Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00223

 

М.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00619 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 758 дугаар магадлалтай,

М.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хууль бусаар баривчлагдсан, яллагдагчаар татагдсан, хилс хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн, гадагш явахгүй тухай баталгаа гаргасан болон цагдан хоригдсоны улмаас учирсан хохиролд 42.564.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, прокурор Ш.О, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч М.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие М Б ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, манай компани Баянзүрх дүүргийн 4 дүгээр нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны дээр мансард барьж, иргэдээс захиалга авч, худалдахаар болсон. Гэтэл намайг Д.Гансүх, Т.Чамин-Өлзий, н.Нямсүрэн нараас тэдгээрийн авах гэж тохирсон орон сууц дээр давхар гэрээ байгуулж, их хэмжээний мөнгө залилах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан. Би энэ хэрэгт нийт 1095 хоног мөрдөгдөж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд болон бие сэтгэлээр давхар хохирч, эд материалын хувьд маш их хэмжээний алдагдал хүлээсэн. Хилс хэрэгт шалгагдаж байх хугацаандаа зайлшгүй шалтгааны улмаас гэрлэлтээ цуцлуулсан ба намайг хоригдсон гэсэн мэдээг сонсоод төрсөн ах маань зүрхний шигдээс болж нас барсан. Түүнчлэн Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 507 тоот шийтгэх тогтоолоор надад 10 жил, 1 сарын хугацаатай хорих ял ногдуулж, 500.000 төгрөгөөр торгохоор болсон. Ийм ял шийтгэл ногдуулахад миний сэтгэл зүйд маш сөргөөр нөлөөлж, дарамт үүссэн, үүнээс өмнө би энэ мөрдөн шалгах үйл ажиллагааг эсэргүүцэн 11 хоногийн хуурай өлсгөлөн зарлаж, эрүүл мэндээрээ дэнчин тавьж байсан. Энэ хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч болон хяналт тавьж байсан прокурорын зүгээс надад удаа дараа сонсгосон ялыг өөрчилж, ямар нэгэн зүйл ангиар зүйлчилж, ял өгөх гэж дайрсан. Улсын дээд шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 141 тоот тогтоол гарсан даруй намайг мөн шүүхээс авч явж хорьсон. Би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс болон сэтгэл санааны хохиролд нийт 42.564.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд: хилс хэрэгт холбогдож, гадуур явахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээ авснаас Монгол Улсын нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрх хязгаарлагдсанаас учирсан хохиролд 1.000.000 төгрөг, нийт 1095 хоног мөрдөн байцаагдаж, шалгагдсанаас учирсан хохиролд 5.364.000 төгрөг, 200 хоног цагдан хоригдсоны хохиролд 10.000.000 төгрөг, 10 жилээр хорих ялаар шийтгэгдсэний хохиролд 3.000.000 төгрөг, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаны хохиролд 15.000.000 төгрөг, биеийн эрүүл мэндэд учирсан хохиролд 1.200.000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх хөлс 7.013.000 төгрөг болно. Бид энэхүү нэхэмжлэлийг бичихдээ сэтгэл санаанд учирсан хохирлыг шууд тооцоолох боломжгүй байсан. Хуульд зааснаар цагдан хоригдож байх үеийн авч чадаагүй цалин хөлс, олох байсан орлого, түүнчлэн хуулийн этгээдэд учирсан хохирлыг жич нэхэмжлэх болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...М.Г- нь нэхэмжилж байгаа төлбөрүүдийг юунд үндэслэн гаргасан, тухайн үндэслэл, төлбөрийн хэмжээ хэрхэн нотлогдож байгаа талаар баримт байхгүй байна. сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас алдар нэр, эрүүл, мэнд сэтгэл санааны ямар хохирол учирсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд нэхэмжилж буй төлбөрийн хэмжээг юунд үндэслэн гаргаж буй нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Ч.А-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль /2002/-д зааснаар нэхэмжлэгчийг тухайн үед зайлшгүй мөрдөж, хянан шалгах үндэслэл байсан бөгөөд энэ ажиллагааг хууль бусаар явуулаагүй. Нэхэмжлэлд дурдсан эдгээр сэтгэл санааны хохирол гэх шаардлагыг ямар аргачлалаар ийнхүү гаргаж ирсэн гэдгийг тодруулах хэрэгтэй. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 200 хоног цагдан хоригдсон гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн шүүхийн яллагдагчаар татсан этгээдийг хорих, мөн шийтгэх тогтоол болон Хорих 461 дүгээр ангиас ирүүлсэн албан бичгийг тус тус үзвэл нийт 67 хоног цагдан хоригдсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.-т зааснаар эд хөрөнгийн хохирлыг үнэлэх асуудал яригддаг. Гэтэл нэхэмжлэгч тал хууль зүйн туслалцаа үзүүлэхэд төлсөн 2.000.000 төгрөгөөс бусад нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж чадахгүй байна. Хэдийгээр тус хуулийн 45 дугаар зүйлийн 45.4.-т сэтгэл санаанд учирсан хохирлыг нөхөн төлөхөөр заасан боловч үүнийг хэрхэн тооцсон аргачлалын талаар тодорхой тайлбарласангүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд энэ үүргийн хүрээнд түүнд хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгчийн хөлс 5.013.000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцсон талаарх баримт байхгүйгээс гадна Иргэний хуулийн 230, 511 дүгээр зүйлд тус тус заасны дагуу сэтгэл санааны хохирлыг хуульд тусгайлан заасан тохиолдолд шаардах зохицуулалт хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00619 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7.-д тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас 5.565.710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36.998.290 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 758 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00619 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг ... 5.565.710 төгрөг гэснийг ... 10.565.710 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэрдэгдсэн бол түүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болно.” гэж заасан байх тул М.Г-ийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цагдан хорьсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй байхаар зохицуулжээ. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байгаа ч хуулийн дагуу нэхэмжлэгчээс учирсан хохирлоо нотлох үүргийг өөрөө хүлээхийг зааж өгчээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргийн байгаа баримтаас үзвэл М.Г-ийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилж байгаа төлбөрүүдийг юунд үндэслэн гаргасан, хэрхэн нотлогдож байгаа талаар баримт байхгүй, эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас алдар нэр, эрүүл мэнд, сэтгэл санааны ямар хохирол учирсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд нэхэмжилж буй төлбөрийн хэмжээг юунд үндэслэн гаргаж буй нь тодорхойгүй байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүхээс ямар үндэслэл, шалгуурыг харгалзан сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхой биш байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

М.Г- шүүхэд хандаж, хууль бусаар яллагдагчаар татаж, ял шийтгүүлсний улмаас учирсан гэм хорд 42.564.000 төгрөг Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах хүсэлт гаргажээ. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа, гадуур явахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээ авснаас Монгол Улсын нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрх хязгаарлагдсанаас учирсан хохиролд 1.000.000 төгрөг, нийт 1095 хоног мөрдөн байцаагдаж, шалгагдсанаас учирсан хохиролд 5.364.000 төгрөг, 200 хоног цагдан хоригдсоны хохиролд 10.000.000 төгрөг, 10 жилээр хорих ялаар шийтгэгдсэний хохиролд 3.000.000 төгрөг, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаны хохиролд 15.000.000 төгрөг, биеийн эрүүл мэндэд учирсан хохиролд 1.200.000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх хөлс 7.013.000 төгрөг гэж тодорхойлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 5.565.710 төгрөг гаргуулсныг,  давж заалдах шатны шүүх 10.565.710 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д “Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор шүүгчийн хууль бус ажиллагаанаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаварыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй” гэж заажээ.

М.Г-ийг бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2009.04.27-ний өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, улмаар түүнийг уг хэрэгт гэм буруутай гэж үзэн анхан шатны шүүхээс 10 жил 1 сар хорих ял оногдуулсныг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011.02.20-ны өдрийн 874 тоот магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг Улсын Дээд шүүхийн 2012.03.21-ний 141 тоот тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна. Үүний дараа М.Г-т холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын 2012.05.24-ний өдрийн 835 тоот тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь тогтоогдсон тул М.Г- Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэм хорын хохирол шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1-д ямар хохирлыг эд хөрөнгөд учирсан хохирол гэж үзэж нөхөн төлөхийг заажээ.

..Хууль бус ажиллагааны улмаас эд хөрөнгөд учирсан хохиролд хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс хамаарах бөгөөд нэхэмжлэгч М.Г- хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өмгөөлөгч авч, 2.000.000 төгрөгийн хөлс төлсөн нь тогтоогдсон байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан нь хуулийн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх сэтгэл санааны буюу эдийн бус хохирол гэж 3.565.710 төгрөг гаргуулахдаа М.Г-ийн эрүүгийн хэрэгт шалгагдах явцдаа 78 хоног буюу 1872 цаг хоригдсоныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 цагт ногдох хэсгээр тооцон тодорхойлсон нь оновчтой бус гэж үзэн харин дээрх мөнгө нь цагдан хоригдсоны улмаас ажил, хөдөлмөр эрхлээгүйн олох байсан орлого гэж өөрчилж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхийг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан ба мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль бус ажиллагаанаас учирсан сэтгэл санааны хохирлыг гаргуулах, үнэлэх талаар хуульд тусгайлан заагаагүй тул хохирол гаргуулах боломжгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1-д болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д эдийн бус гэм хорын хохирол гаргуулахаар шүүхэд хандах эрхтэйг журамласан явдал нь тухайн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Харин М.Г- нэхэмжлэлдээ, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаны хохиролд 15.000.000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ. М.Г- М Б ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус компанийн гүйцэтгэсэн барилгын ажилтай холбоотой түүнийг 3 жилийн туршид эрүүгийн хэрэгт шалгасан, энэ хугацаанд компанийн үйл ажиллагаа зогссон, гэрлэлтээ цуцлуулсан, түүнд шүүхээс 10 жил, 1 сарын хорих ял оногдуулж байсан зэргээс түүний нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэн 5.000.000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг зөрчихгүй  юм. Иймд  магадлалд заасан зарим дүгнэлтийг өөрчилж, Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 2.000.000 төгрөг, олох байсан орлого 3.565.710 төгрөг, нэр төр,  ажил хэргийн нэр хүнд гутаагдсаны хохиролд 5.000.000 төгрөг, нийт 10.565.710 төгрөг гаргуулж М.Г-т олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 758 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээд нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ