Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 28

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолтой, Э.Н д холбогдох 1728000670008 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Бэйс овгийн Э.Н  /регистрийн дугаар: ........................../ , Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1985 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, 8-р цэцэрлэгт угаагч ажилтай, ам бүл 11, эцэг, эх, охин, дүү нарын хамт амьдардаг, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1-р баг, ....................... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. 

          Э.Н  нь 2017 оны 09 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 00 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг, Баруун сайхны 7-31 тоот гэртээ төрөөд 7 хонож байсан хүү Н.Б-ийг өвөртөлж унтаж байхдаа амьсгал бүтэлтэнд хүргэсний улмаас Н.Б  нас барж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдсон гэж прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

          Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Н ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Н д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар Э.Н  нь шүүхээс тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар Э.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Э.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Прокурор эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

          Яллагдагч Э.Н  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3 дэх хэсэгт заасан журмын дагуу яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч, тогтоол гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналаа яллагдагчид танилцуулж, яллагдагч зөвшөөрч гарын үсэг зурснаар яллах дүгнэлт үйлдэгдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

          Шүүх хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан зарлан явуулсан. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн талаар дүгнэлт хийж хуулийн заалтыг баримтлаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

          Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэснийг зөрчиж шүүгдэгч Э.Н д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлд заасан ердийн журмыг баримтлан прокурорын саналаас зөрүүтэй эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

          Иймд анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул Э.Н д холбогдох Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:         

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүгдэгч Э.Н д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагатай нийцсэн байна гэж үзлээ.

 Шүүгдэгч Э.Н  нь 2017 оны 9 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнийн 00 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 баг, баруун сайхны 7 дугаар гудамжны 31 тоотод байрлах гэртээ төрсний дараах 7 хоногтой нярай өөрийн хүү Н.Б-ийг өвөртөлж унтахдаа амьсгал бүтэлтэд хүргэж амь насыг болгоомжгүйгээр хохироосон нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларч бэхжсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар:

Шүүгдэгч Э.Н ий мөрдөн байцаалтад өгсөн: би хүүгээ хөхөөрөө дарсан байх. Тухайн үед нам унтсан байсан,

Шүүгдэгч Э.Н ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: хүүгээ орой 21 цаг өнгөрөөгөөд хөхүүлээд унтуулсан, 00 цаг өнгөрөөгөөд хөхүүлэх гээд харахад царай нь хөхөрсөн байсан...Өөрийн хүүгийн амь насыг хохироосондоо харамсаж байна,

Гэрч Э.Ч гийн мөрдөн байцаалтад өгсөн: намайг унтаж байхад шөнийн 00:20 цагийн үед хүмүүс шуугилдаад сэрэхэд аав, ээж, ах Б нар ирчихсэн байсан. Тэгээд эмч нар, дараа нь цагдаа ирсэн. Э.Н  эгч уйлаад байсан,

Гэрч С.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: Миний том охин Э.Н  сая 2017 оны 8 дугаар сарын 29-нд төрж хүүтэй болж Ба нэр өгсөн юм. Шөнө 12 цаг 40 минутын үед зүүн гэрээс охин Э.Н  ээжтэйгээ яриад хүүхэд хачин болчихлоо гэхээр нь эхнэрийн хамт ороход хүүхэд царай нь хөх болчихсон байхаар нь эмч дууд гэж хэлсэн, удалгүй эмч ирээд охины маань нярайг үзээд зүрх нь зогссон байна гэсэн мэдүүлгүүд,

Мөн Өмнөговь аймгийн шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 58 дугаартай талийгаач амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ. Талийгаачид үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Э.Н  нь нярай хүүхдээ амьсгал бүтэлтээр амь насыг хохироох үйлдлийг санаатай хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин уг хор уршигт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан нь нотлогдсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч

хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж зааснаар үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна. 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад прокурорын эсэргүүцлийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

1. Мөрдөгч нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Э.Н д холбогдох 1728000670008 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган, хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг прокурорт гаргасан байна. /хэргийн 71 дүгээр хуудас/

Хэргийн материалд прокурор нь мөрдөгчөөс мөрдөн байцаалт явуулж дуусгасан хэргийн материалыг хэзээ хүлээн авсан өдөр нь тодорхойгүй боловч хэрэг прокурорын хяналтанд байх хугацаанд яллагдагч Э.Н  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг прокурорт гаргажээ. Энэ хүсэлтийг прокурор 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 55 минутанд хүлээн авч дардас дарж баталгаажуулсан байна. /хэргийн 72 дугаар хуудас/

Яллагдагчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг үндэслэн Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүсэлтийг хангах тухай 04 тоот тогтоолыг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргажээ. /хэргийн 74-76 дугаар хуудас/

Энэ 04 тоот прокурорын тогтоолын доод талд “танилцсан Э.Н  ” гэж гарын үсэг зурсан байгааг уг тогтоолтой танилцсан гэж үзнэ.

Харин яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулсан баримт хэрэгт байхгүй тул прокурорыг яллагдагчид хуульд заасан мэдээлэл авах эрхээ эдлэх нөхцлийг бүрдүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид өөрөө буюу мөрдөгчөөр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулах үүргээ прокурор биелүүлээгүй гэж үзнэ.   

2. Прокурорын байгууллагад яллагдагч Э.Н ий хүсэлт ирэхээс 05 минутын өмнө буюу  2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 50 минутанд мөн өдөр  үйлдсэн 41 тоот яллах дүгнэлтийг яллагдагч Э.Н д гардуулсан тэмдэглэл хэрэгт авагдсан байх тул прокурорыг яллагдагчийн хүсэлтийг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.   /хэргийн 74, 78 дугаар тал/

3. Хэргийн 77 дугаар хуудсанд яллагдагчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал гэсэн баримт авагдсан, мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд улсын яллагчийн “ялын хувьд

тохиролцсоноо ойлгосон” эсэхийг асуусан асуулт, яллагдагчтай оногдуулах ял шийтгэлийг тохиролцсоны үндсэн дээр ялын санал гаргасан” гэх дүгнэлт тэмдэглэгдсэн байна.   /хэргийн 77, 84 дүгээр хуудас/

Хэрэгт хэргийн зүйлчлэл, хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээний талаар прокурорын танилцуулсан санал, яллагдагч түүнийг зөвшөөрснөө илэрхийлж гарын үсэг зурсан баримт  байхгүй байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд ялын төрлийг, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг заасан тул прокуророос яллагдагчид ялын талаар санал гаргаж, харин  тэнсэх, албадлагын арга хэмжээний талаар тохиролцоогүй гэж үзнэ.

Яллагдагчийн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авахаас өмнө болон хойно гаргасан прокурорын шийдвэрүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 2, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурор нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд хүсэлтийг хүлээн авах тогтоол үйлдэж, хэргийн зүйлчлэл, хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээний талаар саналаа танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж үүний дараа яллах дүгнэлт үйлдэх журамтай нийцэж гараагүй гэж үзлээ.

Энэ нь шүүх яллагдагчийн хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх хүсэлтээр хэргийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй, харин шүүхээс Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасан хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх нөхцөл байдал хангагдаагүй гэж хуулийн мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргах үндэслэл бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогдсон гэж үзэхээр байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан нөхцөл хангагдсан тохиолдолд хэргийг богино хугацаанд,  хуульд заасан оногдуулбал зохих ялаас хөнгөн ял оногдуулах боломжийг бүрдүүлж, нөгөөтэйгүүр хэргийн талаар шалгавал зохих ажиллагааг бүрэн хэрэгжүүлэх  шаардлагыг үгүйсгэдэг. Гэвч Э.Н д холбогдох хэргийн хувьд нотолбол зохих  байдлыг нотлон мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хэмжээгээр хийж явуулсан байсан. Түүнчлэн хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх хуульд заасан журмыг хангаагүй шүүхэд ирсэн байсан тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцсэн гэж үзэв.

Э.Н ийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан зарим гэмт хэрэгт хамаараагүй байна.

Шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах шүүгчийн захирамждаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн холбогдох зүйл, хэсгийг баримталсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  ял оногдуулах шүүх хуралдаан товлон зарлаагүй бөгөөд мөн хуулийн 33 дугаар бүлэгт заасныг баримтлан яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаан зарласан гэх эсэргүүцлийн үндэслэл бодит байдалтай нийцэхгүй байна.

Иймд прокурорын шүүхийн шийтгэх тогтоолд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн талаар дүгнэлт хийж, хуулийг заалтыг баримтлаагүй Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй гэх эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

           

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                         Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА