Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 411

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, 3 дугаар байрны 19 тоотод оршин суух, Олхинууд овогтой Нямаагийн Болормаа /РД:ШЗ81070363/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 2 дугаар гудамж, 83 тоотод оршин суух, Боржигин овогтой Жүгдэрийн Батчойж /РД:УЖ76060111/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Болормаа, хариуцагч Ж.Батчойж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов. 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Бид 2002 онд танилцаад, 2003 онд хүүхэдтэй болсон тэгээд одоо тусдаа амьдраад 5 жил болж байна. Бидний хамтран амьдрах хугацаанд 2003 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.Очбилэг нь төрсөн. Бидний зан харилцаа таарамжгүй байдал үл ойлгоцолын улмаас 2012 оны 7 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Н.Болормаа нь миний бие нь ходоодны хорт хавдар өвчинөөр өвчлөн 7 сарын хугацаа болж байна. Энэ хугацаанд БНСУ-д очиж эмчилгээ хийлгэж ирж очиж явж очих шаардлагатай байгаа билээ. Эмчилгээнд явахад минь виз мэдүүлэхэд бичиг баримтын асуудлаас болж хүндрэл гарч байгаа тул энэ бүх байдлыг минь харгалзан үзэж гэрлэлт цуцалж өгнө үү. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан болон хүүхдийн асрамжийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй гэв.         

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2007 онд Солонгост ажиллаж байгаад ирсэн. Ирээд удаагүй байхад Н.Болормаа нь салах талаар хэлсэн би яагаад салах гэж байгаа юм гэж их гуйж үр хүүхдээ бод гэж хэлсэн. Тэгээд 2012 онд миний хувцасыг бэлдэж өгөөд тэгээд би хувцасаа аваад явсан. Манай хүн бол өөр залуутай харилцаатай болсон байсан. Би 5 жил ажиллаж байгаад ирсэн тэгээд бид салсан. Одоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                ҮНДЭСЛЭХ нь:                                                                                

Нэхэмжлэгч Н.Болормаа нь хариуцагч Ж.Батчойжид холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

           Зохигчид 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2003 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.Очбилэг төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх10/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх4/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

     Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт зааснаар 2003 оны 8 дугаар сарын 31-ны өдөр төрсөн хүү Б.Очбилэгийг эх Н.Болормаагийн асрамжид үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

     Гэр бүлийн тухай хуулийн 26.1 дэх хэсэгт зааснаар “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь эцэг Ж.Батчойж нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрхи үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан байна.

      Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Болормаа нь хариуцагч Ж.Батчойжид эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг зохигч шүүхээр шийдвэрлүүлэх дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэгийн талаар тус тус маргаангүй болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Батчойжоос улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Олхинууд овогтой Нямаагийн Болормаа /РД:ШЗ81070363/, Боржигин овогтой Жүгдэрийн Батчойж /РД:УЖ76060111/ нарын гэрлэлтийг цуцалсугай. 

  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2003 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Очбилэгийг эх Н.Болормаагийн асрамжид үлдээсүгэй. 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Болормаа нь Ж.Батчойжид эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг, зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэгийн талаар тус тус маргаангүй болохыг дурдсугай.

 4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ