Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/250

 

 

 

 

 

 

 

 

2022           03           16                                      2022/ШЦТ/250

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сод-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан эрүүгийн 2111005530025 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д.Г, 1979 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, Дорнод аймагт төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа, урьд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь З.О-д тавилга тавилга хийж өгнө гэж 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг интернет банкаар дамжуулан шилжүүлэн авч залилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залихлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч З.Оргилболдын мэдүүлэг, шүүгдэгч Д.Г, З.О нарын Хаан банк дахь дансны хуулга, шүүгдэгч Д.Г-н мэдүүлгүүд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчилгүй, прокуророос яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар тохиролцохдоо Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж дүгнэх үндэслэлтэй, шүүхээс шүүгдэгч Д.Г-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр дүгээр зүйлд заасныг баримтлан, шүүхээс хянавал зохих байдлыг бүрэн хянаж шийдвэрлэсэн болно.   

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: Шүүгдэгч Д.Г

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Г нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Г нь 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хохирогч З.О-н Арцатын аманд шинээр ашиглалтанд орсон байранд нь тавилга хийж өгнө гэх нэрийдлээр тавилгын хэмжээ авч материалын үнэ 1.300.000 төгрөг, ажлын хөлс 500.000 төгрөг байхаар тохиролцож, улмаар  2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “материал авах гээд зуун айл дээр ирчихсэн явж байна байна над руу мөнгө шилжүүлээдэх” гэж 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг Хаан банк дахь 5495242122 дугаарын дансаар дамжуулан шилжүүлэн авч бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч З.О-н мэдүүлсэн: “...2021 оны 5 дугаар сарын 08-ны орой Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд шинээр ашиглалтанд орж байгаа байрандаа Б.Д.Г гэх хүнээр тавилга хийлгэхээр гэртээ авчирч тавлигийн хэмжээг авахуулаад явсан юм. Тухайн үед Д.Г тавилгийн материал авахад 1.300.000 төгрөг болон хөлсөнд нь 500.000 төгрөг авна. Тавилгаа угсарч дуусгачихаад ажлын хөлсний мөнгө авахаар болсон юм. Ингээд маргааш нь буюу 2021 оны 5 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн үед Д.Г гэх хүн над руу залгаад тавилгын материал авах гээд зуун айл дээр ирчихсэн явж байна. Надруу мөнгө шилжүүлээдэх гэхээр нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 12-21 тоот гэртээ байхдаа өөрийн Хаан Банкны 55............... дугаарын данснаас Д.Г гэх хүний надад өгсөн Хаан Банкны 54.......... дугаарын дансруу 1.300.000 төгрөгийг интернэт банк ашиглан шилжүүлсэн юм. Тухайн өдрийнхөө орой нь Д.Г гэх хүн тавилгаа авчирч угсарч өгөх байсан боловч утсаа аваагүй юм. Маргааш нь буюу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дахин залгатал утсаа аваад “Би санзайд тавилга угсарч байна орой танай тавилгыг найдвартай угсарч өгнө” гэхээр нь түүнийг дахин алга болчих байх гэж бодоод Санзайд хайж байгаад гудамжинд пиво бариад явж байхаар нь олсон юм. Тэгээд тавилгаа угсруулах хэрэгтэй байна гэхэд өнөөдөр энд байгаа ажлаа яаралтай угсарч дуусгаад маргааш танай тавилгыг чинь угсраад өгнө Тавилганы материалыг авчихсан байгаа гэж хэлэхээр нь материал зүссэн хүнрүүгээ яриулаадах гэтэл намайг өөрийнхөө гар утаснаас нэг хүнтэй яриулсан юм. Уг хүн нь материалыг нь зүсчихсэн байгаа гэж надад хэлсэн юм. Тэгээд маргааш нь уулзахаар болсон боловч миний утсыг авахгүй байж байгаад блоклоод одоо болтол холбогдож чадахгүй байгаа юм. ...Миний бие Б.Г-н ээж нь гэх хүнээс 2021 оны 10 дугаар сарын 10-ны орчим өөрийн хохирлын мөнгө болох 1.300.000 төгрөгийг эхнэр Номинтуяагийн Хаан Банкны 50........... дугаарын дансаар авсан. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх гомлол, санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12, 14 дэх тал), шүүгдэгч Б.Г-н Хаан банк дахь төгрөгийн 54........... дугаар дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 30-33 дахь тал), хохирогч З.О-н Хаан банк дахь төгрөгийн 5450387816 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 34 дэх тал),  шүүгдэгч Д.Г яллагдагчаар мэдүүлсэн: “...Он сар өдрийг нь санахгүй байна би Зусланд барилгын ажил хийж байгаад нэрийг нь мэдэхгүй залууд тавилга хийж өгөхөөр тохиролцсон юм. Тэгээд нөгөө залуутай уулзаж гэрт нь очиж тавилгын хэмжээ аваад нийт 2.100.000 төгрөгөөр хийж өгөхөөр тохирч урьдчилгаанд 1.300.000 төгрөгийг өөрийн Хаан Банкны 5495242122 дугаарын дансаар авсан. Уг мөнгийг нь авчихаад архи ууж хэрэгцээндээ зарцуулж дуусгасан. Тэгээд тавилгыг нь хийж өгөөгүй юм. Би залилах төрлийн гэмт хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч залуугийн хохирол болох 1.300.000  төгрөгийг миний ээж П.О-д төлж барагдуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Г нь тавилга хийж өгөх нэрийдлээр хэмжээ авах, мөн материал захиалж байна гэх зэргээр бусдыг хуурсан, зохиомол байдлыг бий болгож төөрөгдөлд оруулсан, мөн энэ гэмт хэргийг амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор, шунахайрах сэдэлттэйгээр, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, учрах хохирол, хор уршгийг хүсэж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

Шүүгдэгч Д.Г-н үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            Хохирогч Д.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...хохирлын мөнгө болох 1.300.000 төгрөгийг эхнэр Номинтуяагийн Хаан банк дахь төгрөгийн 5019603399 дугаарын дансаар авсан. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх гомлол, санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал) авагдсан байх тул шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, яллагдагчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал (хавтаст хэргийн 97 дахь тал) зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Д.Г нь урьд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Дугаар 11 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн (хавтаст хэргийн 76, 79-81 дэх тал), уг ялыг биелүүлсэн болох нь Шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт (хавтаст хэргийн 94 дэх тал)-р тогтоогдож байх боловч шүүгдэгч Д.Г нь өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх талаар урьдаас төлөвлөж бусдыг хуурч, бодит байдлыг нуух зэргээр гэмт санаа зорилгоо хэрэгжүүлсэн зэрэг нь дээрх гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдээгүй гэж үзэх үндэслэл болно. Харин шүүгдэгч Д.Г-н гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Г-д сануулсугай.

5. Шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ГАЛБАДАР