Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 25

 

Д.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Алтангэрэл

Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж шийдвэрлэсэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 118 дугаар дугаартайшийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэлийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.М нь 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газарт няраваар ажилд орсон ба үүрэгт ажилдаа томилогдсоноос хойш чөлөөлөгдөх хүртэл алдаа зөрчил гаргалгүйгээр ажиллаж байсан. Гэтэл Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Б 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Б/07 тоот тушаалаар халчихаад дахиад 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/09 тоот тушаалаар үүрэгт ажлаас халах тушаал гаргасан. Тушаалын агуулга нь орон тоо хасагдсан уу, цөөрүүлсэн үү гэдэг нь тодорхойгүй байна. Тамгын газрын даргад намайг няравын орон тоо хасагдсан гэсэн бичгээ аваад ир гэхээр төрийн сан бичиг хийж өгөхгүй гэсэн хариу өгсөн. Иймд намайг Завхан аймгийн Тэлмэн сумын засаг даргын тамгын газрын няравын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 1.200.000 төгрөгийггаргуулж, дээрхи хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Б анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны жилийн төсөв батлагдсантай холбогдуулаад өмнөх оныхтой харьцуулбал төсвийн зардал хасагдсан байгаа. Нийгмийн даатгалын цалингийн санд 5.000.000 төгрөгийн өртэй байсан учир арай ядан төсвийн өрийг дарсан. Ахиж төсвийн өртэй гарвал удаа дараа арга хэмжээ авна гэж дээд байгууллагаас бичиг ирж байсан. Орон тоо нь 24 хүнээр батлагдаж цалингийн сан хасагдсан байсан. Аргагүй Д.М-г удаа дараа хэлж байгаад 2017 оны 03 сарын 20-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Д.М-д 3 сарын тэтгэмж өгөх гэтэл санхүү хүрэлцэхгүй байсан учир 1 сарын тэтгэмжийг олгосон. 2 сарын тэтгэмжийг олгуулах хүсэлт өгсөн учир засгийн газрын 426-р тогтоолыг мөрдөн Д.М-г ажлаас чөлөөлснийг үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-ийн хариуцагч Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Б.Алтангэрэл миний бие Д.М-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэрэгт хууль зүйн тусалцаа үзүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмгөөөлөгчөөр оролцож байна.

Д.М нь Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаал 2017 оны 03 сарын 20-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыгхуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд гаргасан бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 118 дугаар шийдвэрийг 2017 оны 06 сарын 28-ны өдөр мейлээр хүлээн аваад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үнэлэх ёстой нотлох баримтыг үнэлээгүй, нотлох баримтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасныг зөрчсөн гэж байна.

Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өгсөн боловч бүтэц орон тооны тушаал нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гарсан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг хэрэглэх үндэслэл нь тухайн байгууллагын бүтэц орон тоог батласан тушаал шийдвэр байх бөгөөд энэхүү тушаал шийдвэр нь гаргаагүй байхад ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл орон тооны бүтцээр ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл нь тухайн байгууллагын бүтэц орон тоог өөрчилсөн тушаал шийдвэр нь гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтын дагуу мэдэгдэл өгөх боломжгүй бөгөөд энэхүү мэдэгдлийг шүүх үнэлэх боломжгүй юм.

Хавтаст хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 31-ний мэдэгдлээс өөр мэдэгдэл байхгүй бөгөөд энэхүү мэдэгдлийг үндэслэн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/07 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн боловч дахин 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/09 тоот тушаалаар чөлөөлсөн нь нэг мэдэгдлээр 2 тушаал гаргасан.

Өөрөөр хэлбэл Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/07 тоот тушаалыг уг даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/09 тушаалын 3 дахь заалтаар хүчингүй болгосон бөгөөд нэхэмжлэгчид дахинмэдэгдэл өгөөгүй.

Мөн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар үйлчлэгч, нярав хоёрын аль нэгийг чөлөөлөх шаардлага гарсан гэсэн боловч энэ 2 албан тушаал дээр ажиллаж байгаа ажилтнуудыг сонгон шалгаруулаагүй, үйлчлэгч нь няравын ажлын байрны зорилго зорилтыг хангаж ажиллаж чадах мэдлэг, туршлага, боловсрол байгаа эсэхийг тогтоолгүй ажил олгогчийн үзэмжээр шийдвэрлэсэн байсан.

Гэтэл нэхэмжлэгч Д.М нь няравын ажлын 4 жил гаруй хугацаанд хийж гүйцэтгэсэн мэдлэг, туршлагатай, энэ ажлыг гүйцэтгэж байсан бөгөөд уг байгууллагад няравын ажлын байрны чиг үүрэг одоо ч гэсэн хадгалагдаж байгааг няравын ажлыг үйлчлэгчид хавсран гүйцэтгүүлэх тухай тушаалаар нотлогддог юм.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 118 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдөрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.М-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Засаг захиргаа нэгжийн тухай хуулийн 33 зүйлийн 4 дэх хэсэгт заасан Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж тусгайлан заасан заалт байгаа энэ заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Нэгжийн тухай хуульд заасан.

Дээд шүүхийн 2009 оны 03 дугаарын 31-ний өдрийн 08 дугаар тогтоол байдаг. Энэ тогтоол дээр юу гэж заасан гэхээрхуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 26 дугаар зүйлийн 26.7, 30 дугаар зүйлийн 30.1.2, 30.1.10, 30.1.11, 31 дүгээр зүйлийн 31.1.2, 31.1.8, 33 дугаар зүйлийн 33.4, 36 дугаар зүйлийн 36.2-т заасан зөвшилцөх гэдгийг Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 1996 оны 6 сарын 28-ны өдрийн 216 дугаар тогтоолд заасны дагуу ойлгож хэрэглэнэ гэсэн заалт байдаг.

Энэ асуудал дээр 2 байгууллага хоорондоо албан бичиг солилцох шаардлагатай байсан. Ийм асуудал байхгүй биеэр уулзаж харилцан тохиролцож зөвшилцөх ёстой байсан тэгээд тэмдэглэл хөтлөж баталгаажуулах ёстой байсан. Албан бичиг солилцоогүй бол хурлын тэмдэглэл байх шаардлагатай байсан. Санал солилцоод зөвшилцсөн асуудал байхгүй.

Бүтцийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заалтыг хэрэглэх үндэслэл нь тухайн байгууллагын бүтэц орон тоог батласан тушаал шийдвэр байх бөгөөд энэхүү тушаал шийдвэр нь гаргаагүй байхад ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл орон тооны бүтцээр ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл нь тухайн байгууллагын бүтэц орон тоог өөрчилсөн тушаал шийдвэр нь гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтын дагуу мэдэгдэл өгөх боломжгүй бөгөөд энэхүү мэдэгдлийг шүүх үнэлэх боломжгүй юм.

Хавтаст хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 31-ний мэдэгдлээс өөр мэдэгдэл байхгүй бөгөөд энэхүү мэдэгдлийг үндэслэн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн Б/07 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн боловч дахин 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/09 тоот тушаалаар чөлөөлсөн нь нэг мэдэгдлээр 2 тушаал гаргасан.

Мөн хариуцагчийн шүүх хуралдааны тайлбараар үйлчлэгч, нярав хоёрын аль нэгийг чөлөөлөх шаардлага гарсан гэсэн боловч энэ 2 албан тушаал дээр ажиллаж байгаа ажилтнуудыг сонгон шалгаруулаагүй, үйлчлэгч нь няравын ажлын байрны зорилго зорилтыг хангаж ажиллаж чадах мэдлэг, туршлага, боловсрол байгаа эсэхийг тогтоолгүй ажил олгогчийн үзэмжээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тушаалаар чөлөөлсөн нь нэг мэдэгдлээр 2 тушаал гаргасан.

Тэгэхээр Д.М-г ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэх бүрэн боломжтой. Тийм учраас ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг Засгийн газрын цалин хөлс бодох тухай журмын дагуу 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийн шүүх хуралдааныг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин 1 өдрийн цалин 19695 төгрөг , өнөөдрийн шүүх хуралдааныг хийх хүртэл 140 ажлын өдөр байна. Нийт 2599350 төгрөгийг гаргуулж нэхэжлэгчид олгож өгнө үү. Давж заалдах гомдолоо дэмжиж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатын шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Ажил олгогч Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газар нь нярав Д.М-г 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөнийг эс зөвшөөрч ажилтан Д.М шүүхэд гомдол гаргасан ба шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ хариуцагч тал орон тоо зохион байгуулалтын өөрчлөлт хийсэнтэй холбоотой гэж тайлбарлаж Бүтэц, орон тоо батлах тухай Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/01 дугаар бүхий тушаалыг, хавсралтын хамт шүүхэд ирүүлжээ.

Хэргийн 44-45 дугаар хуудсанд авагдсан дээрх тушаалаар тус газрын бүтэц орон тоог шинэчилэн баталсаныг судалвал, няравын орон тоо хасагдсан байна.

Нэхэмжлэгч Д.М нь тус газарт няраваар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх ба ажил олгогч нь ажилтанг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөнийг буруутгах боломжгүй байна.

Анхан шатны шүүх тус газрын няравын орон тоо хасагдах үндэслэл байсан эсэхэд хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Гэхдээ тус газрын бүтцээс няравын орон тоо хасагдсан байхад цөөрүүлсэн гэсэн дүгнэлт хийсэн нь буруу боловч энэ нь хэргийг эцэслэн шийдвэрлэлтэд ноцтой нөлөөлөхөөргүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ажил олгогч нь ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өгсөн боловч бүтэц, орон тооны тушаал нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гарсан байхад шүүх бодит байдалд дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн гэж гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан үүрэгээ биелүүлсэн гэж үзэх ба мэдэгдэх хуудсанд бичигдсэн он сар өдөр нь бүтэц орон тоо, баталсан тушаалын он сар, өдрөөс нэг өдрийн өмнө байгааг ажил олгогч нь дээрх үүрэгээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй байна.

Мөн хэрэгт нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тухай хоёр өөр он сар өдөртөй тушаал байгаа хэдий ч 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгосон байгаа учраас 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ажил олгогчийн тушаалыг хүчин төгөлдөр тушаал гэж үзэж, нотлох баритмаар үнэлсэн нь буруу биш байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИДТ.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР