Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2014/0127

 

Г.Б-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, гуравдагч этгээд Т.Н, түүний өмгөөлөгч Ч.Н нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар шийдвэрт гуравдагч этгээд Т.Н болон гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.Б-ы нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга бөгөөд улсын ерөнхий бүртгэгчийн 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар тушаалын “Нэг”-ийн 12 дахь заалт,

2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр маргаан бүхий орон сууцыг К банкны барьцаанаас чөлөөлж бүртгэсэн бүртгэл,

2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000020059 дүгээр гэрчилгээг Г.Бд олгосон бүртгэл,

2007 оны 6 дугаар сарын 14-ний өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр иргэн Т.Н-ийг бүртгэсэн бүртгэл болон 000020060 дугаар гэрчилгээ,

2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр “М т” ХХК-ийг бүртгэсэн бүртгэл болон 000102395 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...хуульд заасан журмын дагуу хэлцлийг үндэслэн бүртгэлийг хийсэн ба Эд хөрөнгийн өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааны дагуу нотариатчийн гэрчилсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу уг орон сууцны өмчлөгчөөр Т.Нийг бүртгэн гэрчилгээ олгосон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Мөн Г.Б-ы К банктай байгуулсан гэрээний бүртгэлээс үзэхэд уг бүртгэл хуулийн дагуу бүртгэгдсэн нь тогтоогдож байх тул хүчингүй болгох үндэслэлгүй.

Иймд Иргэний хуулийн 183.1, Эд хөрөнгийн өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1-д заасанчлан бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцсэн тул хүчингүй болгох үндэслэлгүй.” гэжээ.

Гуравдагч этгээд Т.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "... 2005 онд “М т” ХХК-д шатахуун түгээх станцын газар худалдан авах үед Г.Б 2 өрөө байрыг хамт худалдан авсан. Харин дараа нь гэрчилгээгээ үрэгдүүлсэн гэсэн шалтгаанаар 2007 онд гэрээ хийж надад шилжүүлсэн. Г.Б нь өөрөө нөхрийнхөө гарын үсгийг зуруулж, итгэмжлэл авч, бүртгүүлэх, гээгдүүлсэн гэж зарлуулахад нь би хамт явж байсан. Тухайн байранд би засвар хийн “М т” ХХК-д худалдсан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “М т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Манай компанийн хувьд 2010 оны 6 дугаар сарын 25-нд иргэн Т.Н-оос бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Ү-1902000830 тоот улсын бүртгэлд бүртгүүлсэн орон сууцыг шилжүүлэн авсан болно. Дээрх орон сууцыг Т.Н нь иргэн Г.Б, Ж.Н нараас 2007 онд худалдан авсан нь хавтаст хэргийн баримтаас харагдаж байна. Г.Б, Ж.Н нар нь 2007 онд орон сууцаа бусдад худалдаад энэ тухайгаа 2012 онд буюу бүтэн 5 жилийн дараа байраа бусдад худалдсаныг мэдсэн гэх нь бодит амьдралд нийцэхгүй хийсвэр зүйл байна. Г.Б, Ж.Н нарын үйлдэл нь цаг хугацааны хувьд орон сууцаа бусдад худалдсан гэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4., Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2., 7 дугаар зүйлийн 7.7, 18 дугаар зүйлийн 18.5., 18.6., 28 дугаар зүйлийн 28.1., 31 дүгээр зүйлийн 31.1. дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга бөгөөд улсын ерөнхий бүртгэгчийн 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар тушаалын “Нэг”-ийн 12 дахь заалт,

2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр маргаан бүхий орон сууцыг К банкны барьцаанаас чөлөөлж бүртгэсэн бүртгэл,

2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000020059 дүгээр гэрчилгээг Г.Бд олгосон бүртгэл,

2007 оны 6 дугаар сарын 14-ний өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр иргэн Т.Нийг бүртгэсэн бүртгэл болон 000020060 дугаар гэрчилгээ,

2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр “М т” ХХК-ийг бүртгэсэн бүртгэл болон 000102395 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Т.Н давж заалдах гомдолдоо: “Тус шүүхийн шийдвэр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3-р зүйлийн 3.1.4 заалт Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1.2 7-р зүйлийн 7.7 18-р зүйлийн 18.5.6, 28-р зүйлийн 28/1/,31-р зүйлийн 1-дэх хэсгийн баримтлан Г.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, УБЕГ-ын газрын даргын 2007 оны 02-р сарын 16-ний өдрийн 25 тоот тушаалын 1-12 дах заалт, 2007 оны 6-р сарын 20-ний өдрийн маргаан бүхий орон сууцны К банкны барьцаанаас чөлөөлсөн бүртгэл, 2007 оны 6-р сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000020059 дугаар гэрчилгээг Г.Бд олгосон гэрчилгээ, 2007 оны 6-р сарын 14-ны өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөлөөр иргэн Т.Нийн бүртгэсэн бүртгэл болон 000020060 дугаар гэрчилгээ, 2010 оны 6-р сарын 25-ны өдрийн маргаан бүхий орон сууцны өмчлөлөөр “М т" ХХК-ийн бүртгэл болон 000102395 гэрчилгээг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн хуулийг буруу хэрэглэж нэг талын барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үүнээс гадна анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг 2013 оны 10-р сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ шүүх хуралдааны төгсгөлд шүүгч Н.Дамдинсүрэн нэхэмжлэгч Г.Бд гаргасан нэхэмжлэлийн талаар хувийн өмгөөлөгч мэтээр зөвлөгөө зааварчилгаа өгч нэхэмжлэлийн шаардлагыг зааж өгч, нэхэмжлэлийн шаардлагадаа нэмэгдүүлсэн болгон хуралдааныг дуусгасан нь МУ-ын шүүхийн тухай ноцтой алдаа гаргаж зөрчсөн. Түүнийгээ ч тус шийдвэрийнхээ тэмдэглэх хэсэгт мөн бичсэн байна.

Анхан шатны шүүх хурал дээр гуравдагч этгээд надаас гаргасан тайлбарт Г.Б-ы нэхэмжлэлийн талаар: Нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд, Захиргааны шүүхийн харьяалал зөрчсөн байна. Мөн зарим шаардлагын талаар Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн заасан "Төрийн захиргааны эрхийн акт"-ыг шүүхээс өмнө урьдчилан хэлэлцэх шийдвэрлэсэн байх заалтыг зөрчиж шийдвэрлүүлээгүй байна гэсэн тайлбар үндэслэлүүдийг үнэлж дүгнээгүй шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэн болох нь тодорхой харагдаж байна.

-Анхан шатны шүүх хурал дээр хариуцагч Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: "Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой Эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн" тухай хуулийн 24- зүйлийн 24.1-д "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийн үндэслэн уг шилжилтийг эрхийн Улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана" гэсэн заалтын дагуу бүртгэлийн хуулийн дагуу бүртгэсэн гэсэн байхад Иргэний шүүхийн хэргийн харьяалал бүхий Үл хөдлөх эх хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл хүчинтэй эсэх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар анхан шатны шүүх үнэлж дүгнээгүй байдаг.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 5-р шүүхийн 2014 оны 01-р сарын 23- ний өдрийн 02 тоот шийдвэрийг дээрх үндэслэлүүдээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “М т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ““М т" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э миний бие захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 02 тоот шийдвэрийг эс зөвшөөрөн доорх гомдлыг гаргаж байна.

Манай компанийн хувьд 2010 оны 6 дугаар сарын 25-нд иргэн Т.Н-оос бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Ү-1902000830 тоот улсын бүртгэлд бүртгүүлсэн орон сууцыг /үл хөлдөх эд хөрөнгө шилжүүлэн авсан болно.

Дээрх орон сууцыг Т.Н нь иргэн Г.Б, Ж.Н нараас 2007 онд худалдан авсан нь хавтаст хэргийн баримтаас харагдаж байна. Г.Б, Ж.Н нар нь 2007 онд орон сууцаа бусдад худалдаад 2012 онд буюу бүтэн 5 жилийн дараа байраа бусдад худалдагдсаныг мэдсэн гэх нь бодит амьдралд огт нийцэхгүй, орон сууцыг үнэгүй хямд байх үед бусдад өгч, үнэд орсон үед нь буцаан авах гэж оролдож байна.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч Г.Б нь К банканд зээлтэй үүнийхээ барьцаанд орон сууцаа барьцаалсан гэдгээ зөвшөөрдөг бөгөөд тэрхүү зээлээ хэдийд яаж банкны өрөө төлсөн, барьцаанаас хэрхэн чөлөөлөгдсөн эсэхийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх тодруулалгүй шийдвэрлэжээ.

Иймд дээрх 02 тоот шийдвэрийг хүчингүй болгон захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхээр буцааж дахин шийдвэрлүүлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Г.Б Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, 5 дугаар байрны 61 тоотын орон сууцыг 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр бусдаас худалдан авсныгаа улсын бүртгэлд бүртгүүлснээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон улмаар 2005 оны 03 дугаар сарын 25-ны өдөр К банкнаас авсан зээлийн барьцаанд орон сууцаа барьцаалсныгаа улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Гэтэл өмчлөгч нар өөрсдөө мэдүүлэг хүсэлтээ гаргаагүй байхад барьцааны талаарх бүртгэл гэрээг дуусгавар болгох, Улсын ерөнхий бүртгэгчийн тушаалаар Г.Б-ы 000104137 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зэрэг шийдвэрүүд гарч орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ шинээр олгогджээ.

Өөрөөр хэлбэл 2007 оны бүртгэлүүдийг хийхэд Г.Б-ы гаргасан гэх мэдүүлэг, өргөдлүүд дээрх гарын үсэг болон бичгийн хэв түүнийхтэй тохирохгүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн болон Говьсүмбэр аймаг дахь шинжилгээний албаны шинжээч нарын дүгнэлтүүдээр тогтогдсоноос гадна хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчигдөж хүсэлт, өргөдлийг гаргахаас өмнө холбогдох шийдвэрүүд гарч, улсын бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаанууд явагдсан болох нь тогтоогдож байгаа тохиолдолд маргаан бүхий захиргааны актуудыг хууль ёсны гэж үзэх боломжгүй.

Иймд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, 5 дугаар байрны 61 тоотын орон сууцыг Т.Н, Т.Н-оос “М т” ХХК-д шилжүүлэн С бүртгэсэн бүртгэлүүдийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан үнэн зөв, бодитой байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзсэн нь зөв байна.

Дээрх болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Т.Н, “М т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдүүдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.