| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2022/0507/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/518 |
| Огноо | 2022-04-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/518
2022 4 05 2022/ШЦТ/518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
улсын яллагч Я.Амарзаяа,
шүүгдэгч Э.Ч нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн холбогдох эрүүгийн 2206 00299 0308 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ч нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины замын хажууд талд иргэн Б.Б-ыг бүдэрч унах явцад халаасанд байсан “Айфоне экс” загварын гар утсыг газарт унасан байх үед илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бага бус хэмжээнээс дээш хэмжээний буюу 700.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Ч-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах кино үйлдвэрийн автобусны урд талын буудлаас ертөнцийн зүгээр баруун зүгт 200 метр зайд Golden barrel рестораны хойд талын автомашины засмал зам дээр гэх ба хэргийн газрын үзлэгт К/Ш мэргэжилтэн цагдаагийн дэслэгч Д.Дөлгөөн, Эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч н.Санжмятав нар оролцов. Golden barrel ресторан нь ертөнцийн зүгээр замын урд талд нэг давхар тоосгон барилга байв. Тус рестораны ертөнцийн зүгээр хойд талын засмал замын голын тусгаарласан явган хүний зорчих хэсгийн гадна хашлаганы хажууд машин зам дээр хохирогч дээрэмдүүлсэн гэх тул хохирогчоор тус газрыг заалгуулан к/ш мэргэжилтэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Хэргийн газрын ойр орчимд хяналтын камер байхгүй байсан болохыг үзлэгийн тэмдэглэлд тусгав. Хэргийн газрын үзлэгийн явц үр дүнг к/ш мэргэжилтэн нийт 3 кадр гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас),
Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ... Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ресторан паб руу дүү Амарсайханы хамт ороод 0.75 литрийн архи, нэг шил пиво, хоол авч идээд юм ярьж суугаад Амарсайхан дүү хүнтэй утсаар яриад танихгүй хоёр залуу ирсэн ... орж ирсэн 2 залуугийн нэг нь Сэлэнгэ аймагт зүс харж байсан залуу байсан ...2 залуу хамт сууж байхдаа үг сөрөөд маргаад байсан ...бөгөөд тухайн 2 залуу намайг ресторанаас гарахад ална чамайг гээд дайрахаар нь би зугтаасан ...гүйж байгаад зам дээр унасан ...би замын гуравдугаар эгнээ хэсэгт хөндлөн зам дээр хэвтсэн байсан... Ч миний дээрээс цээж рүү хөлөөрөө дэвсэн ...миний “Айфоне экс” загварын гар утсыг авсан... миний биед гэмтэл шарх учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 12 дугаар хуудас),
Гэрч П.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...би бол тэр хоёр залуу тэр ахыг цохиж зодсоныг хараагүй ...орчин тойрны зүйлс бүдэг харагдаж байсан... тэр ах ил харагдах нүүр аманд нь гэмтэл шарх байхгүй байсан. Харин тэр ахын хажууд байсан хоёр залуу өндөр, нам хоёр залуу байсан ...тэр ах гадна талын хувцасныхаа халаасыг гараараа тэмтэрч үзчихээд гар утас алга байна. Тэр хоёр хулгайлсан байна гэж байсан.” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 40-41 дүгээр хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3, 4 дүгээр хуудас),
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтас хэргийн 21-22 дугаар хуудас),
Б.Б-ын гар утсаа хүлээж авсан, гомдол, саналгүй гэх гар бичмэл (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 60, 61, 62, 63 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),
Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дугаар хуудас),
Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 47-47-51, 54-56 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “... шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины замын хажууд талд шүүгдэгч Э.Ч нь иргэн Б.Б-ыг бүдэрч унах явцад халаасанд байсан “Айфоне экс” загварын гар утсыг газарт унасан байх үед илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
“Илээр авсан” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг, “хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг тус тус ойлгоно.
Шүүгдэгч Э.Ч нь хохирогч Б.Б-ыг бүдэрч унах явцад халаасанд байсан “Айфоне экс” загварын гар утсыг газарт унасан байх үед илээр, түүнд амь нас, эрүүл мэндийн байдалд халдалгүйгээр авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Э.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч нь “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Б өөрийн эзэмшлийн “Айфоне экс” гар утсыг эргүүлэн авсан байх тул шүүгдэгч Э.Ч-ийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Э.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх саналыг танилцуулж, Э.Ч уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Э.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэв.
Шүүгдэгч Э.Ч-т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Ч нь тэнсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Э.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Э.Ч-т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Ч нь тэнсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ