Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 1073

 

 

  А.А-, Т.Х- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ч.Батбаяр,

            өсвөр насны шүүгдэгч Т.Х-ийн хууль ёсны төлөөлөгч П.О-,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1357 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн А.А-, Т.Х- нарт холбогдох 1806037271340 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ........ овгийн.............., ....... оны ....... дугаар сарын ......-ны өдөр ......... аймагт төрсөн, ......... настай, ......, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ........... хамт ........ тоотод оршин суух бүртгэлтэй, /................./;

2. ........... овгийн .............., ......... оны ...... дугаар сарын ........-ны өдөр........ хотод төрсөн, ..........настай, ..........., .............., мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........., ............. нарын хамт......... дүүргийн .... дүгээр хороо, ..........тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........./;

Өсвөр насны шүүгдэгч Т.Х-, А.А- нар бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, иргэн О.Ч-ын эзэмшлийн “..........” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, хүнсний бүтээгдэхүүнүүд хулгайлж 470.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн О.Ч-ын эзэмшлийн “..........” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, хүнсний бүтээгдэхүүнүүд хулгайлж 630.000 төгрөгийн хохирол учруулсан, өсвөр насны шүүгдэгч Т.Х-, А.А- нар нь 13 настай У.О-тэй бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн О.Ч-ын эзэмшлийн “..............” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, хүнсний бүтээгдэхүүнүүд хулгайлж 803.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн проукрорын газраас: Өсвөр насны шүүгдэгч Т.Х-, А.А- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Т.Х-, А.А- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Х-, А.А- нарт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавих үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 2.3 дахь заалтад заасан тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А-гийн цагдан хоригдсон 6 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Т.Х- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Х-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, А.А-гийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СиДи-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батбаяр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч нарт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн боловч дээрх заалтад заасан оногдуулсан ялыг нь багасгаж шийдвэрлээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина” гэж заажээ.

Өсвөр насны шүүгдэгч Т.Х-, А.А- нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангилалын гэмт хэрэгт хамаарч байна. Гэтэл анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хойшлуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хойшлуулж шийдвэрлэсэн, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хойшлуулж шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна гэж үзэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1357 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.  

Өсвөр насны шүүгдэгч Т.Х-ийн хууль ёсны төлөөлөгч П.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хүүд оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.Х-, А.А- нарт холбогдох хэргийг давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Т.Х-, А.А- нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах О.Ч-ын эзэмшлийн “........” хүнсний дэлгүүрээс 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 13 настай У.О-тэй бүлэглэн тус тус хүнсний бүтээгдэхүүнүүдийг хулгайлж, хохирогч О.Ч-д нийт 1.903.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч О.Ч-ын хэрхэн яаж эд зүйлээ хулгайд алдсан байсан тухайгаа мэдүүлсэн мэдүүлэг /хх 21-24, 118-120/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-13/, өсвөр насны яллагдагч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 14-18/, гэрч Ц.Э, П.О-, насанд хүрээгүй гэрч У.О-ийн мэдүүлэг /хх 25-30/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх19-20/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 67/, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүд /хх 35-37, 40-42, 127-129/ болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Өсвөр насны шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдалд тохирсон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тэдний засрал хүмүүжилд хяналт тавих замаар хэрэгжүүлэх боломжтой шийдвэр болжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Улсын яллагчаас шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсний заримыг хүлээн авах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болохоор заасан ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсноор хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байхад шүүх энэ зүйл, заалтыг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.

Харин эсэргүүцлийн “өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан бол эдлэх ялыг хоёр дахин багасгах”-аар заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг шүүх баримтлаагүй тул өөрчлөх” гэсэн хэсгийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, шүүхээс оногдуулж буй ял болон эдлэх ял нь хоорондоо ялгаатай эрх зүйн өөр, өөр үр дагавар бүхий ойлголт бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн байх тул тухайн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалт хамаарахгүй юм.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрээр өсвөр насны шүүгдэгч А.А-, Т.Х- нар хорих ял биечлэн эдлэхээргүй болсон байхад түүнийг ял эдлүүлэх, мөн ялын хугацааг хуульд заасан ялын доод хэмжээнээс багасгаж, өөрчлөх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, улсын яллагчийн эсэргүүцлээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх” талаар бичсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Мөн анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч А.А-гийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн атлаа түүний цагдан хоригдсон 6 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсон нь буруу байх тул цагдан хоригдсоныг дурьдаж өөрчлөх зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1357 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж,

6 дахь заалтын “...А.А-гийн цагдан хоригдсон 6 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож...” гэснийг “...А.А- 6 хоног цагдан хоригдсон...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх” гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                                    Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ