| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2022/0254/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/282 |
| Огноо | 2022-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Дөлгөөн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/282
2022 03 25 2022/ШЦТ/282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дөлгөөнөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,
улсын яллагч Б.Дөлгөөн,
хохирогч Ч.Д,
шүүгдэгч Ж.Х нарыг оролцуулан эрүүгийн 2211000000241 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ж.Х, Монгол Улсын иргэн 1998 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Х нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Элементс” гэх нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч Ч.Д-ы эрүүл мэндэд үл ялих зүйлээр шалтаглан халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч Ч.Ды мэдүүлэг, гэрч Т.С, Б.Х, Б.Х нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Дугаар 1912 тоот дүгнэлт, шүүгдэгч Ж.Х-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Х-н зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон байна.
Шүүгдэгч Ж.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 26-ны шөнийн 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Элементс” нэртэй шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байхдаа уг шөнийн цэнгээний газрын тамхины өрөөнд хохирогч Ч.Д-г өөрийн нөхөр болох Б.Х-той хардаж, үл ялих зүйлээр шалтаглан, танхайрч хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж, хохирогчийн толгойн хэсэгт шар айрагны шилээр цохисны улмаас хүний биед духны баруун хэсгээс доош нүдний дотор дээд хэсэг хүрсэн сорви, нүдний дотор доод хэсэгт нөсөөжил бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн Дугаар 1912 дүгнэлтээр “...Ч.Д биед духны баруун хэсгээс доош нүдний дотор дээд хэсэг хүрсэн сорви, нүдний дотор доод хэсэгт нөсөөжил бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. ...Дээрх гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байхыг үүсгэхгүй. ...Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалдтанд нөлөөлөхгүй.” (хавтаст хэргийн 33-34 дэх тал) гэх дүгнэлтээр хохирогч Ч.Д биед 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар А/216/422 тоот Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох, цогцост шинжилгээ хийх” журамд заасан хөнгөн хохирол учирсан байна.
Энэхүү хөнгөн хохирол учирсан үйл баримтын талаар оролцогч нар мэдүүлэхдээ: Хохирогч Ч.Д мэдүүлсэн: “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны 01 цагийн үед Чингэлтэй дүүрэг 5-р хороонд байрлах Элемент /Амрита/ бааранд найз Хишигжаргал, Сарангоо нарын хамт орсон. Ороод удаагүй байтал уг бааранд танил Б.Х-той таарсан ба Б.Х-той ойр зуурын юм ярьчихаад салсан. Удалгүй Б.Х намайг дуудахад нь очиход Сарангоог дуудчих гурвуулаа тамхины өрөө орж юм яръя гэхэд нь би С-г дуудаж Б.Х С нарын хамт тамхины өрөө рүү ороод зогсож байтал Б.Х-н эхнэр Ж.Х нь араас орж ирээд намайг шууд Heineken пивоны шилээр баруун гараараа баруун хөмсөгний дээд хэсэгт цохиод “..яадаг муу гичий вэ...” гэж хэлсэн. Тухайн үед ямар нэгэн өвдөлт мэдрээгүй толгой халуу дүүгээд байхаар нь гараараа дарж үзэхэд цус гарч байсан. Тэгээд Б.Х эхнэр Ж.Хг тамхины өрөөнөөс авч гарсан. Удалгүй би тамхины өрөөнөөс гарч Ж.Х-с “Чи яагаад намайг цохиж байгаа юм бэ?” гэж асуухад Ж.Х нь ярьж чадахгүй согтуу байсан. ...миний баруун хөмсөгний дээд хэсгээс баруун нүдний зовхи хүртэл 4 см урттай сорви тогтсон. Толгой байнга баруун талаараа таллаж өвддөг. Үе үе бөөлжис цутгадаг. Оёдол руугаа хатгаж өвддөг, баруун хамар битүүрдэг болсон. ...Баруун хөмсөгний дээд хэсэг хавдсан, баруун нүд хөхөрсөн, дух хэсгээр зүсэгдсэн жижиг сорвитой байсан ба сорвины тос түрхэхэд арилсан. ...Би Ж.Х-д цохиулсандаа гомдолтой байна. Нүүрэнд үүссэн соривийг арилгуулж авмаар байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал), гэрч Т.Сарангоо мэдүүлсэн: “...2021 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн 01 цагийн үед найзууд болох Хишигжаргал, Ч.Д нарын хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Элементс (амрита) бааранд орсон. ...Хишигжаргал бид хоёр буцаж ирэхэд Ч.Д ширээндээ байгаагүй ба 2 давхарт Б.Х гэх залуутай хамт зогсож байсан бөгөөд Ч.Д, Б.Х нар бууж ирж надаас тамхи байгаа юу гэхэд нь байгаа гэхэд тэгвэл тамхилъя гээд Ч.Д, Б.Х бид 3 тамхины өрөө орсон. Тамхины өрөөнд ороод 1 минут орчим болж байхад Б.Х-н эхнэр Ж.Х гэх эмэгтэй орж ирээд манай найз Ч.Дыг гартаа барьж байсан Heineken пивоны шилээр нүүр рүү нь нэг удаа цохисон. Тухайн пивоны шил дотроо тал пивотой байсан. Ж.Х дараа нь “Чи яасан овоо гичий вэ? Наадах чинь миний нөхөр” гэж хэлсэн. Дараагаар нь Б.Х Ж.Хг авч гарсан. ...Б.Х нь манай найз Ч.Ды хуучин найз залуугийнх нь найз байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал), гэрч Б.Хишигжаргал мэдүүлсэн: “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 01 цагийн үед найзууд болох Сарангоо, Ч.Д нарын хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Элементс нэртэй баааранд орж тус бүр нэг шил Heineken пиво захиалж ширээнд сууцгаасан. Удалгүй би Сарангоогийн хамт угаалгын өрөө орчихоод ирэхэд Долгиноны Б.Х гэх зүс таних залуу тус баарны 2 давхраас дуудаж Ч.Д явсан. Дараагаар нь Сарангоо ардаас нь явсан. Ойролцоогоор 15 минутын дараа Сарангоо ирж хувцасаа авъя гэсэн тэгэхэд нь би бүх хувцасаа авч тамхины өрөө рүү ороход Ч.Ды бие цус болчихсон байсан. ...Их цус алдсан байсан. Баруун хөмсөгнийхөө дээд хэсэгтээ шархтай шарх нь ангайгаад гараад ирчихсэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал), гэрч Б.Х мэдүүлсэн: “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Элемент бааранд 00 цагийн үед Ж.Х, Жавзандулам, Цэнгэл, Мөнхжаргал нарын хамт орсон. Миний бие машин барьж явсан учир согтууруулах ундаа хэрэглээгүй. Уг бааранд 20-30 минут болж байхад миний зүс танидаг дүү Ч.Д-той таарж над дээр ирж ойр зуурын юм ярьсан. Удалгүй Ч.Д дахиж ирж тамхилахаар тамхины өрөө рүү бууцгаасан Тамхины өрөөнд ороод би хаалганы ард буланд зогсож байсан ба Ч.Д миний урдаас хараад зогсож байсан. Удалгүй Ч.Д надаас түр холдсон ба тэр үед шил хагарах чимээ сонсогдсон тэгэхэд нь би хаалганы ардаас гарахад манай эхнэр Ж.Х ирчихсэн байсан. Би Ж.Х Ч.Д-г цохичхлоо гэж бодоод Ж.Хг аваад баарнаас гарч найзуудад нь хүлээлгэж өгөөд Ч.Д-г цуг явж байсан найзуудтай нь авч Мөнгөн гүүр эмнэлэг рүү явж оёдол хийлгэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “...хохирогч Ч.Д ...намайг цохисон эмэгтэйн царайг харж байсан болохоор танина. ...зураг-5 дугаараар тэмдэглэсэн хүний гэрэл зургийг энэ хүн намайг цохисон хүн байна гэж зааж байв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 24-27 дахь тал), шүүгдэгч Ж.Х яллагдагчаар мэдүүлсэн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэргийн талаар маргаан байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Ды нүүрэн тус газарт шар айрагны шилээр цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Х нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ. Мөн шүүгдэгч Ж.Х нь хохирогч Ч.Д-г өөрийн нөхөр болох Б.Х-той хардсан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэгтэй танилцахад бодитойгоор эр, эмийн хооронд хардах шалтгаан үүсээгүй, Элементс гэх шөнийн цэнгээний газрын тамхины өрөөнд хамт байсан үйлдлийг хараад Ж.Х нь шууд хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд, шар айрагны шилийг зэвсэгийн чанартайгаар хэрэглэн халдаж гэмтэл учруулж байгаа үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа нь хохирогчийг өөрийн нөхөртэй хамт байсан гэх үл ялих зүйлээр шалтагласан, танхайрах сэдэлттэй байна гэж дүгнэх үндэслэл болж байна. Мөн шүүгдэгч Ж.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болжээ.
Шүүгдэгч Ж.Х-н үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ж.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Ч.Д-с эмчилгээний зардалтай холбоотой санхүүгийн баримтуудыг гаргаж ирүүлээгүй байна.
Шүүгдэгч Ж.Х-с “Мөнгөнгүүр” эмнэлэгт хохирогч Ч.Д эмчилгээний төлбөрт 300.000 төгрөг тушаасан, мөн хохирогчийг компьютер томограф шинжилгээ хийлгэхэд 200.000 төгрөг, эмчилгээний төлбөрт 160.000 төгрөг тус тус шилжүүлсэн талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Д “дансаар 360.000 төгрөг шилжүүлсэн” гэж хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Х-н “...Ч.Д-г найзуудтай нь авч Мөнгөнгүүр эмнэлэг рүү явж оёдол хийлгэсэн. Оёдол хийлгэхэд 300.000 төгрөг болсон ба уг мөнгийг би төлсөн мөн томограф шинжилгээ хийлгэх 200.000 төгрөг, эмчилгээний мөнгө болох 210.000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), мөн хохирогч Ч.Д өгсөн “...Мөнгөнгүүр эмнэлэгт очиж Б.Х-н машинтай явж очсон. Уг эмнэлэгт би косметик оёдол тавиулсан уг оёдлын мөнгийг Б.Х төлсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал) зэргээр тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Ж.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Оёдол тавиулсны маргааш нь эмчийн бичсэн эм, тарианы мөнгө нийлээд 70.000 гаруй төгрөг болсон. ...Нарийн мэдэхгүй байна, 70.000 гаруй төгрөг болсон гэж бодож байна” гэж мэдүүлсэн боловч энэ талаар баримт авагдаагүй. Хохирогч Ч.Д нь “Оёдол тавиулсны маргааш Б.Хын найз гэх хүн боолт солиулах 15.000 төгрөгийн сорвины тос, өвчин намдаах эмийг эмийн сангаас авч өгсөн” гэх зэргээр зөрүүтэй мэдүүлж байх тул 70.000 төгрөгний хохирлыг төлсөн гэж дүгнэх үндэслэлгүй 660.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан гэж дүгнэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Д нүүрэнд сорви тогтсон, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхын зэрэгцээ энэхүү сорви нь хүний гоо сайханд сөргөөр нөлөөлөх, ердийн явцаараа арилж бүдгэрэхгүй косметик эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэний дараа шүүгдэгч Ж.Х, түүний нөхөр Б.Х нар хохирогчид эмнэлэгийн тусламж үзүүлсэн, эмчилгээний зардалыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн нь тогтоогдож байх боловч хохирогч нь нүүрэнд үүссэн сорвийг арилгуулах, косметик эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаараа мэдүүлсэн, шүүх хуралдаанд биечлэн оролцох үед нь энэхүү сорви нь гэмт хэрэг үйлдэгдэн гарснаас хойш 4 сар орчим хугацаанд эдгэрээгүй байгаа болох нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн, хор уршиг арилсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Шүүх хуралдаанд хохирогч Ч.Д Top Mongolia клиникийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн үйлчлүүлэгчийн карт гэх баримтыг гаргаж ирүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт “...Сорви хайлуулах тариа нь 55.000 төгрөгийн үнэтэй. Сорви задалдаг, өнгө бүдгэрүүлдэг тариа нь 120.000 төгрөгийн үнэтэй ба 21 хоногоос сарын хугацаатай 5-7 удаагийн давтамжтай хийдэг ... Нэг удаа тариулах үнэ нь 120.000 төгрөг ... Хоёр төрлийн лазер эмчилгээ байгаа. Хоёулаа 30.000 төгрөгийн үнэтэй бөгөөд барагцаагаар бус тухайн эмчилгээний дүнд хэдэн удаа хийгдэх нь мэдэгдэнэ” гэж мэдүүлсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ. Хохирогч Ч.Д шүүхэд ирүүлсэн баримт нь үйлчлүүлэгчийн карт ба санхүүгийн баримт биш, мөн Ч.Д нүүрэнд үүссэн сорвижилтийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарч эмчилгээнд хамрагдах давтамж, үнийн дүн зэрэг нь өөрчилөгдөх тул дээрх баримтыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эрүүл мэндэд нь учирсан шууд сөрөг үр дагаварыг мөнгөн хэлбэрээр илэрхийлэн хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хохирогч Ч.Д нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотойгоор буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ж.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ж.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй (хавтаст хэргийн 48 дахь тал), тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтанд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Хд ял оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч Ж.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзсаныг дурьдах нь зүйтэй.
Хэдийгээр шүүгдэгч Ж.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн боловч гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол, хор уршгийг бүрэн арилгаагүй, хэрхэн арилгах, хохирлыг нөхөн төлөх талаар бодитой саналыг илэрхийлээгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байхын зэрэгцээ шүүгдэгч Ж.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт “Манай хүүхэд 8 сартай” гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгч Ж.Х нь эрхэлсэн тодорхой ажилгүй (хавтаст хэргийн 50 дахь тал), тодорхой орлогогүй, мөн 8 сартай хүүхэдтэй байх тул түүнд торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шүүгдэгчийн хувийн байдалд нийцэхгүй, мөн шүүгдэгч Ж.Х-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагын санал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-г өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 4-40 тоот хаягаас гадагш хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчин явахыг хориглож хязгаарлалт тогтоон, хэрэгжилтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-д зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Ж.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-д өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 4-40 тоот хаягаас гадагш хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчин явахыг хориглож хязгаарлалт тогтоон, хэрэгжилтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ж.Х-д сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Ч.Д нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг арилгуулах талаар хохирол, төлбөрийг буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ж.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Ж.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР