Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/633

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Ж.Сувданчимэг,

шүүгдэгч: С.Э, Д.Н /өөрөө өөрсдийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:   

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Э, Д.Н нарт холбогдох эрүүгийн 0000000000 тоот хэргийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                            

               Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Б овогт С-ийн Э/РД:0000000/,

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ***** аймгийн ******** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг 0 дүгээр баг, Түмэн, Сутай 0 гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо Буянт-Ухаа 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Ш овогт Д-ийн Н /РД:000000/,

Монгол Улсын иргэн, 1962 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Говь-Аптай аймгийн Чандмань суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Хайлаастын 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух, урьд

-Ардын Армийн тусгай шүүхийн 1984 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 89 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63 дугаар зүйлийн Б, 197 дугаар зүйлийн В-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1985 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Э нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Одонтын 0-0 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “орой болсон байхад явах гэлээ” гэх асуудлаас болж Д.Н-той маргалдан улмаар гутлын үдээсээр түүний хүзүүний ар хэсэгт дарж хоёр тийш хөдөлгөн үрэх байдлаар эрүүл мэндэд нь “хүзүүнд сорви” шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Н нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Одонтын 0-0 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “орой болсон байхад явах гэлээ” гэх асуудлаас болж С.Э-тэй маргалдаж улмаар гэрийн баруун талын орон дээр өнхрөлдөж зодолдох С.Э-ийн нүүр уруул хэсэгт тус бүр нэг удаа цохих зэрэг байдлаар эрүүл мэндэд нь “зүүн доод соёо шүдний хугарал, баруун нүдний зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, зүүн нүдний зовхи, эрүү, уруулд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.                              

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүгдэгч С.Э нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Одонтын 0-0 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “орой болсон байхад явах гэлээ” гэх асуудлаас болж Д.Н-той маргалдан улмаар гутлын үдээсээр түүний хүзүүний ар хэсэгт дарж хоёр тийш хөдөлгөн үрэх байдлаар эрүүл мэндэд нь “хүзүүнд сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Н нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Одонтын 0-0 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “орой болсон байхад явах гэлээ” гэх асуудлаас болж С.Э-тэй маргалдаж улмаар гэрийн баруун талын орон дээр өнхрөлдөж зодолдох С.Э-ийн нүүр уруул хэсэгт тус бүр нэг удаа цохих зэрэг байдлаар эрүүл мэндэд нь “зүүн доод соёо шүдний хугарал, баруун нүдний зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, зүүн нүдний зовхи, эрүү, уруулд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо. 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

 Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хохирогч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С.Э бид хоёр багын найзууд... 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр найз С.Э-тэй уулзаад... Б-ийн ажил дээр очиж 0,75 литрийн “Монгол” нэртэй архи хувааж уучихаад Б-ийн ажлаас гараад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б-ын гэрт найз Э, Б, А бид дөрөв ирсэн... Э, А бид гурав 0,75 литрийн нэрийг нь мэдэхгүй байна, 2 шил архи хувааж уугаад сууж байтал найз Э, согтчихоод “гэр лүүгээ харилаа” гэж хэлэхээр нь “миний найз унтаж амар, яваад яах вэ” гэж хэлсэн. Тэгээд байж байтал гутлынхаа үдээсийг тайлаад суухаар нь унтах гэж байгаа юм болов уу гээд байж байтал бид хоёр урьд болсон явдлаа яриад маргалдаж, муудалцаж байтал Э, миний хойноос үдээсээрээ хоолой боосон. А-ийн эхнэр Б ирээд хайчаар тухайн үдээсийг тасалсан. Тэгээд би Э-ээс салаад цохисон. Э, гараад гүйчихсэн... Э-ийн нүүрэн тус газар нь базаж, ганц нэг удаа цохисон л санагдаж байна... Тухайн үед согтолттой, өөрийгөө хянах чадвартай байсан. Би эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлээгүй. Тухайн үед миний хүзүү хэсэгт үдээсний ором гарсан байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/,

-Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Одонтын 0-0 тоотод оршин суудаг... Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3 дугаар хороололд ажил дээрээ явж байтал манай нөхөр А-ны найз... Э, Н хоёр орж ирээд бид дөрөв манай гэрт очихоор болж автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Одонтын 0-0 тоот гэрт маань орой 19 цагийн үед ирж хоол цай хийж идтэл Э, Н цүнхнээсээ 1 шил архи гаргаж ирээд манай нөхөр тэр гурав хувааж уусан. Харин би уугаагүй, манай нөхөр бас 1 шил архи задалж өгөөд ууж байгаад манай нөхөр тасраад унтаад өгчихөөр нь би зурагт үзээд сууж байтал Э, “гэртээ харилаа” гэхэд Н “орой болчихсон байна, явуулахгүй, өглөө хамт явъя" гэхэд Э, явна гэж зөртөл тэр хоёр гэнэт ноцолдож барилцаж аваад манай гэрийн баруун талын орон дээр өнхрөлдөж зодолдоод байхаар нь салгаж болиултал Э, гутлынхаа үдээсийг тайлаад байхаар нь би унтах гэж байгаа юм байх гэж бодтол гэнэт Н дээр очоод дахин ноцолдоод авахаар нь хартал Э, хоёр гарандаа холбоод барьчихсан байсан гутлын үдээсээрээ Н-ийн шилэн хүзүүн дээр дараад хоёр тийшээ хөдөлгөөд байхаар нь би явж очоод хайчаар Э-ийн гарт холбож барьчихсан байсан гутлын хар өнгийн үдээсийг таслаад хартал Н-ийн хүзүүний ар хэсэгт үдээсний ором гарчихсан байсан. Тэгтэл Н уурлаад Э-ийн нүүр, уруул хэсэгт нэг нэг удаа цохиод авахаар нь дундуур нь орж болиултал Э, манай гэрээс гараад явсан... Э, хоёр гартаа гутлын үдээсээ холбоод барьчихсан Н-ийн шилэн хүзүүн дээр араас нь хоёр тийшээ хөдөлгөж дараад ором гаргасан. Түүнээс бол хоолойг нь боосон зүйл байхгүй. Э, Н нар биеэ авч явах чадвартай харагдаж байсан... А тухайн үед тасраад унтчихсан байсан болохоор Э, Н нарыг хараагүй, мэдээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай:

 “...1. Д.Н-ийн биед хүзүүнд сорви тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх  дүгнэлт /хавтаст хэргийн 35-36-р хуудас/,

Хохирогч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 4 замын ойролцоо явж байгаад нутгийнхаа найз болох Н гэх залуутай тааралдаж ойр зуурын зүйл ярилцаж, гадуур хамт явж байгаад 3 дугаар хороололд түүний найз А гэх залуутай тааралдаж олон жил уулзаагүй гээд архи уухаар болтол Н-ийн найз А гэх залуу гурвуулаа тэгвэл манай гэрт очъё гэж хэлээд хорооллоос автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хаягийг нь хэлж мэдэхгүй байна, Зүүнсалаа гэх газар ирж уул руу гудамж сүлжиж нэлээн хол явж байгаад 19 цаг өнгөрч байхад монгол гэртэй айлд орсон. Тэгтэл А гэх залуу 0,75 литрийн нэрийг нь мэдэхгүй байна, 1 шил архи гаргаж ирээд задлахаар нь Н бид гурав хувааж уугаад дуустал А дахин 1 шил 0,5 литрийн архи гаргаж ирэхээр нь хувааж уучихаад байж байгаад би Н-ид хандаж чи урьд өмнө надаар юм хийлгэчихээд дутуу мөнгө өгч байсан гэж хэлээд бид хоёрын дунд хэрүүл маргаан үүстэл Н босож ирээд хоёр гараараа миний нүүр, хамар, хацар, шанаа, баруун нүд, эрүү, уруул ам хэсэгт нэлээн олон удаа цохисон... Тэгээд тухайн айлаас гарч яваад цагдаад дуудлага өгсөн... Эмчилгээний зардалд гаргаж өгөх баримт байхгүй. Би шүүх эмнэлгийн шинжээч эмч Ц.Б-ын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0000  дугаартай дүгнэлттэй уншиж танилцлаа.        Бид хоёр тухайн үед нэлээн согтчихсон байсан. Бид хоёр урьд болсон явдлаасаа маргалдаж муудалцаад сүүлдээ ноцолдсон. Арай гэж салаад би /гутлын үдээсээ хэзээ тайлснаа мэдэхгүй байна/ хоёр гарандаа үдээсээ 2 талаас нь татчихсан байж байсан чинь Н хүрч ирээд намайг цохиж зодоод доор нь орчихсон байхаар нь би үдээсээ шилэн хүзүүний ард талд нь бариад татсан... Гэрийн баруун талын орон дээр ноцолдсон... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 13-14-р хуудас/,

-Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Харин би уугаагүй, манай нөхөр бас 1 шил архи задалж өгөөд ууж байгаад манай нөхөр тасраад унтаад өгчихөөр нь би зурагт үзээд сууж байтал Э, гэртээ харилаа гэхэд Н орой болчихсон байна, явуулахгүй, өглөө хамт явъя гэхэд Э, явна гэж зөртөл тэр хоёр гэнэт ноцолдож барилцаж аваад манай гэрийн баруун талын орон дээр өнхрөлдөж зодолдоод байхаар нь салгаж болиултал Э, гутлынхаа үдээсийг тайлаад байхаар нь би унтах гэж байгаа юм байх гэж бодтол гэнэт Н дээр очоод дахин ноцолдоод авахаар нь хартал Э, хоёр гарандаа холбоод барьчихсан байсан гутлын үдээсээрээ Н-ийн шилэн хүзүүн дээр дараад хоёр тийшээ хөдөлгөөд байхаар нь би явж очоод хайчаар Э-ийн гарт холбож барьчихсан байсан. Гутлын хар өнгийн үдээсийг таслаад хартал Н-ийн хүзүүний ар хэсэгт үдээсний ором гарчихсан байсан. Тэгтэл Н уурлаад Э-ийн нүүр. уруул хэсэгт нэг нэг удаа цохиод авахаар нь дундуур нь орж болиултал Э, манай гэрээс гараад явсан... Э, хоёр гартаа гутлын үдээсээ холбоод барьчихсан Н-ийн шилэн хүзүүн дээр араас нь хоёр тийшээ хөдөлгөж дараад ором гаргасан. Түүнээс бол хоолойг нь боосон зүйл байхгүй. Э, Н нар биеэ авч явах чадвартай харагдаж байсан... А тухайн үед тасраад унтчихсан байсан болохоор Э, Н нарыг хараагүй, мэдээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн  Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай:

 “..1. С.Э-ийн биед зүүн доод соёо шүдний хугарал, баруун нүдний зовхи,  хацар,  эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, зүүн нүдний зовхи эрүү уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч С.Э-ийн яллагдагчаар өгсөн: “...Би... эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг... хүлээн зөвшөөрч байна, тайлбар байхгүй... Бид хоёр урьд болсон явдлаа ярьж маргалдаж муудалцсан. Тэгээд арай гэж салаад би /гутлын үдээсээ хэзээ тайлснаа мэдэхгүй байна/ хоёр гарандаа үдээсээ бариад 2 талаас нь татчихсан байж байсан чинь Н юу болсон нь мэдэхгүй, дахиж хүрч ирээд намайг толгой, нүүрэн тус газар цохисон. Арай гэж салаад байж байгаад би уурласан уурандаа дахин ноцолдож гэрийн баруун талын орон дээр ноцолдож байгаад би доор нь орчихсон байх үедээ үдээсээ шилэн хүзүүний ар талд нь бариад татаад үрсэн... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125-127-р хуудас/,

Шүүгдэгч Д.Н-ийн яллагдагчаар өгсөн: “...Би уг прокурорын тогтоолтой холбоотой тайлбар байхгүй, хүлээн зөвшөөрч байна... найз Э, согтчихоод гэр лүүгээ харилаа гэж хэлэхээр нь миний найз унтаж амар, яараад яах вэ гэж хэлсэн. Тэгээд байж байтал гутлынхаа үдээсийг тайлаад суухаар нь унтаж гэж байгаа юм болов уу гээд байж байтал бид хоёр урьд болсон явдлаа яриад маргалдаж, муудалцаад байтал Э, миний хоолойноос үдээсээрээ боосон. Б-ийн эхнэр А ирээд хайчаар тухайн үдээсийг тасалсан. Тэгээд би Э-ээс салаад Э-г цохисон. Тэгсэн Э, гараад гүйчихсэн... Би Э-ийн нүүрэн тус газар нь базаж, ганц нэг удаа цохисон л санагдаж байна... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж /хавтаст хэргийн 136-137-р хуудас/ тус тус мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Э-ийн хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 40-р хуудас/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 41-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 42-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 43-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 44-р хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 45-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 46-р хуудас/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51-р хуудас/,

Шүүгдэгч Д.Н-ийн хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 54-р хуудас/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 55-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 56-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 57-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 58-р хуудас/, тээврийн даатгалын шимтгэлийн нэрийн дасны лавлагаа /хавтаст хэргийн 59-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 60-61-р хуудас/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 66-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Э нь бүрэн бус дунд боловсролтой, шүүгдэгч Д.Н нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг тус тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай дүгнэлтүүдээр хохирогч С.Э, Д.Н нарын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Д.Н нь С.Э-ийн нүүр уруул хэсэгт тус бүр нэг удаа цохих зодож байгаа үйлдэл нь хууль зүйн хувьд шууд санаатай, харин шүүгдэгч С.Э нь Д.Н-ийн хоолойг нь гутлын үдээсээр боож байгаа үйлдэл нь шууд санаатай гэж тус тус үзэх хууль зүйн үндэслэлтэй болно.

Дээрх шүүгдэгч нарын үйлдлийн шинжүүд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Э, Д.Н нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч, хохирогч С.Э, Д.Н нар нь бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч С.Э, Д.Н нар бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч С.Э, Д.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх ял тус тус оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан С.Э, Д.Н нарт тус бүр 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлүүлэх саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжүүлээгүй болно гэх дүгнэлттэй шүүгдэгч С.Э, Д.Н нар нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.  

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч С.Э, Д.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар үзлээ.

Иймд дээрх хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга барил, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн санал болгосон 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Э, Д.Н нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бие биедээ гомдол саналгүй эвлэрсэн, хувийн байдлын хувьд тус тус 60 настай, ам бүлийн хувьд эхнэр хүүхдийн хамт амьдардаг зэргүүдийг нь харгалзан үзэж ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Бүрэн хайрхан овогт Сэрээтэрийн Э, шүүгдэгч Шонхор овогт Довуучийн Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

                    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

          шүүгдэгч Н-ид 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан С.Э, Д.Н нарт тус бүр шүүхээс оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тус тус чөлөөлсүгэй.

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нар, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.УРАНГУА