Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/401

 

 

 

 

 

 

 

 

     2022          03           17                                        2022/ШЦТ/401

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Ц.Х , Б.Х  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн нарт холбогдох эрүүгийн 2206 00000 0576 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

                       

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Х  нь согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 13-ны Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ОК нэртэй пабад З.О-ийг түлхэн унагах, цохих, зэргээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч Б.Х  нь согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 13-ны Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ОК нэртэй пабад Т.Т-ын толгойн тус газар нь цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Х , Б.Х  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

           

Шүүгдэгч Ц.Х  шүүхийн хэлэлцүүлэгт: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

 

Шүүгдэгч Б.Х  шүүхийн хэлэлцүүлэгт: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 13-ны орой 22 цагийн үед нөхөр Б.Баянбүргэд, нагац ах Т.Т нарын хамт пиво ууж, юм ярьж суухаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ок” нэртэй пабад ороод сууж байсан чинь ардаас 2 үл таних залуу орж ирээд виски аваад уугаад сууж байсан юм. Тэгсэн чинь тэр хоёр залуу гэнэт Оюукаа янхан минь танихгүй байна уу гээд бид гурав руу хэлээд байсан ба тэгэхээр нь би та хоёрыг огт танихгүй шүү дээ, та хоёр юу яриад байгаа юм гэсэн чинь өө за одоо танихаа больчихож, чамайг энэ хавиар алдартай янхан гэж хэлсэн чинь манай нөхөр уурлаад тухайн пабнаас гараад явсан юм. Тэгээд нагац ах Т.Т бид хоёр үлдсэн 2 пивоны тооцоогоо хийх гээд сууж байсан чинь дахиад нөгөө хоёр залуу намайг одоо чи наадах өвгөнтэйгөө биеэ үнэлэх гэж байна уу гэж хэлэхээр нь би та хоёрыг огт танихгүй шүү дээ, гэр бүл салгачихлаа гэж хэлсэн чинь инээгээд байсан ба тэгэхээр нь би хажуу талын сандлаа бариад дайраад очсон чинь том биетэй, сахалтай залуу нь намайг түлхэж унагаасан, улмаар бид нар хэрүүл, маргаан хийж эхэлсэн бөгөөд буцаад ширээндээ суусан чинь дахиад намайг хэл амаар доромжлоод байхаар нь би дахин босож ирээд та хоёр арай даварч байна, ямар ч танихгүй хүнээ ингэж хэлж болдог юм уу гэсэн утгатай зүйл хэлсэн чинь манай нагац ах Т.Т тэр хоёр залуу өлбийчхөөд архичин царайтай гэх мэтээр хэл доромжлоод байхаар нь нөхөр Б.Б рүү залгаад болсон асуудлын талаар хэлсэн чинь манай нөхөр Б.Б удалгүй хаалгаар орж ирсэн чинь тарган биетэй, сахалтай залуу нь шууд цохисон яг аль хэсэг рүү нь цохисон талаар мэдэхгүй байна, тэгээд л манай нөхрийг тарган биетэй, сахалтай залуу нь ийш тийш нь олон удаа авч шидсэн, мөн өмднийх нь тэлээнээс нь барьж аваад дээш нь өргөж, толгой хэсгээр нь доош газарт шал мөргүүлж олон удаа унагаасан, тэр үед газарт толгойгоороо унах үед нь чи болиоч ээ, хүн аллаа шүү дээ гэж хэлсэн чинь би та нарыг битүү цохилтоор зодно гэж хэлээд л хаа сайгүй л Б.Б-ийн бие рүү цохиод байсан юм. Би яг тэр үед айж балмагдсан байсан учир яг үйлдэл болгоныг нь санахгүй байна, нэг талд манай нөхөр Б.Баянбүргэдийг махлаг биетэй, сахалтай залуу нь зодоод, нөгөө талд манай нагац Т.Т-ын туранхай шар царайтай залуу нь зодоод байсан учир хоёр тийшээ гүйж салгах гэж маш их оролдсон юм. Мөн тэр хоёр хамт нийлээд намайг олон удаа түлхэж унагаасан, би уг нь салгах гэж л очоод байгаа юм, тэрнээс зодолдох гэж очно гэж байхгүй шүү дээ, тэр хоёр чинь бид гурвыг бодвол насаар залуу, том биетэй залуучууд байсан юм. Улмаар би Цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн чинь тэр хоёр залуу гарч явах гээд байхаар нь би пабын хаалган дээр зогсоод Цагдаа ирэхээр учраа олно гэж хэлж байсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1802 дугаартай:

“1. Э.О-ийн биед баруун, зүүн бугалга, шуу, өвдөгт цус хуралт, баруун гарын 1-р хурууны 3-р үе, зүүн гарын 4-р хурууны 1-р үений зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

 

Б.Б-ийн хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 13-ны орой 22 цагийн үед эхнэр Э.Оюун- Эрдэнэ, Т.Т ах бид гурав Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах “Ок” нэртэй пабад ороод пиво уугаад сууж байсан чинь ард гэнэт 2 үл таних залуу суучихсан Оёко танихаа больсон юм уу, чамайг таньдаг шүү дээ гээд манай эхнэр Э.О рүү хэлсэн чинь Э.О нь би та хоёрыг огт танихгүй шүү дээ юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн чинь өө за танихаа больчихож, чамайг танихгүй хүн гэж байхгүй биз дээ гэж хэлэхээр нь надад хардах сэтгэгдэл төрөөд би эхнэр Э.О-д чи таньдаг юм биш үү гэж хэлчхээд хувцсаа аваад гараад явсан юм. Би пабаас гараад бараг үүд хэсэгт нь тамхи татаад зогсож байсан чинь над руу эхнэр Э.О залгаад энд хэрүүл маргаан болоод байна гэж хэлэхээр нь би эхлээд тоглоод байна гэж бодоод тамхиа татчихаад буцаад орсон чинь яах ч аргагүй хэрүүл маргаан болсон байдалтай байхаар нь том биетэй, сахалтай залуу руу юу болоод байгаа юм бэ гээд очсон чинь шууд миний гэдэс хэсэг рүү хөлөөрөө жийсэн, тэгэхээр нь дахиж очсон чинь шууд тэр залуу намайг доош нь дарж байгаад өмдний тэлээнээс татаад толгой хэсгийг маань доош нь харуулж байгаад хатуу шал руу толгойны орой хэсгээр маань шидсэн, тэгэхээр нь би дахиад босоод ирсэн чинь 2-3 удаа мөн толгой хэсгээр маань газар руу шидсэн, би дахин дахин очоод байгаа нь Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байгааг мэдээд тэр хоёрыг гаргаж болохгүй, зугтаах боломж өгөхгүй гэсэн үндсэн дээр л очоод зууралдаад байсан юм. Тэрнээс тэр хоёр залууг цохиж зодсон зүйл огт байхгүй ээ. Улмаар Цагдаагийн байгууллагын ажилчид ирээд авч явсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1803 дугаартай:

“1.Б.Б-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

 

Хохирогч Т.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дүү О гэрт мах шарж идчихээд гэрийх нь ойролцоо байх “Ок” нэртэй пабад О , түүний нөхөр Б бид гурав орж суугаад пиво уугаад сууж байсан чинь О ард талын ширээнд сууж байсан хоёр үл таних эрэгтэй таньдаг юм шиг хоорондоо ярьж, элдэв үгээр хэлээд байхаар нь О  эргэж хараад би та хоёрыг танихгүй шүү, та хоёр хүн андуураад байна гэж хэлсэн ч тэр хоёр үл таних залуучууд үргэлжлүүлээд яриад байхаар нь би тэр хоёр залууд хандаж аятайхан архиа ууцгаа гэж хэлсэн. Тэр үед О нөхөр Б тухайн хүмүүсийн ярианаас болоод гараад явсан байсан, тэгэхээр нь О  бид хоёр тооцоогоо хийчхээд гарах гэсэн чинь Б гаднаас орж ирсэн чинь нөгөө хоёр залуу шууд барьж аваад ноцолдож эхэлсэн, тэгээд би босоод явж очоод болиулах гэтэл туранхай, өндөр нуруутай залуу нь намайг хүзүүнээс татаж аваад хойш нь унагаагаад миний зүүн талын чих хэсэг рүү нэг удаа цохисон тэр үед би хойш унахдаа тек мөргөж унасан, мөн намайг дээрээс босгохгүй дараад байгаад байсан юм. Тэгээд л уг асуудал үргэлжилсээр байгаад Цагдаагийн байгууллагын алба хаагчид ирсэн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1803 дугаартай:

“1. Т.Т-ын биед зүүн чихний омогт язарсан шарх, зүүн мөр, баруун шагайн дээд хэсэгт цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүдийн нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд зүүн чихний омогт язарсан шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна, зүүн мөр, баруун шагайн дээд хэсэгт цус хуралт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

б.Энэ гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Ц.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр найз Б.Х гийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ок” нэртэй пабад орж суугаад 1 шил Jameson нэртэй виски уугаад, юм яриад сууж байсан чинь хажуу талын ширээн дээр сууж байсан хүмүүс бид хоёрын хоорондын яриаг өөрсдийг нь ярьж байна гэж ойлгосон юм шиг үл таних эмэгтэй нь хажуу талынхаа сандлыг бариад далайгаад босож ирээд цохих гэж дайрахаар нь бид хоёр сууж байгаад сандлыг нь аваад газарт тавьсан чинь бид хоёрын ширээн дээр байх шилийг аваад цохих гэхээр нь гарыг бариад болиулаад ширээн дээр нь аваачиж суулгасан, улмаар бид хоёр өөрсдийнхөө ширээн дээрээ сууж байсан чинь хэдэн минутын дараа нөгөө эмэгтэй нь бид хоёр руу тасралтгүй хэл амаар доромжилж байгаад гар утсаар бичлэг хийгээд босож ирээд нүүрэн дээр тулгахаар нь утсыг авч тавьсан, мөн гараараа цохих гэж дайрахаар нь гарыг нь бариад байж байтал хамт явж байсан нэг эрэгтэй нь гаднаас орж ирээд маргалдаж, улмаар миний цамц, күртикнээс зууралдаж эхэлсэн. Улмаар би өөрөөсөө холдуулах зорилгоор цохих гэхэд нь гарыг барьж, мөргөх гэхэд нь өөрөөсөө түлхэж, эсхүл доош нь дарж биеэ хамгаалж байсан, энэ асуудал бараг 20 орчим минут үргэлжилсэн бөгөөд хажуу талын ширээний үл таних залуу Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм байна лээ. Улмаар Цагдаагийн алба хаагч нар ирэх хүртэл над руу тухайн сүүлд орж ирсэн эрэгтэй нь дайрсаар байсан, мөн над руу дайрахдаа намайг цохь гэж нүүрээ өгөөд, мөргөх гэж толгой над руу нүүр хэсэг рүү тулгаад байсан, тэр үед нөгөө эмэгтэй нь хайраа наадах залуудаа нэг мөсөн сайхан зодуулчих, дараа нь хангалттай мөнгө авна, хамраа хугалуул 1 сая хэдэн зуун мянган төгрөг авна гэх мэтээр орилж хашхирч байсан, тэгээд л Цагдаагийн алба хаагч нар орж ирсэн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Б.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр найз Б.Х гийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ок” нэртэй пабад архи уугаад сууж байсан чинь гэнэт хажуу талын ширээнд сууж байсан эмэгтэй гэнэт хашхираад сандал барьж босож ирээд дайрахаар нь би гарнаас бариад өөрөөсөө холдуулахаар түлхсэн юм. Тэгээд манай найз Б.Х  нь салгаад буцаад ширээ ширээн дээрээ сууж байсан чинь дахиад босож ирээд хэрүүл хийгээд байсан, тэр үед гаднаас нөхөр юм шиг эрэгтэй хүн орж ирээд нийлж хэл амаар доромжилж, биед маань халдахаар дайрч эхлэхээр нь би тухайн эрэгтэй хүнийг өөрөөсөө холдуулахаар түлхэж л байсан юм. Тэр үед арай ахмад настай эрэгтэй нь над руу дайрах үед манай найз Б.Х  нь зогсоож татаж авч байх шиг байсан юм. Улмаар тухайн хүмүүстэй маргалдаад хэрэггүй юм байна гэж бодоод гарах гэсэн чинь нөгөө эмэгтэй нь хаалган дээр зогсоод цоожилчхоод гаргахгүй байсан юм. Бид хоёр гарах гэхээр хүч хэрэглэж гарах болчхоод байсан учраас Цагдаа дуудсан гэхээр нь ашгүй Цагдаагийн алба хаагч нар ирэхээр нь асуудлаа шийдвэрлүүлье гэж бодоод байж байсан, Цагдаагийн алба хаагч нар ирэх хүртэл зууралдсан, ноцолдож байсан асуудал нь үргэлжилсээр байсан. Тэгээд л Цагдаагийн алба хаагч нар ирсэн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас),

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай (хавтаст хэргийн 1-5 дугаар хуудас),

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас),

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас), 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай (хавтаст хэргийн 63 дугаар хуудас),

            Хохирогч Э.О эс гаргаж өгсөн хохирлын баримт (хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас), 

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 87 дугаар хуудас)

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47, 55  дугаар хуудас),

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 48, 56  дугаар хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 49, 57 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50, 58 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Ц.Х , Б.Х  нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт зэргээр тогтоогдож байх тул Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоолгох саналтай байна” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.Х , Б.Х  нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

           

Шүүгдэгч Ц.Х  нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ок” гэх нэртэй пабад Э.О тэй үл ойлголцлын улмаас маргаан үүсгэж түүнийг түлхэж унагах, цохих зэргээр биед нь халдаж хөнгөн гэмтэл учруулсан байна.

Шүүгдэгч Б.Х  нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ок” гэх нэртэй пабад Т.Туваанжаргалтай үл ойлголцлын улмаас маргаан үүсгэж толгойн тус газарт нь цохиж биед нь халдаж хөнгөн гэмтэл учруулсан байна.

 

Хохирогч Э.О-д Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1802 дугаартай дүгнэлтээр “баруун, зүүн бугалга, шуу, өвдөгт цус хуралт, баруун гарын 1-р хурууны 3-р үе, зүүн гарын 4-р хурууны 1-р үений зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон,

Хохирогч Т.Т-д Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1803 дугаартай дүгнэлтээр “зүүн чихний омогт язарсан шарх, зүүн мөр, баруун шагайн дээд хэсэгт цус хуралт” гэмтэл тогтоогдсон. ба дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Х , Б.Х  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилж заасан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Ц.Х  нь хохирогч Э.О-ийн , шүүгдэгч Б.Х  нь хохирогч Т.Т-ын эрүүл мэндэд халдаж, хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Э.О-д Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1802 дугаартай дүгнэлтээр “баруун, зүүн бугалга, шуу, өвдөгт цус хуралт, баруун гарын 1-р хурууны 3-р үе, зүүн гарын 4-р хурууны 1-р үений зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон,

Хохирогч Т.Т-д Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1803 дугаартай дүгнэлтээр “зүүн чихний омогт язарсан шарх, зүүн мөр, баруун шагайн дээд хэсэгт цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Х  нь хохирогч Э.О-ийн , шүүгдэгч Б.Х  нь хохирогч Т.Т-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай санаатай үйлдэл, хохирогч нарт учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Х , Б.Х  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х , Б.Х  нар нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус заасан.

 

Хохирогч Э.О нь нийт 219.000 төгрөгийн эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгч, нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч нараас хохирогчид 300.000 төгрөг өгсөн байна.

 

Хохирогч Т.Т нь мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгч, хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Х , Б.Х  нарыг хохирол төлбөрийг нөхөн төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ц.Х , Б.Х  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус танилцуулж, Ц.Х , Б.Х  нар нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Ц.Х , Б.Х  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Х , Б.Х  нар нь оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргав.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Х , Б.Х  нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ц.Х , Б.Х  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Х, Б.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х , Б.Х  нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Х , Б.Х  нар оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд төлөөгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Х , Б.Х  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Х , Б.Х  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

         ШҮҮГЧ                     М.ТҮМЭННАСТ