Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Б.,

Шүүгдэгч У.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн У.*******т холбогдох 22200000093 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын багт оршин суудаг, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар: ИФ.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.*******ын өмчлөлийн “” гэх зочид буудал дотор агсам тавьж улмаар 2 давхрын өрөөний модон хаалга, шатны хажуу талын цагаан вакум цонх, 1 давхрын ресторан руу ордог шилэн хаалга, гадна талын үүдний шилэн хаалга зэрэг эд хогшлыг эвдэлж, гэмтээж хохирогч Н.*******д 428,800 /дөрвөн зуун хорин найман мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Уг хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч У.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.*******ын өмчлөлийн “” гэх зочид буудал дотор агсам тавьж улмаар 2 давхрын өрөөний модон хаалга, шатны хажуу талын цагаан вакум цонх, 1 давхрын ресторан руу ордог шилэн хаалга, гадна талын үүдний шилэн хаалга зэрэг эд хогшлыг эвдэлж, гэмтээж хохирогч Н.*******д 428,800 /дөрвөн зуун хорин найман мянга найман зуун/ төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

1. Хохирогч Н.*******ын “...*******ын ******* нь миний төрсөн ахын хүүхэд нь байгаа юм. Би Завхан аймгийн сум багийн нутаг дэвсгэрт “” нэртэй зочид буудал, рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг объект ажиллуулдаг. У.******* нь манай зочид буудлын 1 давхрын 111 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдраад 1 жил болж байгаа. Би тухайн үед дуудлага өгснийг мэдээгүй ба ******* гэсэн дугаараас цагдаагийн дуугаар луу залгахад дуудлага авсан гэж хэлсэн. Тэгээд унтаж байхад шөнийн 02 цагийн орчимд гэнэтхэн манай хаалгыг ******* гадна талаас нь цөм өшиглөсөн. Би тухайн үед нь гарах гэсэн боловч эхнэр гаргаагүй. Тэгээд өглөө нь 09 цагийн үед өрөөнөөсөө гараад хартал манай гэрийн хаалгыг цөм өшиглөсөн байсан. Доошоо буухад шатны хажуу талын цагаан вакум цонхыг хагалсан мөн 1 давхрын ресторан руу ордог 1мм зузаантай шилэн хаалга, мөн гадна талын үүдний шилэн хаалгыг тус тус хагалсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас/,

2. Гэрч С.*******ийн “...Тэгээд манай нөхөр ойролцоогоор 00 цаг өнгөрч байх үед гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирэхдээ архи уучихсан согтуу ирсэн. Тэгээд би нөхрөө архи уучихсан эрхээр нь унтаж амар гэж хэлсэн чинь  үгэнд орохгүй урдаас уурлаад чанга дуугаар дуугараад байсан. Тэгсэн чинь ******* эгч хоёр давхраас бууж ирсэн. Тэгээд ******* эгч бууж ирээд миний дүү болдоггүй юм унтаж амар гээд бид хоёрын үгэнд орохгүй хоёр давхар руу орж ахтайгаа уулзан гээд байсан. Тэгээд хоёр давхар руу гарч байхдаа шатны хажуу талын цонхыг өшиглөөд хагалчихсан тэгээд ******* ахын хаалгыг очиж нүдсэн. Тухайн үед ямар нэгэн хүн гарч ирээгүй тэгээд манай нөхөр ******* хаалгыг нь өшгөлчихсөн. Тэгээд буцаж доод давхар руу буугаад гарах гээд байсан. Тухайн үед гарах хаалга цоожтой байсан тэгээд гарах гэж байхдаа мөн үүдний шил, таампарын цонх зэргийг хагалчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29- дугаар хуудас/,

3. Гэрч Х.*******гийн “...Тухайн өдөр ойролцоогоор 00 цаг өнгөрч намайг унтаж байх үед доод давхарт хүн орилж агсам тавиад байх шиг байхаар нь би босоод буугаад очтол манай хүргэн *******ын дүү ******* гэгч агсам тавиад  байгаа бололтой текний ард зогсож байсан. Тэгээд би бууж очоод яаж байгаа юм бэ? Миний дүү одоо гэртээ ороод унт гэж хэлсэн. Тэгээд согтуу байсан болохоор миний үгэнд орохгүй байсан. Тэгээд эхнэр нь дүүгийнхээ хамт байсан. Тэгээд ******* эхнэр болон дүүгийнхээ нь хамт бид 3 тайвшруулах хооронд давхар руу гараад шатны хажуу талын цонхыг өшиглөсөн мөн хоёр давхарт байх *******ын гэрийн хаалгыг өшиглөсөн. Тэгээд доошоо бууж ирээд үүдний шилнүүдийг өшиглөж хагалчхаад өөрөө гараад явчихсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

4 Гэрч С.*******ын “...Тухайн өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би эгчийнхээ гэрт эгч *******тай хамт хоёулаа байж байсан. Тэгсэн 00 цагийн үед манай эгчийн нөхөр ах гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирэхдээ архи уучихсан согтуу ирсэн. Тэгэхээр манай эгч ахыг унт гэсэн чинь согтуу агсам тавиад чанга чанга дугараад унтахгүй байсан. Тэгсэн чинь ******* ахын эхнэр ийн эгч болох ******* эгч нь хоёр давхраас бууж ирсэн. ******* эгч бууж ирээд манай эгч ******* болон ******* эгч бид  гурав унтуулах гэсэн боловч бид гурвын үгэнд орохгүй байсан. Тэгээд ******* ах болон эгч нартай уулзах гээд хоёр давхар руу гарч байхдаа  шатны хажуу талын цонхыг өшиглөөд хагалчихсан. Тэгээд ******* ахын хаалгыг очиж нүдсэн. Тухайн үед ямар нэгэн хүн гарч ирээгүй. ах хаалгыг өшиглөөд орилоод байсан. Тэгээд буцаж доод давхар руу бууж ирээд үүдний шилэн хаалгыг хагалаад гараад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29- дугаар хуудас/,

5. Шүүгдэгч У.*******ын “...Би 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 21 өнгөрч байх Завхан аймгийн сумын  Завхан зочид буудалд найз , , нартай 2 шил виски хувааж уусан. Тэгээд 23:00 цагийн орчмын үед зочид буудал гэр рүүгээ явсан. Тэгээд намайг гэртээ очих манай эхнэр ******* дүү *******ын хамт байж байсан. Манай эхнэр намайг унтаж амар гээд байж байсан чинь давхраас ******* ахын бэр эгч ******* бууж ирээд намайг ингэж болдоггүй юм одоо унт гэж хэлсэн. Тэгээд би архи уучихсан байсан болохоор агсам тавьсан. Би давхар руу ахынхаа гэрт орох гээд өгсөж байхдаа шатны хажуугийн  цонхыг өшиглөсөн. Тэгээд ахындаа орох гэсэн чинь цоожтой  байхаар нь хаалгыг  өшиглөчихсөн. Мөн доод давхарт бууж ирээд үүдний цонх болон хаалганы доод шилийг хагалчихсан. Тухайн үед би архи уучихсан байсан болохоор уурандаа эд зүйл  эвдчихсэн юм. ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/

6. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн үнэлгээчин, шинжээч Х.гийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №83  дугаартай дүгнэлтээр шүүгдэгч У.*******ын устгаж, гэмтээсэн  эд зүйлс 428,800 /дөрвөн зуун хорин найман мянга найман зуун/ төгрөгөөр үнэлэгдсэн байна. /хх-ийн 34-34–р хуудас/

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч У.******* шууд санаатай үйлдлээр бусдын өмчлөх эрхэд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирлын талаар:

Шүүгдэгч У.******* нь гэмт хэргийн улмаас бусдад 428,800 /дөрвөн зуун хорин найман мянга найман зуун/ төгрөгийн хохирол учруулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн болох нь хохирогч Н.*******, шүүгдэгч У.******* нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч У.*******ыг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэснийг үндэслэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч У.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.

Түүнчлэн Эрүүгийн  хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч У.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч У.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч У.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         П.ДОРЖБАЛ