Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2019/0658/З |
Дугаар | 566 |
Огноо | 2019-09-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 566
2019 оны 9 сарын 13 өдөр | Дугаар 128/ШШ2019/0566 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,
Гомдол гаргагч: Н.Ц
Хариуцагч: НМХГБОГГУУХХУБ Г.Ц
Гомдлын шаардлага: НМХГБОГГУУХХУБ Г.Цийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0066258 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Н.Ц, хариуцагч хяналтын улсын байцаагч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Н.Ц шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НМХУБ Г.Ц нь Ч.Өын хүсэлтээр тэтгэврийн хөгшний газрыг хууль бусаар луйвардан авах гэсэн шуналын сэдэлтэй гомдлыг Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оноох нь хууль зөрчсөн асуудал байсан. Зөрчлийн хэрэг үүсгэх үндэслэлгүй.
Газартай холбоотой асуудлыг Захиргааны хэргийн шүүх нь 3 шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд Ё.Б, Ч.Ө нарын үйлдсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгсөн байдаг.
Улсын байцаагч Г.Цийн шийтгэлийн хуудас нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бичиж, ямар ч хуулийн хүчин төгөлдөр акт болоогүй нөхцөлд шуудангаар явуулсан байдаг. Үүнийг гомдол гаргагч иргэний эрх ашгийг илтээр зөрчсөн акт болохыг харуулж байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр улсын байцаагч Г.Ц нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг прокурорт хянуулсан худал тайлбар өгсөн. Прокурорын хянасан ямар ч албан бичиг байхгүй.
Иймээс төрийн албан хаагчид ингэж өөрсдийн давуу эрхийг хамгаалсан дүгнэлт гаргасан учир Төрийн албаны ёс зүйн хороонд хандсан юм.
Зарим нэг төрийн албан хаагчид ямар нэг асуудлыг эзэн холбогдогчийн хүлээн зөвшөөрсөн актыг үндэслэлгүй, ямар ч гарын үсэггүй баримтаар өөрсдийн давуу эрхээ ашиглан, хүчээр шийтгэл оноодог асуудал нь хуулийн ямар ч үндэслэлгүй бөгөөд хариуцлагагүйн тод жишээ юм.
Хамсан хуйвалдагч Ё.Бын хууль бусаар газар дээрэмдэж барьсан зуны модон байшинг ашиглан элдэв зан үйлийг хийж байгааг ч улсын байцаагч Г.Ц шалган тогтоох ёстой.
Ё.Бын 2003 онд авсан газрын гэрчилгээний хугацаа нь 2008 онд дууссаныг Нийслэлийн Өмч, газрын харилцааны газрын 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/1489 тоот мониторингийн дүгнэлтээс харж болно.
Бид хүний газар дээр амьдраагүй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжтай, кадастрын зурагтай, газар дээрээ 2000 оноос хойш амьдарч байгаа. Амьдарч байсан газрын маань орц, гарцыг хаан, 00 орох замыг хүртэл давхар хашаа татан, газрыг хэсэгчлэн хуваасан Ч.Өын үйлдэлд улсын байцаагч дүгнэлт өгөх ёстой байсан.
Улсын байцаагч Г.Ц нь зөрчил үүсгэх шаардлагатай байсан бол анх хэн, хэдэн онд, ямар Засаг даргын захирамжтай тухайн газарт амьдарч байсныг тогтоолгүйгээр 19 жилийн дараа хүнийг гүтгэн, жинхэнэ зөрчил гаргагч Ч.Өын хүсэлтээр жирийн амьдарч байсан иргэнд тулган торгууль оноох нь хуулийн олон заалт зөрчиж байгааг гэрчилж байна.
Иймд НМХГБОГГУУХХУБ Г.Цийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0066258 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч НМХГБОГГУУХХУБ Г.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие иргэн Ч.Өаас ирүүлсэн ...2014 оноос Н.Ц нь нийтийн эзэмшлийн гудамж талбайд модон жорлон, муу усны нүх, гражийн бетонон суурь цутгаж, орц, гарц хааж, газар эзэмших хуулийг зөрчиж, иргэдийг хохироож байгаа тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэж өгөх-ийг хүссэн өргөдлийн дагуу Н.Цын газар эзэмших үйл ажиллагаанд Газрын тухай хууль болон холбогдох дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн.
Шалгалтаар иргэн Н.Ц нь нийтийн эзэмшлийн гудамж талбайд модон жорлон, муу усны нүх, гражийн бетонон суурь цутгаж, орц, гарц хааж, Газрын тухай хуулийг зөрчиж, иргэдийг хохироож байгаа нь газар дээрх нөхцөл байдал, баримт бичгийн бүрдэл, гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсгийн дагуу 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
Гэтэл иргэн Н.Ц нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу сайн дураар биелүүлээгүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.12 дахь хэсэг, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааны журмаар захирамж гаргаж өгөхийг хүсч шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02-02/551 тоот албан бичгээр хандсан болно. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч Н.Ц тус шүүхэд хандан НМХГБОГГУУХХУБ Г.Цийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0066258 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2019/4637 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байх боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 221/ШТ2019/0496 дугаар тогтоолоор ...хөөн хэлэлцэх хугацааг тооцох талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв боловч тэрээр 73 настай, ... 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандаж 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ... албан бичгээр хариуг авсан, уг хугацаанаас тооцож захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна гэх үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүхээс Н.Цын гомдлоор зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, гомдлын шаардлагын хүрээнд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Баянгол дүүргийн 17 дугаар хороонд оршин суух иргэн Ч.Өаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Г зусланд иргэн Ц нийтийн эзэмшлийн гудамж талбайд модон жорлон, муу усны нүх, гражийн бетонон суурь цутгаж, орц гарц хааж ... иргэдийг хохироож байна гэх агуулга бүхий гомдлыг удаа дараа /2018 оны 8 дугаар сарын 13, 17, 11 дүгээр сарын 02-ны өдөр/ гаргасантай холбогдуулан тус газрын Байгаль орчин, Газар, Геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Ц Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2 хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ.-т заасан журмын дагуу хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр холбогдогч Н.Цыг байлцуулан газар дээр нь хяналт шалгалтын ажлыг хийж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэн, нөхцөл байдлыг гэрэл зургаар баталгаажуулан, 11 дүгээр сарын 28-ны өдөр холбогдогч Н.Цаас, 11 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Ч.Өаас, 12 дугаар сарын 04-ний өдөр гэрч, Г.Өнараас тус тус мэдүүлэг авчээ.
Шалгалтын явцад холбогдогч Н.Цын үйл ажиллагаатай холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-т заагдсан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх зөрчил тогтоогдож байна гэж үзэн хариуцагч Г.Ц нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д заасан журмын дагуу Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасныг үндэслэн 0066258 дугаар шийтгэлийн хуудсаар Н.Цд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2. Гомдол гаргагч Н.Ц дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ ...төрийн албан хаагчид ямар нэг асуудлыг эзэн холбогдогчийн хүлээн зөвшөөрсөн актыг үндэслэлгүй, ямар ч гарын үсэггүй баримтаар өөрсдийн давуу эрхээ ашиглан, хүчээр шийтгэл оноодог асуудал нь хуулийн ямар ч үндэслэлгүй, ...анх хэн, хэдэн онд, ямар Засаг даргын захирамжтай тухайн газарт амьдарч байсныг тогтоолгүйгээр 19 жилийн дараа хүнийг гүтгэн, жинхэнэ зөрчил гаргагч Ч.Өын хүсэлтээр жирийн амьдарч байсан иргэнд тулган торгууль оноох нь хуулийн олон заалт зөрчиж байна хэмээн тайлбарлан маргаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, иргэн
Н.Ц нар 2014 оноос эхлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эзэмшил газраасаа илүү гарган нийтийн эзэмшлийн зам талбайд бие засах газар, бохирын цооног барьж, гражийн суурь цутган газар ашиглаж байсан, энэхүү зөрчилтэй нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн Газрын албанаас Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5-д заасан арга хэмжээ авах тухай албан мэдэгдлийг Н.Ц нарт удаа дараа хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 407, 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 697 дугаар албан бичиг, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2014 оны 33/70 дугаар албан бичиг, 1802000562 дугаар зөрчлийн хэрэгт авагдсан гэрч Чингэлтэй дүүргийн Газрын албанд мэргэжилтэн Г.Ө*******ын мэдүүлэг болон Н.Ц нарын 7 иргэний нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргий анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0275 дугаар шийдвэр /Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 211/МА2018/0411 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 410 дугаар тогтоол/ хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.
Үүнтэй холбогдуулан, иргэн Ч.Өаас гаргасан гомдлын үндсэн дээр Н.Цд холбогдох зөрчлийн хэргийн нөхцөл байдлыг шалган тогтоож, зөрчил гаргагчид Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасныг үндэслэн 0066258 дугаар шийтгэлийн хуудсаар түүнд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хариуцагчийн үйлдэл хууль нийцсэн байна гэж шүүх үзэв.
3. Хэдийгээр гомдол гаргагчийн зүгээс ...зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд надтай уулзаж тайлбар аваагүй, хүчээр тулган зөрчлийн хэрэг үүсгэж, хариуцлага хүлээлгэсэн хэмээн тайлбарлан маргаж байх боловч тус хэрэгт нотлох баримтаар авагдсан 1802000562 дугаар зөрчлийн хэрэгт авагдсан холбогдогчийн мэдүүлэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гомдол гаргагчаас гаргасан тайлбар зэргээр хариуцагч улсын байцаагч Г.Ц нь зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд явуулж, гомдол гаргагчид тухай бүр эрх үүргийг нь тайлбарлаж, холбогдох нотлох баримтыг цуглуулахтай холбогдсон хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэн ажилласан болох нь тогтоогдож байх тул гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасныг үндэслэн НМХГБОГГУУХХУБ Г.Цийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0066258 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Н.Цын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М