Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/118

 

 

 

 

 

 

                           2022/ШЦТ/118

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгч: Н.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ны Өт холбогдох 2212000000113 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, охин, ач хоёрын хамт А аймгийн Э сумын 4 дүгээр багийн Наранбулагийн 37-04 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Ны Ө /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр А аймгийн И сумын Б багийн А гэх газраас 16 ширхэг, 1.3 м3 хэмжээтэй шинэс төрлийн модыг 03-81 АРА улсын дугаартай өөрийн эзэмшлийн “Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 142.680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000113 дугаартай эрүүгийн хэргээс

 

            Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Цийн мэдүүлсэн: ...Би модны экологи эдийн засгийн үнэлгээтэй танилцсан. 320.280 төгрөгийн хохирол учирсан байна. Ойн санд учирсан хохирлоо төлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Чийн мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Г.Д, Д.Б нарын хамт А аймгийн И сумын нутаг дэвсгэрээр эргүүл хяналт шалгалт хийх хугацаанд Ихтамир сумын Борт багийн нутагт иргэн Н.Ө нь 03-81 АРА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр мод тээвэрлэн явж байсныг шалгахад Ихтамир сумын Ар зуу гэх газраас мод бэлтгэхээр заасан мод бэлтгэх эрхийн бичиг байсныг шалган ямар мод бэлтгэсэн талаар асуухад унанги мод бэлтгэж байгаад ачаа дутах гээд байхаар нь 3 ширхэг босоо мод унагаагаад модоо бэлтгэчихсэн юм гэж хэлж байсан. Тэгээд ойн цэвэрлэгээний мод бэлтгэх эрхийн бичгээр иргэн хүн босоо мод огтлох эрх байхгүй гэх асуудлаар тээврийн хэрэгслийг саатуулсан. Хөлсөөр явж байгаа Б гэх залуутай хамт явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ү.Бы мэдүүлсэн: ...Намайг өглөө гэртээ байж байхад цуг модонд яваад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд Ихтамир сум руу модонд явсан. Ө ах замдаа Ихтамир сумын байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг аваад цаашаа мод руугаа явж Н.Ө хөрөөгөө барьж модоо бэлтгэн би цагаалж ачиж өгсөн. Миний мэдэхийн ачаа дутаад байхаар нь гурван ширхэг босоо мод унагааж тайрч байсан. Бусдыг нь бол унанги модноос бэлтгэсэн. Тэгээд бэлтгэж дуусаад “Портер” маркийн 03-81 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр нь ачиж дуусгаад буцаж явж байгаад цагдаад шалгуулан саатуулагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Эын мэдүүлсэн: ...Би А аймгийн И сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр намайг ажил дээрээ байхад Н.Ө гэх хүн ирээд би мод бэлтгэх гэсэн юм, мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэхээр нь би Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Ар зуу гэх газрыг зааж өгч мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Тухайн мод бэлтгэхээр заасан газар нь 2022 онд мод бэлтгэх талбай тусгаарлалт хийсэн газар байгаа юм. Би тухайн үед Н.Ө гэх хүнд унанги мод бэлтгэх талаар нь тайлбарлан өгч зөвлөмж зааварчилгааг уншуулж танилцуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Өын мэдүүлсэн: ...Тогтоолыг уншиж танилцлаа. Ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-25 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13, 26-27, 43 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-10, 42 хуу/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 19-20 хуу/

АРА 22-035153 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 21 хуу/

Мод бэлтгэх эрхийн бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-23 хуу/

2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-34 хуу/

Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 26 тоот албан бичиг /хх-ийн 38 хуу/

Эд зүйлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 63-64 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39-40 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 хуу/

2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77 хуу/

“Дамно” ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн АА-22-23 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95-97 хуу/

“Дамно” ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн АА-22-18 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 100-105 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 42 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 111-112 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

А аймгийн И сумын Б багийн А гэх газраас 16 ширхэг, 1.3 м3 хэмжээтэй шинэс төрлийн модыг 03-81 АРА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 142.680 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

иргэний нэхэмжлэгч Б.Цийн мэдүүлсэн “Би модны экологи эдийн засгийн үнэлгээтэй танилцсан. 320.280 төгрөгийн хохирол учирсан байна. Ойн санд учирсан хохирлоо төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,

 

гэрч Б.Чийн мэдүүлсэн “2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Г.Д, Д.Б нарын хамт А аймгийн И сумын нутаг дэвсгэрээр эргүүл хяналт шалгалт хийх хугацаанд Ихтамир сумын Борт багийн нутагт иргэн Н.Ө нь 03-81 АРА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр мод тээвэрлэн явж байсныг шалгахад Ихтамир сумын Ар зуу гэх газраас мод бэлтгэхээр заасан мод бэлтгэх эрхийн бичиг байсныг шалган ямар мод бэлтгэсэн талаар асуухад унанги мод бэлтгэж байгаад ачаа дутах гээд байхаар нь 3 ширхэг босоо мод унагаагаад модоо бэлтгэчихсэн юм гэж хэлж байсан. Тэгээд ойн цэвэрлэгээний мод бэлтгэх эрхийн бичгээр иргэн хүн босоо мод огтлох эрх байхгүй гэх асуудлаар тээврийн хэрэгслийг саатуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,

 

гэрч Ү.Бы мэдүүлсэн “Намайг өглөө гэртээ байж байхад цуг модонд яваад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд Ихтамир сум руу модонд явсан. Ө ах замдаа Ихтамир сумын байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг аваад цаашаа мод руугаа явж Н.Ө хөрөөгөө барьж модоо бэлтгэн би цагаалж ачиж өгсөн. Миний мэдэхийн ачаа дутаад байхаар нь гурван ширхэг босоо мод унагааж тайрч байсан. Бусдыг нь бол унанги модноос бэлтгэсэн. Тэгээд бэлтгэж дуусаад “Портер” маркийн 03-81 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр нь ачиж дуусгаад буцаж явж байгаад цагдаад шалгуулан саатуулагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/,

 

гэрч П.Эын мэдүүлсэн “2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр намайг ажил дээрээ байхад Н.Ө гэх хүн ирээд би мод бэлтгэх гэсэн юм, мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэхээр нь би Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Ар зуу гэх газрыг зааж өгч мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Тухайн мод бэлтгэхээр заасан газар нь 2022 онд мод бэлтгэх талбай тусгаарлалт хийсэн газар байгаа юм. Би тухайн үед Н.Ө гэх хүнд унанги мод бэлтгэх талаар нь тайлбарлан өгч зөвлөмж зааварчилгааг уншуулж танилцуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,

 

өөрийн гэм бурууг хүлээж Н.Өын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 91-92/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-25/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13/,

2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Н.Ө нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Н.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Ө нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Н.Ө нь А аймгийн И сумын Б багийн А гэх газраас 16 ширхэг, 1.3 м3 хэмжээтэй шинэс төрлийн модыг 03-81 АРА улсын дугаартай өөрийн эзэмшлийн “Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Н.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

           Шүүгдэгч Н.Өт холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 56 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Н.Ө нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

            Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 142.680 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /142.680*3=428.040 /дөрвөн зуун хорин найман мянга дөч/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 428.040 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.

            Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 42 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Өын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 4.251.294 төгрөгийн үнэлгээ бүхий 03-81 АРА улсын дугаартай автомашиныг хурааж, 428.040 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 3.823.254 /гурван сая найман зуун хорин гурван мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөг, 72.000 /далан хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 234.000 /хоёр зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1.3 метр куб шинэс төрлийн мод зэргийг тус тус шүүгдэгч Н.Өаас гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Н.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.Өын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

        Шүүгдэгч Н.Өыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Ны Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Н.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө нь 2 /хоёр/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн ЭрдэнэБ сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ сарын хугацаагаар хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өаас 428.040 /дөрвөн зуун хорин найман мянга дөч/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 42 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Өын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 4.251.294 төгрөгийн үнэлгээ бүхий 03-81 АРА улсын дугаартай автомашиныг хурааж, 428.040 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 3.823.254 /гурван сая найман зуун хорин гурван мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөг, 72.000 /далан хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 234.000 /хоёр зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1.3 метр куб шинэс төрлийн мод зэргийг тус тус шүүгдэгч Н.Өаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Шүүгдэгч Н.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ