Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2017/00235

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Лаки март төвд байрлах, РД:5385547, Гэгээн өндөр гүмсэд ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 42А байрны 9 тоотод оршин суух, эрэгтэй, РД:ЧО81121719, Сутай овогт Оролмаагийн Пүрэвдоржид холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 12,068,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Гэгээн өндөр гүмсэд ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Хариуцагч О.Пүрэвдорж нь 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Гэгээн өндөр гүмсэд ХХК-тай ЗГ-У-16/2-473 тоот зээлийн гэрээ байгуулж 6,000,000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлж, О.Пүрэвдорж нь зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөлгүй 6 сары болсон байна. О.Пүрэвдорж нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул ЗГ-У-16/2-473 тоот зээлийн гэрээний 3.2.3, 3.2.10-т заасныг үндэслэн үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 3,010,000 төгрөг, алданги 3,035,100, ажиллагааны зардал 23,840 төгрөг, нийт 12,068,940 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч О.Пүрэвдорж шүүхэд гаргасан тайлбартаа: “...Оролмаа овогтой Пүрэвдорж миний бие нь “Гэгээн Өндөр Гүмсэд” ХХК-тай 2016 оны 5 сарын 19-ний өдөр гэрээ байгуулж өөрийн эзэмшлийн Hummer Н-2 маркийн 51-88 УБҮ дугаартай тээврийн хэрэгсэлээ барьцаанд тавин 6.000.000 төгрөгийг зээлсэн. Ингээд цаашид төлбөр төлөх хугацаанд төлж чадахгүй байсаар өдийг хүрлээ. Энэ хугацаанд миний бие нь санхүүгийн хувьд хүнд байдалд орсон ба өөрийн эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон тул төлбөрийг төлж чадахгүй өдийг хүрлээ. Энэ байдлын гол шалтгаан нь Монгол Улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани аж ахуйн нэгжүүд ажилгүй зогсонги байдалд орсонтой уяалдан манай “Пүреголд майнинг” ХХК нь өрөмдлөг, хайгуулын ажил олдохгүй 2 жил гаран зогсонги байдалтай байсан тул санхүүгийн эх үүсвэргүй болж төлбөр тооцоог цаг тухайд нь хийж чадаагүй юм. Үндсэн зээл ба хүүг хүлээн зөвшөөрч байна. Харин энэ жилээс үйл ажиллагаа идэвхжих магадлалтай байгаа ба 2017 оны 3 сарын 1-нээс ажилд гарах тул миний нөхцөл байдлыг харгалзан үзэж надад хугацаа олгож өгнө үү. Цаашид ажил эхлэхээр буюу 3 сарын 1-нээс доорхи хувиарын дагуу төлбөр тооцоог хийж гүйцэтгэх саналтай байна. Үүнд 2017-03-15 өдөр 4.000.000 төгрөг, 2017-04-10 өдөр 4.068.940 төгрөг, 2017-05-01 өдөр 4.000.000 төгрөг, нийт 12.068.940 төгрөгийг төлж барагдуулна. Оролмаа овогтой Пүрэвдорж миний бие нь өөрийн нөхцөл байдалд тааруулан төлөх боломжоо илэрхийлж байгаа тул миний хүсэлтийг хүлээн авч эвлэрүүлэх журмаар шийдэж өгч туслана уу.” гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, нэхэмжлэлд хавсаргасан баримт, хариуцагчийн тайлбар, хэргийн материалтай танилцаад ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Гэгээн өндөр гүмсэд ХХК нь хариуцагч О.Пүрэвдоржоос зээлийн гэрээний үүрэгт 12,068,940 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Пүрэвдорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,068,940 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 4.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 4.068.940 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 4.000.000 төгрөгийг тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хүсэлтээ шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

 

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208,053 төгрөгийн 104,026.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, 104,026.5 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 104,026.5 төгрөгийг хариуцагч О.Пүрэвдоржоос гаргуулж, нэхэмжлэгч Гэгээн өндөр гүмсэд ХХК-д тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Гэгээн өндөр гүмсэд ХХК нь хариуцагч О.Пүрэвдоржоос зээлийн гэрээний үүрэгт 12,068,940 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 4.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 4.068.940 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 4.000.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 208,053 төгрөгийн 104,026.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, 104,026.5 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 104,026.5 төгрөгийг хариуцагч О.Пүрэвдоржоос гаргуулж, нэхэмжлэгч Гэгээн өндөр гүмсэд ХХК-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ