Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 99

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Болормаа

Улсын яллагч С.Энхтуул

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Тунгалаг /¹0322/

Шүүгдэгч Б.Гал-Очир, М.Хэрлэн, Т.Бямбадаш, Г.Анхболд, З.Лхагвасүрэн,

Насанд хүрээгүй шүүгдэгч М.Хэрлэнгийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхтуяа,

Насанд хүрээгүй шүүглэгч Г.Анхболдын хууль ёсны төлөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харагчууд овогт Баасангийн Гал-Очир, Халх овогт Мөнхтуяагийн Хэрлэн, Боржигон овогт Төмөрийн Бямбадаш, Халх овогт Гантулгын Анхболд, Боржигон овогт Зоригтбаатарын Лхагвасүрэн нарт холбогдох 201625030737 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, аав, эгч дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41-556 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Харагчууд овогт Баасангийн Гал-Очир /РД- УИ95100535/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 5-55 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Халх овогт Мөнхтуяагийн Хэрлэн /РД- УХ00230330/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 40-532 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Төмөрийн Бямбадаш /РД- НЛ94092214/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 15-493 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Халх овогт Гантулгын Анхболд /РД- УХ99072031/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 15-497б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Зоригтбаатарын Лхагвасүрэн /РД- ЛЗ98010111/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: Яллагдагч Б.Гал-Очир, М.Хэрлэн, Т.Бямбадаш, Г.Анхболд, З.Лхагвасүрэн нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Таны дэлгүүр"-ийн үүдэнд иргэн Э.Лхагвабаярыг муухай харлаа гэх шалтгаанаар буюу үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гал-Очир мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч М.Хэрлэн мэдүүлэхдээ: Нэмж ярих зүйлгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бямбадаш мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Г.Анхболд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Лхагвасүрэн мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

 

Хохирогч Э.Лхагвабаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 18-ны орой Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 40-503 тоотод байх эгчийн гэрт байж байгаад эгчийн хүүхэд Түвшинтөгстэй хамт гэрийнх нь ойролцоо байх Таны дэлгүүр нэртэй хүнсний дэлгүүр лүү 22 цаг өнгөрч байхад орж хүнсний зүйл худалдаж аваад зогсож байтал Лхагвасүрэн гэх залуу дэлгүүрийн цонхон дээр Хошногонууд гэж ирээд хараалын муухай үг хэлээд байхаар нь хэн хэлээд байгаа юм бол гэж бодоод эргээд хартал Лхагвасүрэн гэдэг залуу нь "Хошного минь юугаа хараад байгаа юм бэ, гайхаад байна уу" гэхээр нь би ямар нэгэн юм хэлээгүй юм. Би хүнсний юмаа аваад үүдрүү гарах гэтэл Лхагвасүрэн хамт гаръя гээд цуг гарсан. Үүдэн дээр гараад би Лхагвасүрэнд цэргийн баярын мэнд хүргээд гар барингаа миний дүү юунд бухимдаад байгаа юм бэ, ах нь чамтай ямар нэгэн зүйл яриагүй шүү дээ гэж хэлж дуусаагүй байхад хажуугаас цохиод авсан. Тэгээд л энд тэндээс цохиод эхэлсэн. Энд тэндээс сөхөө өгөхгүй цохисоор байгаад би нүүрээ дараад газар унасан. Тэр үед манай эгчийн хүүхэд гэрлүүгээ гүйгээд аав ээжийгээ дуудаад ирсэн. Эгч ах хоёр цагдаа дуудтал бүгд зугтаагаад гүйтэл Бямбадаш нь баригдаад үлдсэн.

... тэгээд хүмүүс нь нэмэгдэж ирээд газар унасан намайг энд тэндээс өшиглөөд байсан. Тэнд байсан бүх л хүүхдүүд намайг тойрч байгаад дээрээс өшиглөж дэвссэн. Би эмнэлэг явсан зардлаа гаргаж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17х/

 

Насанд хүрээгүй гэрч Х.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 40-503 тоотод оршин суудаг бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн үед манай ээж Нямдуламын төрсөн дүү болох Э.Лхагвабаяр ах ирсэн удалгүй намайг хамт дэлгүүр гараад зайрмаг, шоколад авъя гэж хэлээд бид 2 цуг гараад манай гэрээс хойшоо байдаг таны гэх нэртэй дэлгүүр лүү очоод дэлгүүрт ороод школад, зайрмаг, цагаан будаа, гар утасны нэгж зэргийг авчихаад гарах гэж байхад 3 залуу зогсож байснаа нэг залуу нь ах руу хандаж юугаа хараад байгаа юм бэ гэж хэлэхээр нь манай ах тэр залуу руу хандаж ахын дүү гараад уулзъя гэж хэлээд тэр залууг /нэрийг нь мэдэхгүй/ авч гараад дэлгүүрийн гадна талд ах нь чамайг зүгээр л харсан, муухай хараагүйшдээ гэсэн чинь тэр залуу манай ахын нүүр лүү нэг удаа цохиод хөлөөрөө дэгээдэж унагасан тэгсэн чинь л хажуугаас олон залуучууд ирснээ хэдэн талаас нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/

Яллагдагч Б.Гал-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 3 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед байхаа гэртээ байж байхад манай найзууд болох Анхболд, Хэрлэн нар ирээд бид нар манай гэрээс гараад юм ярьж байснаа мөнгө нийлүүлээд Таны дэлгүүрээс Нийслэл гэдэг 2,5 литрын пиво аваад дэлгүүрийн хажуугийн гудамжинд ууж байхад Бямбадаш жаахан халамцуухан ирсэн. Тэгээд пивоо цуг ууж байхад мөн Лхагвасүрэн пиво уусан гээд халамцуухан ирсэн тэгээд бидний авсан пиво дууссан чинь тэгэхэд Лхагвасүрэн би пиво авна гээд дэлгүүр лүү яваад дэлгүүрээс 2.5 литрийн нийслэл пиво аваад ирсэн түүнийг нь бид нар хувааж ууцгаасан пиво дуусахаар нь голоосоо мөнгө нийлүүлж дэлгүүрлүү орсон би удалгүй дэлгүүрээс гараад үүдэнд нь байж байхад Лхагвасүрэн хохирогч Лхагвабаяртай маргалдаад гараад ирсэн нөгөө хэд маань хойноосоо гүйж ирэхээр нь би эхлээд Лхагвасүрэнтэй маргалдсан Лхагвабаярын нүүрэнд нь 2 удаа цохисон мөн Хэрлэн түүнийг өшиглөөд унагасан тэгэхэд бид нар бүгдээрээ хэдэн талаас нь өшиглөсөн тэгж байтал хохирогч Лхагвабаярын ах эгч нь ирэхээр нь би зугтаагаад гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59х/

 

Насанд хүрээгүй яллагдагч М.Хэрлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 18-ны орой 2 цагийн үед шиг санаж байна найз Анхболдын хамт Гал-Очирын гэрлүү очсон чинь Гал-Очир бид 2-оос мөнгө байна уу гэж асуусан тэгэхээр нь яах гэж байгаа талаар асуухад пиво ууя гэсэн тэгэхээр нь бид хоёр ч зөвшөөрөөд дундаасаа мөнгө нийлүүлээд Таны дэлгүүр гэдэг дэлгүүрээс 2.5 литрийн пиво авсан, авсан пивоо Таны дэлгүүрийн хажуугийн гудамжинд ууж байхад Бямбадаш пиво уусан гээд нилээн халамцуухан ирсэн тэгээд бидний авсан пивыг цугтаа ууж байхад удалгүй Лхагвасүрэн пиво мөн л пиво уусан гээд халамцуухан ирсэн. Тэгэхэд бидний авсан пиво дууссан учраас Лхагвасүрэн, Бямбадашид 2.5 литрийн том пиво авч өгсөн уг пивыг бид нар хувааж ууцгаасан пиво дуусахад бид нар мөнгөө нийлүүлсэн. Лхагвасүрэн пиво авахаар Таны дэлгүүр лүү орсон удалгүй Лхагвасүрэн нэг залуутай дэлгүүрийн үүдэнд маргалдсан бид нар түүн дээр очсон тэгэхэд эхлээд Гал-Очир хохирогч Лхагвабаярын нүүрлүү 2 удаа цохисон, Лхагвасүрэн нүүрлүү нь нэг удаа цохисон, би нуруу луу нь өшиглөсөн чинь газарт унахаар нь хэдэн талаас нь өшиглөсөн. Тэгж байхад хохирогч Лхагвабаярын ах эгч нь ирэхээр нь би зугтаагаад Гал-Очирын гэр лүү явсан. Гал-Очирын гэр жаахан байж байгаад өөрийнхөө гэрлүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64х/

 

Яллагдагч Т.Бямбадашийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 40-532 тоотод оршин суудаг бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр найзуудтайгаа уулзаад пиво уучихаад найзуудаасаа 20 цагийн орчим салаад 10 дугаар хорооны Таны дэлгүүр гэх нэртэй дэлгүүрийн тэнд Анхболд, Хэрлэн, Гал-Очир 3-тай таарсан чинь тэр 3 пиво ууж байсан ба Анхболд надад пиво аягалаж өгөхөөр нь түүнийг нь уусан тэгээд бид нар пивоо уух зуураа юм ярьж байхад буюу пиво дуусах гэж байхад Лхагвасүрэн пиво уучихсан гээд халамцуухан ирсэн. Лхагвасүрэн таны дэлгүүр орж пиво авахаар явсан бөгөөд бид 4 дэлгүүрийн арын хэсэгт байж байхад удалгүй Лхагвасүрэн нэг залуутай муудалцаад дэлгүүрийн үүдэнд гарч ирсэн тэгэхээр нь бид 4 учрыг нь олох гээд очсон чинь эхлээд Гал-Очир хохирогч Лхагвабаярыг цохисон түүний дараа Хэрлэн өшиглөхөд Лхагвабаяр газарт уначихсан юм тэгэхээр нь бид нар бүгдээрээ хэдэн талаас нь өшиглөсөн тэгж байтал Лхагвабаяр гэх залуугийн ах, эгч нар нь ирэхээр нь надтай хамт байсан хүүхдүүд маань зугтаагаад харин би өөрөө баригдсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69х/

Насанд хүрээгүй яллагдагч Г.Анхболдын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 18-ны орой 20 цаг болох гэж байхад Хэрлэн бид 2 хичээлээсээ тараад манай гэрт ирээд байж байснаа зүгээр гадуур гармаар санагдаад бид 2 гадагшаа гараад явж байснаа найз Гал-Очирыг гэрээс нь дуудаад бид 3 уулзаад юм ярьж байхад Гал-Очир надаас мөнгө байна уу гэхээр нь яах гэж байгаа юм бэ пиво уух гээд байгаа юм уу гэсэн чинь тэгье гэхээр нь Хэрлэн бид хоёр ч гэсэн пиво ууя гээд Таны дэлгүүрээс 5800 төгрөгөөр бид 3 нийслэл гэдэг 2.5 литрийн пиво аваад Гал-Очирын гудамжинд ууж байхад Бямбадаш пиво уучихсан гээд халамцуухан ирсэн тэгээд бидний ууж байсан пивоноос цуг ууцгаасан пивоо ууж дуусаж байхад Лхагвасүрэн пиво уучихаад явж байна гээд нэг том пиво авч өгөөд бид нар түүнийг нь хувааж ууцгаасан пиво дуусахад дахин пиво ууя гээд дундаасаа мөнгө нийлүүлж байгаад мөнгийг аваад Лхагвасүрэн Таны дэлгүүр лүү пиво авна гээд орсон. Бид нар дэлгүүрийн ойролцоо байж байхад удалгүй Лхагвасүрэн нэг хүнтэй маргалдаад гарч ирэхээр нь бид нар түүн дээр очсон тэгэхэд Гал-Очир үгийн зөрүүгүй Лхагвасүрэнтэй маргалдаж байсан залууг цохиод авсан би салгах гэсэн чинь хэн нь мэдэхгүй миний хүүр лүү нэг удаа цохисон хэн байсныг хараагүй тэгэхэд хажуугаас Хэрлэн, Лхагвабаяр гэдэг залууг өшиглөөд унагачихсан тэгэхээр нь бид нар хэдэн талаас нь өшиглөсөн миний хувьд Лхагвабаярыг газраас босож ирэхээр нь нурууны орчимд нь 5-6 удаа баруун гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74х/

Яллагдагч З.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 3 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед шиг санаж байна найзуудтайгаа гэртээ 2 шил пиво уучихаад гэрээс гараад дэлгүүр явж байгаад гудамжинд Хэрлэн, Бямбадаш, Гал-Очир, Анхболд нартай таарсан тэд нар пиво ууж байсан би очоод пивонаас нь нэг аягыг уусан чинь пиво нь дууссан тэгэхээр нь Бямбадашид 2.5 литрийн Нийслэл пиво аваад бид 5 хувааж ууцгаасан пиво дуусахаар нь бид нар бүгдээрээ мөнгө нийлүүлж байгаад би мөнгийг авч дахин пиво авах гээд Гал-Очиртой цуг дэлгүүр орсон тэгсэн чинь Гал-Очир гараад явчихсан зөрөөд эхнэр Өнөрчимэг орж ирээд надтай маргалдсан тэгэхэд хажууд хохирогч Лхагвабаяр байснаа жаахан чимээгүй байгаач хүн байгаа юм бишүү гэж хэлсэн би ууртай байсан учраас Лхагвабаяртай маргалдаж гадагшаа гарсан гараад учраа олоод уучлалт гуйгаад зогсож байхад хажуугаас Гал-Очир ирээд цохисон, түүний дараа би Лхагвабаярын нүүрэнд нь 2 удаа цохисон, Анхболд түүнийг өшиглөхөд газарт унасан тэгээд бид нар бүгдээрээ хэдэн талаас нь өшиглөн зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79х/

 

              Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ¹3927 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлтэнд:

              Лхагвабаярын биед тархи доргилт, баруун зовхи, алимны салст, чамархай, уруул, завьж, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүйгэжээ. /хх-ийн 29х/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96х, 97х, 98х, 99х, 100х/ зэрэг болно.

              Шүүгдэгч Б.Гал-Очир, М.Хэрлэн, Т.Бямбадаш, Г.Анхболд, З.Лхагвасүрэн нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Таны дэлгүүр"-ийн үүдэнд иргэн Э.Лхагвабаярыг муухай харлаа гэх үл ялих зүйлээр шалтаглан, улмаар зодож бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

      шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Лхагвабаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 17х/, насанд хүрээгүй гэрч Х.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ¹3927 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлт /хх-ийн 29х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Б.Гал-Очир, М.Хэрлэн, Т.Бямбадаш, Г.Анхболд, З.Лхагвасүрэн нарыг бүлэглэн үл ялих зүйлээр шалтаглан, догшин авирлан танхайрсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Э.Лхагвабаяр шүүгдэгч нарт санал, хүсэлт байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-ийн 106х/ гэх мөн шүүхийн хэлэлцүүлэгт буюу шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч нар болон улсын яллагчаас: “Э.Лхагвабаярт хохиролд шүүгдэгч тус бүр 90.000 төгрөг, нийт 450.000 төгрөг хүлээлгэн өгч гомдол саналгүй болсон тухайгаа хэлсэн” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэнийхээ улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

М.Хэрлэн, Г.Анхболд нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэмт хорын хохирлоо арилгасан, хувийн байдал, насанд хүрээгүй /хх-ийн 90, 91х/ зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулав.

Б.Гал-Очир, Т.Бямбадаш, З.Лхагвасүрэн нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохиролын шинж чанар, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэн хянан харгалзав.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Харагчууд овогт Баасангийн Гал-Очир, Халх овогт Мөнхтуяагийн Хэрлэн, Боржигон овогт Төмөрийн Бямбадаш, Халх овогт Гантулгын Анхболд, Боржигон овогт Зоригтбаатарын Лхагвасүрэн нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж, бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Б.Гал-Очирт 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар, М.Хэрлэнд 3 /гурав/ жил 1 /нэг/ сар, Т.Бямбадашид 3 /гурав/ жил 1 /нэг/ сар, Г.Анхболдод 3 /гурав/ жил 1 /нэг/ сар, З.Лхагвасүрэнд 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар М.Хэрлэн, Г.Анхболд нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар сарын 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Гал-Очир, Т.Бямбадаш, З.Лхагвасүрэн нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Б.Гал-Очир, М.Хэрлэн, Т.Бямбадаш, Г.Анхболд, З.Лхагвасүрэн нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар М.Хэрлэн, Г.Анхболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж, хараа хяналтанд байлгах  хүмүүжүүлэхийг тэдний хууль ёсны төлөөлөгч болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч нарт тус тус даалгасугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Гал-Очир, З.Лхагвасүрэн нарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, Т.Бямбадашид эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж тус тус хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

7.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Гал-Очир, М.Хэрлэн, Т.Бямбадаш, Г.Анхболд, З.Лхагвасүрэн нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ