Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
Хэргийн индекс | 185/2016/0042/Э |
Дугаар | 41 |
Огноо | 2016-07-25 |
Зүйл хэсэг | 098.1., |
Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,
Улсын яллагч Э.Халиун,
Шүүгдэгч Т.Мөнхбат, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ожгоод овогт Төмөрийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 201625020967 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Ожгоод овогт Төмөрийн Мөнхбат, Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 290 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй /РД:ГЮ89100835/;
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Мөнхбат нь 2016 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Смайл бааранд хохирогч Б.Лхагважавтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохиж түүний биед тархи доргилт, эрүү яс, хамар ясны далд хугарал, зүүн хөмсөг, зүүн хацар хамрын зулгаралт, эрүү хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Мөнхбат мэдүүлэхдээ: Би 2016 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Смайл бааранд орсон. Хохирогч залуутай 00-д байхад таарсан. Намайг 00 орох гэтэл Лхагважав 2 найзтайгаа чи цаанаа байж бай, бид нар юм ярьж байна гэсэн. Тэгээд би 00 ормоор байна гээд тэд нартай маргалдсан. Маргалдаж байгаад би Лхагважавыг цохьсон. Миний буруу, хийсэн
хэрэгтээ гэмшиж байна, би хохирлыг бүрэн барагдуулж, хохирогчоос уучлалт гуйсан гэв.
Хохирогч Б.Лхагважав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016.04.08-ны 21 цаг өнгөрч байхад би өөрийн найзууд болох Бямбаа, Золоо нартай хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Смайл нэртэй баар руу пиво ууж бүжиглэж стрессээ тайлах гээд орсон юм. Тэгээд төд удалгүй 23 цаг өнгөрч байхад бид гурав 00-ын өрөө орж бие зассан юм. Тэгтэл намайг цохидог залуу 00-ын хаалга саваад ороод манай хоёр найз намайг шууд 00-оос авч гараад бид гурав бүжгийн талбай руу явж байтал төд удалгүй 4, 5 залуу ирээд намайг аваад гарсан. Тэгээд намайг авч гараад цохидог залуу намайг цохьсон чинь би нүүрээ дараад газар унасан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд манай хоёр намайг ирж салгаж аваад тэгээд цагдаа дуудсан. Яг 00-ын өрөөнд муудалцаад бид гурвыг гараад удаагүй байхад намайг аваад гарсан. Тэр хоёр яагаад үлдсэнийг би сайн мэдэхгүй. Миний эрүү хугарсан болохоор надад маш хэцүү байна. Би 300.000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн. Би 1-2 сар ажил хийж чадахгүй юм шиг байна...би тэр өдөр 3 пиво захиалаад 2 шилийг уусан байсан. Одоо нэг их сайн санахгүй байна. ... Мөнхбат намайг цохиход нь би газар унасан. Тэгээд намайг дээрээс нүдээд эхэлсэн шүү дээ. Тэгтэл манай хоёр найз намайг аваад автобусны буудал руу аваад явсан …” гэсэн мэдүүлэг /хх-6-9/,
Гэрч С.Пүрэвдорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би Мөнхбатыг хальт таних бөгөөд Мөнхбат гэдэг нэрийг нь бол сайн мэдэхгүй. Харин царайг нь сайн мэднэ. Учир нь Мөнхбат гэх залуу орой болгон манайд орж ирж хоол идэж ганц хоёр шил пиво уудаг юм. Хоол пиво уусан үедээ ихэнхдээ текэн дээр суудаг ба өмнө нь огт зодоон нүдээн хийж байгаагүй. 2016.04.08-ны орой Мөнхбат гэх залуу 21 цаг өнгөрөөд 22 цаг болж байхад манай баар руу орж ирээд хоол захиалаад текэн дээр пиво уугаад сууж байсан. Тэгээд цаг нэлээн орой болоод 00 цаг өнгөрч байхад би нэмэлт заал үндсэн заал хоёрын хооронд явж байсан чинь 00 руу явдаг нарийн коридорт Мөнхбат жижигхэн биетэй залуутай маргалдаж байсан. Тэр жижигхэн биетэй залуу Мөнхбатыг хажуугаар нь гарахад яасан яриа байна уу хөгшөөн асуудал байна уу гээд байсан. Тэгэхээр нь би очоод Мөнхбатыг хальт зүс мэддэг болохоор чи больчих гээд цааш нь 00 руу оруулсан. Тэгтэл нөгөө жижигхэн биетэй залуу цаашаа найзууд дээрээ очоод пиво уугаад юм яриад суусан. Тэгээд нөгөө жижиг биетэй залуу талбай дээр гарч ирээд бүжиглэж байсан чинь Мөнхбат 00-оос гарч ирээд талбай дээр гарч нэг эмэгтэйтэй бүжиглэж байсан чинь нөгөө жижигхэн биетэй залуу шахаж очоод тохойлдсон. Тэгтэл Мөнхбат эргэж хараад нөгөө жижиг биетэй залууг алгадсан. Тэгсэн чинь цаанаас одоо гомдол мэдүүлээд байгаа гэх өндөр биетэй бор залуу Мөнхбатыг өшиглөж аваад тэр хоёр хоорондоо зодолдсон. Тэгээд зодолдоод байхаар нь би Мөнхбатыг түлхэж холдуулчихаад нөгөө залууг авч гарах гэтэл Мөнхбатыг тавихгүй цамцнаас нь зуураад байсан. Тэр үед жижиг биетэй залуу одоо гомдол мэдүүлээд байгаа залуутай хамт нийлээд Мөнхбатыг чирч гаргах гээд байсан. Тэгтэл шатаар дээшээ өгсөж байхад одоо гомдол мэдүүлээд байгаа залуу Мөнхбат хоёр шатруу уначихсан. Тэгээд тэр хоёрыг босоод ирэхээр нь би салгаад тэр залууг хоёр найзыг нь аваад яв гэж хэлсэн. ... тэр хоёр хоорондоо цохилдоод л байсан. Тэрнээс биш би яг хаашаа нь цохиж байсныг хараагүй ээ. Хяналтын камер байхгүй саяхан шатчихсан …” гэсэн
мэдүүлэг /хх-11/,
Гэрч Г.Золжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Лхагважав нь миний зогсдог дэлгүүрийн хойд талд мөн дэлгүүрт суудаг юмаа. Ер нь бол бид найзууд. 2016.04.09-ний өдөр Лхагважав, Бямбаа бид гурав Смайл нэртэй баарлуу орсон. Тэгээд бид гурав 00-ын өрөө ороод бие засчихаад гарах гэж байтал гаднаас үл таних залуу орж ирсэн...бид гурав бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Лхагважав гэнэт байхгүй болчихсон…” гэсэн мэдүүлэг /хх-13/,
Гэрч Н.Бямбасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Миний мэдэхээр Мөнхбат байнга ганцаараа орж ирж үйлчлүүлдэг. Орж ирж үйлчлүүлэхдээ хоол идэж хоёр шил пиво уучихаад тэгээд л гардаг. Айхтар архи дарс уугаад байдаггүй. Миний харснаар бол Мөнхбатыг бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нь нэг залуу нүүр рүү нь нэг удаа цохиод тэрнээс болж маргалдсан. Тэгтэл хамгаалагч Пүрэвдорж ирээд хоёуланг нь аваад гарсныг харсан. Өөр зүйл хараагүй би удалгүй Пүрэвдорж Мөнхбатыг буцаагаад дагуулаад орж ирсэн. Мөнхбаттай маргалдсан гэх залуу өөрөө 3 билүү 4-үүлээ орж ирсэн .…” гэсэн мэдүүлэг /хх-15/,
Гэрч Ж.Бямбасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Лхагважав бид хоёр хамт ажилладаг найзууд. 2016.04.08-ны орой би өөрийн найзууд болох Лхагважав, Золоо нартай хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Смайл нэртэй баар руу орцгоосон. Бид гурав дотор орж хүний 3 шил пиво захиалж уугаад бүжиглэж байсан. Тэгээд гэнэт нэг мэдэхэд Лхагважав бааран дотор байхгүй болчихсон. Тэгтэл Лхагважав намайг хүмүүс зодчихлоо утсаа өгч бай, цагдаа дуудъя гэж хэлсэн .…” гэсэн мэдүүлэг /хх-17/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4953 дугаартай актын дүгнэлт:
1. Лхагважавын биед тархи доргилт, эрүү яс, хамар ясны далд хугарал, зүүн хөмсөг, зүүн хацар хамрын зулгаралт, эрүү хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,
5. Дээрх гэмтэл хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой /хх-21/,
Нийслэлийн улсын бүртгэлийн газрын тодорхойлолт /хх-33/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/,
Шүүгдэгч Т.Мөнхбатын хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-35-36/,
Хохирол төлсөн баримт /хх-40/,
Хохирогч Б.Лхагважав шүүхэд ирүүлсэн “…Т.Мөнхбат надаас уучлалт гуйж хохирлыг бүрэн төлж барагдуулсан, одоо надад Т.Мөнхбатад гомдол санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хэргийн материалтай дахин танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй.” гэх хүсэлт /хх-57/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Мөнхбат нь 2016 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих
шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Смайл бааранд хохирогч Б.Лхагважавтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохиж түүний биед тархи доргилт, эрүү яс, хамар ясны далд хугарал, зүүн хөмсөг, зүүн хацар хамрын зулгаралт, эрүү хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
хохирогч Б.Лхагважавын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-6-9/, гэрч С.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-11/, гэрч Г.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-13/, гэрч Н.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-15/, гэрч Ж.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-17/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4953 дугаартай актын дүгнэлт, мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт Т.Мөнхбатын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэг авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Мөнхбатад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Мөнхбат нь хохирогч Б.Лхагважавт 2.000.000 төгрөг төлж гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх ба шүүгдэгч Т.Мөнхбат нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, гэм хорын хохирлыг төлж барагдуулсан, мөн гэм буруугаа хүлээж чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ожгоод овогт Төмөрийн Мөнхбатыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Т.Мөнхбатыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Мөнхбатад оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт
зааснаар Т.Мөнхбатад оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Мөнхбатад урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Мөнхбатад авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР