Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2014/0130

 

Иргэн Х.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор иргэн Х.Б-ын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар захирамжийн Д.Загдраднаад /Хавсралтын 25-д Дамчаабадгарын Загдрагчаа гэж алдаатай бичсэн/ холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3-т заасны дагуу 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шинээр газар эзэмшүүлэхээр тусгаж газар эзэмшүүлсэн байна.

Иргэн Д.Загдраднаад газар эзэмшүүлэхдээ иргэн Х.Б-ын зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа газартай давхцуулсан болон орц гарцыг хаасан гэх мэт тухайн иргэний эрх ашгийг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэний хэргийн нотлох баримтаар авагдсан газар эзэмших эрхийн улмаас шүүхийн уг шийдвэрээр төлбөр төлөх болж хохирч байгаа тул уг газрыг олгосон нь хууль бус гэж маргаж байгаа бөгөөд тэрхүү газрыг олгосон захиргааны акт нь Х.Б-ын газар эзэмших эрхийг зөрчсөн тул хууль бус гэж маргаагүй гэдгээ илэрхийлсэн тул Д.Загдраднаад газар эзэмших эрх олгосон захиргааны актын холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулахаар шаардах эрхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаж өгнө үү“ гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримтлан иргэн Х.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар захирамжийн Д.Загдраднаад /Хавсралтын 25- д Дамчаабадгарын Загдрагчаа гэж алдаатай бичсэн/ холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван давж заалдах гомдолдоо: “Тус шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн хуульд заасан ямар эрх, ашиг сонирхлыг зөрчсөнийг тогтоогоогүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэхийг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Учир нь шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1590 дүгээр шийдвэрээр “Д.Загдраднаагийн эзэмшлийн газрыг чөлөөлөхгүйгээр хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсны төлбөрийг сарын 500.000 төгрөгөөр тооцож 3.000.000 төгрөгийг үнэлгээний төлбөр 200.000 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй” гэж дүгнэн “3.200.000 төгрөгийг Х.Б-аас гаргуулж Д.Загдраднаад олгуулах”-аар шийдвэрлэснээс үзвэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 105 дугаар захирамжаар Д.Загдраднаад хууль бусаар газар      эзэмшүүлсний улмаас нэхэмжлэгч Х.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөд хүрсэн байна...” гэж дүгнэсэн.

Эндээс үзэхэд шүүх Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 105 дугаар захирамжийн Д.Загдраднаад холбогдох хэсгийг нь буюу тухайн захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгч Х.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар нэгэн байдлаар зөрчөөгүйг зөвшөөрсөн мөртлөө, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн шийдвэр гаргаж, иргэн Х.Б-аас төлбөр гаргуулах болсон тул иргэн Х.Б нэхэмжлэл гаргах эрхтэй, эрх нь зөрчигдсөн этгээд гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Засаг даргын 105 дугаар захирамжийн иргэн Д.Загдраднаад холбогдох хэсэг нь нэхэмжлэгч Х.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, зөвхөн шүүхийн шийдвэр л эрх ашгийг нь зөрчсөн гэж тайлбарласаар байхад тухайн захиргааны акт түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Энэ тухай шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...нэхэмжлэгч Х.Б нь газар эзэмших эрхээ зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргаагүй, харин Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэрээр Д.Загдраднааг газар эзэмших эрхтэй гэж дүгнэж Засаг даргын 105 дугаар захирамж гарснаас хойших хугацаанд Х.Б-аар гэм хорын хохирол 3 сая гаруй төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснээс Х.Б-ын эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа” гэж тайлбарласныг харж болно.

Иргэний хэргийн шүүхийн шийдвэр нь өөрөө захиргааны хэргийн шүүхэд хандах хууль зүйн үндэслэлийг бий болгодог, түүнийг нь захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт байхгүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан бөгөөд шүүхийн шийдвэрийн улмаас тухайн захиргааны актыг хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч Х.Б анх нэхэмжлэл гаргахдаа өөрийнх нь газар эзэмших эрх зөрчигдсөн тул гомдолтой байна гэж байсан ч газар эзэмших нь зөрчигдөөгүй буюу зөрчигдсөн нь үндэслэлгүй тул нэгэнт захиргааны хэрэг үүсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо өөрчлөн, шүүхийн шийдвэрийн улмаас эрх ашиг зөрчигдөж байна гэж тайлбарласан байдаг. Энэ тухай шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэгт “...Иргэн Д.Загдраднаад эзэмших эрх олгосон газар нь Х.Б-ын эзэмших эрх хүсч гаргасан өргөдөлд тусгасан талбайтай давхцалтай байгаа учир гомдолтой байгаа юм...” гэсэн тайлбар болон дээр дурдсан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг харьцуулан тодорхой харж болно.

Нөгөө талаас иргэний хэрэг болгонд зохигчдын эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн эрхийг баталгаажуулсан нотлох баримт авагдах боломжтой тул шүүхийн шийдвэр өөрт нь ашиггүй гарах болгонд уг шүүхийн шийдвэрийг үндэслэн захиргааны хэргийн шүүхэд захиргааны актын улмаас эрх нь зөрчигдсөн эсэхээс үл хамааран нэхэмжлэл гаргах эрхтэй байх буруу жишиг тогтох сөрөг үр дагавар гэж үзэж байна. Эрх нь зөрчигдөөгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт болон тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь хэсгийг тус тус ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан магадлал гаргаж өгнө үү“ гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.Б нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар захирамжийн Д.Загдраднаад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, Монос дээд сургуулийн зүүн талд, үйлчилгээний зориулалтаар 200 м.кв газрыг Д.Загдраднаад эзэмшүүлсэн байна.

Маргаан бүхий газарт 2008 оноос нэхэмжлэгч Х.Б нь хаягдал төмөр авах, гуравдагч этгээд Д.Загдраднаа нь дугуй засвар ажиллуулж, үйл ажиллагаа явуулж байсан ба хэн аль нь захиргааны байгууллагын шийдвэргүйгээр газрыг ашиглаж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогджээ.

Тухайн үед эдгээр иргэд газар эзэмшихээр хүсэлт гаргаж байсан боловч захиргааны байгууллагаас тухайн газрыг “автозам өргөтгөхөөр төлөвлөгдсөн газар” хэмээн иргэдэд эзэмшүүлээгүй болох нь талуудын тайлбар, гэрч Б.Нямдаваагийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт байрладаг, бохир усны төв шугам, түүний хамгаалалтын зурвас газарт багтдаг болох нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11/3139 тоот албан бичиг, инженерийн шугам сүлжээний зургаар[1] тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмшүүлэх ёстой.

Гэтэл энэ тохиолдолд дүүргийн Засаг дарга өөрт хуулиар олгогдоогүй эрх эдэлж, Д.Загдраднаад газар эзэмшүүлжээ.

Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар шийдвэрлэх ёстой атал захиргааны байгууллага үүнийг биелүүлээгүй, гуравдагч этгээдэд хууль бусаар давуу байдал эдлүүлж, бусад этгээд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлажээ. Иймд, гуравдагч этгээдэд газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй байна.

Гуравдагч этгээдийн “нэхэмжлэгчийн эрх хөндөгдөөгүй” гэх гомдлын тухайд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт зааснаар газар эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах ёстой.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь захиргааны зөвшөөрөлгүйгээр газрыг ашиглаж байсан ба нэхэмжлэгч нь түрүүлж буюу 2008 онд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргасан болох нь хэрэгт авагдсан өргөдлийн бүртгэлээр [2] тогтоогдож байхад захиргааны байгууллага энэ байдлыг шалгаж тогтоолгүйгээр, нийтэд мэдээлэхгүйгээр зөвхөн гуравдагч этгээдийн сүүлд гаргасан хүсэлтийг үндэслэн газар эзэмшүүлж, иргэдэд тэгш бус хандсан, дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт зарлаагүйгээс нэхэмжлэгч энэ үйл ажиллагаанд оролцох чадаагүй зэргээр маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байна.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1590 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч нь газрыг чөлөөлөхгүйгээр, хууль бусаар эзэмшиж байсны төлбөр хэмээн 3.000.000 төгрөгийг Д.Загдраднаад төлөхөөр шийдвэрлэсэн, үүнтэй уялдуулан нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийг “хууль бусаар газар эзэмшсэн” хэмээн нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Дээр дурдсанаар Д.Загдраднаад газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, нэхэмжлэгчээс сүүлд буюу 2010 оны 9 дүгээр сарын 6-нд газар эзэмших хүсэлт гаргаж байсан [3] , дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмшсэн атлаа “нэхэмжлэгчийн эрх хөндөгдөөгүй” гэж маргаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.

Иймээс гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.