Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/463

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2022          3           29                                           2022/ШЦТ/463

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Э-т холбогдох эрүүгийн 2206 00000 0648 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Э нь цахим орчинд 1 xbet бооцоот тоглоомын цэнэглэлтийн алдаа засварлагч хэрэглэгчтэй ижил нэр хаяг бүхий facebook-ийн хуурамч хаяг нээж бусдыг төөрөгдөлд оруулан, иргэн Ч.Т-т дахин цэнэглэлт хийснээр тоглоомын сайтад нэвтрэх боломжтой гэж итгэл төрүүлэн хуурч 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 150.000 төгрөг, 1.860.000 төгрөгийг тус тус шилжүүлэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 521 дүгээр байрны 99 тоотод хүлээн авч, цахим хэрэгсэл ашиглан бусдыг залилж нийт 4.010.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

 

Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие цахим мөрийтэй тоглоомд сүүлийн нэг жил живсэн. Тэрнээсээ болж үрж болохгүй мөнгийг цахим бооцоонд алдаад 1 хүний хохиролд хүргэсэн байгаа.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар   

 

Хохирогч Ч.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...анх цэнэглэлт хийсэн Пунаа гэх хүн рүү чат бичээд Т нэртэй 1 xbet хаяг руу нэвтэрч болохгүй байна гэж хэлтэл “Uka Ch" гэх фейсбүүк хаяг руу холбогдоод асуу гээд линкийг нь чатаар явуулсан. Мөн фейсбүүк хаяг, нүүр зургийг screenshot хийгээд явуулсан. Тэгэхээр нь би чатаар ирсэн линкээр нэвтэрч оролгүй фейсбүүкийн хайлт хэсэгт хайгаад “Uka Ch” гэх фейсбүүк хаягийг олж чатаар холбогдож миний бооцоот тоглоомын Т гэх хаяг руу нэвтэрч болохгүй байна гэж хэлсэн чинь их хэмжээний мөнгө хийж байж буцааж авч болно гэж хэлсэн... 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Рuna агентаас буцаан таталт хийлгэж Батчулуун Жамъяандорж 5465052421 данснаас Э  гэх хүний 89005900 тоот данс руу 2.000.000 шилжүүлүүлсэн. Үүний дараа 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 39 минутад өөрийн 5002248010 тоот данснаас 809005900 тоот Э  гэх данс руу 150.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цаг 26 минутад 1.860.000 төгрөгийг 1 xbet бооцоот тоглоомын хаяг руу цэнэглэлт хийлгэхээр шилжүүлсэн... Пунаа гэх хүн рүү чатаар өгсөн “Uka Ch” гэх фейсбүүк хаягийн линк рүү орж үзсэн чинь 11.000 дагагчтай, харин миний фейсбүүкт хайж гаргаж ирсэн “Uka Ch” гэх фейсбүүк хаяг нь 10 хүний найзтай, дагагч байхгүй хуурамч хаяг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Н.Э-ын  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Миний “Uka Ch” гэх фэйсбүүк хаягруу 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Т Ч” гэсэн фэйсбүүк хаягтай хүн чат бичээд миний onex1 bet бооцоот тоглоомын цэнэглэлт болохгүй байна одоо яах вэ гэж асуусан. Би хариуд нь манайх цэнэглэлт хийж өгч болно гэж хэлтэл Т цэнэглэлт хийлгэе гэж хэлсэн юм. Миний худалдаа Хөгжлийн банкны 809005900 тоот данс руу өмнөх цэнэглэлт хийсэн хүн болох албаны ёсны агентын данс болох 5465052421 тоот данснаас 2.000.000 төгрөг миний өөрийн данс болох Худалдаа хөгжлийн банкны 809005900 тоот дансанд орсон. Т-ээс дараа нь миний худалдаа хөгжлийн банк руу 150.000 төгрөг, дараа нь удалгүй 1.860.000 төгрөг орсон. Нийтдээ 4.010.000 төгрөгийг би onex1 bet бооцоо тавиад алдсан юм. Би Т хэлэхдээ цэнэглэлт хийж өгье гэж хэлж авсан юм. Би тухайн үед onex1 bet-д цэнэглэлт хийдэггүй байсан. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Би дахин бусдыг залилах гэмт хэрэг үйлдэхгүй байх болно.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар хуудас),

 

Т-ийн Хас банкны 5002248010 тоот, Нямхүүгийн Э Худалдаа хөгжлийн банкны 8090005900 тоот дансны хуулганууд (хавтаст хэргийн 13, 15-29 дүгээр хуудас),

2022 оны 02 дунгаар сарын 10-ны өдрийн Facebook хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

Төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),  

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дугаар хуудас)

“АНАР АГРИ ФҮҮДС” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “... шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Н.Э нь цахим орчинд 1 xbet бооцоот тоглоомын цэнэглэлтийн алдаа засварлагч хэрэглэгчтэй ижил нэр хаяг бүхий facebook-ийн хуурамч хаяг нээж иргэн Ч.Т-т дахин цэнэглэлт хийснээр тоглоомын сайтад нэвтрэх боломжтой гэж итгэл төрүүлэн хуурч 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 150.000 төгрөг, 1.860.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Эрх зүйн дүгнэлт

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Э-ын  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “...цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

 

Шүүгдэгч Н.Э нь цахим орчинд 1 xbet бооцоот тоглоомын цэнэглэлтийн алдаа засварлагч хэрэглэгчтэй ижил нэр хаяг бүхий facebook-ийн хуурамч хаяг нээж иргэн Ч.Т-т дахин цэнэглэлт хийснээр тоглоомын сайтад нэвтрэх боломжтой гэж худал хэлж 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 150.000 төгрөг, 1.860.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглан бусдыг залилж нийт 4.010.000 төгрөгийн хохирол учруулсан залилан авсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Э-ын  үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.Э-ын  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

           

Хохирогч Ч.Т нь хавтаст хэргийн 47 дугаар хуудас дахь түүнд хэргийн материал танилцуулсан баримтад “санал, хүсэлт байхгүй” мөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтдээ “... хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэж дурдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Н.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Н.Э уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Н.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Н.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ

                                                         ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ