Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,

Шүүгдэгч Д.Эрдэнэбаатар, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Кидан овогт Домоогийн Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн 201625021127 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Кидан овогт Домоогийн Эрдэнэбаатар, Монгол улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Жаргалант дулаан” ХХК-д сантехникчээр ажилладаг, ам бүл 6, эхнэр, 3 охин, хүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 5546 тоот хашаанд оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй /РД:ПЮ70032679/;

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Эрдэнэбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хадатын Ам” гэх газарт иргэн Б.Бадраатай “цоологч багажаа хэрэглүүлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, толгойгоороо 3 удаа мөргөсний улмаас бие махбодид нь “4 шүдний булгарал, 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал, буйл, уруулын цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт бүхий” хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр алдагдуулах хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эрдэнэбаатар мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Хохирогч Б.Бадраа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 03 сарын

 

24-ний өдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын аманд Эрдэнэбаяр гэх хүний зуслангийн байшинг барьж эхэлсэн юм, манай бригад нийт 6 хүнтэй бөгөөд миний төрсөн дүү Б.Отгонжаргал, н.Баянмөнх, н.Пүрэв-Очир, н.Хүлэгбаатар, н.Баасанжав бид 6 ажилладаг юм. Тэгтэл 2016 оны 04 сарын 12-ны өдрийн 13:00 цагийн үед манай барилгын газар сангийн ажил хийхээр 5 хүн ирсэн бөгөөд сангийн ажил хийхээр 4 хүн ирсэн бөгөөд сангийн ажпаа эхлүүлэх гээд Эрдэнэбаатар гэх хүн над дээр ирээд байшингийн хана цоолоод өг, бид нар ажпаа эхлэмээр байна гэхээр нь би Эрдэнэбаатарт энд цоолоод өгөх завтай хүн алга гэж хэлтэл тэгвэл ядаж цоологч багажаа өгчих гэхээр нь чадахгүй, та нар өөрсдөө багажтай ирэх ёстой гэж хэлээд чи даргынхаа утсыг өгчих гэж хэлээд 8811-ээр эхэлсэн утасны дугаарлуу утасдаад би танай хүмүүст багаж хэрэгслээ өгч чадахгүй, багаж өгч явуулахгүй яасан юм бэ гэж хэлтэл за за гэж хэлээд тасалсан. Утсаа тасалсаны дараа Эрдэнэбаяр гэх хүн тэдний дарга гэх хүнтэй ярьсны дараа даргатай ярьдаг яасан овоо залуу вэ гэх зэргээр хэрүүл өдөж эхэлсэн ба бид хоёр тэр үед бага зэрэг маргаж байгаад больсон юм. Тухайн үед бид хоёр аль аль нь халамцуу байсан юм. Сүүлд Эрдэнэбаатар багажаа өгчих гээд гуйгаад байхаар нь тэгвэл доошоо дэлгүүр ороод ганц шил архи аваад ирье, тэгээд багажийг минь ав, харин өөрсдөө цоолоорой бид нар цоолж өгч чадахгүй шүү гэж хэлээд тэдний инженер гэх нүдний шилтэй залуугийн цагаан саарал өнгийн автомашинд манай ажилчин Пүрэв-Очир бид хоёр Эрдэнэбаатар болон нүдний шилтэй залуу болон нэг өндөр шардуу залуу бид тав суугаад Сэлхийн ойролцоох ногоон өнгөтэй дэлгүүрийн гадаа очиж зогсоод би ганцаараа бууж дэлгүүр орсон ба нөгөө 4 машиндаа сууж байсан, би дэлгүүрээс 1 ширхэг 0.75 литрийн Ерөөл архи авч гарч ирээд машинд орж суугаад буцаад Хадат руу явж байтал Эрдэнэбаатар надад багажаа өгчихгүй хогийн зантай юм бэ гэхээр гэхээр нь би албатай юм уу гэж хэлтэл зүүн гараараа миний цамцнаас заамдаж аваад боож байгаад баруун гараараа шүд рүү 2 удаа цохиж, мөн толгойгоороо 3 удаа мөргөсөн юм, тэгэхэд миний 4 шүд тус автомашин дотор унаж амнаас нь цус гарсан. ... Миний үүдэн 4 шүд унасан ба 2 шүд хөдөлчихсөн байсан ба хувийн эмнэлэгт үзүүлэхэд хөдөлсөн 2 шүдний 1 нь цуурчихсан нөгөөтөх нь буцаж угаасаа тогтохгүй хөдөлгөөн орчихсон байна, авахаас өөр арга алга гэж эмч нь хэлсэн. ... Би бүрэн бүтэн шүдтэй болмоор байна, тагнаанд наадаг биш суулгадаг шүдтэй болчихвол гомдол санал, нэхэмжпэх зүйл алга, 6 шүдээ нэхэмжилж байна…” гэсэн мэдүүлэг  /хх-15/,

Гэрч Ц.Алтан-Очир мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би Бадраа гэх залуу дээр очоод нүхээ цоолоод өг бид нар ажпаа эхэлмээр байна гэж хэлтэл Бадраа архи үнэртүүлчихсэн бага зэргийн согтолттой өөдөөс цоолж өгч чадахгүй гэж хэлэхээр нь  дарга Батбаяр гэж хүн рүү утасдаад энд байгаа хүмүүс чинь нүхээ цоолж өгч чадахгүй байна гэж хэлтэл дарга цаашаа нөгөө байшин бариулж байгаа эзэн Эрдэнэбаяр луу залгаад тэнд байгаа хүмүүсээрээ нүхээ цоолуулаад өг, манай хүмүүс ажпаа хиймээр байна гэж хэлсэн юм билээ. Тэгтэл байшин бариулж байгаа Эрдэнэбаяр гэх хүн над руу утасдаад би наад хүмүүст чинь хэлчихлээ байж байгаад цоолоод өгчих байх гэтэл Бадраа цоолж өгч чадахгүй, өөрсдөө цоол бид нар багажаа өгөхгүй гээд байсан. Тэгтэл Эрдэнэбаатар, Бадраа хоёр хоорондоо бага зэрэг маргалдсан ба Эрдэнэбаатар “та нар цоолж өгөхгүй бол бид нар хамаагүй том нүх гаргаад цоолчино” гэж хэлээд хэрэлдэж байгаад удалгүй тэр хоёр удалгүй эвлэрээд Бадраа нь цоолж өгөхөөр болсон юм. ... дэлгүүр орсон хойгуур

 

хойд талын суудал дээр Эрдэнэбаатар, Бадраа хоёр хоорондоо дүнзэн байшингийн нүх цоолох тухай яриад байсан би утсаараа тоглоом тоглоод сууж байсан болохоор сайн анхаарч сонсож чадаагүй, тэгтэл гэнэт тэр хоёр хоорондоо заамдалцаж аваад зодолдоод эхлэхээр нь би машинаас буугаад хаалга онгойлгоод тэр хоёрыг салгаад Эрдэнэбаатар ахыг машинаас буулгатал машин дотор цус асгарчихсан Бадраа гэх залуугийн хамар, амнаас нь цус гарч байсан. ... Байшингийн ханын нүх ухаад өгөөч гэхээр нь үгүй чадахгүй гэж хэлээд тэгээд л хоорондоо маргалдсан, ер нь тэр асуудлаас болж зодолдсон юм. ... Хадатаас машинд суугаад дэлгүүрлүү архи авахаар явахад Бадраагийн шүд болон нүүрэнд ямар нэгэн гэмтэл байгаагүй, харин Эрдэнэбаатартай маргалдаж, зодолдсоны дараа шүд нь уначихсан байсан, ... Эрдэнэбаатараас өөр хүнтэй зодолдоогүй…” гэсэн мэдүүлэг /хх-17/,

Гэрч Ц.Отгонбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…би Бадраагийн найзтай дэлгүүрлүү архи авахаар ороод бид хоёр нэг шил 0.75 литрийн Ерөөл архи авчихаад гараад иртэл Бадраа, Эрдэнэбаатар хоёр хоорондоо маргалдчихсан харин Алтан-Очир тэр хоёрын голд орчихсон салгах гээд зогсож байсан, тухайн үед Бадраагийн амнаас цус гоожоод байсан.…” гэсэн мэдүүлэг /хх-21/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5159 дугаартай актын дүгнэлт:

1. Бадраагийн биед 4 шүдний булгарал, 1 шүднийн хугарал, 1 шүднийн сулрал, буйл, уруулын цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. 4 шүднийн булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 15% нөлөөлнө. /хх-36/,

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, /хх-51/,

Нийслэлийн улсын бүртгэлийн газрын тодорхойлолт /хх-52/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53/,

Шүүгдэгч Д.Эрднэбаатарын хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд             /хх-56-62/,

Хохирол төлсөн баримт, /хх-49/,

Хохирогч Б.Бадраагийн шүүхэд ирүүлсэн “…Б.Бадраа би 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Д.Эрдэнэбаатараас нэг сая төгрөг авлаа. Миний бие одоо Эрдэнэбаатарт гомдох гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй. Урьд нь мөрдөн байцаалтын шатанд 1.150.000 төгрөг авсан нь үнэн. Нийт 2.150.000 төгрөг авсан.” гэх хүсэлт /хх-87/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Эрдэнэбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хадатын Ам” гэх газарт иргэн Б.Бадраатай “цоологч багажаа хэрэглүүлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, толгойгоороо 3 удаа мөргөсний улмаас бие махбодид нь “4 шүдний булгарал, 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал, буйл, уруулын цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт бүхий”

 

хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр алдагдуулах хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч Б.Бадраагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-15/, гэрч Ц.Алтан-Очирын мөрдөн байцаалтад өгсөн  мэдүүлэг /хх-17/, гэрч Ц.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-21/, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5159 дугаартай актын дүгнэлт:  Бадраагийн биед 4 шүдний булгарал, 1 шүднийн хугарал, 1 шүднийн сулрал, буйл, уруулын цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  … гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-36/, шүүхийн хэлэлцүүлэгт Д.Эрдэнэбаатарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэг авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Эрдэнэбаатарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Эрдэнэбаатар нь хохирогч Б.Бадраад 2.150.000 төгрөг төлж гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх ба шүүгдэгч Д.Эрдэнэбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, гэм хорын хохирлыг төлж барагдуулсан, мөн гэм буруугаа хүлээж чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Эрдэнэбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Кидан овогт Домоогийн Эрдэнэбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Д.Эрдэнэбаатарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Эрдэнэбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Эрдэнэбаатар  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Эрдэнэбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр

 

хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Эрдэнэбаатарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Эрдэнэбаатарт авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР