| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2022/0348/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/343 |
| Огноо | 2022-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/343
2022 05 05 2022/ШЦТ/343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч С.Ууганбаяр /томилолтоор/, шүүгдэгч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт Т-ын С-ад холбогдох эрүүгийн 22100 0680 0473 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа бетон зуурмагийн үйлдвэр ажиллуулдаг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт хххх тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ш овогт Т-ын С /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.С нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яамны хойд талын авто зам дээр иргэн Б.М-тэй маргалдаж, биед нь халдан, нүүр лүү нь цохиж, эрүүл мэндэд “...тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Т.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Саас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Хохирогчоос уучлалт гуйсан, миний буруу.“ гэсэн мэдүүлэг,
Гурав: Эрүүгийн 22100 0680 0473 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М-ийн хохирогчоор өгсөн:
“...2022 оны 3 дугаар сарын 01-ний орой 16:55 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Солонгос элчингийн ар талын замд өөрийнхөө машинтай явж байхад зүүн хойд талын туслах замын уулзвараас орж ирсэн Toyota Ipsum маркийн 98-19 УБД улсын дугаартай машины жолооч баруун урд талаараа шүргэсэн.
Тэгээд юу болсон талаар асуухад 30-40 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн шууд над руу дайраад “зайл пизда минь, чиний машиныг шүргэчихээ юу” гэж доромжилсон. Би “юу яриад байгаа юм бэ, машины зураасыг хар, өөрсдийнхөө машины зураасыг хар” гэхэд хоёулаа над руу дайраад эхэлсэн. Тэгснээ машинаа хөдөлгөхөөр нь би хаагаад, “цагдаа дуудъя” гэхэд нэг залуу бууж ирээд намайг машинаас холдуулах гээд түлхсэн. Би хоёр удаа газар унасан ба нэг удаа намайг шанаадсан. Би алгадсан, түлхсэн. Намайг сүүлд унахад нөгөө машинтай эмэгтэй цаашаа яваад өгсөн ба намайг түлхэж унагаасан залуу цаашаа гүйгээд зугтаасан. Тэгэхдээ өөрөө газар бүдэрч унаад, цаашаа зугтаасан. Би гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 12 дахь тал),
2. ШШҮХ-ийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3717 тоот:
1. Б.М-ийн биед тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун бугалгын урд дунд хэсэгт, шууны дотор дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3.7. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.5.8.9. Дээрх гэмтлүүдээс тархи, доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун бугалгын урд дунд хэсгийн цус хуралт нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, баруун шууны дотор дунд хэсгийн цус хуралт 3-аас дээш хоногийн өмнө үүссэн гэмтэл байна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 31-32 дахь тал),
3. Хохирогч Б.М- нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 59-61 дэх тал),
4. Хохирлын мөнгө 830.000 төгрөгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл баримт (хэргийн 63 дахь тал),
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Сын яллагдагчаар өгсөн:
“...Ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтлүүдийг хохирогчид би учруулсан, хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулах болно.” гэсэн мэдүүлэг (хэргийн 43 дахь тал) мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэх баримтын лавлагаа (хэргийн 48 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 50 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 57 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн шүүгдэгч Т.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Б.М- нь хохирол төлбөр хүлээж авсан, гомдол саналгүй, шүүх хуралдаанд суухгүй гэдгээ илэрхийлсэн (хэргийн 63, 64 дэх тал) ба шүүгдэгчээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 67 дахь тал) 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 128 дугаартай прокурорын тогтоолоор шийдвэрлэж, Т.Сад хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг прокуророос танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрч, ял тохирсон, прокуророос эрүүгийн 22100 0680 0473 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт тухайлан заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Сын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Т.С нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яамны хойд талын авто зам дээр иргэн Б.М-тэй “машин шүргэсэн, шүргээгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар биед нь халдан түлхэж газар унагах, нүүр шанаа хэсэгт нь алгадах зэргээр цохиж зодон эрүүл мэндэд нь “...тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун бугалгын урд дунд хэсэгт, шууны дотор дунд хэсэгт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
- хохирогч Б.М-ийн мэдүүлэг (хэргийн 12 дахь тал),
- ШШҮХ-ийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3717 тоот:
1. Б.М-ийн биед тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун бугалгын урд дунд хэсэгт, шууны дотор дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3.7. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.5.8.9. Дээрх гэмтлүүдээс тархи, доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун бугалгын урд дунд хэсгийн цус хуралт нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, баруун шууны дотор дунд хэсгийн цус хуралт 3-аас дээш хоногийн өмнө үүссэн гэмтэл байна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 31-32 дахь тал),
- хохирогч Б.М- нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 59-61 дэх тал),
- хохирлын мөнгө 830.000 /найман зуун гучин мянга/ төгрөгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хэргийн 63 дахь тал) болон шүүгдэгч Т.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 43 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хохирогч Б.М-ийн биед учирсан “тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун бугалгын урд дунд хэсэгт, шууны дотор дунд хэсэгт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Т.С нь түүнийг түлхэж газар унагаах, нүүр, шанаа хэсэгт алгадах зэргээр зодож цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.Сын дээрх гэмт үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.
Хэргийн хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд хохирогч нь MRI зураг авхуулсан 290.000 төгрөг, томографын зураг авхуулсан 130.000 төгрөг, нүдний шилний төлбөрт 88.000 төгрөг, эм авсан 19.600 төгрөг, толгой бариулсан 225.000 төгрөг, шатахуун 75.000 төгрөг, нийт 827.600 төгрөг эмчилгээний зардалд нэхэмжилснийг шүүгдэгч Т.С нь нөхөн төлсөн баримттай байна. (хэргийн 63 дахь тал).
Иймд шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.С нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 57 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч Б.М- нь “гомдол саналгүй” гэснийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт Т.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ш овогт Т-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Сад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.С нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Т.С нь хохирогч Б.М-т 830.000 /найман зуун гучин мянга/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй гэснийг тэмдэглэсүгэй.
5. Энэ хэрэгт Т.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД