| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2022/0191/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/217 |
| Огноо | 2022-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/217
2022 03 09 2022/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан эрүүгийн 2211000740078 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д.М, Улаанбаатар хотод, 1982 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 12 дугаар гудамж 252б тоотод оршин суух бүртгэлтэй, Хос Багана ХХК-д мужаан ажилтай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг гэх, урьд ял шийтгэл эдэлж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод Салхитын 12 дугаар гудамжны 252Б тоотод хохирогч Б.О-н эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж зүүн шанаа хэсэгт заазуураар нэг удаа цохисны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч Д.О-н мэдүүлэг, гэрч Б.О-н мэдүүлэг, гэрч Б.Б-н мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Дугаар 635 тоот дүгнэлт, шүүгдэгч Д.М-н мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэм бурууг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.М нь хохирогч Б.О, Б.Б, Б.О нарын хамтаар архидан, согтуурч 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод Салхитын 12 дугаар гудамжны 252Б тоотод Б.О-тай машин бариулахгүй, гэрээс гаргахгүй байна гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж толгойн зүүн шанаа хэсэгт заазуураар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б.О-н мэдүүлсэн “...2021 оны 12 дугаар сарын 17-нд би эхнэрийн хамт хүргэн ахын гэрт очсон юм. Тэгээд бид нар хоол унд цай болоод пиво уухаар болсон юм тэгээд том 2,5 литрийн пиво уугаад сууж байтал хүргэн ах Д.М нь гарч машинаа унаж явна гэхээр нь гаргахгүй согтуу машин барьж болохгүй гэсэн чинь миний үгэнд орохгүй гарч явна гээд л надтай муудалцсан юм. Тэгээд хоёр биенийгээ боогоод зогсож байтал манай хүргэн ах Д.М гал тогооны хэсэгт маргалдаад байж байтал миний толгой руу цохиод авсан юм тэгээд удалгүй миний толгойноос цус гараад эхэлсэн. Миний толгойн зүүн талын ар хэсэгт язарч гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Дугаар 635 тоот дүгнэлтээр “...Б.О-н биед зулай, зүүн шанаанд шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалдтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал), Хэргийн газарт байсан гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэргийг шинжлэн судалж, үнэлж дүгнэвэл хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэлд “....Байшин дотор үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд гал тогооны зориулалттай өрөө байх ба үүдний гол хэсэгт саарал өнгийн сав дотор улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон шингэн зүйл байсныг криминалистикийн шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Мөн заазуур байсан гэх гал тогооны өрөөний баруун талд байрлах цагаан өнгийн гал тогооны шүүгээнээс доод талд заазуур өлгөөстэй байсан гэх газрыг криминалистикийн шинжээч “1” гэх дугаараар тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Мөн хэргийн газрын үзлэгээр шар өнгийн иштэй нийт 28,5 см урттай, ажлын хэсгийн урт нь 15,5 см урттай заазуурыг хураан авч тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлэтүүд (хавтаст хэргийн 9-12 дахь тал), гэрч Б.Б мэдүүлсэн “...нөхөр /О/ бид хоёр 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод Салхитын 12-262 тоот буюу О-н төрсөн эгч О-н гэрт нь 14 цагийн үед болсон юм. Нөхөр бид 2 7 буудлын автобусны буудал дээр хүрч ирэх үед О эгч бид хоёрыг тосож аваад хүнсний дэлгүүрээс 2.5 литрийн савалгаатай Нийслэл гэх нэртэй пиво худалдаж аваад нөхөр бид хоёрыг гэрлүүгээ дагуулж явсан юм. Гэрт нь очиход манай хадам ах Д.М байсан бөгөөд бид 4 нийлж дэлгүүрээс худалдаж авсан пиво хувааж уусан юм. Би пивоноос бага уусан бөгөөд О, Д.М, манай нөхөр 3 пивоны ихэнхийг нь хувааж уугаад жаахан согтчихсон байсан. Орой 21 цагийн үедп О, Д.М хоёрын төрсөн охин болох Анар гэртээ орж ирээд бид хэдийг пиво ууж байхыг хараад эгчийндээ очиж хонохоор гэрээсээ гараад явсан. Гэтэл манай хадам Д.М охиныхоо араас гарч явж машин барих гээд байсан болохоор нь манай нөхөр О та согтуу байна унт гэж хэлээд М-г ор луу түлхтэл Д.М манай нөхрийг барьж аваад хавсарч унагаагаад нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд манай нөхөр босож ирээд хүргэн ахтайгаа барилцаад автал манай нөхөр М-н хоолойноос нь боогоод хавсраад унагаатал Д.М босоч ирээд гал тогооны шүүгээ доод талд өлгөөстэй байсан шар өнгийн иштэй хутгыг барьж аваад нөхрийн толгойн зүүн талын чамархай хэсэгт нь нэг удаа заазуурдтал манай нөхрийн толгойноос их хэмжээний цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19- 20 дэх тал), гэрч Б.О мэдүүлсэн “...2021 оны 12 дугаар сарын 17-нд 14 цагийн үед манай гэрт манай төрсөн дүү О нь эхнэрийн хамт ирсэн юм тэгээд бид нар хоол унд цай болоод пиво уугаад байж байтал О нь эхнэрийн хамт явна гээд байж байтал манай нөхөр гарах гэсэн чинь О манай нөхрийг гаргахгүй гарч машин унаж явах гээд байна та машин унаж болохгүй гээд манай нөхөр М-г гэрээс гаргахгүй хориод хоорондоо муудалцаж маргалдаж байгаад сүүлдээ хоорондоо барьцалдаад, зууралдаад эхэлсэн тэгээд би эргэж хараад аяга цай уух гээд байтал О-н эхнэр орьлоод байхаар нь би юу болов гээд харсан О-ын толгойноос цус гарсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал), шүүгдэгч Д.М яллагдагчаар мэдүүлсэн “...О нь эхнэрийн хамт манай гэрт ирсэн юм тэгээд бид нар манай гэрт хоол, цай идэж уугаад пиво уугаад сууж байтал 19 цагийн үед гаднаас манай охин орж ирээд эгчийндээ очиж хонолоо гээд гараад явахаар нь би араас нь гарах гэтэл О намайг хавираад унагаахаар нь би чи намайг яаж байгаа юм бэ гэсэн чинь О нь чи өөрөө яах гээд машин барих гээд байгаа юм бэ гэхээр нь би машин барихгүй охинтойгоо уулзах гэж байна гэсэн чинь чи машин барих гээд байна чамайг машин бариулахгүй гэрээс гаргахгүй намайг заамдаад хойш нь түлхээд байхаар нь би гарт нэг юм баригдаад тааралдахаар нь О-г тавиулах гээд гарт баригдсан юмаараа цохисон чинь заазуураар цохьчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал) зэргээр Д.М нь хохирогчийн мэдүүлэгт дурдагдсанаар түүний биед халдаж толгойн зүүн талын ар хэсэгт заазуураар цохисон гэх хэсэгт гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.М нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэргийг үйлджээ. Гэмт хэрэг үйлдэгдэн гарах болсон шалтгаан нөхцөл нь Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн үйлдлийг таслан зогсоож хориглсон хохирогчтой маргалдсаны улмаас үүдэн үйлдэгджээ.
Шүүгдэгч Д.М-н үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Б.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал) авагдсан байх тул шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.М нь эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй (хавтаст хэргийн 60 дахь тал), тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс шүүгдэгч Д.М-д ял оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзсаныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн хуванцар иштэй нийт урт нь 26,5 см, ажлын хэсгийн урт нь 15,5 см 1 ширхэг заазуурыг прокурорын саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.М-д сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн хуванцар иштэй нийт урт нь 26,5 см, ажлын хэсгийн урт нь 15,5 см 1 ширхэг заазуурыг прокурорын саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР