Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0129 |
Огноо | 2014-03-19 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2014/0129
“С с” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 537 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “С с” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох . захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ\ “...“С с” ХХК-ийн эзэмшлийн 15043Х /ХУ-015043/ дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлийг хуульд заасан баримт бичгийн хамт ирүүлэх ( ёстой. Гэтэл уг үүргээ хэрэгжүүлээгүй, ямар нэгэн өргөдөл манай байгууллагад гаргаж байгаагүй. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа тусгай зөвшөөрөл хадгалагдах хугацаа нь ялгаатай ойлголт. Тухайн оны 8 дугаар сар хүртэл нэхэмжлэгч нь үйл ажиллагаа явуулсан тул тухайн ажлын тайланг хүлээн авах ёстой. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 537 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "С с" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, "С с" ХХК-ийн эзэмшлийн Х\/-015043 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хуульд заасан журмын дагуу сунгасан шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.
"С с" ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнөөс бусад баримтыг бүрдүүлэн төрийн захиргааны байгууллагад хандахад төлбөр төлсөн баримтыг хүлээн авч, тусгай зөвшөөрөлд тэмдэглэгээ хийж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах асуудлаа байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө авчирч шийдүүл гэсэн хариу өгчээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн даалгавраар Дорноговь аймгийн Захиргааны хэргийн шүүхээс ирүүлсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч "С с" ХХК нь Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 05-17 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хуульд заасан үүргээ биелүүлсэн байна гэжээ.
"С с" ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 зүйлд заасан "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч н& хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж дараах бичгийг хавсаргана" гэж заасны дагуу хуульд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй. Мөн Байгаль орчны төлөвлөгөөгөө батлуулж чадахгүй байгаа талаар төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргаагүй зэргээс харахад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах ямар нэгэн оролдлого хийгээгүй нь харагдаж байна.
Иймд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 537 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг “Гурван хар толгой” нэртэй газар хайгуул хийх 15043Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Монголсанчуан” ХХК-иас Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1043 дугаар шийдвэрээр шилжүүлэн авснаар тухайн тусгай зөвшөөрлийг “С с” ХХК эзэмшиж ирсэн, түүнээс хойш холбогдох төлбөрийг төлөх зэргээр тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх нөхцөлийг хангаж иржээ.
Дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох 2012 оны 08 дугаар сарын 03- ны өдрөөс өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу нэг сарын өмнө хүсэлтээ гаргаагүй учир тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон гэж хариуцагч үзжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг гаргахдаа хавсаргах баримт бичгийг заасны дотор 22.1.3-д байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримтыг хавсаргахаар заажээ.
Хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч компани хуулийн дээрх заалтад заасан шаардлагыг хангах зорилгоор Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хандсан боловч тухайн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заагдсан хугацаа буюу 10 хоногийн дотор тухайн төлөвлөгөөг хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх үүргээ биелүүлэлгүй, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлснээс “С с” ХХК хуульд заасан хугацааны дотор Ашигт малтмалын газарт тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлөө гаргаж чадаагүй нь тогтоогджээ.
Тиймээс төрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг сунгуулахтай холбоотой эрх алдагдсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Үүнээс гадна Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс “С с” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон гэж үзсэн атлаа тухайн компаниас 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрөө төлснийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад тэмдэглэгээ хийсэн, 2012 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг 2013 оны 02 дугаар сард баталгаажуулах зэргээр тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаатай адил ажиллагааг явуулж байсныг дурдах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгтээ хуулийн нэрийг буруу бичсэнийг залруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 537 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.2-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, "С с" ХХК-ийн эзэмшлийн XV- 015043 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хуульд заасан журмын дагуу сунгасан шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай” гэж өөрчилсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь О хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.