| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2017/00321/И |
| Дугаар | 183/ШШ2017/01406 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2017/01406
| 2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 183/ШШ2017/01406 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Дэнжийн мянга 24-14Е тоотод оршин суух, Боржигон овогт Энхтөрийн М /Регистрийн дугаар:УП92121601/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 8-35 тоотод оршин суух, Боржигон овогт Мөнхцэцэгийн А /Регистрийн дугаар:УЗ90031817/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.М, хариуцагч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 онд М.А-тэй танилцаж улмаар гэр бүл болж 2011 оны 6 сараас хамт амьдрах болсон. Улмаар 2013 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулж, бүртгүүлсэн. Бидний дундаас 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр охин А.Гэгээндэй төрсөн. Охин А.Гэгээндэйг анх Есүй гэж нэрлэж байсан бөгөөд 2013 оны 10 дугаар сард нэр нь хүндэтсэн гэсэн шалтгаанаар өөрчилж Гэгээндэй болгон өөрчилсөн. Охиноо төрснөөс хойш бид хоёрын харилцаа таарамжгүй болж байнгын хэрүүл маргаантай байдаг болсон. Нэг хэсэг 2014 оны 8-11 сард тусдаа амьдарсан ч хүүхдээ бодоод буцаад нийлсэн. Гэвч нөхөр М.А нь 2015 оны 3 дугаар сард хамаг юмаа аваад охин бид хоёрыг хаяад явсан. Үүнээс хойш сүүлийн 2 жил тусдаа амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Энэ хугацаанд охин А.Гэгээндэй миний асрамжинд хүмүүжиж байсан бөгөөд аав М.А-тэй хүссэн үед нь уулзуулж байгаа. Хүүхдээ өөрийн асрамжид авна. , Анхн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилсэн боловч бид хоёр харилцан тохиролцоод шүүхийн журмаар одоогоор шийдүүлэхгүйгээр дараа шийдүүлэхээр тохирсон. Иймд тэтгэлэгийг одоо хамт шийдвэрлүүлэхгүй, энэ хэсгээ жич дараа шийдүүлье гэв.
Хариуцагч М.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би охин А.Гэгээндэйг өөрийн харъяа дүүргийн цэцэрлэгт өгөөд 2 жил болж байна. Энэ хугацаанд би ажлын тав хоногт өөрөө өгч авдаг. Одоо ч тэгж байгаа. Э.М ажилтай болохоор 5 дахь өдрийн орой охиноо авч 1 дэх өдөр хүргэж өгдөг цаашдаа ч тийм байх болно. Би эцэг хүний хувьд охиндоо хайртай байнга хамт байхыг хүсдэг. Гэхдээ би Э.М-ийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн авч гэрлэлтээ цуцлуулна. Цаашид хамтран амьдрах итгэл үнэмшилгүй, таарч тохирохгүй байгаа тул татгалзах зүйлгүй байна. Цаашид охиныхоо төлөө хэн хэндээ эвтэй байхыг хүсч байна. Охиноо эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.М нь М.А-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Э.М, М.А нар нь 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсныг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 153 дугаарт бүртгэжээ. /хх 3 дахь тал/
Тэдний дундаас охин Есүй 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрж, зохигчид 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр охин Есүйгийн нэрийг Гэгээндэй болгож өөрчилсөн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан хүүхдийн төрсний болон овог нэр өөрчилсөн тухай гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх 5-6 дахь тал/
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар гэрлэгчид хоорондын таарамжгүй байдлын улмаас 2015 оны 3 дугаар сараас тусдаа амьдарч байгаа, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа удаа дараа амжилтгүй болсон, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-д зааснаар тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2017/02312 дугаар шүүгчийн захирамжаар гэрлэгчдийг гурван сарын хугацаатайгаар эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч зохигчид эвлэрээгүй байх тул шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэв.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хариуцагч эхийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Гэгээндэйг эх Э.М-ийн асрамжид үлдээв.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шүүхэд анх гаргасан шаардлагаа хариуцагчтай харилцан тохиролцсон дараа жич шийдвэрлүүлнэ гэж тайлбарлаж байх тул шүүх нэхэмжлэгчийг хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй гэж үзэв.
Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Э. М, Боржигон овогт М.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин А.Гэгээндэй /РД:УЖ13241420/-г эх Э.М асрамжид үлдээсүгэй.
3.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ