Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 0660

 

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2019/0660

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Гомдол гаргагч: Х ХХК

Хариуцагч: НТГТХШХТУБ Г.С, М.А.

Гомдлын шаардлага: НТГТХШХТУБ нарын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдолтой зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш, хариуцагч Г.С, М.А, хариуцагч М.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч ХХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шаас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НТГТХШХТУБ Г.С, М.А нар нь манай компанийн 2016 оны 6 болон 7 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №0дугаартай шийтгэлийн хуудсаар нийт 38,116,790,50 төгрөгийн төлбөрийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчилд шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн. Уг шийтгэлийг хуудсыг манай компани дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. Манай компани нь 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ЭХХК-тай уур, ус тусгаарлагч, хар панер, чулуун замаска зэрэг материал худалдан авах, төлбөрийг нийлүүлэлтээр төлөхөөр, 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ИХХК-тай дээврийн эмжээр /ган/, лист төмөр зэрэг материал худалдан авах, төлбөрийг нийлүүлэлтээр төлөхөөр тохиролцож, гэрээг бичгийн хэлбэрээр хэлбэржүүлэн ажилласан. Дээрх 2 гэрээний дагуу гүйцэтгэгдсэн худалдан авалтаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу хүчин төгөлдөр анхан шатны баримт болох бараа материалын зарлагын баримт, кассын орлого, зарлагын баримтыг үндэслэн санхүүгийн тайландаа тусган бүртгэсэн. Гэвч 2017 онд Эрүүгийн цагдаагийн газраас дээрх 2 компанитай холбоотой хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын баримт гэсэн үндэслэлээр манай компаниас мэдүүлэг авсан. Компанийн зүгээс Эрүүгийн цагдаагийн газарт холбогдох тайлбар, баримт материалыг нэг бүрчлэн гарган өгч, хууль ёсны худалдан авалт гэдгээ нотолж, бусад компанийн борлуулалтаа тайлагнаагүй, тайлагнасан татвараа төлөөгүй асуудал хууль ёсны худалдан авалт хийсэн манай компанийг буруутгах нь татвар төлөгчийн хууль ёсны эрх, Татварын хууль тогтоомж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа талаар тайлбар өгсөн. Тус цагдаагийн газраас дээрх асуудалд манай компанийг буруугүй болохыг тогтоосон бөгөөд дахин шалгалт хийгээгүй болно.

2. Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас бичих үндэслэл болсон Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 тоот тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагчдын бичсэн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 340000490 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 196 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудад манай компанийн худалдан авалтыг яагаад хуурамч гэж үзэж байгаа, юу нь хуурамч болохыг тогтоосон нотолсон баримт байхгүй, уг тогтоол дүгнэлтүүдийг гаргахдаа манай компаниас тодруулга, тайлбар, баримт мэдээлэл аваагүй, юуг үндэслэж шийдвэр гаргасан нь тодорхойгүй байдаг.

3. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагчид 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 340000490 тоот дүгнэлтээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчид 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 196 дугаартай дүгнэлтээ тус тус гаргахдаа Сонсох ажиллагаа хийгээгүй, эрх ашиг нь хөндөгдөх этгээдийн тайлбар, саналыг сонсохгүй хууль ёсны эрхийг хааж, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн.

4. Манай компани нь батлагдсан зураг төслийн дагуу бүх худалдан авалтаа боломжит хэмжээнд Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч компанитай харилцах бодлого барьдаг, харин тухайн компани нь борлуулалтаа үнэн зөв тайлагнадаг эсэх, хөдлөх эд хөрөнгийн тухайд худалдах хөрөнгө нь яг энэ компанийн өмчлөлийн хөрөнгө мөн эсэхийг шалгаж тогтоох хууль зүйн болон бодит боломж төрийн эрх бүхий байгууллагаас бусад ямар ч байгууллага, татвар төлөгчид байдаггүй. Иймд тухайн компани борлуулалтаа тайландаа тусгаагүй, эсвэл тайлагнасан борлуулалтдаа нотлох татвараа төлөхгүй байх нь манай компанийн хариуцах хариуцлага биш юм.

5. Татварын хяналт шалгалтын байцаагчид ажлын талбайд очин танилцаж, бодит нөхцөл байдлыг нүдээр харж мэдсээр байж бусад байгууллагын үндэслэлгүй, зохих шалгалтын үйл ажиллагаа хийгээгүй, ойлгомжгүй гаргасан баримтыг үндэслэж, шийтгэлийн хуудас бичиж байгаа нь татварын хяналт шалгалтыг бие даан, хараат бусаар хийх, гагцхүү нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад тулгуурлах зэрэг зарчмыг зөрчсөн.

6. Татварын улсын байцаагчид хүчээр шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ, гэсэн хуулийн заалтыг хэрэглэсэн.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн мөн зүйлийн 4-т Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж шийтгэлийн хуудастаа тусгасан боловч Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5-д заасан Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөн найруулагдаж, хасагдсан Татварын ерөнхий хуулийн зүйл заалт зэрэг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүй хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан.

Нэмэгдсэн өртгийн албан татварыг хэн төлдөг вэ гэсэн зарчмын асуудал

байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварыг ажил, үйлчилгээг худалдан авагчид биш борлуулагч этгээдэд ногдуулдаг. Борлуулсан этгээд нь татвараа төлнө гэж тайлагнасан. Гэтэл худалдан авагчаар нь татвар төлүүлье гээд худалдан авагчаар 2 удаа татвар төлүүлэх шийдвэр гаргасан. ЭХХК болон ИХХК-иас авсан бараа, материалдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулж, тухайн компанид төлөх төлбөртөө шингээгээд төлсөн. Тухайн компаниуд төлнө гээд тайлагнасан байхад худалдан авагчид акт тавьж дахин төлүүлэх гэж байгаад харамсалтай байна.

Захиргааны ерөнхий хуульд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж байдаг. Бид хуульд заасны дагуу анхан шатны баримтаа бүрдүүлээд, худалдан авалт хийхдээ борлуулагч этгээдэд нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн төлбөрийг төлсөн. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байхад хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж дахин татвар ногдуулсан уг шийдвэрийг хүчингүй болгуулах саналтай байна.

Иймд НТГТХШХТУБийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №0дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, татвар төлөгчийн хууль ёсны эрхийг сэргээж өгнө үү гэв.

Хариуцагч татварын улсын байцаагч Г.С, М.А нар шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ХХХК-тай холбоотой хяналт шалгалтын ажил нь Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10д/6570, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10д/6590 тоот албан бичгүүд, Татварын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 07/3530 тоот албан бичиг ирүүлсний дагуу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдол төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийгдэхээр 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 22180100029 тоот томилолт үүссэний дагуу хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн юм.

1. ХХХК-ийн захирал Ц.Р*******гийн гомдлын нэгдүгээрт тус компани нь ИХХК-иас 2016 оны 6 дугаар сард 3 ширхэг падаанаар 90,909,090,91 төгрөгийн худалдан авалтад 9,090,909.1 төгрөг, мөн оны 7 дугаар сард 2 ширхэг падаанаар 45,454,545,45 төгрөгийн худалдан авалтад 4,454,454.0 төгрөгийн нийт 136,363,636.5 төгрөгийн худалдан авалтад 13,636,363.65 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар төлснөөр, ЭХХК-иас 2016 оны 6 дугаар сард 3 ширхэг падаанаар 105,243,290.91 төгрөгийн худалдан авалтад 10,524,329.1 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар төлснөөр тус тус тайлагнасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар худалдан авалт хийсэн нь эрүүгийн шинжгүй зөрчлийн шинжтэй болох нь Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчдын дээрх албан бичиг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтүүд, Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 87 тоот тогтоол, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 тоот тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 340000491 тоот дүгнэлт, 340000940 тоот актуудаар мөн Нийслэлийн татварын газарт шалгагдаж байх хугацаандаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан засварлах хүсэлт өгсөн, Б.Шын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа болно.

Тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шнь Эрүүгийн цагдаагийн газарт холбогдох тайлбарыг мөрдөн байцаагчийн шалгах үйл ажиллагааны явцад өгч манай компани нь дээрх асуудалд буруугүй болохыг тогтоосон бөгөөд дахин шалгалт хийгээгүй болно гээд байгаа боловч ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй.

2. Энэ гомдлын гуравдугаарт Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн дүгнэлт нь тодорхой хамрах хүрээтэй.

Өөрөөр хэлбэл, дүүргийн татварын хэлтэс нь өөрийн харьяаны татвар төлөгчийг шалгадаг. Мөн Татварын улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж буй нь мөрдөн шалгах ажиллагаа биш юм. Энэхүү шалгалтад илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоолгохоор хуулийн байгууллагад хүргүүлж байгаа баримт бичиг юм. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд санхүүгийн тайлан нь үнэн зөв, бодитой байх зарчмыг хангаагүй.

3. Б.Шын гомдлын тавдугаарт барилгын ажлын талбайд очиход барилгын ажил зогссон гүйцэтгэж буй барилга нь дуусаагүй уг барилгын цутгалтын хэв хашмал, хаалт хар панериар хийсэн хаалт, хашлага шат дамнуурга зэрэг зүйл байхгүй байсан. Бидэнд барилгын талбайд хураасан, агуулахад хадгалсан ямар нэгэн материал, хэв хашмал гэх зэргийн зүйл нь талбай дээр юу ч байхгүй гээд үзүүлээгүй. Барилгын явц нь ханын дүүргэлт дээвэр, ус зайлуулах зэрэг ажил хийгдсэн байдалтай байсан. Тус компанийн зөрчлийг шийдвэрлэхдээ Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасныг үндэслэн шийдвэрлэгдэхээр зөрчил үйлдэгдсэн учраас

тухайн үеийн хуулийг хэрэглэсэн.

Хяналт шалгалтын явцад ажлын талбайд очиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шаас мэдүүлэг авсан. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг бүрдүүлэн өгсөөр байтал түүнийг үндэслэсэнгүй гэж байна. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт буюу хийсэн гэрээ, кассын орлогын баримт, Е баримтыг тухайн үед өгөөгүй. Үүнийг хяналт шалгалтын явцад авсан мэдүүлэгт тодорхой бичсэн байгаа. Тухайн бараа, материалыг М ХХК-ийн хашаанд оруулсан тэмдэглэл, харуул хамгаалалтаар бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн талаарх нотлох баримтыг үзүүлээгүй. Байгаа гэсэн боловч өгөөгүй. Барааг хэн хүлээж авсан нь тодорхойгүй, нярвын хүлээлцсэн акт байгаагүй.

ЭХХК, ИХХК-иудын борлуулалтын орлогыг манайд ногдуулж, миний төлсөн татварт давхар татвар ногдуулж байна гэж тайлбарлаж байна. Тус хоёр компани нь борлуулалт хийсэн компани бөгөөд худалдан авалт хийсэн нь ХХХК юм. Хяналт шалгалт ХХХК-д хийгдэж байгаа. Түүнээс ЭХХК, ИХХК-иудад хяналт, шалгалтыг хийгээгүй. Дээрх 2 компани падаан тараагч компани гэдэг нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн байцаагчдын дүгнэлтээр нотлогдсон. Тухайн үед анхан шатны баримтыг дутуу өгсөн. Бидэнд 2 төсөл хэрэгжүүлж байгаа гээд дуусаагүй барилга үзүүлсэн. Агуулахын үлдэгдэл бараа, материал гэж байгаагүй. Тухайн худалдан авалтын 2016 оны 6 дугаар сард 3 ширхэг падаан, 7 дугаар сард 2 ширхэг падаан байгаа. Падаанууд нотлох баримтаар хэргийн материалд авагдсан. Татвар төлөгч өөрөө татвараа ногдуулж тодорхойлдог. Гомдол гаргагч ногдуулж тодорхойлсон татварын тайлангаа засуулах хүсэлт өгсөн бөгөөд хяналт шалгалтын ажил явагдаж байх үед тайланг засварлах боломжгүй хариуг өгч байсан. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөрчилд тооцох боломжгүй зүйлийг зөрчилд тооцсон мэтээр ярьж байна. Татварын улсын байцаагч татвараас зайлсхийсэн үйлдэл байгаа эсэхийг шалган тогтоогоод дүгнэлт үйлдэж цагдаагийн байгууллагад хүргүүлдэг. Цагдаагийн байгууллага татварын улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээн аваад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй эсэхийг тогтоодог. Үүний дагуу цагдаагийн байгууллага эрүүгийн хариуцлага ногдуулах үндэслэлгүй байна гэж үзсэн боловч захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байгаагүй. Татварын улсын байцаагчийн дүгнэлтээс гадна Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу холбогдох нотлох баримтад татварын хяналт шалгалтыг хийсэн. Хуурамч падаан үйлдсэн компаниудтай харилцан худалдан авалт хийсэн учраас манай компанийг буруутгасан гэж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар харилцан худалдан авалт хийснээр санхүүгийн баримтууд баталгаажаад явдаг. Үүнээс нэг тал суутган төлдөг, нөгөө тал улсын төсөвт шилжүүлдэг. Мөн тал санхүүгийн баримтаа баталгаажуулсан нь нэмэгдсэн өртгийн албан татварыг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй. ЭХХК, ИХХК-иуд нь хуурамч падаан гарган борлуулж ашиг олж байсныг цагдаагийн байгууллага нотлох баримтаар тогтоосон байна. Ийм учраас татварын улсын байцаагч нар хяналт, шалгалтыг хийж, шийтгэл хуудас бичжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт хараат бусаар гарсан. Үүнийг татварын улсын байцаагч нар нотлох баримтаар үндэслэл болгон иш татах бүрэн эрх хэмжээтэй.

Хариуцагч татварын улсын байцаагч нар Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн байцаагчдын дүгнэлтийг авч үргэлжлүүлсэн процесс байхгүй. Шинээр томилолт үүсгээд харьяалагддаг аж ахуйн нэгж, татвар төлөгч байгууллагад бие даасан хяналт, шалгалтыг хийсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс манай компанийн хариуцах хариуцлага биш гэж байна. Татварын улсын байцаагч нар нотлох баримтад үндэслэн үнэлж, дүгнэнэ. Хяналт шалгалтын явцад ийм баримтуудыг өгсөөр байтал үнэлээгүй гэдэг зүйлээ нотлох баримтаар үзүүлэх хэрэгтэй.

Татварын улсын байцаагч нар ажлын талбайд очиж бодит нөхцөл байдлыг нүдээр харж мэдсээр байж зохих шалгалтын үйл ажиллагааг хийгээгүй, ойлгомжгүй баримтад үндэслэсэн гэж байна. Ажлын талбайд очиж танилцсан тэмдэглэл нь хяналт шалгалтын баримт бичигт тусгагдсан байх ёстой. Энэ нь тодорхой тусгагдсан байгаа. Тэгэхээр дээрх тайлбар нь учир дутагдалтай байна.

Татварын улсын байцаагч нар татварын хууль, тогтоомжийг зөрчсөн гэж үзвэл шийтгэлийн хуудас ногдуулж, захиргааны арга хэмжээ авах бүрэн эрхтэй. Хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ дагуу хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулсан.

Дүгнэлт хэрэгсэхгүй болсон ч татвар төлөгч захиргааны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Үүнийг хуулиар зохицуулсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

НТГТХШХТУБГ.С, М.А нар ХХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 0дүгээр шийтгэлийн хуудсаар 24.160.692,70 төгрөгийн нөхөн татвар, 7.248.207.80 төгрөгийн торгууль, 6.707.890 төгрөгийн алданги нийт 38.116.790.50 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Гомдол гаргагч ХХХК дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч ...шийтгэлийн хуудас бичих үндэслэл болсон Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 тоот тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагчийн бичсэн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 340000490 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 196 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудад манай компанийн худалдан авалтыг яагаад хуурамч гэж үзэж байгаа, юу нь хуурамч болохыг тогтоосон нотолсон баримт байхгүй, уг тогтоол дүгнэлтүүдийг гаргахдаа манай компаниас тодруулга, тайлбар, баримт мэдээлэл аваагүй, ...Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагчид 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 340000490 тоот дүгнэлтээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчид 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 196 дугаартай дүгнэлтээ тус тус гаргахдаа Сонсох ажиллагаа хийгээгүй, эрх ашиг нь хөндөгдөх этгээдийн тайлбар, саналыг сонсохгүй хууль ёсны эрхийг хааж, ...Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн, ...эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүй хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан зэрэг үндэслэлээр маргаж байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10д/6570, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10д/6590 албан бичгийн дагуу Татварын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 07/3530 дугаар албан бичгээр Нийслэлийн татварын газарт нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх үүргийг өгсөнтэй холбогдуулан Нийслэлийн Татварын газраас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 22180100029 дугаартай томилолтоор Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.С, М.А нарыг ХХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийлгэхээр томилсноор татварын улсын байцаагч нар хяналт шалгалтыг хийжээ.

2. Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001) хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлэх-ээр, 8.2- т "... аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилт (ажил гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт) хийх-ээр,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "... нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг ойлгохоор, 14 дүгээр зүйлийн 14.3-т худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй хэмээн тус тус заажээ.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтаас үзэхэд, ХХХК нь 2016 онд:

ИХХК-ийн 00239094838, 00239094867, 0024519399, 0024519500, 0024519401 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 136.363.636,5 төгрөгийн худалдан авалтад 13,636,363.65 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлснөөр,

ЭХХК-ийн 0024514094, 0024514095, 0024514096 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 105,243,290.91 төгрөгийн худалдан авалтад 10,524,329.1 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлснөөр тус тус тайлагнасан байх боловч ХХХК-д бараа материал худалдан борлуулсан гэх ИХХК болон ЭХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх компаниуд нь гомдол гаргагч ХХХК-д борлуулалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт хийсэн, үүнтэй холбогдуулан ХХХК нь өөрийн татвар ногдуулах орлогыг бууруулан тайлагнасан гэх нөхцөл байдал хэрэгт нотлох баримтаар авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2017 оны 196, 197 дугаар дүгнэлт, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 340000491 тоот дүгнэлт, 340000940 тоот акт, Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 87 тоот тогтоол, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 тоот тогтоолоор тус тус тогтоогдож байна.

4. Үүнтэй холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.4-д заасанчлан байгууллага, албан тушаалтнаас харьяаллын дагуу зөрчлийн талаарх холбогдох баримтыг шилжүүлснийг мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1.-д заасан зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэх үндэслэлээр ХХХК-д холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн. Ингэхдээ холбогдогчийн төлөөлөгч нарт хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдүүлэг авсан хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн,

гомдол гаргагчийн төлөөлөгчөөс гомдлын шаардлагын үндэслэл болгож буй сонсох ажиллагаа хийгээгүй, эрх ашиг нь хөндөгдөх этгээдийн тайлбар, саналыг сонсохгүй хууль ёсны эрхийг хааж, ...Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэх асуудал нь тус маргаан бүхий актад хамаарахгүй, ИХХК болон ЭХХК-ийн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаах ажиллагаанд хамаарах асуудал байх бөгөөд гомдол гаргагчийн зүгээс тухайн үед уг асуудлаар холбогдох эрх бүхий этгээдэд гомдол, хүсэлт гаргаж байгаагүй байна.

5. Харин, хариуцагч НТГТХШХТУБГ.С, М.А нараас маргаан бүхий акт болох 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0дугаар шийтгэлийн хуудсыг гаргахдаа хуульд байхгүй заалт болох Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.3, 1.4.4, 1.5.8 гэх заалтыг үндэслэсэн нь тухайн маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимд нийцсэн хэмээн үзэх боломжгүй болгож байгаа, гэвч энэхүү нөхцөл байдал нь гомдол гаргагчийн үйлдсэн зөрчлийг үгүйсгэх, гомдлын шаардлагыг хангах хангалттай, тодорхой үндэслэл болж чадахгүй байх тул шүүх хариуцагч захиргааны байгууллагаас хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4 , Татварын өрөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасныг тус тус үндэслэн НТГТХШХТУБнарын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол НТГТХШХТУБнарын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М