмрөөр толгой руу нь цохиж түүний эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

      шүүгдэгч Н.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний буруу” гэх,

      насанд хүрээгүй хохирогч Б.Н-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 9 сарын 18-ны өдөр манай хамар хашааны Б гэх хүүхэд өдөр 17 цагийн үед миний гар утсыг авч бичлэг үзэж байгаад миний утсыг аваад зугтаагаад явсан. ...Тэгээд намайг Быг хулгайд сэрдлээ гээд миний толгой руу нарийхан урт төмрөөр 1 удаа цохиод, дараа нь миний зүүн дал руу нарийхан урт төмрөөр 2,3 удаа цохиод зүүн гуяны урд талын хэсэг рүү гартаа барьж байсан нарийхан урт төмрөөр цохисон. ...Тэгээд Г эгч хүүхдээ дагуулаад гэрээс гараад явсан”  гэх

гэрч Ч.Б-ийн: “..Би 2021 оны 9 сарын 18-ны орой айлд очиж гүү саачихаад 11 цагийн үед гэртээ орж ирсэн чинь манай охин Н гар нь татчихсан байж байсан. Би “юу болсон бэ?” гэж асуусан чинь манай хамар хашааны Г гэх эмэгтэй орж ирж зодсон байсан. Тэгээд охиноо эмнэлэгт үзүүлж, цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн” гэх

          гэрч Д.Ч-ын: “...2021 оны 9 сарын 18-ны өдөр 15 цагийн орчим манай ач охин Н эмээ Б миний гар утсыг шүүрч аваад зугтаачихлаа гэж хэлэхээр нь би нэг их тоохгүй тоглож байгаад л аваад ирэх байлгүй гэж хэлсэн. ....20, 21 цагийн орчим гар утсыг нь авч зугтсан хүүгийн гэрийн гадаа очсон чинь хашааныхаа гадаа Г гээд ээжтэйгээ Б гарч ирсэн. Баас миний хүү Н-ий гар утсыг гаргаад өгчих гэж хэлсэн чинь Б дуугарахгүй ээж нь өмнөөс миний хүү хүний утас авахаар болоогүй, миний хүү өөрөө гар утастай гэж хэлсэн. ...Намайг харж байхад хогийн шүүрний нарийхан төмөр ишээр баруун гуя руу нь, зүүн гарын дээд хэсэг рүү нь цохиж байсан. Сүүлд нь охиноосоо асуухад тэрнээс өмнө толгой руу нь болон зүүн гуя руу нь цохисон гэж хэлсэн.” гэх

      насанд хүрээгүй гэрч А.А-ын: “Тэр өдөр би 15 цагийн үед хойд айл болох Н эгчийн дүү нартай хашаанд тоглож байхад Түвдэг гэрээсээ гар утас аваад гараад ирсэн. Хэний гар утас юм бэ? гэж асуухад миний гар утас гэсэн. Тэгээд бид гурав гар утсаар тоглож байгаад цэнэг нь дуусах гээд байхаар нь 15 цаг 42 минутад Н эгчийн гэрт орж баруун хойд талын орных нь хөл дээр гар утсаа цэнэглээрэй гэж хэлээд явсан. Орой 20 цаг болж байхад Г эгч юу яриад байгаа юм бэ? манай хүүхэд аваагүй хэдүүлээ хойшоо очиж уулзъя гэж хэлээд А, Б, Б бид хэд Н эгчийн гэр рүү очсон. Б-ын өмсөж байсан хувцасны халаасыг шалгахад гар утас гарч ирээгүй. ...Г эгч Н-ий гарынх нь бугуй хэсэг рүү барьж байсан хогийн шүүрнийхээ ишээр түлхэж байсан.” гэх мэдүүлгүүд болон Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 сарын 23-ны өдрийн 198 дугаартай Б.Н-ий биед тархи доргилт, зүүн бугалга, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Б.Н-ийн биед үүссэн тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь; “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм.   

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд холбогдуулж Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

      

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүгдэгч Н.Г-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

       Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн элэгийн хатуурал өвчний улмаас Улаанбаатар хотод эмнэлэгт байнга үзүүлдэг хувийн байдал болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан, шүүгдэгч Н.Г-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

   Шүүгдэгч Н.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

          Шүүгдэгч Н.Г-ийн хууль бус үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Н-ий эрүүл мэндэдтархи доргилт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-д 200.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /хх-ийн 66 тал/ шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн шүүгдэгчийн Хаан банкны дансны хуулга зэргээр нотлогдож байна.

 

       Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч У овогт Н-ийн Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Шүүгдэгч У овогт Н-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-д 200.000 төгрөг төлсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгчээс шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судлуулахаар эх хувиар нь гаргаж өгсөн М-ын Х, М-ын Б, М-ын Н нарын төрсний гэрчилгээг хуулбарлан хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Н-д даалгасугай.

 

          8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР