Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/01617

 

 

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/01617

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо 830 дугаар байрны 62 тоотод оршин суух Тайхар овогт Надмидбаатарын Дагва-Очирын нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 15 дугаар гудамжны 340 тоотод оршин суух Хөтөнч овогт Нямдаваагийн Наранзулд холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Дагва-Очир, хариуцагч Н.Наранзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Н.Дагва-Очир нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны өвөл эхнэр Наранзултай танилцаад, 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүү Гүнчин-Иш төрсөн.

Хүүг 1 настай байхад Наранзул түүний ээж Цогзолмаа нартай таарч тохирохоо больж, хүүгийн хамт өөрийн төрсөн эгч болох Алтанзул, дүү Агиймаатай хамт амьдрах болсон. Наранзул хүү бид хоёр дээр хааяа ирж, очин явах үед жирэмсэн болж, охин Энхлэнг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрүүлсэн бөгөөд надтай амьдрах хүсэлгүй, хүүгээ авснаараа чи ав, харин охиноо би өөрөө авна гэж хэлдэг. Одоо Наранзул охин Энхлэн, ээж Цогзолмаагийн хамт өөрийн гэртээ амьдардаг. Хүү Гүнчин-Ишийг ухаан орж, том болохоор надаас авчихвий гэж миний санаа их зовж байна. Учир нь:

1 нас хүрээгүй хүүгээ өдий хүртэл өсгөчихөөд, Наранзулд өгмөөргүй байгаа учраас хүү Гүнчин-Ишийг миний асрамжинд үлдээж өгнө үү, гэжээ.

Хариуцагч Н.Наранзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид 2012 оны өвөл танилцаад, хамт амьдарч байсан боловч хоорондын үл ойлголцол, таарамжгүй харилцаанаасаа болж хөндийрсөн. Намайг ажилдаа явахад аав нь хүүгээ харж үлддэг байсан болохоор аавдаа их дассан тул хүүгээ үлдээгээд гэртээ очсон. Энэ хугацаанд ирэн, очин явахдаа дахин жирэмсэн болж охиноо төрүүлсэн. Цаашид амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр хүүхдээ өсгөх боломжгүй учраас хүүг эцгийнхэн асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Н.Дагва-Очир, хариуцагч Н.Наранзулд холбогдуулан асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.Дагва-Очир, хариуцагч Н.Наранзул нарын дундаас хүү Дагва-Очирын Гүнчин-Иш 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр, охин Дагва-Очирын Энхлэн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болох нь Улаанбаатар хот, Баянгол дүүргийн Төрсний бүртгэлийн 9, 30 дугаарт бүртгэгдсэн мөн 1107000959,1107001110 дугаарын гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.

 

Зохигчид 2012 оноос хойш гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй тул хоорондоо ярилцаад, охиноо эх нь, хүүгээ эцэг нь авахаар тохиролцсон мөн хүү төрсөн цагаасаа хойш эцэгтэйгээ хамт амьдардаг болох нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны өрхийн эмчийн Тодорхойлолт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож, хүүгийн орчин нөхцөл, амьдралынхан хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлуудыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж зааснаар хуулинд харшлаагүй байх тул хүү Д.Гүнчин-Ишийг эцгийнхэн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Наранзулаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуульд заасан журмын дагуу цуглуулсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Гүнчин-Ишийг эцэг Тайхар овогт Надмидбаатарын Дагва-Очирын асрамжинд үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Наранзулаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА