| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 102/2016/00142/И |
| Дугаар | 401 |
| Огноо | 2017-02-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ривергарден 313 дугаар байр, 503 тоот, “Асомон” ХХК /РД:5019923/
Хуулийн этгээдийг дампуурсанд тооцуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авав.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч “Асомон” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, хэрэг гүйцэтгэгч Р.Энхжаргал, хэрэг гүйцэтгэгчийн туслах А.Энхболд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн шаардлага: ‘”АСОМОН” ХХК нь 2005 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 3 гишүүнтэйгээр байгуулагдсан ба үйл ажиллагааны гол чиглэл нь гадаад худалдаа болно. Тус компани нь сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт хийгдэхгүй, үүсгэн байгуулагч нарын хувьд хуулийн этгээд байгуулсан цагаас хойш тодорхойгүй шалтгаанаар компанийн үйл ажиллагаанд оролцолгүй алга болсон, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломжгүй болсон бөгөөд үүнд эдийн засгийн хямрал ч нөлөөлсөн. Аж ахуйн нэгжийн зүгээс цаашид үйл ажиллагаа явуулах эдийн засгийн болоод ажиллах хүн хүчний хувьд ямар ч боломжгүй болсон бөгөөд хувьцаа эзэмшигч нараас хөрөнгө оруулалт хийхгүй болсон тул үйл ажиллагаа явуулах боломжгүй, цаашлаад төлбөрийн чадваргүй болсон гэж үзэж байна. Иймд дээр дурдсан “АСОМОН” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэлээр дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү гэв.
Хэрэг гүйцэтгэгч Р.Энхжаргалын дүгнэлтэнд: Түр хэрэг гүйцэтгэгчийн ажпын хүрээнд "Асомон" ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэхийг тооцоход Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д ... Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно...гэж зааснаар шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримтад хийсэн судалгаанд тулгуурлан энэхүү "Асомон" ХХК нь 2013 оноос төлбөрийн чадваргүй болон байна гэж дүгнэж байна. “Асомон” ХХК-ийн удирдлага нь аж ахуй хариуцан авч явах удирдлагын ур чадваргүй, санхүүгийн мэдлэг дутмаг, татварын тооцооллыг цаг тухайд нь болон алдаатай мэдүүлснээс ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй дампуурч байгаа нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байна. Тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул энэ хуулийн 33-р зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн “Асомон” ХХК-ийг татан буулгах санал оруулж байна гэв.
Хүсэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
“Асомон” ХХК нь үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
“Асомон” ХХК 2005 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 3 гишүүнтэйгээр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар анх үүсгэн байгуулагдсан байна.
Тухайн компани нь Хан-Уул дүүргийн татварын хэлтэст 12.678.209 төгрөгийн төлбөртэй болох нь зохигчдын тайлбар болон хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүх “Асомон” ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэж, Дампуурлын тухай хуульд зааснаар Хан-Уул дүүргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4389 дугаар шүүгчийн захирамжаар “Асомон” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, улмаар нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор гаргуулахаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлахад нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна. Түүнчлэн “Асомон” ХХК нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст 12.678.209 төгрөгийн өр төлбөртэй талаараа тайлбар гаргасан хэдий ч тус хэлтэс нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй, мөн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд хэрэг гүйцэтгэгчийн гаргасан хүсэлтээр тус компанид холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа байсан болон одоо ажиллагаа явагдаж буй талаархи лавлагааг гаргуулахаар хандсан боловч хариу өгөөгүй зэргээс Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэл гаргаж оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн “Асомон” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ хаягдсан, олдохгүй байгаа болон Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт байхгүй гэснийг дурдав.
Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар Хан-Уул дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5881 дугаар шүүгчийн захирамжаар Р.Энхжаргалыг хэрэг гүйцэтгэгчээр томилсон бөгөөд хэрэг гүйцэтгэгч нь тухайн компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт болон төлөвлөгөө шүүхэд ирүүлээгүй байх тул тухайн компанийг дампуурсанд тооцож, татан буулгах үндэстэй байна гэж шүүх дүгнэж, компанийг татан буулгах ажиллагааг хэрэг гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх нь зүйтэй байгааг дурдаж, шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Асомон” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Асомон” ХХК нь татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст 12.678.209 төгрөгийн өр төлбөртэй, бусдад төлөх өөр төлбөргүй болохыг дурдсугай.
3. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц “Асомон” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах ажлыг хэрэг гүйцэтгэгч Р.Энхжаргалд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар “Асомон” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б. АРИУНХИШИГ